Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1337

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01325 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.П-ад холбогдох

 

2012 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны 2 автомашины авто зогсоолын төлбөр,

2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр нийт 2 525 748.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ө” Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 40 дүгээр байр нь 2010 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон. Тус байрны “Өнөр-40” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж 51 тоот гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний бие 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нийт оршин суугчдын хурлаар захирлаар сонгогдон ажиллаж байна. Ажлыг хүлээн авснаас хойш аж ахуй нэгж, айл өрх, 00 давхрын авто зогсоолыг эзэмшигч иргэдтэй уулзаж хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулахыг шаардаж байсан.

Иргэн Ж.П- 40 дүгээр байрны 65 тоотод оршин суудаг ба 2012 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр, 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр болох нийт 2 525 748.50 төгрөгийг төлөхгүй сууц өмчлөгчдийн холбоо болон бусад оршин суугчдын эрх ашгийг үл хүндэтгэн хохироож байгаа тул нэхэмжилж байна.

2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ээлжит бус хурал зарлан хуралдаж сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийн тарифыг айл өрхөөс 1 м.кв-ыг нь 150 төгрөг, аж ахуй нэгжээс 1 м.кв-ыг нь 600 төгрөг, зоорийн давхрын авто зогсоолуудаас 1 м.кв-ыг нь 600 төгрөгөөр бодож авахаар шийдвэр гарч төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарган мөрдсөн. Зарим аж ахуй нэгж, айл өрх, 00 давхрын авто зогсоолыг эзэмшигч нар нь 2011 оноос хойш засвар үйлчилгээний төлбөрөө төлөөгүй хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн байсан тул хурлаар хэлэлцэж 2012 оны 8 дугаар сараас эхлэн сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэн Ж.П- нь 40 дүгээр байрны 00 давхарт 29.92 м.кв талбай бүхий 2 автомашины зогсоол эзэмшдэг. “Өнөр-40” сууц өмчлөгчдийн холбооны захирлын ажлыг урьд өмнө нь хашиж байсан, тухайн үед 00 давхарын авто зогсоолуудаас засвар үйлчилгээний хураамж авдаггүй банк руу нэхэмжлэх явуулдаггүй байсан.

Ж.П- нь 2011 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд зөвхөн өөрийнхөө оршин сууж байгаа 65 тоот байрны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг төлсөн. Харин өөрийн эзэмшлийн 2 автомашины зогсоолынхоо сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байна.

Ж.П- нь би энэ авто зогсоолыг худалдан авсан тул миний өмч, энэ 00 давхрыг засах үгүй нь миний асуудал гэсэн байр сууриас ханддаг байсан. Бид учир байдлыг хэлж та зөвхөн 2 авто зогсоолын 29.92 м.кв талбайг л эзэмших эрхтэй болохоос биш доод 00 давхрыг бүгдийг өмчилж аваагүй болохоор өөрийн эзэмшиж байгаа 65 тоот орон сууцны нэгэн адил сууц өмчлөгчдийн холбоондоо засвар үйлчилгээний төлбөр төлж сууц өмчлөгчдийн холбоогоор засвар үйлчилгээгээ хийлгүүлэх эрхтэй гэж удаа дараа хэлсэн. Сууц өмчлөгчдийн нийт оршин суугчдын хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлье гэхэд намайг ажил авснаас хойш хуралдаа огт суудаггүй байсан.

00 давхрын бүх авто зогсоолууд нь манай “Өнөр-40” сууц өмчлөгчдийн холбооноос цахилгааны хэрэглээгээ авдаг, цэвэрлэгээ үйлчилгээг манай байрны жижүүр байнга хийдэг. Иймд 2012 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны 2 автомашины авто зогсоолын төлбөр, 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр нийт 2 525 748.50 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.П-, түүний өмгөөлөгч С.Базарсад нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие тус Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол Барилгачин гудамжинд байрлах улсын бүртгэлийн Ү-2201026391 дугаарт бүртгэгдсэн 40 байрны 65 тоот орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-2201040159 дугаарт бүртгэлтэй авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчилдөг. Ийнхүү тус орон сууцыг өмчилж авснаас хойш буюу 2011 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 19 200 төгрөгийг цаг тухайд нь төлж барагдуулж ямар ч өр төлбөргүй явж ирсэн.

