Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00945

 

2023 оны 03 сарын 27 өдөр            Дугаар 183/ШШ2023/00945                 Улаанбаатар хот

 

                 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Х дүүрэг, 532 дугаар байр, Ж овогт Ч.Ж /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,                                                                       

Хариуцагч: С дүүрэг, өөрийн байранд байрлах Н газар /РД:******/-т холбогдох

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, байранд байрлах, Х ББСБ ХХК /РД:********/ нарт холбогдох,              

  Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Т.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаартай шийдвэрээр Ч.Ж-оос 397 083 333 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2 143.367 төгрөг, нийт 399 226 700 төгрөгийг гаргуулж, Х ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Ж-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Х дүүргийн  803 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220********445 дугаартай, 106 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахын Н байгууллагад даалгасан. Ч.Ж-ын хувьд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөх үүрэгтэй боловч төлбөр авагч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч талууд давж заалдах гомдол гаргалгүйгээр 6 сарын дотор хариуцагчийн санхүүгийн байдал сайжирахаар төлбөр төлөхөөр харилцан зөвшилцлөө зөрчиж, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулан Н газарт 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгч Ч.Ж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд огт саад учруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт очиж, тайлбар мэдүүлгээ өгч байсныг дурдах нь зүйтэй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ц.Б нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр барьцааны буюу амьдарч буй байранд нь ирж, битүүмжлэх тогтоол үйлдсэн бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Н газрын байранд дуудаж, хураах тогтоолд гарын үсэг зуруулсан. Ч.Ж-ын хувьд өөрийн амьдарч буй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 650 000 000 төгрөгөөр үнэлсэн болно. Учир нь Хан-Уул дүүргийн Хан хиллс хотхонд орон сууцны метр квадратын ханш хамгийн багадаа 6 000 000 төгрөг байдаг бөгөөд сүүлийн жил орон сууцны ханш тогтмол өсөлттэй байгаа бөгөөд хамгийн багадаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион /17012/ 532 дугаар байрны 803 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206****445 дугаартай, 106 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц нь 650 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Миний өөрийн үнэлгээг зөвшөөрөхгүй төлбөр авагч талаас шинжээч томилох хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилон 586 000 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Файн эстимэйт ХХК-ийн шинжээч Н.Ц нь Улаанбаатар хот, Х дүүргийн  803 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220****45 дугаартай, 106 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 586 000 000 төгрөгөөр үнэлсэн нь 1 метр квадратыг 5 528 301 төгрөг болгон Ч.Жын үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг бууруулж, үнийн дүнгийн 70 болон 50 хувиар дуудлага худалдаагаар хөрөнгөө алдах эрсдлийг бий болгож байна.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улаанбаатар хот, Х дүүргийн 803 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай, 106 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 586 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2019 онд Х ББСБ-аас 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд нь Х дүүргийн 803 тоотод байрлах байрыг барьцаанд нь тавьсан. Тухайн үед Ковид гарч ажлын нэмэлт санхүүжилт олгогдохоо больж зээлээ төлж чадаагүй. Ингэж явсаар байгаад шүүхэд ирээд шинжээч томилогдоод үнэлгээ хийлгүүлсэн чинь 500 000 000 гаруй төгрөгөөр үнэлсэн. Түүнчлэн тухайн үед манай байрны дундаж үнэ 580 000 000 төгрөгөөс 590 000 000 төгрөг байсан, мөн үнэлгээ хийж байгаа хүмүүст байрандаа ямар нэмэлт зүйл хийсэн гэдгээ тайлбарлаж хэлсэн. Тиймээс миний хувьд энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байр хамгийн багадаа 620 000 000 төгрөгөөс 630 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэв.

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаар шийдвэрээр Ч.Ж-оос 399 226 700 төгрөгийг гаргуулж Х ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл түүний өмчлөлийн Ү-2206 дугаартай Х дүүргийн 803 тоот хаягт байрлах 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22410585 дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Ч.Ж-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 22410585/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22410585/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиолцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заасныг тус тус үндэслэн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9/249 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн шинжээч Н.Ц-ийг томилоход Х дүүргийн 803 тоот хаягт байрлах 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 586 000 000 төгрөгөөр үнэлснг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн талуудад 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-140/17813 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтээ тус газарт гаргасан байсныг хүлээн авсан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна, тохижилт. байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “...төлбөр авагч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч талууд давж заалдах гомдол гаргахгүйгээр 6 сарын дотор хариуцагчийн санхүүгийн байдал сайжрахаар төлбөр төлөх харилцан зөвшилцлөө зөрчиж албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн...”талаар дурдсан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжпэгч нь гуравдагч этгээдтэй огт уулзаагүй бөгөөд 6 сарын хугацаа олгох талаар нэг ч удаа уулзаж байгаагүй болно. Түүнчлэн нэхэмжпэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар заасан өөрийн өмчлөлийн Х дүүргийн 803 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-6****445 дугаарт бүртгэлтэй, 106 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 650 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт өндрөөр үнэлсэн тул гуравдагч этгээдийн зүгээс түүнийг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжпэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар төлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу оролцоогуй хөрөнгө” гэж тус тус заасны дагуу шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Үүний дагуу хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох “Ф – ХХК-иас дээрх орон сууцны зах зээлийн бодит ханшийг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ямар үндэслэлээр зах зээлийн бодит үнэлгээг бууруулсан гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй, нотлох баримтаар нотлоогүй байна гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон боловч одоог хүртэл төлбөрөө гаргуулан авч чадахгүй, цаг хугацаа, эдийн засгаараа маш их хохирч байгаа бөгөөд анх нэхэмжлэгч Ч.Ж-т 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийнх нь хүсэлтийн дагуу 3 сарын хугацаатай, 250 000 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч элдэв шалтаг хэлж, гэрээний хугацааг 2 жилээр сунгаж, сайжруулсан боловч одоог хүртэл үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн хүү алдангид бүтэн 3 жил 7 сарын хугацаанд 37 000 000 төгрөгийг зөвхөн төлсөн нь бизнесийн байгууллагын хувьд асар их хохиролтой асуудал юм. Иймээс манай байгууллагын дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэж, шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн байр суурьтай ижил байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1023 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Ж-ын өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс орон сууцныхаа үнэлгээг 650 000 000 төгрөг гэх байдлаар үнэлгээг өгсөн байдаг. Үүнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй учир үнэлгээ хйилгэе гэх хүсэлт гаргасан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үнэлгээ хийлгэнэ гэсний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан тул үүнийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна. Түүнчлэн байрны үнийг 1 мкв нь 6 000 000 төгрөг гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх зүйл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Ч.Жоос Ү.А-д олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ГХ2022/01179 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12481 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаар шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22410585 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Н газрын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-140/17813 дугар мэдэгдэл, Ф ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 3-33-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

