Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/01743

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо оршин суух Х овогт Н А/РД:*/

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо оршин суух Б овогт О Г /РД:*/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоотод оршин суух Ван овогт З М /РД:*/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 3 дугаар хороо “Х Ж” ХХК /РД: */

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Т.Г, хариуцагч З.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Х

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А, О.Гнар нь хариуцагч З.Мт холбогдуулан Баянгол дүүрэг 3 дугаар хороо * тоотод байршилтай орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Х Ж” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг 3 дугаар хороо * тоотод байршилтай 65,83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан.

 

1.2. Тухайн үед “Х Ж” ХХК нь З.Мтэй байгуулсан гэрээ цуцлагдсан, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч одоог хүртэл чөлөөлөөгүй байна. Иймд бид өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах хүсэлтэй байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “Х Ж” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу маргаан бүхийн орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж байгаа.  

 

2.2. “Х Ж” ХХК нь нэхэмжлэгч нартай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдан авах гэрээ байгуулсан байхад нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаас өмнө төлбөрийг төлсөн, зарим төлбөрийн баримтууд нь 80 тоот орон сууцны төлбөр гэсэн байна. Энэ нь “Х Ж” ХХК-ийн менежер Ж.О-н байр байна. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий 108 тоот орон сууцыг худалдан аваагүй, “Х Ж” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсанаас хойш хариуцагчаас төлбөр хүлээн авч байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нар нь  “Х Ж” ХХК, тус компанийн менежер Ж.О нартай хамтран залилан мэхлэх замаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.  

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х Ж” ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж дараах тайлбарыг гаргасан байна.

 

3.1. 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр З.Мтэй №102 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, маргаан бүхий орон сууцны төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон.

 

3.2. Дээрх тохиролцооны дагуу З.М нь хугацаандаа төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул гэрээг цуцалж, төлсөн төлбөрийг орон сууцны түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцохоор З.Мтэй тохирч, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлж баримт үйлдсэн. Энэхүү тохиролцоогоор хариуцагч нь орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл түрээслэхээр болсон.

 

3.3. Маргаж байгаа орон сууцыг нэхэмжлэгч нар худалдан авахаар болж, гэрээ байгуулан төлбөрийг бүрэн төлсөн тул улсын бүртгэлд хүсэлт гаргаж өмчлөх эрхийг бүртгүүлсэн гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О.Г иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-5-11 дугаар тал/

 

5. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ,  “Б-Д” ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, З.Мийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.  /ХХ-57-60, 81-92 дугаар тал/

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  тооцооны үлдэгдлийн баталгаа, мэдэгдэх хуудас, “Х Ж” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20/21 дугаартай мэдэгдэл, мэдэгдэл, “Х Ж” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/05-001 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-ийн 76-79, 145 дугаар тал/

 

7. Хариуцагч талын хүсэлтээр З.Мээс гаргасан 1100051230002713 дугаартай гомдлыг шалгаж байгаа эсэх лавлагаа, холбогдох баримт, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, “Орон сууц захиалгын нэмэлт гэрээ”-ний дагуу хариуцагч З.Мийн төлбөр төлсөн баримтууд, Ж.Огээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 102-112, 132-139, 140 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Х Ж” ХХК-тай орон сууц худалдах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг 3 дугаар хороо * тоотод байршилтай 65,83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авч, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед “Х Ж” ХХК нь З.Мтэй байгуулсан гэрээ цуцлагдсан, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч одоог хүртэл чөлөөлөөгүй тул орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд: “Х Ж” ХХК-иас орон сууцыг худалдан авч, амьдарч байгаа бөгөөд 2019 онд төлбөр төлөх гэрээг шинэчилсэн, уг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан. “Х Ж” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч нарт худалдан борлуулах гэрээ байгуулсны дараа ч хариуцагчаас орон сууцны үнийг хүлээн авч байсан, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцанд амьдардаггүй, худалдан аваагүй атлаа “Х Ж” ХХК-тай хамтран залилан мэхлэх замаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна гэжээ. 

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч З.М нь “Х Ж” ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, тухайн гэрээгээр Баянгол дүүрэг 3 дугаар хороо * тоотод байршилтай 65.83м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийг 105,328,000 төгрөгөөр тохирсон байх ба үүнээс урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг төлөх, үлдсэн 82,328,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлөх, уг төлбөрийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг “Х Ж” ХХК хүлээжээ. Энэхүү гэрээний агуулга, талуудын хүлээсэн үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.  /ХХ-ийн 57-58 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн” гэж заасан. Иймд тухайн гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдагч нь тухайн хөрөнгийг өөрийн эзэмшлээс гаргаж, худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэн өгснөөр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үздэг. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тул зөвхөн эзэмшил шилжүүлэх нь хангалтгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээнэ. Дээрх үүргээс “Х Ж” ХХК нь орон сууцыг эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба 2017 оны 2 дугаар сараас хариуцагчийн бодит эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байжээ.

 

Харин орон сууцны өмчлөлийг худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлснөөр шилжүүлэхээр тохирсон байх ба энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасантай нийцсэн байна. Иймд хариуцагч нь гэрээгээр тохирсоны дагуу гэрээний үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг гуравдагч этгээд “Х Ж” ХХК-иас шаардах эрхтэй ба үнийг бүрэн төлж дуусаагүй байна.  

 

Гуравдагч этгээд “Х Ж” ХХК нь хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр уг орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууц худалдах гэрээ”-гээр нэхэмжлэгч Н.А, О.Гнарт шилжүүлж, тэднийг гэрээний үнийг бүрэн төлсөн үндэслэлээр өмчлөх эрхийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдов. /ХХ-ийн 5, 7-10, 38-51 дүгээр тал/  

 

Орон сууцны үнийг төлөх талаар “Х Ж” ХХК, З.М нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулагдсан гэх ба уг гэрээгээр тохирсон хугацаанд, үнийг бүрэн төлөөгүй үндэслэлээр “Х Ж” ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа талаараа 2020 оны 4 дүгээр сарын 11, 2020 оны 5 дугаар сарын 01, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд мэдэгдсэн байх ба 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдэж, хариуцагчийн төлсөн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт тооцохоор тохиролцсон гэжээ. /ХХ-ийн 76-79 дүгээр тал/

 

“Х Ж” ХХК-ийг гэрээнээс татгалзаж байгааг мэдэгдсэнээс хойш хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 28,943,000 төгрөг төлснийг “Х Ж” ХХК хүлээн авсан байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж зааснаар гуравдагч этгээдийн гэрээнээс татгалзсан хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч нартай байгуулах үед “Х Ж” ХХК, З.М нарын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй байжээ. Ийнхүү гэрээний харилцаа дуусгавар болоогүй байхад орон сууцыг бусдад шилжүүлснээр гуравдагч этгээд нь хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж, гэрээний харилцаа дуусгавар болсон байна. Үүнийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм.

 

Өмчлөгч өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх нөхцөлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэж зохицуулсан. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах эрх бүхий этгээд нь “Х Ж” ХХК мөн бөгөөд энэ асуудлаар талууд маргаангүй байна. Иймд Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно” гэж зааснаар  хариуцагч нь орон сууцны үнийг төлж дуусах хүртэл хугацаанд өмчлөх эрхээ бүртгүүлэх шаардлагыг гаргах эрхээ хамгаалах зорилгоор улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй тохиолдолд өөр этгээд орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэх боломжтой. Иймд нэхэмжлэгч нар нь маргаж буй орон сууцанд хариуцагчийг амьдарч байгааг мэдэж байсан нь “Х Ж” ХХК-ийг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Өмчлөгч нь хөрөнгөө хэзээ, хэрхэн захиран зарцуулахаа шийдвэрлэх эрхтэй боловч энэ эрхийг тодорхой хязгаартай хэрэгжүүлэх болохыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. Иймд “Х Ж” ХХК нь хариуцагчтай байгуулсан гэрээг хуульд заасан журмаар үндэслэл бүхий дуусгавар болгож, өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаардах эрх бүхий этгээд гэж үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Эзэмшигч эзэмшлээсээ бүрмөсөн татгалзсан, эсхүл өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч өөр хэлбэрээр эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ бусдад алдсан бол эзэмшил дуусгавар болно” гэж зааснаар орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэнээр хариуцагчийн орон сууц эзэмших эрх дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н А, О Г нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо * хаягт байршилтай 65,83м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч З Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А, О.Гнарт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА