Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01672

 

 

 

 

 

 

 

 

2023 08 28 210/МА2023/01672

 

 

 

М.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02169 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.Д

Хариуцагч: И газар

Нэхэмжлэлийн шаардлага: тэтгэмж 22,684,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М.Д нь Иргэний нисэхийн харьяа нисэх буудлуудад 16.6 жил нислэгийн удирдагчаар ажилласан. Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоогдсон. Энэ тухайгаа ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргад мэдэгдэхэд ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичихийг санал болгон, өргөдлийг бичүүлсэн.

 

1.2 Өргөдлийг үндэслэн Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар М.Д г ажлаас чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг үндэслээд Иргэний нисэхийн ерөнхий газраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тэтгэмж олгогдох үндэслэлтэй. Гэтэл уг тушаалын дагуу олгох ёстой тэтгэмжийг И газар олгоогүй тул М.Д Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөр эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөр эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар хуралдааны тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй.

 

1.3 Дээрх маргаан таслах комиссын шийдвэрийг үл зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд **** , түүний харьяа салбар, нэгжид ажилласан жилээс хамааруулж, 16-20 жил ажилласан бол 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэж заасан эрхийг М.Д д хангаж өгөхийг И газарт даалган шийдвэрлэсэн.

 

Иймд И газар нь дээрхи шийдвэрийг биелүүлээгүй тул М.Д д 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 22,684,756 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогссон ажилтанд ажилласан жилээс хамаарч нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан.

 

2.2 М.Д Баянхонгор аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан нь тогтоогдсон. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд даатгуулагч иргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтыг доор дурдсанаар ангилна 4.4.1-т бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан, 4.4.2-т хагас буюу хэсэгчилсэн 70% хүртэлх хувиар алдсан гэж заасан. Тиймээс М.Д г хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх үндэслэлгүй тул эрхлэх боломжтой ажилд цааш ажиллах эрх зүйн зохицуулалттай.

Даатгуулагч иргэн ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90-180 хоногийн хугацаанд эмнэлгийн хуудас авч, үр дүнг үзээд эдгэрэлтийн үе шат үр дүнгүй байсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоодог. Орон нутгийн нисэх буудлын дарга ажилтан М.Д г 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу томилолтоор ажиллахаар яваад 05 дугаар сарын 05-ны өдөр ирэхдээ дээр дурдсан хөдөлмөр магадлах комиссын шийдвэрийг авч ирээд ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан. Үүний дагуу ажилтны өргөдлийг зөрчилтэй байдлаар шийдвэрлэж үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан атлаа, тэмдэглэл хэсэгтээ М.Д нь хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул гэж өөр утга агуулгаар илэрхийлсэн байсан.

 

2.3 М.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан байна. Ажилтан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй тул тэтгэмж олгох боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д гийн Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Б/14 тоот тушаалын дагуу 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 22 684 756 төгрөгийн тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Д гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч манай газарт мэдэгдэлгүй тушаал гаргасан гэх үндэслэлгүй тайлбарыг шүүхэд гаргадаг бөгөөд шүүх хариуцагчийн тэрхүү тайлбарт үндэслэн Ажил олгогч **** нь нэхэмжлэгч М.Д г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан үндэслэлүүдийг бүрэн тодруулж, шалгаагүйгээс, түүнчлэн ажилтны энэ байдлыг эрх бүхий удирдлагууддаа танилцуулж, зөвшилцөөгүйгээс ажилтан М.Д гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэл тогтоогдож байна гэж, Хэрэв ажил олгогч нь хуулийн дээрх заалтаар ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол гэсэн үндэслэлүүдийг бүгдийг ажилтанд санал болгосон байх учиртай юм гэж дүгнэсэн. Энэхүү процессыг ажил олгогч хийгээгүй явдалд ажилтан буруутан болох учиргүй.

Ажил олгогчийн хөдөлмөрийн маргаан таслах комисс нь уг тушаалыг биелүүлэх боломжгүй, буруу гаргасан, гаргах үндэслэлгүй гэж үзсэн бол тушаалыг хүчингүй болгох бүрэн эрх нь байсаар байтал өнөөдрийг хүртэл ажилтныг хохироосоор байгаа үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр бодитой бөгөөд үндэслэлтэй гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч И газарт холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг үндэслэн 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 22,684,756 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар М.Д тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөнтэй холбоотой 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.

 

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримттай холбоотой нотлох баримт болох ажил олгогчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалд /хх49/ дүгнэлт хийсэн. Уг баримт Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хэлбэрээр хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь маргааны талуудад хамаарахгүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн буюу ажил олгогч өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан баримтыг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

3.2. Түүнчлэн, ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт зэрэг нэхэмжлэгчээс гаргасан өгсөн нотлох баримтууд нь нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувь байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх46, 60/.

 

Дээрх алдааг залруулж, нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02169 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН