Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/02586

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо * тоот “Г Г М” ХХК

 

Дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А.Э, түр хэрэг гүйцэтгэгч “Г П А” ХХК-ийн төлөөлөгч С.О 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “Г Г М” ХХК нь дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоон, татан буулгах хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Г Г М” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геофизикийн суурь судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантай 3 гишүүнтэй байгуулагдсан. 2018 онд “С” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг хийх уурхайд ажиллах мэргэшсэн ажиллах хүчнийг нийлүүлэхээр “Г Г М” ГХОХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 319 дугаар тогтоол гарч, уурхайн газрыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авч, үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Ийнхүү биднээс үл хамаарах шалтгаанаар компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон.

 

1.2. Дээрх хугацаанд алдагдалтай ажиллаж байсан хэдий ч уурхайн үйл ажиллагаа жигдэрч ашиг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэйгээр ажиллаж байсан боловч компаниас үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа зогсож, үүссэн өр төлбөрийг төлөх боломжгүй болсон юм.

 

1.3. Манай компани 2021 оны санхүүгийн тайлангаар 1,160,900 төгрөгийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөтэй, өөр ямар нэг хөрөнгөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар дансны үлдэгдэл 0.00 төгрөг байна.  

 

1.4. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр улирлын тайлангаар татварын өр 148,504,922 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 58,436,400 төгрөг нийт 206,941,322 төгрөгийн өр төлбөртэй ба ямар нэг авлагагүй байна.

 

1.5. Дээрх үндэслэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос өөрийн хөрөнгөөс хэт давсан буюу 1782%-тай тэнцэх хэмжээний өртэй бөгөөд компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, үйл ажиллагааг үргэлжлүүлэх санхүү, эдийн засгийн боломж байхгүй тул дампуурлын хэрэг үүсгэж, төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон “Г П А” ХХК нь хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж үзжээ.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  “Г Г М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн шинэчилсэн дүрэм, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2020, 2021 оны жилийн санхүүгийн тайлан, цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2018 оны 4 дүгээр улирлын болон 2019 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан, 2018 оны 4 дүгээр улирлын болон 2019 оны 4 дүгээр улирлын цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, 2018, 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татван суутган төлөгчийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, “Г Г М” ХХК-ийн нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр хаяг  төлбөрийн хэмжээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 4-70 дугаар тал/

 

4. Хэрэг гүйцэтгэгчээс түр хэрэг гүйцэтгэгчийн санал, дүгнэлт /ХХ-ийн 202-210 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

5. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: “Г Г М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болон бүртгэлтэй байсан газар, бусад үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаа, “Г Г М” ХХК-ийн эцсийн өмчлөгч болох хувьцаа эзэмшигч Ч.Б, З.Т, “Г г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болон бүртгэлтэй байсан газар, бусад үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаарх лавлагаа, хийгдэж буй болон дуусгавар болсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, бүх төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, авлагын тооцоотой эсэх лавлагаа, харилцах дансны хуулга, өр төлбөр, авлага, зээл тооцоо, хадгаламж байгаа эсэх, дансны болон зээлийн үлдэгдэл, хувьцаа эзэмшигч нарын нэр дээрх дансан дахь мөнгө, хадгаламжийн лавлагаа, 2018-2023 он хүртэлх хугацааны и-балансын цахим сайтаас санхүүгийн тайлан, мэдээ, барьцаанд болон ашиглалтанд байгаа үндсэн хөрөнгө, бараа, түүхий эд бусад материалын дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэл, жагсаалт, шилжилт хөдөлгөөний бүртгэл, ашиглалт хөрөнгийн чанар байдал бүртгэл хөтлөлт, гэрээний өр төлбөрийн тооцоотой эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтууд /ХХ-ийн 121-201 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Хүсэлт гаргагч дараах байдлаар хүсэлтийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: “Г Г М” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтэст 148,504,922 төгрөг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 58,436,400 төгрөг нийт 206,941,322 төгрөгийн өр төлбөртэй, өөрийн хөрөнгөөс хэт давсан буюу 1782%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, үйл ажиллагааг үргэлжлүүлэх санхүү, эдийн засгийн боломжгүй үндэслэлээр дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. “Г Г М” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтэст 148,504,922 төгрөг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 58,436,400 төгрөг нийт 206,941,322 төгрөгийн өр төлбөртэй үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлт гаргасан.

 

Дээрх хүсэлтийн дагуу шүүх дампуурлын хэрэг үүсгэж, хэрэг гүйцэтгэгчээр түр “Г П А” ХХК-ийг томилсон ба хэрэг гүйцэтгэгч нь “Г Г М” ХХК-ийн өр төлбөр 2018-2019 онд бий болсон, энэ хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өөрийнх нь гаргасан тайлангаар мөнгөн хөрөнгө 693,5 сая төгрөг, хуримтлагдсан ашиг 486,6 сая төгрөг байхад өрийг төлөөгүй, мөн 2020-2021 оны санхүүгийн тайлан баталгаажаагүй буюу тайлангийн мэдээллийг ашиглах боломжгүй үндэслэлээр төлбөрийн чадваргүй болсныг тогтоох боломжгүй гэж үзжээ. /ХХ-ийн 204-210 дугаар тал/

 

“Г Г М” ХХК нь 2018-2019 оны татварын тайлангаар 148,504,922 төгрөгийн татвар төлөхөөр, 2019 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 58,436,427 төгрөгийн шимтгэл төлөхөөр тайлагнаж, нийт 206,941,349 төгрөгийн өр төлбөрийг 2019-2021 оны санхүүгийн тайландаа тусгасан байх ба уг өрийг төлөөгүй болох нь тогтоогдов. Дээрх тайлангуудаас 2018-2019 оны санхүүгийн тайлангууд эрх бүхий байгууллагаар баталгаажсан, харин 2020-2021 оны санхүүгийн тайланг зөвхөн компанийн тамга, захирлын гарын үсгээр баталгаажуулсан байх ба эрх бүхий байгууллагад тушаагаагүй, мөн 2022-2023 оны санхүүгийн тайлангаа тушаагаагүй болох нь Сангийн яамны 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 03/640 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /ХХ-ийн 11-22, 171 дүгээр тал/ 

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ын 1.2, 2.1-д зааснаар аливаа хуулийн этгээд нь санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд цахим хэлбэрээр тушаах үүрэгтэй. Ийнхүү илгээсэн тайлангийн мэдээллийн үнэн зөв байдлыг тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцах бөгөөд уг тайланг эрх бүхий байгууллага /харилцагч санхүүгийн байгууллага/ хянаж, хүлээн авна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт “Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана” гэж заасан. Дээрх зохицуулалтаар эрх бүхий байгууллагын хүлээн авч баталгаажсан тайлангийн мэдээллийг төрийн байгууллага ашиглах үндэслэл болохыг заасан байна. Иймд “Г Г М” ХХК-ийн 2020, 2021 оны харилцагч санхүүгийн байгууллагаар баталгаажаагүй санхүүгийн тайлангийн мэдээллийг тухайн компанийг төлбөрийн чадваргүй болсон эсэхийг тогтооход ашиглах үндэслэлгүй болно.   

 

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан. Хүсэлт гаргагч “Г Г М” ХХК-ийн 2020, 2021 оны санхүүгийн тайлан нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуульд заасан хугацаанд, эрх бүхий байгууллагад тушааж хянуулаагүйгээс нягтлан бодох бүртгэлийг зөв хөтөлж тооцооллын болон техникийн алдаагүй үнэн зөв тайлан гаргасан гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

 

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэлд тухайн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэл, түүний хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь өр төлбөрийн хэмжээг зөв тодорхойлж, түүнд холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж ойлгоно.

 

Харин “Г Г М” ХХК нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 58,436,400 төгрөгийн өртэй гэж тодорхойлсон боловч шүүхийн шийдвэрээр 87,654,641 төгрөгийн өр төлбөртэй, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, үүнээс төлөлт хийгдээгүй үйл баримт тогтоогдов. /ХХ-ийн 125-129 дүгээр тал/

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн “үйл ажиллагаа эхэлсэн эхний жилдээ алдагдалтай ажиллаж байсан, 2018-2019 оны санхүүгийн тайлангаар гаргасан ашгийг олоогүй, ийм тайлан гаргасан гэдгийг мэдээгүй, тайлангаа буруу гаргасан байна” гэсэн тайлбараас үзвэл алдаатай гаргасан тайланг /2019 оны/ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал, тухайн тайлан алдаатай тохиолдолд уг тайлангийн мэдээллийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй эсэхийг тогтоох боломжгүй юм. Иймд Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу “өөрийн хөрөнгө”-өө хэрхэн тодорхойлж, төлбөрийн чадваргүй байдлаа хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж үзэх үндэслэл болж байна. 

 

Иймд “Г Г М” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг буюу үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэлийг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

 

Хэрэг гүйцэтгэгч нь хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлан тэнцэл, холбогдох бусад баримтуудыг үндэслэн санхүү, эдийн засгийн тооцоо, дүгнэлт гаргаж шинжээчийн хувиар оролцох бөгөөд үүнтэй холбоотой зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан журмаар төлүүлнэ. Иймд “Г Г М” ХХК-иас хэрэг гүйцэтгэгчийн ажлын хөлс болох 880,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “Г Г М” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, “Г Г М” ХХК-иас шүүхийн зардалд 880,000 төгрөг гаргуулж “Г П А” ХХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА