Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2023/01958

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      06        26

                       182/ШШ2023/01958

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суугч Ш.А-,

 

Хариуцагч: хаягт байрлах Т ХХК -д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: хаягт оршин суугч Э.Б-

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги 75,033,000 төгрөг гаргуулах, *******,*******,*******,*******тоот 88,4 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг 24,420,000 төгрөгөөр үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах, *******,*******,*******,*******тоот 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ш.А- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Т ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж гэрээний дагуу захиалагч нь 81,170,100 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц ашиглалтад орсноор захиалсан орон сууцны түлхүүрийг гардан авч үлдэгдэл төлбөрөө төлөх тухайгаа хэлсэн. Гүйцэтгэгч тал 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан тухайгаа хэлж гэрээний дагуу түлхүүрийг гардуулан өгөхгүй байгаа бөгөөд энэ шалтгаанаа орон сууцны м.кв-ын үнийг нэмсэн, төлөхгүй бол захиалгын гэрээг цуцална гэсэн. Т ХХК-д төлбөл зохих төлбөрөө цаг хугацаанд өгч байсан бөгөөд гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, захиалсан орон сууцандаа орох тухайгаа амаар болон бичгээр мэдэгдсэн боловч хариуг өгөлгүйгээр гэрээг дангаар цуцалсан гэж хэлж байгаа нь захиалагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Орон сууцны м.кв-ын үнийг өөрийн дураар нэмж захиалагчаас үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөрийг нэхэж, түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэхээр гэрээг дангаар цуцалсан гэдгээ илэрхийлсэн. Гүйцэтгэгч Т ХХК нь 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох байсан байраа өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 2 жилийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахдаа цар тахлын үед хорио цээрийн улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар орон сууцны үнийг м.кв тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэдгээ утсаар хэлсэн. Анх гэрээг байгуулахдаа м.кв үнийг нэмэхгүй, хангалттай барилгын материал татсан байгаа гэдгээ хэлж байсан гэрээний үнийг дангаар өөрчилсөн. Гэрээний 7.3 дахь хэсэгт “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги захиалагч талд төлнө” гэж заасан бөгөөд гэрээнд заасан хугацаанаас хойш 1 жил 9 сар 25 хоног буюу 660 хоног хэтрүүлсний алданги 75,033,000 төгрөгийг гаргуулна. Т ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний 2.1байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувийн төлбөрийг төлнө гэж заасан боловч түлхүүрээ гардуулж өгөөгүй, үндэслэлгүйгээр гэрээний бус хэлбэрээр орон сууцны м.кв үнийг нэмсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Т ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.А- нь нэхэмжлэлдээ дурдсан шиг 87,170,000 төгрөг төлөөгүй. Ш.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10,800,000 төгрөгийг бэлнээр өгч, баримт үйлдсэн. 39,247,000 төгрөгийн үнэ бүхий Прүсс мод нийлүүлж, нийт 50,047,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл захиалагч Ш.А- нь Орон сууц захиалан бариулах гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцны түлхүүр гардуулах хүртэл 69,396,000 төгрөгийг төлөх үүргээ өөрөө биелүүлээгүй. Иймд орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгөх боломжгүй юм.  Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй буюу орон сууцны үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа тухайгаа дурдаж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргаж байсан. Гэвч Ш.А- нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учир манай байгууллага Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан бөгөөд татгалзсан тухайгаа мэдэгдэж байсан. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан алданги төлөх, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг биелүүлэх боломжгүй, зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хан-Уул дүүрэг 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 49 дугаартай гэрээ, Зарлагын баримтуудыг,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ, Иргэний нисэхийн ерөнхий газар Буянт ухаа олон улсын нисэх буудлын 10-8/160 тоот албан бичиг, Барилгын цэвэр, бохир дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай гэрээ, Т ХХК-ийн Мэдэгдэл-үүд, Ш.А-ы 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлт, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03-04/3150 тоот албан бичиг болон хавсралтын хуулбар, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000017023 дугаартай гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Нийслэлийн газрын албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01-06/5081 тоот албан бичиг,

 Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/1635 тоот албан бичиг болон хавсралт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 233 дугаартай үнийн өсөлтийн үнэлгээ, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороонд баригдсан Төгс орчин-1 орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 01-18/01 дугаартай гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах, *******,*******,*******,*******тоот 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гүйцэтгэгч гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон тул захиалагч нь гэрээний  9.2-т зааснаар учирсан хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

2.Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний зүйл заалттай салшгүй холбоотойгоор захиалагч нь гэрээний 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдлыг захиалагч Ш.А- хүлээн зөвшөөрөөгүй гэж маргажээ.

