Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2019/01325

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 21 өдөр                   Дугаар 184/ШШ2019/01325                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: УБ хот, СХД, 00 дугаар хороо, ө хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах “Ө-00” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБ хот, СХД, 00 дугаар хороо, ө хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух О овогт Ж-О-ын П /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох

2012 оны 8 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны 2 машины авто зогсоолын төлбөр,

2016 оны 11 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний  төлбөр нийт 2 525 748.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Ж.П, хариуцагчийн өмгөөлөгч С.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “Ө-00” СӨХ-ны захирал Ж.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Сонгинохайрхан дүүргийн Ө хорооллын 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 00 дүгээр байр нь 2010 оны 11 сард ашиглалтад орсон. Тус байрны “Ө-00” СӨХ нь 2011 оны 12 сарын 12-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж 00 тоот гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Захирлаар миний бие 2015 оны 08 сарын 29-ний өдрийн нийт оршин суугчдийн хурлаар сонгогдон ажиллаж байна. Ажлыг хүлээн авснаас хойш аж ахуй нэгж, айл өрх, 00 давхарын авто зогсоолыг эзэмшигч иргэдтэй уулзаж хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулахыг шаардаж байсан.

Иргэн Ж.П 00 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг ба 2012 оны 08 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацаанд авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр, 2016 оны 11 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацаанд өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр болох нийт 2 525 748.50 төгрөгийг  төлөхгүй сууц өмчлөгчдийн холбоо болон бусад оршин суугчдын эрх ашгийг үл хүндэтгэн хохироож байгаа тул нэхэмжилж байна.

2015 оны 11 сарын 01-нд ээлжит бус хурал зарлан хуралдаж сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийн тарифыг айл өрхөөс 1 м.кв-ыг нь 150 төгрөг, аж ахуй нэгжээс 1 м.кв-ыг нь 600 төгрөг, зоорийн давхрын авто зогсоолуудаас 1 м.кв-ыг нь 600 төгрөгөөр бодож авахаар шийдвэр гарч төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарган мөрдсөн. Зарим аж ахуй нэгж, айл өрх, 00 давхрын авто зогсоолыг эзэмшигч нар нь 2011 оноос хойш засвар үйлчилгээний төлбөрөө төлөөгүй хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн байсан тул хурлаар хэлэлцэж 2012 оны 08 сараас эхлэн сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэн Ж.П нь 00 дүгээр байрны 00 давхарт 29.92 м.кв талбай бүхий 2 автомашины зогсоол эзэмшдэг. “Ө-00” СӨХ-ны захирлын ажпыг урьд өмнө нь хашиж байсан, тухайн үед 00 давхарын авто зогсоолуудаас засвар үйлчилгээний хураамж авдаггүй банк руу нэхэмжпэх явуулдаггүй байсан.

Ж.П нь 2011 оноос 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд зөвхөн өөрийнхөө оршин сууж байгаа 00 тоот байрны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг төлсөн. Харин өөрийн эзэмшлийн 2 автомашины зогсоолынхоо сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг  төлөөгүй байна.  

Иргэн Ж.П-тай удаа дараа уулзаж 2 авто зогсоолынхоо төлбөрийг төлөхийг шаардаж байсан, мөн 2016 оны 11 сараас эхлэн 00 тоот байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дээр 2 авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг нэмж нэхэмжлэхийг мэдэгдэж улмаар банк руу нэхэмжилсэн. Ж.П нь “би энэ авто зогсоолыг худалдан авсан тул миний өмч, энэ 00 давхрыг засах үгүй нь миний асуудал” гэсэн байр суурьнаас ханддаг байсан. Бид учир байдлыг хэлж “та зөвхөн 2 авто зогсоолын 29.92 м.кв талбайг л эзэмших эрхтэй болохоос биш доод 00 давхрыг бүгдийг өмчилж аваагүй болохоор өөрийн эзэмшиж байгаа 00 тоот орон сууцны нэгэн адил сууц өмчлөгчдийн холбоондоо засвар үйлчилгээний төлбөр төлж сууц өмчлөгчдийн холбоогоор засвар үйлчилгээгээ хийлгүүлэх эрхтэй” гэж удаа дараа хэлсэн. Сууц өмчлөгчдийн нийт оршин суугчдын хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлье гэхэд намайг ажил авснаас хойш хуралдаа огт суудаггүй байсан.

00 давхрын бүх авто зогсоолууд нь манай “Ө-00” СӨХ-ноос цахилгааны хэрэглээгээ авдаг, цэвэрлэгээ үйлчилгээг манай байрны жижүүр байнга хийдэг. Иймд Сууц өмчлөгчдийн холбоо болон бусад авто зогсоол эзэмшигч, оршин суугчдын эрх ашгийг үл хүндэтгэн хохироож байгаа иргэн Ж.П-аас 2 автомашины зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр гэж гаражийн талбай 29.29, 1 мкв үнэ 600 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 17 952 төгрөг, жижүүрт 2 000 төгрөг, цэвэрлэгээ 3 000 төгрөг, гэрлийн шил 1 500 төгрөг, нийт 24 452 төгрөгийг сар бүр нэхэмжилдэг.

2015 оны 12 сард сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга М.Галбаатараас төлбөр авах талаар зөвлөгөө авсан. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн мэргэжилтэн тухайн үед нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу авах нь зүйтэй гэсэн хариу өгч байсан. Иргэн Ж.П нь энэхүү 2 авто зогсоолыг ашиглаж байх хугацаандаа өөрийн хөрөнгөөр нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээүй. Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс цэвэрлэгээ үйлчилгээ цахилгааныг нь хариуцсаар өнөөдрийг хүрсэн гэв.

Хариуцагч Ж.П шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие тус Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол Барилгачин гудамжид байрлах улсын бүртгэлийн Ү-2201026391 дугаарт бүртгэгдсэн 00 байрны 00 тоот орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-2201040159 дугаарт бүртгэлтэй авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчилдөг. Ийнхүү тус орон сууцыг өмчилж авснаас хойш буюу 2011 оноос 2016 оны 10 сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 19 200 төгрөгийг цаг тухайд нь төлж барагдуулж ямар ч өр төлбөргүй явж ирсэн

Гэтэл тус "Ө-00” сууц өмчлөгчдийн холбооноос гэнэт сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт авто зогсоолын төлбөрийг хамт тооцно гээд үндсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дээр даруй 24 000 мянган төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж төлөхийг шаардсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул уг авто зогсоолын төлбөрийг үндсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөртэй хамт төлөөгүй. Миний хувьд авто зогсоолын машин орох өгсөх хэсгийг би өөрөө 2017 оны 9 сард 300 000 төгрөгөөр цемент цутгаад засуулсан. 2018 оны 10 сард 700 000 төгрөгөөр дахин засвар хийлгэсэн. Энэ тухай баримтаар нотлогдоно. Сууц өмчлөгдийн холбооны дарга өөрөө ч мэдэж байгаа. Би өөрөө гаражийн хэсгийг цэвэрлэдэг. Дундын өмчлөлийн шугам хоолойг засварлахад миний зүгээс саад болдоггүй. Маргаан үүсээд байсан учир Сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлд өргөдөл гаргасан. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Төлбөр нь байнга тогтворгүй өөрчлөгддөг.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт хамрагдах 2016 оны 11 сараас 2019 оны 4 сар хүртэлх хугацааны төлбөрийг өмнөх тооцсон үнийн дүн 19 686 төгрөгөөр тооцон 590 580 төгрөгийг  төлөхөд татгалзах зүйлгүй. Харин сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дээр нэмсэн авто зогсоолын төлбөр гэх төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь хуралд оролцсон бүх гишүүдийн хурлын тогтоол байхгүй, авто зогсоолын төлбөрийн хувьд хуралд оролцсон нэг хүний үгээр тодорхойлсон байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно ... “ гэж заасан. Хурлаас мөн хуулийн 8.4-д зааснаар тогтоол гарах ёстой байтал хэрэгт тогтоол байдаггүй. Бүх гишүүдийн хэдэн хувь оролцсон эсэх нь тодорхойгүй тул хуулийн шаардлагад нийцээгүй байгаа юм. Өмнө нь энэ асуудлаар холбогдох байгууллагуудад нь хандсан юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 7/05 дугаартай “...автомашины зогсоол нь дундын өмчлөлийн эд хөрөнгө биш иргэний хувийн өмч байх тул ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй байна, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн дүгнэлт ирүүлсэн.

