Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00021

 

  

2021 01 13 001/ХТ2021/00021

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01182 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1331 дүгээр магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг*******д холбогдох,

Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1. дэх заалт, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3. дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, өмгөөлөгч Ц.Давхарбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******ын Ерөнхий хорооноос 2014.12.12-ны өдөр *******ыг*******ын даргын албан тушаалд томилж, контрактын гэрээгээр 1 жил 9 сар гаруй хугацаанд ажилласан. Контрактын гэрээ нь 3 жилээр хийгдсэн.

Гэтэл *******ыг 2016.10.03-ны өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүнийг ажлаас чөлөөлснөөр контрактын гэрээний 5-р зүйлийн 5.9 дэх хэсэгт заагдсан орон сууцны асуудлаар маргаан үүссэн. Төрийн өмчийн хорооны 2014.12.12-ны өдрийн тогтоол, шийдвэрийг үндэслэж контрактын гэрээ хийгдсэн боловч 2015.7.31-ний өдөр*******ын Ерөнхий хороо дахин контрактын гэрээ хийсэн.

Контрактын гэрээгээр ******* нь гэмт хэрэгт холбогдоогүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Цэцээ гүн хотхоны таун хаус-5 байрыг түүнд үлдээхээр заасан.******* нийгэмлэгийн Ерөнхий хорооны үйл ажиллагааг шалган байцаах комисс нь шалгах эрхтэй. Тухайн үед шалган байцаах комисс нь *******ыг үр дүнтэй ажилласан гэж үзээд байрыг нь олгохоор дүгнэсэн, энэ тухай Жигжиднямаа даргад зөвлөмж болгосон байдаг. Уг зөвлөмжийн дагуу Д.Жигжиднямаа дарга 2016.12.05-ны өдөр шийдвэрээ гаргасан.

2017.02.09-ний өдрийн Ерөнхий хорооны тэмдэглэлийн 7.3 дахь заалт нь *******ын орон сууцыг зах зээлийн үнээр борлуулахаар шийдсэн. Гэтэл Ерөнхий хорооны хуралд 5 хүн оролцсоноос 4 хүний саналаар шийдсэн, мөн хоёр улсын 3, 3 хүнийг оруулж хуралдаагүй байдаг.

Мөн 2016.12.05-ны өдрийн Ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалтаар Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Цэцээ гүн хотхоны таун хаус-5-д байрлах орон сууцыг хэрхэн ашиглах, түүнийг худалдан борлуулах талаар санал боловсруулж, ерөнхий хорооны хуралд танилцуулахыг замын даргад даалгасан.

Иймд*******ын Ерөнхий хорооны 2016.12.05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017.02.09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлд зааснаас бусад байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг иргэний шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой. Хэргийн харьяалал зөрчсөн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156-р зүйлд заасны дагуу гомдол гаргасан тохиолдолд шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн эсэх, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, гомдол гаргаж байгаа этгээдийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн, тухайн этгээдэд шаардах эрх байгаа эсэх асуудлууд яригдана. Орон сууц, контрактын гэрээний асуудлаар 3 шатны шүүх шийдсэн.

******* 2014.12.12-ны өдөр*******ын Ерөнхий хорооны хурлаар замын даргаар томилогдсон, тэр өдрөө Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч буюу эрх зүйн чадамжгүй н.Цогтбаатар гэх хүнтэй*******ыг төлөөлөн контрактын гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний 5-р зүйлийн 5.7, 5.9 дэх хэсэгт маргааны зүйл болж байгаа таун хаус сууц, энэхүү гэрээгээр ажиллах хугацаанд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар замын даргыг амрах, амьдрах таатай нөхцөл бүрдсэн албан орон сууцаар хангах гэж байгаа. ******* нь 2014.01.08-ны өдөр маргааны зүйл болж байгаа орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг*******ыг төлөөлж өөрөө хийж, 2015.01.16-ны өдөр 639 253 000 төгрөг, 845 000 000 төгрөгийг шилжүүлж худалдаж авсан байдаг.

Үүнээс хойш ******* нь 2015.7.31-ний өдөр контрактын гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан, энэ гэрээгээр таун хаусын асуудал тусгагдаагүй, харин ажил олгогч нь замын даргын үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь амрах зориулалт бүхий орон сууцаар хангах үүргийг хүлээсэн. ******* ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2016.10.03-ны өдөр түүнтэй байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож, гэрээг цуцалсан. Контрактын гэрээнд тусгагдсан орон сууцтай холбоотой ганц заалт нь энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон байраар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн байрыг контрактын гэрээний хугацааны дуусгавар болгоход замын даргад байрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ/ гэж байгаа.

Контрактын гэрээний хугацаа 3 жил гэж тооцвол 2018.7.31-ний өдөр хүртэл ******* ажиллаж зохих ёсоор үүргээ биелүүлсэн байх ёстой. Гэтэл 2016.10.03-ны өдөр контрактын гэрээний 6.5 дахь заалтаар гэрээ цуцалсан. 6.5 дахь хэсэгт нийгэмлэг нь замын даргатай байгуулсан контрактын гэрээг Ерөнхий хорооны шийдвэрээр ямар ч үед хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд замын даргын бүрэн эрхийг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцалсан шалтгаан нь хувийн ашиг сонирхолтой буюу их хэмжээний үнийн дүнтэй хэлцлийг Компанийн тухай хууль зөрчиж, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хууль, Авлигын хууль зэргийг зөрчсөн, таун хаусын асуудал яригдаж гэрээ цуцалсан.

Улаанбаатар төмөр замын Шалган байцаах комиссын 2017 онд хийсэн шалгалтын актын 2.3.1 дэх хэсэгт орон сууцны үнийг******* нийгэмлэг төлсөн байна. Мөн Ерөнхий хорооны хурлын тэмдэглэлийн заалтыг хүчингүй болгуулах гомдол гаргах эрх байх ёстой. Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх ******* нь маргааны зүйл болсон орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор*******ын Ерөнхий хорооны гаргасан аль ч шийдвэрт шаардлага гаргах эрхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй.

Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 2016.12.05-ны өдрийн 9.1 дэх заалт, 2017.02.09-ний өдрийн ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 7.3 дахь заалтууд нь*******ын нийгэмлэгийн дүрмийн Удирдах байгууллага болох Ерөнхий хороо гаргасан. Нийгэмлэгийн ажил хэргийг шалган байцаах зорилгоор байнгын бус ажиллагаатай Шалган байцаах комисс ажилладаг, энэ нь удирдах байгууллагад ордоггүй.*******тай холбоотой бүх харилцааг дүрмээрээ зохицуулдаг. Ерөнхий хорооны дүрмийн 17-р зүйлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх болон холбогдох шийдвэрүүдийг гаргах эрхийг Ерөнхий хороонд олгосон.

Маргаан бүхий 7.1, 9.3 дахь заалтуудыг А заалт гэж тайлбарладаг. Энэ заалт нь нийгэмлэгийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө бөгөөд үүнд хэн нэгэн иргэний хууль бусаар эзэмшиж байгаа орон сууцтай холбоотой асуудал хамаарахгүй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг Д заалтаараа зохицуулдаг буюу 19в заалтаар Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга захиран зарцуулдаг. 2016.12.05-ны өдөр, 2017.02.09-ний өдөр Ерөнхий хороо хуралдаж, олон асуудал хэлэлцсэний дотор маргааны зүйл болох орон сууцтай холбоотой шийдвэр гаргасан.******* үл хөдлөх хөрөнгөө нэр дээрээ авч Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж өмчлөгч болсон, улмаар захиран зарцуулахаар шийдсэн. Үүний дагуу орон сууцыг худалдаж авах саналыг *******т 2017.3.14-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Шийдвэрийг эрх бүхий этгээд хууль тогтоомж, тухайн байгууллагын дүрэм журмаар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтыг тус тус хүчингүй болгохыг хүссэн Лувсандагвын Пүрэвбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1331 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, өмгөөлөгч Ц.Давхарбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх маргааныг дүгнэхдээ, ИХШХШХ-ийн 156-р зүйлийн 156.1-д заасан гомдлоор үүсэх хэрэг гэж үзсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй нь ИХШХШХ-ийн 172-р зүйлийн 172.2 дахь заалтыг зөрчсөн.

1. Гомдлоор үүсэх хэргийн онцлог нь тус хуулийн этгээд байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийдэг.******* ХНН-ийн Ерөнхий хорооны хурал 2016 оны 12 сарын 5-ны өдөр хуралдахдаа, цаашлаад 2017 оны 2 сарын 9-ны өдрийн хуралдаан нь өөрт байх эрх хэмжээний хүрээнд хуралдсан эсэхийг дүгнүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч харамсалтай нь шүүх нь дүгнэж чадсангүй.

Гомдлоор үүсэх хэргийн бүхий л нотлох баримт маргаж байгаа байгууллагад байдаг, тухайн хэргийн оролцогчоос холбогдох баримтыг гаргуулахгүйгээр маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэхэд хүндрэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь удаа дараа хүсэлтүүд гаргаж,

- 2016 оны 12 сарын 5-ны өдрийн ЕХ-ы хурлын дараа******* ХНН-ийн Замын дарга Жигжиднямаад тодорхой үүрэг хүлээлгэн түүнийг хэрэгжүүлэхийг даалгасан байтал ЕХ-ны орлогч дарга (өөрт үүрэг болгосон байтал ЕХ-ны даргадаа бус орлогч даргад хэрхэх талаар албан бичиг явуулсан)-д 2016 оны .. сарын ..-нд явуулсан албан бичгийг гаргуулах,

- ШБК-ийн 2015 оны санхүүгийн тайланг ХНН-ийн хурлаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл, шийдвэрийг гаргуулах хүсэлт гаргасныг гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг бусад баримтаар тодруулах боломжийг хязгаарласан.

Мөн ЕХ-ны хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч захирамж гаргасан хэрнээ дэлгэрэнгүй бус хэрэгт авагдсан 2016 оны болон 2017 оны ЕХ-ы тэмдэглэлийг ирүүлснээр гэж үзэж хуралдааныг хийсэн нь захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх боломжгүй байгаагийн дээр талууд мэтгэлцэх үндэслэл болох нотлох баримт ч хангалттай байдлаар авагдаж чадаагүй болно.

2.******* ХНН нь хэдийгээр 1947 онд байгуулагдсан, 1968 оны дүрмээр үйл ажиллагаагаа зохицуулдаг ч бүтэц, зохион байгуулалт нь хувьцаат компанитай ижил төстэй байгууллага. Гэхдээ онцлог зүйл бий. Тухайлбал: хоёр орны тэгш байдлыг хангасан олон заалт дүрэмд байдгийн нэг бол Ерөнхий Хороо 6 гишүүнээс бүрдэх, эдгээрийн 3 нь оросын, 3 нь Монголын төлөөлөл байх, хуралдаанд тэгш тоотой оролцох зэргээр нарийвчлан зохицуулсан байдаг.

Маргаж байгаа 2016 оны 12 сарын 5-ны өдрийн ЕХ-ны хуралдаанд ШБК-ийн 2015 оны үйлдвэрлэл санхүүгийн үйл ажиллагааны тайланг сонсоод хүлээн авсан хэрнээ тус дүгнэлтээс зөвхөн байрны асуудлыг тусгайлан шийдвэрлэх эрх ЕХ-д байсан уу гэдэг талаар нэхэмжлэлд дурдаж, үүнийг л хуулийн хүрээнд дүгнүүлэхийг хүссэн. Гэтэл шүүх дүрэмд заасан ЕХ-ны эрх хэмжээг үндэслэн, ШБК-ийн санхүүгийн тайлангаас тусад авч дүгнэн, ингэхдээ ямар үндэслэлтэйг дүгнээгүй нь шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал, магадлалд, ... ерөнхий хороог ШБК-н зөвлөмжийг шууд хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэхээргүй байна... гэж дүгнэсэн. Нэхэмжлэлд, энэ талаар, ЕХ ШБК-ийн дүгнэлтийг хэрэгжүүлэх үүрэгтэй хэмээн бичээгүй, мөн тэгж ч маргаагүй, тус байгууллагын дүрэмд ШБК-ын дүгнэлтийг сонсоод, ХНХ-д уламжилна гэж заасан, гэтэл тус 2016 оны 12 сарын 5-ны өдөр хуралдахдаа, ШБК-ын тайлангийн зөвлөмжийг хүлээн авсан.

- Нэгэнт ХУД-ийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн тойруу гудамж 41\5 хаягтай... байрны өмчлөх эрхийг *******т шилжүүлэх ШБК-ийн зөвлөмжийг хүлээн авч, ХНХ-д уламжлахаар шийдсэн нь тухайн асуудлын ХНХ л шийдэх үндэс бүрдсэн болохыг шүүх дүгнэж чадаагүй.

- ШБК-ийн тайланг сонсоод, түүний зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ЕХ шийдвэрлэсэн атлаа түүнээс байрны асуудлыг тусгайлан өөрөөр хэлэлцэх эрх хэмжээ тус хороонд байсан эсэхийг л дүгнэх ёстой.

Гэтэл 2016 оны 12 сарын 5-ы өдрийн хурлын хэлэлцэх асуудал бол ШБК-ийн тайланг сонсох зэрэг асуудал байснаас бус ХУД-ийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн тойруу гудамж 41\5 хаягтай... байрны асуудал хэлэлцэх асуудалд ороогүй байсан, үүнийг ялгаж салгаж шүүх нь дүгнэж чадсангүй.

Дээрх байдал нь ЕХ эрх хэмжээгээ хэтрүүлсэн, өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асу лаар шийдвэр гаргасан байхад шүүх нэг талыг барьж, маргааныг шийдсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийг гаргасан нэхэмжлэл гомдлоор үүсэх хэрэг буюу байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар маргаж, шүүх тухайн маргаж байгаа шийдвэр, үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянадаг.

Гэтэл шүүх******* ХНН-ийн ЕХ-ны шийдвэр хуульд нийцсэн эсэх асуудлыг бус Пүрэвбаатарын эзэмшилд байгаа байр, түүний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн дүгнэлт хийсэн.

2017 оны 2 сарын 9-ны өдрийн ЕХ-ны хуралдааны шийдвэр болох 7.3 дахь заалт нь:

- Ерөнхий хорооны баталсан контрактын нөхцөлөөр түүнээс эрх олгосон талууд гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Дүрмийн 22 в заалтын дагуу худалдан авалт хийсэн үл хөдлөх хөрөнгийг уг Дүрмийн 17 д заалтаар данснаас хасах шат дараалсан шийдвэрүүд гаргах үйл явцыг санаатай зөрчиж үнэ төлбөргүй шилжүүлэх тухай бус худалдан борлуулах шийдвэр гаргахдаа өмнө нь 2016 оны 12 сарын 5-ны өдрийн хуралдааны №4 тэмдэглэлээр ШБК-ын зөвлөмжийг хүлээн авсан хэр нь 2017 оны 2 сарын 9-ний өдрийн 7.3 шийдвэр нь дүрмийн 32 ба 18 заалтуудыг зөрчсөнийг байгаа.

- Ингэхдээ Монголын тал өөрсдийн давуу хүчээр, тэгш эрхт зарчмаар ажиллах 50:50 паритет алдагдаж Монголын талын төлөөлөл давуу эрх эдэлж 3+1 саналаар дүрмийн 16-р зүйлийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн болохыг шүүх дүгнээгүй гэж үзэж байна.

Шүүх дээрх тухайн байгууллагын эрх бүхий этгээдийн хийсэн үйлдэлд эрх зүйн зөв үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүй бол үүнийг хэн засч залруулах вэ. Үнэндээ бол******* ХНН-ийн удирдлага энэ дотроо ЕХ-ны Монголын тал хэт хүч түрэмгийлж хийсэн энэ хууль бус үйлдлийн хянамгай, хуулийн хүрээнд хянахгүйгээр хүний эрхийн зөрчлийн хэн ч засах, өөрчлөх боломж Монголд байхгүй болоод байгааг анхааралдаа авна уу.

Иймд хэргийг хянан, анхан болон давах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч ******* нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг*******д холбогдуулан Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1. дэх заалт, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3. дахь заалтыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, түүний өмгөөлөгч Ц.Давхарбаяр нар шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар хяналтын журмаар гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 1.   Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 Маргааны үндэслэл болсон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг*******ын Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 9.1. дэх заалтаар******* ХНН-ийн балансад байгаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 1-р хороо хаягт байршилтай нийт 370 м.кв талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж,******* ХНН-ийн Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг замын даргад даалгахаар,

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 7.3. дахь заалтаар******* ХНН-ийн захиргаа удирдлагын албаны балансад бүртгэлтэй******* ХНН-ийн өмнөх замын дарга ******* амьдрах зориулалтаар ашиглаж байгаа, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Зайсангийн тойрог гудамж, №41/5 хаягт орших 370 м.кв талбайтай орон сууцны байшинг зах зээлийн үнээр худалдахыг замын даргад үүрэг болгох, хөрөнгө худалдсан орлогыг******* ХНН-ийн орлогод тусгахаар тус тус шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг*******ын Ерөнхий хорооны дээрх шийдвэрүүд Нийгэмлэгийн дүрмийн 32, 18 дугаар заалтуудыг зөрчсөн, Ерөнхий хороо нь өөрт байх эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрт хамааралгүй, Хувь нийлүүлэгчдийн хуралд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн... гэжээ.

 Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн дүрмийн 17-д Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдана гэж, 17-ын д-д хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана гэжээ.

 Маргааны зүйл нь нэхэмжлэгч *******ын*******ын даргаар ажиллаж байхдаа амьдарч байсан, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Зайсангийн тойрог гудамж, №41/5 хаягт орших 370 м.кв талбайтай орон сууцны байшин болох үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд тус хөрөнгө нь******* ХНН-ийн өмчлөлд бүртгэлтэй байна.

 Ерөнхий хороо 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 9.1. дэх заалтаар нийгэмлэгийн хөрөнгө болох тус орон сууцны байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулах үүргийг Замын даргад даалгасан, 2017 оны 02 дугаар 09-ний өдрийн хуралдааны 7.3. дахь заалтаар тус орон сууцны байшинг зах зээлийн үнээр худалдан борлуулахыг даалгаж, худалдан борлуулсан орлогыг******* ХНН-ийн орлогод тусгахаар шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд Ерөнхий хороо нийгэмлэгийн үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн нь Нийгэмлэгийн дүрмийн 17 дахь заалтыг зөрчсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 Дүрмийн 16 дугаар зүйлд зааснаар Хувь нийлүүлэгчдийн хурал нь нийгэмлэгийн ирэх жилийн үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөө болоод Ерөнхий хорооноос оруулсан урьд оны тайлан балансыг хэлэлцэж батлах, Ерөнхий хорооноос оруулсан асуудлыг шийдвэрлэх бөгөөд 32 дугаар зүйлд Шалган байцаах комисс нь өөрийн үйл ажиллагааны тухай дүгнэлт ба тайланг хувь нийлүүлэгчдийн хамтарсан хуралд тавих ба нийгэмлэгийн Ерөнхий хороонд мэдэгдэнэ гэжээ.

 Ерөнхий хороо хуралдаанаараа Шалган байцаах комиссын 2015 оны үйлдвэрлэл, санхүү-ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтийг сонсож, дүгнэлттэй холбоотой арга хэмжээг авах, тайлан дүгнэлтийг Хувь нийлүүлэгчдийн хуралд танилцуулахаар шийдвэрлэснийг Нийгэмлэгийн дүрмээ зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт Ерөнхий хороо нь эрхээ хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Түүнчлэн дүрмийн 15-д Хувь нийлүүлэгчдийн хурлаас Ерөнхий хороог 6 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатай сонгох ба түүний 3 гишүүнийг Монголын талын хувь нийлүүлэгчдээс хуралд нэр оруулсан хүмүүсийн дотроос, нөгөө 3 гишүүнийг Зөвлөлтийн хувь нийлүүлэгчдээс хуралд нэр оруулсан хүмүүсийн дотроос сонгоно гэж, 16-д Ерөнхий хорооны хурал хүчин төгөлдөр байх явдалд Ерөнхий хорооны 4-өөс доошгүй гишүүний оролцлого шаардагдана, Ерөнхий хорооны шийдвэрийг түүний гишүүдийн олонхын саналаар батална. Тэгэхдээ энэхүү олонхын саналд Ерөнхий хорооны Монгол ба Зөвлөлтийн талын гишүүдийн санал зэрэг оролцсон байх ёстой. Хэрэв дээр дурдсан байдлаар асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байвал уул асуудлыг хувь нийлүүлэгчдийн ерөнхий хорооны хамтарсан хурлаар шийдвэрлэнэ гэжээ.

 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхий хорооны хуралд Монголын талаас 3 гишүүн, Оросын талаас 2 гишүүн, нийт 5 гишүүн оролцсон нь хурал хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд маргаж буй 7.3. дахь заалтыг батлахад 4 гишүүн зөвшөөрч, 1 гишүүн /Оросын талын/ түдгэлзсэн байх бөгөөд саналын гишүүдийн олонх буюу 4 гишүүний саналаар баталсан нь дүрмийн 16 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг*******ын Ерөнхий хорооны нэхэмжлэлд заасан хуралдааны холбогдох заалт Нийгэмлэгийн дүрмийг зөрчсөн, Ерөнхий хороо эрх мэдлээ хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгатай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 2.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар.

 Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчаас нотлох баримт гаргуулах-аар гаргасан хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

 Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч нь*******ын 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, тухайн хурлаас гарсан шийдвэрийг гаргуулахаар хүсэлт гаргасныг Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, тухайн хурлаас гарсан шийдвэр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоогүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага******* ХХН-ийн Ерөнхий хорооны шийдвэртэй холбоотой тул Хувь нийлүүлэгчдийн хуралдааны протокол, шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоогүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, тухайн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн үндэслэлээ хариуцагч нотлоогүй болно.

 Мөн Ерөнхий хорооны хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч захирамж гаргасан хэрнээ дэлгэрэнгүй бус тэмдэглэлийг ирүүлснээр хуралдааныг хийсэн нь захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 Шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас нэхэмжлэлд нэрлэн заасан******* ХНН-ийн Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэх асуудал, хурлаас гарсан шийдвэрийн хамт ирүүлснийг хүлээн авч хэлэлцсэн байх ба дэлгэрэнгүй тэмдэглэл нь хуралдааны шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч нь хэдийгээр******* ХНН-ийн Ерөнхий хорооны хуралдааны шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын зорилго нь дээрх шийдвэр нэхэмжлэгч *******ын Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг*******ын даргаар ажиллаж байхдаа амьдарч, ашиглаж байсан орон сууцны байшинг цаашид өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн гэх агуулгатай уялдуулан шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг зөрчөөгүй болно.

 Дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1331 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, өмгөөлөгч Ц.Давхарбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД