Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01351

 

Ж.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00945 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.А-ын хариуцагч НШШГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаартай шийдвэрээр Ж.А-оос 397,083,333 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,143,367 төгрөг, нийт 399,226,700 төгрөгийг гаргуулж Хөгжлийн хөтөч инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион /17012/ 532 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Ж.А-ын өмчлөлийн 106 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахыг НШШГ-т даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргалгүйгээр 6 сарын дотор хариуцагчийн санхүүгийн байдал сайжрахаар төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон боловч төлбөр авагч үүнийг зөрчиж, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулан НШШГ-т 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хандсан. Төлбөр төлөгч Ж.А- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулаагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураасан. Хан-Уул дүүргийн Хан хиллс хотхонд орон сууцны 1 м.кв талбайн доод үнэ 6,000,000 төгрөг бөгөөд сүүлийн жил тогтмол өсөлттэй байгаа. Гэтэл шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 586,000,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 650,000,000 төгрөгийн үнэтэй байхад 1 м.кв талбайг 5,528,301 төгрөг болгон Ж.А-ын үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг бууруулж, үнийн дүнгийн 70 болон 50 хувиар дуудлага худалдаагаар хөрөнгөө алдах эрсдэл болгосон. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион /17012/ 532 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 106 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 586,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаар шийдвэрээр Ж.А-оос 399,226,700 төгрөгийг гаргуулж Хөгжлийн хөтөч инвест ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 532 дугаар байрны 000 тоот хаягт байрлах 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22410585 дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Ж.А-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22410585/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22410585/02 дугаар тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиолцоогүй тул 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 9/249 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйнт ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэлийг томилж төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 586,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-140/17813 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтээ тус газарт гаргасан байсан.

Шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлогын болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна, тохижилт, байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулж үнэлгээг тогтоосон. Нэхэмжлэгч шинжээчийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчийн талууд анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах гомдол гаргахгүйгээр 6 сарын дотор хариуцагчийн санхүүгийн байдал сайжрахаар төлбөр төлөхөөр тохиролцсоныг зөрчиж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан тайлбар үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй уулзаагүй бөгөөд 6 сарын хугацаа олгох талаар хүсэлт гаргаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион /17012/ 532 дугаар байрны 000 тоот хаягт байрлах 106 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс өндөр буюу 650,000,000 төгрөгөөр үнэлснийг гуравдагч этгээд эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээч Файн-Эстимэйт ХХК-аас дээрх орон сууцны зах зээлийн бодит ханшийг тогтоосон. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч одоог хүртэл төлбөрөө авч чадахгүй, цаг хугацаа, эдийн засгаар хохирч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ын хариуцагч НШШГ-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион /17012/ 532 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй.

Нэхэмжлэгч Ж.А- НШШГ-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион /17012/ 532 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй хүсэлттэй байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас банкны данс хаагдаж өмгөөллийн хөлс төлж чадаагүй тул өмгөөлөгчтэй гэрээ байгуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэлэлцэхгүй шүүх хуралдааныг хийсэн. Иймд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч болон гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянахад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

1. Нэхэмжлэгч Ж.А- хариуцагч НШШГ-т холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион /17012/ 532 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 586,000,000 төгрөгөөр үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01023 дугаар шийдвэрээр Ж.А-оос 397,083,333 төгрөг гаргуулах Хөгжлийн хөтөч инвест ББСБ ХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 532 байр, 000 тоот хаягт байршилтай, 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн төгөлдөр хүчин болжээ. (хх-ийн 45-48)

 

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

Төлбөр төлөгч Ж.А- дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12481 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2022/01179 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн НШШГ- 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22410585 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 43-44,50)

 

1.3. НШШГ- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 532 байр, 000 тоот хаягт байршилтай, 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22410585/01 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22410585/02 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 55-56, 59-61)

Мөн хариуцагч байгууллага талуудаас төлбөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч 650,000,000 төгрөгөөр худалдан борлуулах санал ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан байна. (хх-ийн 62-63) Иймд талууд төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн талаар харилцан тохиролцоогүй гэж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 9/249 дугаар тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

 

1.4. Шинжээч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 532 байр, 000 тоот хаягт байршилтай, 106 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 586,000,000 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 68-84)

Хариуцагч НШШГ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Ж.А- 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн байна. (хх-ийн 85)

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

2.1. Нэхэмжлэгч талын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшлуулагдаж байжээ. Тухайлбал, нэхэмжлэгч өмгөөлөгч авах үндэслэлээр 2 удаа, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлээр 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан ба 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид мэдэгдсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй гэрээ байгуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг хийсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