Гэтэл тус "Ө” сууц өмчлөгчдийн холбооноос гэнэт сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт авто зогсоолын төлбөрийг хамт тооцно гээд үндсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дээр даруй 24 000 мянган төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж төлөхийг шаардсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул уг авто зогсоолын төлбөрийг үндсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөртэй хамт төлөөгүй. Миний хувьд авто зогсоолын машин орох өгсөх хэсгийг би өөрөө 2017 оны 9 дүгээр сард 300 000 төгрөгөөр цемент цутгаад засуулсан. 2018 оны 10 дугаар сард 700 000 төгрөгөөр дахин засвар хийлгэсэн. Энэ тухай баримтаар нотлогдоно. Сууц өмчлөгчдийн холбооны дарга өөрөө ч мэдэж байгаа. Би өөрөө гараашийн хэсгийг цэвэрлэдэг. Дундын өмчлөлийн шугам хоолойг засварлахад миний зүгээс саад болдоггүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт хамрагдах 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрийг өмнөх тооцсон үнийн дүн 19 686 төгрөгөөр тооцон 590 580 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дээр нэмсэн авто зогсоолын төлбөр гэх төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь хуралд оролцсон бүх гишүүдийн хурлын тогтоол байхгүй, авто зогсоолын төлбөрийн хувьд хуралд оролцсон нэг хүний үгээр тодорхойлсон байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно ... гэж заасан. Хурлаас мөн хуулийн 8.4-д зааснаар тогтоол гарах ёстой байтал хэрэгт тогтоол байдаггүй. Бүх гишүүдийн хэдэн хувь оролцсон эсэх нь тодорхойгүй тул хуулийн шаардлагад нийцээгүй байгаа юм. Өмнө нь энэ асуудлаар холбогдох байгууллагуудад нь хандсан юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 7/05 дугаартай ...автомашины зогсоол нь дундын өмчлөлийн эд хөрөнгө биш иргэний хувийн өмч байх тул ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй байна, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт ирүүлсэн. Иймд маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг баримтлан хариуцагч Ж.П-аас 590 580 /таван зуун ерин мянга таван зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өнөр-40” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 935 748.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас төлбөл зохих үнийн дүнгээс тооцож 18 367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Ө” СӨХ-ны захирал Ж.О давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх 2019 оны 184/ШШ2019/01325 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт 5 ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д "хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага... тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй" гэж тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч нь энэ үүргээ хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт зааснаар "хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн тохиолдолд шүүгч шүүх хуралдааныг товлоно" гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах боломжийг харж үзэлгүй хэт нэг талыг харж шийдвэр гаргасан байна.

Хариуцагчаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 7/05 дугаартай дүгнэлтийг шүүхээс нотлох баримтаар гаргуулж авах хүсэлтийг өгсөн боловч шүүх 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 184/Ш32019/05679 дугаартай захирамжаар хүлээж авахаас татгалзсан. Хэргийн нотлох баримтад уг дүгнэлт нь байхгүй байхад шүүгч дээрх дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль бус байна.

"Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2  дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг тус тус зөрчсөн гэх дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой гэж үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн болно. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 -д заасныг харвал хариуцагч Ж.П- нь хэрэглэгч этгээд биш юм. Нэхэмжлэгч нь хариуцагчаас сууц өмчлөгчийн холбооны зардалд 2012 оны 8 сараас 2019 оны 4 сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийт 2 525 748.50 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагчаар төлүүлэхээр шаардсан мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байсан нь нотлох баримтад хавсрагдсан байхад үнэлээгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Гэвч хөөн хэлэлцэх хугацаагаар тоолбол хариуцагчаас 2017 оноос 2019 он хүртэлх сүүлийн 3 жилийн төлбөрийг гаргах бүрэн боломжтой байгаагаас харвал шүүгч хэт нэг талыг харж шийдвэр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно", 34.4-д "Өмгөөлөгчийн эрх нь эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгээр батлагдана" гэж тус тус заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтад хариуцагчийн хүсэлт болон эрх бүхий байгууллагаас олгогдсон баримт бичиг байхгүй, зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох иргэн С.Базарсадтай байгуулсан итгэмжлэл байхад түүнийг үндэслэн С.Базарсадыг өмгөөлөгчийн эрх үүрэгтэйгээр шүүх хуралдаан оролцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д "Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ" гэж зааснаар шүүх хуралдаан эхэлсэн цагаасаа процесс алдаатай байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01325 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Ө” СӨХ нь хариуцагч Ж.П-ад холбогдуулан 2012 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны 2 автомашины авто зогсоолын төлбөр, 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр нийт 2 525 748.50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч 590 580 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Ө” СӨХ-г 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Ө” СӨХ-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ж.Отгонбаярыг томилсон үйл баримт тогтоогдсон байна. /хх 3-4 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч “Ө” СӨХ нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хороолол 40 дүгээр байрны оршин суугчдын 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, СӨХ-ны дарга, нягтлан бодогч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл байгуулахыг зөвшөөрсөн хүмүүсийн гарын үсэг бүхий бичгийн баримтын хуулгыг тус тус ирүүлсэн байна. /хх 10-16 дугаар талд/

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна” гэж заасан, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх бичгийн баримтууд нь хуулийн энэ шаардлагыг хангаагүй, түүнчлэн оршин суугчдын тус ээлжит бус хурлаар авто зогсоолын 1 м.кв үнэ нь 600 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь бүх гишүүдийн хэдэн хувь нь оролцсон эсэх нь тодорхой бус байна. Дээрх хурлын шийдвэр нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж, 9.2 дахь хэсэгт “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан заалттай нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “хуулийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй болно.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ө” СӨХ нь хариуцагчаас 2012 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны 2 автомашины авто зогсоолын төлбөр, 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр нийт 2 525 748.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийн зөвшөөрсөн 590 580 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Ө” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                        ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

    Ц.ИЧИНХОРЛОО