Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01331

 

Л.Пын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01182 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Пын нэхэмжлэлтэй, хариуцагч ТЗт холбогдох,

 

Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 2-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, өмгөөлөгч Ц.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТЗын ерөнхий хорооноос 2014.12.12-ны өдөр Л.Пыг ТЗын даргын албан тушаалд томилж, контрактын гэрээгээр 1 жил 9 сар гаруй хугацаанд ажилласан. Контрактын гэрээ нь 3 жилээр хийгдсэн. Гэтэл Л.Пыг 2016.10.03-ны өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүнийг ажлаас чөлөөлснөөр контрактын гэрээний 5-р зүйлийн 5.9 дэх хэсэгт заагдсан орон сууцны асуудлаар маргаан үүссэн. Төрийн өмчийн хорооны 2014.12.12-ны өдрийн тогтоол, шийдвэрийг үндэслэж контрактын гэрээ хийгдсэн боловч 2015.7.31-ний өдөр ТЗын ерөнхий хороо дахин контрактын гэрээ хийсэн. Контрактын гэрээгээр Л.П нь гэмт хэрэгт холбогдоогүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Цэцээ гүн хотхоны таун хаус-5 байрыг түүнд үлдээхээр заасан. ТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны үйл ажиллагааг шалган байцаах комисс нь шалгах эрхтэй. Тухайн үед шалган байцаах комисс нь Л.Пыг үр дүнтэй ажилласан гэж үзээд байрыг нь олгохоор дүгнэсэн, энэ тухай Жаа даргад зөвлөмж болгосон байдаг. Уг зөвлөмжийн дагуу н.Жаа дарга 2016.12.05-ны өдөр шийдвэрээ гаргасан. 2017.02.09-ний өдрийн ерөнхий хорооны тэмдэглэлийн 7.3 дахь заалт нь Л.Пын орон сууцыг зах зээлийн үнээр борлуулахаар шийдсэн. Гэтэл Ерөнхий хорооны хуралд 5 хүн оролцсоноос 4 хүний саналаар шийдсэн, мөн хоёр улсын 3, 3 хүнийг оруулж хуралдаагүй байдаг. Мөн 2016.12.05-ны өдрийн Ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалтаар Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Цэцээ гүн хотхоны таун хаус-5-д байрлах орон сууцыг хэрхэн ашиглах, түүнийг худалдан борлуулах талаар санал боловсруулж, ерөнхий хорооны хуралд танилцуулахыг замын даргад даалгасан. Иймд ТЗын Ерөнхий хорооны 2016.12.05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017.02.09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлд зааснаас бусад байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг иргэний шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой. Хэргийн харъяалал зөрчсөн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156-р зүйлд заасны дагуу гомдол гаргасан тохиолдолд шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн эсэх, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, гомдол гаргаж байгаа этгээдийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн, тухайн этгээдэд шаардах эрх байгаа эсэх асуудлууд яригдана. Орон сууц, контрактын гэрээний асуудлаар 3 шатны шүүх шийдсэн. Л.П 2014.12.12-ны өдөр ТЗын Ерөнхий хорооны хурлаар замын даргаар томилогдсон, тэр өдрөө Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч буюу эрх зүйн чадамжгүй н.Цогтбаатар гэх хүнтэй ТЗыг төлөөлөн контрактын гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний 5-р зүйлийн 5.7, 5.9 дэх хэсэгт маргааны зүйл болж байгаа таун хаус сууц, энэхүү гэрээгээр ажиллах хугацаанд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар замын даргыг амрах, амьдрах таатай нөхцөл бүрдсэн албан орон сууцаар хангах гэж байгаа. Л.П нь 2014.01.08-ны өдөр маргааны зүйл болж байгаа орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг ТЗыг төлөөлж өөрөө хийж, 2015.01.16-ны өдөр 639 253 000 төгрөг, 845 000 000 төгрөгийг шилжүүлж худалдаж авсан байдаг. Үүнээс хойш Л.П нь 2015.7.31-ний өдөр контрактын гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан, энэ гэрээгээр таун хаусын асуудал тусгагдаагүй, харин ажил олгогч нь замын даргын үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь амрах зориулалт бүхий орон сууцаар хангах үүргийг хүлээсэн. Л.П ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2016.10.03-ны өдөр түүнтэй байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож, гэрээг цуцалсан. Контрактын гэрээнд тусгагдсан орон сууцтай холбоотой ганц заалт нь энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон байраар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны орон сууцаар хангах / нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн байрыг контрактын гэрээний хугацааны дуусгавар болгоход замын даргад байрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ/ гэж байгаа. Контрактын гэрээний хугацаа 3 жил гэж тооцвол 2018.7.31-ний өдөр хүртэл Л.П ажиллаж зохих ёсоор үүргээ биелүүлсэн байх ёстой. Гэтэл 2016.10.03-ны өдөр контрактын гэрээний 6.5 дахь заалтаар гэрээ цуцалсан. 6.5 дахь хэсэгт нийгэмлэг нь замын даргатай байгуулсан контрактын гэрээг Ерөнхий хорооны шийдвэрээр ямар ч үед хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд замын даргын бүрэн эрхийг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцалсан шалтгаан нь хувийн ашиг сонирхолтой буюу их хэмжээний үнийн дүнтэй хэлцлийг Компанийн тухай хууль зөрчиж, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хууль, Авлигын хууль зэргийг зөрчсөн,таун хаусын асуудал яригдаж гэрээ цуцалсан. ТЗын Шалган байцаах комиссын 2017 онд хийсэн шалгалтын актын 2.3.1 дэх хэсэгт орон сууцны үнийг ТЗ нийгэмлэг төлсөн байна. Мөн Ерөнхий хорооны хурлын тэмдэглэлийн заалтыг хүчингүй болгуулах гомдол гаргах эрх байх ёстой. Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүх Л.П нь маргааны зүйл болсон орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ТЗын Ерөнхий хорооны гаргасан аль ч шийдвэрт шаардлага гаргах эрхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй. ТЗын ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 2016.12.05-ны өдрийн 9.1 дэх заалт, 2017.02.09-ний өдрийн ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 7.3 дахь заалтууд нь ТЗын нийгэмлэгийн дүрмийн Удирдах байгууллага болох Ерөнхий хороо гаргасан. Нийгэмлэгийн ажил хэргийг шалган байцаах зорилгоор байнгын бус ажиллагаатай Шалган байцаах комисс ажилладаг, энэ нь удирдах байгууллагад ордоггүй. ТЗтай холбоотой бүх харилцааг дүрмээрээ зохицуулдаг. Ерөнхий хорооны дүрмийн 17-р зүйлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх болон холбогдох шийдвэрүүдийг гаргах эрхийг Ерөнхий хороонд олгосон. Маргаан бүхий 7.1, 9.3 дахь заалтуудыг А заалт гэж тайлбарладаг. Энэ заалт нь нийгэмлэгийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө бөгөөд үүнд хэн нэгэн иргэний хууль бусаар эзэмшиж байгаа орон сууцтай холбоотой асуудал хамаарахгүй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг Д заалтаараа зохицуулдаг буюу 19в заалтаар Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга захиран зарцуулдаг. 2016.12.05-ны өдөр, 2017.02.09-ний өдөр Ерөнхий хороо хуралдаж, олон асуудал хэлэлцсэний дотор маргааны зүйл болох орон сууцтай холбоотой шийдвэр гаргасан. ТЗ үл хөдлөх хөрөнгөө нэр дээрээ авч Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж өмчлөгч болсон, улмаар захиран зарцуулахаар шийдсэн. Үүний дагуу орон сууцыг худалдаж авах саналыг Л.Пт 2017.3.14-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Шийдвэрийг эрх бүхий этгээд хууль тогтоомж, тухайн байгууллагын дүрэм журмаар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар ТЗийн Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтыг тус тус хүчингүй болгохыг хүссэн Лувсандагвын Пын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, Ц.Давхарбаяр нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь удаа дараа хүсэлтүүд гаргасныг гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хүсэлтийг хангасан захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг бусад баримтаар тодруулах боломжийг хязгаарласан. Шүүх Ерөнхий хорооны эрх хэмжээг үндэслэн, Шалган байцаах комиссын санхүүгийн тайлангаас тусад нь авч дүгнэн, ингэхдээ ямар үндэслэлтэй болох нь тодорхойгүй байгаа нь шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна. 2016 оны 12 сарын 5-ны өдрийн хурлын хэлэлцэх асуудал Шалган байцаах комиссын тайланг сонсох зэрэг асуудал байснаас бус байрны асуудал хэлэлцэх асуудалд ороогүй байсан, үүнийг ялгаж салгаж шүүх дүгнээгүй. Ерөнхий хороо эрх хэмжээгээ хэтрүүлсэн, өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан байхад шүүх нэг талыг барьж, маргааны шийдсэнд гомдолтой байна. Шүүх УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны шийдвэр хуульд нийцсэн эсэх асуудлыг бус Л.Пын эзэмшилд байгаа байр, түүний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн дүгнэлт хийсэн. Шүүх тухай байгууллагын эрх бүхий этгээдийн хийсэн үйлдэлд эрх зүйн зөв үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Л.П нь хариуцагч ТЗт холбогдуулан ТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтуудыг тус тус хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, шаардах эрхгүй” гэж маргажээ. /хх-1-3, 67, 199-205/