Бусад газраас хариу аваагүй байсан. Иймд маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Ө-00” СӨХ нь хариуцагч Ж.П-д холбогдуулан 2012 оны 8 дугаар сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны 2 машины авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр,

2016 оны 11 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр нийт 2 525 748.50 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ: “Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол барилгын гудамж 00 дүгээр байр 00 тоот хаягт байрлах 29.92 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай 2 ш үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ү2201040159 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй албан ёсны өмчлөгч юм. Авто зогсоолд машин орж гарах өгсөх замд 1,0 сая төгрөгийн цемент зуурч засвар хийсэн, үндэслэлгүйгээр 1 мкв-ийн үнийг 600 төгрөгөөр тооцож нэхсэн” гэж маргаж байна. /хх 27-28 дахь тал/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д зааснаар “... хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч байгууллага” байхаар хуульд заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2011 оны 12 сарын 12-ны өдөр “Ө-00” СӨХ-г Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 00 дугаартай гэрчилгээг олгожээ. /хх-4 дүгээр тал/

Улмаар Сууц өмчлөгчдийн холбооны гол зорилго нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдаж үйл ажиллагааг явуулахаар хууль зохицуулсан байна.

“Ө-00” СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн “Ажилд томилох, чөлөөлөх тухай” 21 дугаартай тогтоолоор тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Ж.О-ыг томилсон байна. /хх-3 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д зааснаар 2 525 748,5 төгрөг нэхэмжилнэ гэжээ. Дээрх хуулийн зүйл заалтад “ ... дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг  санхүүжүүлэхэд оролцохоор” сууц өмчлөгчийн үүргийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2012 оны 8 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны 2 машины авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр гэж тодорхойлсон боловч яг хэдэн төгрөгийг ямар баримт үндэслэн тооцсон үнэ тодорхой бус байна. Хэрэгт нотлох баримтаар бэлэн гүйлгээ гэх 2016 оны 11 сараас 2017 оны 12 сар хүртэл хугацаанд сард 43 808,50 төгрөг гэж тооцон нийт 2 525 748,50 төгрөг гэсэн баримтыг, 2012 оны 08 сараас 2016 оны 11 сар хүртэлх хугацааны авто зогсоолын өр гэж 1 247 052 төгрөг гэх баримтуудыг ирүүлжээ. /хх 4-5, 7-9/

Эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтыг эх хувиар, ... боломжгүй бол наториатчаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд ирүүлнэ гэсэн хуулийг зөрчиж шаардлага хангаагүй баримтыг ирүүлсэн байна. Иймд хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэв.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарласан: 00 дүгээр байрны оршин суугчдын ээлжит бус хурал нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Хурлаас тогтоол, хурлын  тэмдэглэл гарах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн баримтыг ирүүлсэн нь өөрөө үндэслэлгүй байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нь нотлох баримтаар няцааж чадахгүй байна гэж үзлээ. Хавтаст хэргийн 10-16 дахь талд авагдсан баримтууд нь хурлын тэмдэглэл хөтөлсөн нэг хүний гарын үсэгтэй баримтууд ирүүлсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дгаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй“ гэж тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгч нь энэ үүргээ хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчаас ирүүлсэн хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 7/05 дугаартай дүгнэлэд: “...автомашины зогсоол нь дундын өмчлөлийн эд хөрөнгө биш иргэний хувийн өмч байх тул ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй байна, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн дүгнэлт ирүүлснийг нэхэмжлэгч тал няцаахгүй байгаа тул хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны зардалд 2012 оны 8 сараас 2019 оны 4 сар дуусталх хугацааны төлөгдөөгүй нийт 2 525 748,50 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх хугацааны төлбөрийн хэдэн төгрөг нь авто зогсоол, хэдэн төгрөг нь сууц өмчлөгчдийн холбооны зардал болох нь тодорхой бус  хариуцагчаар төлүүлэхээр шаардан мэдэгдэл, шаардага хүргүүлж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх төлбөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны өөрийн оршин суугаа 65 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр нийт 590 580 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул түүнээс гаргуулж, нотлогдохгүй байгаа үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг баримтлан хариуцагч Ж.П-аас 590 580 /таван зуун ерин мянга таван зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө-00” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 935 748.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагаас төлбөл зохих үнийн дүнгээс тооцож 18 367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ОЮУНЦЭЦЭГ