            хариуцагчаас Ц.Бт олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ГХ2022/01179 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12481 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаар шийдвэр, Х ББСБ ХХК-ийн Н газарт гаргасан хүсэлт, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22410585 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Н газрын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4-140/14990 тоот албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 140/02 тоот Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, Н газрын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 22440583/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Ү-2206 дугаар Ч.Ж-ын үл хөдлөх эд хөрөнгө эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22410585/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Х ББСБ ХХК-ийн шинжээч томилуулах тухай албан бичиг, Н газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9/249 тоот Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Файн эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хариу тайлбар /хэргийн 37, 43-87, 125-126-р хуудас/ гэсэн баримтуудыг,

            бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ББСБ ХХК-иас Т.Ц-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 109, 113-115-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, нэмэлт засвар хийсэн байхад үүнийг тооцоогүй гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан нэхэмжлэгчийн үнийг зөвшөөрөөгүй тул шинжээч томилсон, шинжээч холбогдох хууль журмын дагуу үнэлгээг хийсэн гэж тайлбарласан.   

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Жт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 439 500 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд №183/ШШ2022/01023 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Жоос зээлийн гэрээний үүрэгт 397 083 333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42 416 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Х дүүргийн 803 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай 106 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н албанд даалгажээ.

 

5.2.Н газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаар шийдвэр, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 183/ШЗ2022/12481 дүгээр шүүгчийн захирамж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ГХ2022/01179 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №22410585 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5.3.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай Х дүүргийн  803 тоот хаягт байршилтай 106 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор уг орон сууцыг хураан авчээ.

6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байна.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.Ж-т битүүмжлэгдсэн хураагдсан тогтоолыг танилцуулсан, Ч.Ж нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн байдлаар 650 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ирүүлсэн бөгөөд төлбөр авагчтай үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Ч.Жын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт бүртгэлтэй, Х дүүргийн  803 тоот орон сууцны үнэлгээг хийлгэхээр Файн эстимэйт ХХК-ийн шинжээч Н.Ц-ийг шинжээчээр томилсон болох нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №9/249 дүгээр тогтоолоор тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулж, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчээр томилогдсон Ф ХХК-ийн шинжээч Н.Ц-ийн үнэлгээний тайланд “...Улаанбаатар хот, Х дүүрэг, 803 тоотод байрлах Ч.Ж-ын өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэ цэнэ 586 000 000 төгрөг” гэжээ.

Нэхэмжлэгч нь үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, манай байрны зах зээлийн ханш нь өнөөгийн байдлаар 600 000 000 төгрөгнөөс 800 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа болох нь байрны борлуулалтын албаны үнийн саналаар тогтоогдоно, мөн 532 дугаартай байр нь бусад байрнаасаа өндөр үнэлгээтэй байдаг, байрандаа нэмэлт тоноглол, засвар хийсэн байсныг үнэлгээнд орхигдуулсан гэсэн боловч хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Ф ХХК-ийн үнэлгээний тайланд “...хөрөнгийн үнэлгээнд харьцуулалтын арга, жишиг үнийн хандлагын аргыг ашигласан, зах зээлийн хандлагаар үнэ цэнийг 586 000 000 төгрөг” гэж тодорхойлсон байх бөгөөд ижил төстэй харьцуулсан хөрөнгийн буюу Хан Хиллс хотхоны байршил, давхар, м.кв, ашиглалтад орсон огноо болон бусад мэдээлэл нь тайланд тусгагдсан, мөн барилгын хийцийн үндсэн үзүүлэлтүүдэд “...23.Дотоод засал Энэхүү орон сууц нь паркет бүхий бетон шалтай, обой бүхий дотор ханатай, эмульс бүхий таазтай, дотор модон гадна төмөр хаалгатай, вакум цонхтой. Орон сууцны ерөнхий засвар сайн, ариун цэврийн өрөө нь плитан шал, ханатай эмулсэн таазтай, засвар сайн” гэж дурьджээ.  

Мөн нэхэмжлэгч уг үл хөдлөх хөрөнгө болох Х дүүргийн 803 тоот хаягт байрлах 106 м.кв талбай бүхий орон сууц нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг орон сууцтай ижил төстэй орон сууц хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон орон сууцыг 586 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтаар нотлоогүй, мөн Хан хилсс хотхоны 532 дугаар байр нь бусад байрнаасаа илүү өндөр үнэлгээтэй байдаг талаарх баримтгүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч Ч.Ж-ын хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон   

                                                        ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ж-ын хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан Х дүүргийн  803 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ч.Жоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ХУЛАН