3.Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2023/03621 дугаар шүүгчийн захирамжаар “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд заасан 91,08 м.кв талбайтай орон сууцны м.кв үнийг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлснийг хүчингүй болгох, дээрх гэрээний дагуу түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, үр дагавар тодорхой бус байх ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө хууль зүйн агуулгаар нь зөв илэрхийлэн тодруулах нь зүйтэй” гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг тухайн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШТ2023/00101 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШЗ2023/04614 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

 

4.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Орон сууц захиалан бариулах гэрээ “2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн” гэснийг “2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн” гэж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ 91,08 м.кв талбайгаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцсон ба орон сууц захиалан бариулах гэрээнд заасан 88,4 м.кв талбайг 91,08 м.кв гэж нэмэгдүүлсэн гэрээ байхгүй гэж, *******,*******,*******,*******тоот 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй буюу 1 м.кв талбайг 300,000 төгрөгөөр тооцож 24,420,000 төгрөгөөр нэмсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 49 дугаартай гэрээ, Зарлагын баримтууд, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ, Иргэний нисэхийн ерөнхий газар Буянт ухаа олон улсын нисэх буудлын 10-8/160 тоот албан бичиг, Барилгын цэвэр, бохир дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай гэрээ, Т ХХК-ийн Мэдэгдэл-үүд, Ш.А-ы 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлт, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03-04/3150 тоот албан бичиг, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000017023 дугаартай гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Нийслэлийн газрын албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01-06/5081 тоот албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/1635 тоот албан бичиг болон хавсралт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 233 дугаартай үнийн өсөлтийн үнэлгээ, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороонд баригдсан Төгс орчин-1 орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 01-18/01 дугаартай гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

6.Захиалагч Ш.А-  нь гүйцэтгэгч Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойд талд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын орон сууцны 8 давхарт 4 өрөө 88,4 м.кв талбайтай, 101,660,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг Т ХХК нь барьж ашиглалтад оруулах, Захиалагч Ш.А- нь гэрээ байгуулснаар 34,698,000 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр 34,698,000 төгрөг, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 46,264,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. 

 

7.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

8.Мөн Нийслэлийн газрын алба /захиалагч А тал/, нөгөө талаас Т ХХК /гүйцэтгэгч Б тал/ нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, А талын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газар эзэмших эрх, Б тал буюу Т ХХК-ийн туршлага, ажил үйлчилгээг үндэслэн харилцан хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ.

 

9.Дээрх гэрээний 1.1.Захиалагч тал нь газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000244 дугаар нэгж талбарын 1781301047 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газарт баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг батлуулан180 айлын орон сууцны барилгыг барих боломжийг Б талд олгох,

1.2. Гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшилийн газар дээр  баригдах барилгын 1, 2-р блокоос бусад барилгын хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж, А талд тус бүр нь 60 айлын барилга бүхий 3 блок барилгын 1,2-р блокийн 2-16 давхрын нийт 9060 м.кв талбай бүхий орон сууцыг барилгын дотор болон гадна талбайн  тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэй хүлээлгэн өгөх,

2.1. Захиалагч нь 3 блок орон сууцны  1,2-р блокийн 2-16 давхрын нийт 9060 м.кв талбайтай 3-4 өрөөний сонголттой 120 айлын орон сууцыг 1 м.кв-ийг 1,150,000 төгрөгөөр тооцон өөрийн эзэмшилд шилжүүлэн авна. /2019-02-11 өдөр Монгол банкны ханш 1 доллар 2631 төгрөг байхад 1 м.кв 1,150,000 төгрөгийн ханштай байсан/

2.2.Захиалсан 9060 м.кв талбайн нийт үнэ 10,419,000,000 төгрөг болох бөгөөд орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, 1,2-р блокийн нийт талбайтай120 айлын төлбөрийг гүйцэтгэгч тал Нийслэлийн газрын албаны албан хаагчидтай  гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ.

3.1.Орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна.

5.1.Захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцна.

5.2.Захиалагч нь  барилга баригдах талбайг барилга угсралтын ажилд бэлэн болгох үүрэгтэй.

5.3.Барилгын гүйцэтгэлд хяналт тавих, барилгын явцын талаарх мэдээллийг  гүйцэтгэгчээс  гаргуулан авах,

5.4.Захиалагч нь барилгын зураг төсөлд барилгын  ажлын явц чанарт зургийн зохиогчоор хяналт тавиулж ажлын явцын гүйцэтгэлийг тухайн бүрт нь баталгаажуулж байна.

5.5.Захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын шаардлага хангаагүй бол доголдлыг арилгуулах, засуулах, барилгын баталгаат  хугацаанд гарсан зөрчлийг гүйцэтгэгчээс  шаардан арилгуулах эрхтэй.

5.6.Гүйцэтгэгч талтай орон сууц захиалгын гэрээ байгуулан албан хаагч төлбөрөө  барагдуулах чадваргүй нөхцөл үүссэн, гүйцэтгэгч талтай  байгуулсан орон сууцны  захиалгын гэрээ бусад байдлаар цуцлагдсан тохиолдолд  гүйцэтгэгч талд дараагийн гэрээ байгуулах хүнийг санал  болгоно” гэж талууд харилцан тохиролцсон байна.  /хавтаст хэргийн 42-44 тал/

 

10.Захиалагч А тал болох Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаар хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.4 дэх заалтууд болон “А талын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газар эзэмших эрхээр хөрөнгө оруулалт хийнэ” гэж заасан гэрээний гол нөхцлөө биелүүлээгүй болох нь Т ХХК-д газрыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлж, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000017023 дугаартай гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон баримт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

 

11.Мөн Буянт Ухаа ОУНБ /өмчлөгч тал/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /захиалагч тал/, Т ХХК /захиалагч тал/ нарын хооронд байгуулагдсан Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот  гэрээний

1.1.Энэхүү гэрээний зорилго нь Буянт Ухаа ОУНБ-ын эзэмшлийн барилгын цэвэр бохир, дулааны шугамыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны захиалгаар *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй 180 айлын 3 блок ажилчдын орон сууцны барилгын цэвэр бохир, дулааны шугамтай эрх бүхий байгууллагаас тогтоосон техникийн нөхцлийн дагуу холбоход үүсэх талуудын хоорондын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

2.1. Гүйцэтгэгч тал дараах ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. Үүнд:

2.1.1. *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй 180 айлын 3 блок ажилчдын орон сууцны барилгын дулааны шугамыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын No6/2019 дугаар техникийн нөхцлийн дагуу "136 магистрал дулааны худаг 1362 цэгээс холболттой салбар шугамыг тооцох.

2.1.2. Гэрээний 2.1-т заасны дагуу тооцон Буянт Ухаа ОУНБ-ын эзэмшлийн барилгын дулааны ф219 мм голчтой шугамыг ф273 мм голчтой болгон өргөтгөх.

2.1.3. Ус сувгийн удирдах газрын 399/19 тоот техникийн нөхцлийн дагуу Буянт Ухаа ОУНБ-ын эзэмшлийн барилгын бохир усны ф150 мм голчтой хоолойг ф200 мм голчтой болгон өргөтгөх.

4.1. Гэрээний 2 дахь хэсэгт заасан гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй бөгөөд баримт үйлдэн баталгаажуулна.

4.2. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд акт үйлдэн хүлээн авна.

4.3. Өмчлөгч талын цэвэр бохир, дулааны шугамаас *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй 180 айлын 3 блок ажилчдын орон сууцны барилгын цэвэр бохир, Дулааны шугам хүртэлх шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд засварын ажлыг гүйцэтгэгч талтай хамтран хариуцаж шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

4.4. Гэрээний 5.2-т заасан нөхцөлд гүйцэтгэгч талтай харилцан зөвшилцөж шийдвэрлэн захиалагч талд мэдээллэнэ.

4.5. Цэвэр бохир, дулааны шугамын засварын ажил гүйцэтгэгчид аливаа байдлаар саад учруулахгүй байна.

4.6. Ажлын үр дүнд доголдол илэрсэн тохиолдолд тухайн доголдолыг арилгуулахаар Ажил гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй.

5.1. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд акт үйлдэн хүлээн авна.

5.2. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ зөрчиж ноцтой алдаа, дутагдал гаргасан болон хугацаа алдсан тохиолдолд Захиалагч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

5.3. Ажлын үр дүнд доголдол илэрсэн тохиолдолд тухайн доголдолыг арилгуулахаар Ажил гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй.

5.4. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардалаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

5.5. Гэрээний 2 дахь хэсэгт заасан ажлын үр дүнг өмчлөгч талын эзэмшилд үл маргах журмаар шилжүүлэх бөгөөд баримт үйлдэн баталгаажуулна гэж харилцан тохиролцсон байжээ.  /хавтаст хэргийн 46-47 тал/

 

12.Нэхэмжлэгч Ш.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаартай гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг төлсөн тухайд талууд маргаагүй.

 

13.Харин нэхэмжлэгч Ш.А- 81,170,000 төгрөгийн үнэ бүхий прүсс /мод/ нийлүүлсэн гэж тайлбарлаж, нотлох баримтаар зарлагын баримт өгсөн боловч хариуцагч тал 39,247,00 төгрөгийн Прүсс нийлүүлсэн гэж маргаж мэтгэлцэж байна. /хавтаст хэргийн 129-161 тал/

 

14.Нэхэмжлэгч Ш.А-ы шүүхэд өгсөн 25,344,000 төгрөгийн үнийн дүн бүхий Зарлагын баримтын он сар өдөр, материалын нэр, үнийн дүн засвартай байх ба Прүсс нийлүүлэх гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, тооцоо нийлсэн баримт байхгүй, орон сууцны төлбөрт тооцохоор тохиролцсон тохиролцоогоо нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, дээрх  зарлагын баримт засвартай зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул уг баримтыг үнэлэхгүй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

15.Нэхэмжлэгч нь Т ХХК-д Прүсс нийлүүлсэн төлбөрөө жич нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд хариуцагч тал 39,247,000 төгрөгийн Прүсс нийлүүлсэн, орон сууцны гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг төлсөн тухайд маргаагүй тул нэхэмжлэгч Ш.А-ыг 50,047,000 төгрөг төлсөн гэж тооцох боломжтой байна.

 

16.Хариуцагч Т ХХК нь захиалагч Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаар хамтран ажиллах гэрээ, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот  Хамтран ажиллах 01 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн Ковид-19 цар тахал гарч барилгын материалын үнэ өссөн зэргээс хамаарч гэрээний м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

17.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зохицуулсан.

 

 18.Захиалагч Ш.А-д 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэх болсныг утсаар болон цахим шуудангаар, мэдэгдэх хуудас албан бичгээр хүргүүлсэн болох нь захиалагч Ш.А-ы нэхэмжлэлд дурдсан тайлбар, хариуцагч Т ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/11-61 тоот, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07-07/15 тоот, мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “...Орон сууц захиалгын гэрээг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг үүгээр мэдэгдье” гэх агуулгатай албан бичиг, хүсэлт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.  /хавтаст хэргийн 48-50,51 тал/

 

19.Хариуцагч нь дээрх гэрээ цуцлах болсон үндэслэлийг “Ш.А-д хүргүүлж байсан албан бичгүүдээс үзэхэд орон сууцны м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмсэн тул үлдэгдэл төлбөр болон нэмэгдэл төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцална” гэх агуулгатай гэж тайлбарлав.

 

20.Талууд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад “аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 220.4 дэх хэсэгт “гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

21.Хариуцагч Т ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр  Э.Б-тай *******нд баригдсан Төгс орчин-1 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Нисэхийн Спорт цогцолборын баруун талд 286Б байр 8 давхарт байрлах 4 өрөө орон сууцыг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

22.Захиалагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй  болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч   гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

23.Захиалагч Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй байх ба дээрх гэрээнүүд нь захиалагч Ш.А- болон гүйцэтгэгч Т ХХК нарын байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээтэй салшгүй холбоотой гэж үзэхээр байна.

 

24.Өөрөөр хэлбэл Нийслэлийн газрын алба буюу А талын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэх, Захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцахаар тохиролцож, Т ХХК нь Нийслэлийн газрын албаны ажилчдад хөнгөлөлттэй үнээр 120 айлын орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон байжээ.

 

25.Захиалагч Нийслэлийн газрын алба нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа алдсанаас барилгын материалын үнэ өсч зардал нэмэгдсэн гэх хариуцагчийн тайлбар нь Барилгын хөгжлийн төвийн 1/1635 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнийн өсөлтийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

26.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ш.А-ыг хаана ажиллаж байгаа талаар мэдэхгүй, нэхэмжлэлтэй хамааралгүй гэх тайлбар гаргаж байх ба Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхээ баримтаар нотолж чадаагүй, түүнчлэн 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмж төлөхийг зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

 

27.Хариуцагч Т ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд нь барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж заасан боловч захиалагч Ш.А-д Орон сууц захиалгын гэрээг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг мэдэгдсэн тул алданги 75,033,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

28.Хариуцагч Т ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги 75,033,000 төгрөг гаргуулах, *******,*******,*******,*******тоот 88,4 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг 24,420,000 төгрөгөөр үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

29.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

30.Нэхэмжлэгч Ш.А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,315 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрэх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги 75,033,000 төгрөг гаргуулах, *******,*******,*******,*******тоот 88,4 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг 24,420,000 төгрөгөөр үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 603,315 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2023/07132 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