 

Л.П нь ТЗтэй байгуулсан контрактын гэрээгээр ТЗын даргаар ажиллаж байсан, уг гэрээг хариуцагч байгууллагын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-i-222 тоот тушаалаар талуудын байгуулсан контрактын гэрээний 6.5 дахь заалтыг үндэслэж дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон. /хх 21-26, 44/

 

Мөн хариуцагч байгууллагын Ерөнхий хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний  өдрийн хуралдааны 1 тоот тэмдэглэлийн 7.3 заалт буюу Захиргаа удирдлагын албаны балансад бүртгэлтэй өмнөх замын дарга Л.Пын ашиглалтад байгаа, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойрог гудамж, 41/5 хаягт орших орон сууцны байрыг зах зээлийн үнээр худалдахыг Замын даргад үүрэг болгосон шийдвэр гарсан. Мөн байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 4 тоот тэмдэглэлийн 9.1 дэх заалт буюу “УБТЗ ХНН-ийн балансад байгаа ХУД-ийн 1-р хороо, хаягт байршилтай нийт 370 м.кв талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг замын даргад даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон./хх-15, 18 /

 

Талууд Монгол-Оросын ТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтууд хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа эсэхэд маргаж байна.

 

Талуудын байгуулсан контрактын 6.6-д зааснаар хугацаа дуусгавар болохоос өмнө Ерөнхий хорооны шийдвэрээр контракт цуцлагдах тохиолдолд Замын даргын контрактын гэрээний 5.9-д заасны дагуу албаны орон сууцыг гэж тохиролцсон байна. /хх-25/ Мөн Контрактын 5.9-д “энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэжээ.

 

Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01274 тоот тогтоолоор “Хариуцагчийн эзэмшиж байсан орон сууцыг гэрээний 5.9-д заасан нөхцөлөөр олгогдсон орон сууц гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээнд албаны орон сууцны талаар тухайлан нөхцөл заасан бөгөөд энэ нь “Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн” байна гэжээ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ТЗ нь Баянгол дүүргийн нутагт байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг байтал маргаж буй орон сууц Хан-уул дүүрэгт байршилтай тул гэрээний нөхцөлд заасан “нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлах байр” гэж үзэх боломжгүй байна. Ажил олгогчоос ажилтанд ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд нь эзэмшүүлж байсан орон сууцыг Контрактад нэрлэн заасан орон сууц гэж үзэхгүй тул хариуцагчийн тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх зохицуулалтад нийцсэн” гэж дүгнэсэн үйл баримт тогтоогджээ./хх-197/

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар иргэд ба хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох нь иргэний эрх зүйн хамгаалалтын нэгэн арга юм. Дээр дурдсан шийдвэр нь хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, иргэд хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бол түүнийг хүчингүй болгуулахаар эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандан шаардах эрхтэй байдаг. Шийдвэр нь хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй байх /бүрэн эрхгүй этгээдийн гаргасан шийдвэр гэх мэт/, нөгөө талаасаа иргэд, хуулийн этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч байгууллагын дүрэмд зааснаар Ерөнхий хороо нь нийгэмлэгийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө, түүний өнгөрсөн оны тайлан балансыг хянан үзээд хувь нийлүүлэгчдийн хамтарсан хуралд батлуулахаар оруулна, мөн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах шийдвэрийг гаргах эрхтэй болох нь тогтоогдсон. Шалган байцаах комисс нь жилийн тайлан баланс, ашиг хуваарилалт зэргийг хэлэлцэх ба энэ талаар дүгнэлт хийх нь түүний үүрэгт хамаарна, өөрийн үйл ажиллагааны тухай дүгнэлт ба тайланг хувь нийлүүлэгчдийн хамтарсан хуралд тавих ба нийгэмлэгийн ерөнхий хороонд мэдэгдэх, ерөнхий хорооны хуралд зөвлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн “Замын дарга Л.Пт тухайн албан тушаалын байрыг үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлөөр данснаас хасах баримтыг бэлтгэж Нийгэмлэгийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулахыг зөвлөсөн Шалган байцаах комиссын дүгнэлт, зөвлөмжийг хүчинтэй байхад Ерөнхий хорооноос дахин шийдвэр гаргаж орон сууцыг зах зээлийн үнээр худалдан авах тухай шийдвэр гаргасан нь дүрэм журмыг зөрчсөн, хууль бус шийдвэр” гэх тайлбар үндэслэлгүй, Ерөнхий хороог Шалган байцаах комиссын зөвлөмжийг шууд хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй нэгж үзэхээргүй байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх-100-111/

 

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 хаягт байршилтай нийт 370 м.кв талбайтай орон сууц нь хариуцагч ТЗийн өмч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-43/

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Хариуцагч нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойрог гудамж, 41/5 хаягт орших өөрийн өмчлөлийн орон сууцны байрыг зах зээлийн үнээр худалдахыг Замын даргад үүрэг болгож, цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг замын даргад даалгаж шийдвэрлэсэн нь өмчлөгчийн эрх юм. Уг  шийдвэрийг буруутгах боломжгүй, шийдвэр хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмлжэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД