Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01694

 

2023 09 01 210/МА2023/01694

 

Г ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/02586 дугаар шийдвэртэй, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай Г ХХК-ийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагч  Г ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч А.Э, түр хэрэг гүйцэтгэгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч хүсэлт, тайлбартаа: Тус компани 2018 оны 08 сарын 03-ны өдөр гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геофизикийн суурь судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 3 гишүүнтэй байгуулагдсан. Хамтран ажилладаг компанийн уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор ажлын гүйцэтгэл багасч, ажилтнуудын цалинг бүрэн өгч хүрэлцэхгүй болсон. Манай компани үйл ажиллагаа эхэлсэн эхний жилд хэдийгээр алдагдалтай ажиллаж байсан хэдий ч цаашид уурхайн ажил жигдэрснээр манай ашиг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэйгээр ажиллаж байсан боловч биднээс үл шалтгаалах хүчин зүйлсээс болж компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Манай компани 2019 оны 4-р улирлын тайлангаар татварын өр 148,504,922 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 58,436,400 төгрөг, нийт 206,941,322 төгрөгийн өр төлбөртэй ба ямар нэгэн авлагагүй байна. Иймд Г ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.    Түр хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ: Г ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцох санал гаргах боломжгүй. Учир нь тус компанийн санхүүгийн тайлан баталгаажаагүй, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар мөнгөн хөрөнгө 693,500,000 төгрөг, хуримтлагдсан ашиг 486,600,000 төгрөг байхад татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг төлөөгүй байгаа нь дампууруулах үндэслэл хангалтгүй гэж үзэхээр байна гэжээ.

 

3.    Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Г ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Г ХХК-аас шүүхийн зардалд 880,000 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.    Хүсэлт гаргагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Шүүгч 2022 оны 12 сарын 07-ны өдөр Хэрэг гүйцэтгэгч түр томилох тухай *** дугаартай захирамж гаргаж, уг захирамжаар Г ХХК-ийг түр хэрэг гүйцэтгэгчээр томилж, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, энэ тухайгаа танилцуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах эрх, үүрэг нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар түр хэрэг гүйцэтгэгч нь энэ эрхийг эдлэхгүй болно.

4.2.  Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...алдаатай гаргасан тайланг /2019 оны/ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна... гэж дүгнэсэн. Гэтэл тус компанийн 2018, 2019 оны санхүүгийн тайлангууд нь е системд илгээж, баталгаажуулсан, баталгаажсан төлөвтэй тайлан юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага болон арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар Г ХХК-д эд хөрөнгө, эд хөрөнгийн бүртгэлгүй болох нь, арилжааны банкуудад харилцах дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр болон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй алдаатай дүгнэсэн.

4.3.  Шүүхийн шийдвэрт Хэрэг гүйцэтгэгч нь ... шинжээчийн хувиар оролцох бөгөөд үүнтэй холбоотой зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан журмаар төлүүлнэ гэж алдаатай дүгнэсэн. Хэрэг гүйцэтэгч нь шинжээч биш.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.  Түр хэрэг гүйцэтгэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Г ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт түр хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тус дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын хуулийг дээдлэн гаргасан. Шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжид заасны дагуу үнэн зөв дүгнэлт гаргасан. Миний бие сайн дураар тухайн дүгнэлтийг гаргаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.  Хүсэлт гаргагч Г ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

3.  Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх дампуурлын хэрэг үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хариуцагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоож, хэрэв хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэв хариуцагч төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдвол 7 хоногийн дотор энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 11 сарын 21-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэсэн атлаа дээр дурдсан ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

 

4.  Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулахаар зохицуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 12 сарын 07-ны өдөр Г ХХК-ийг түр хэрэг гүйцэтгэгчээр томилж, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан дүгнэлтийг хийж, танилцуулахыг түүнд даалгаж шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

Өөрөөр хэлбэл, хэрэг гүйцэтгэгчийн гаргах дүгнэлтийг түр хэрэг гүйцэтгэгчээр гаргуулан, улмаар уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

 

5.   Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/02586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 Д.НЯМБАЗАР