Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01762

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 15 өдөр Дуга210/МА2023/01762

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01958 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.А-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 7.3-т заасны дагуу алданги 75,033,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу орон сууцны түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр******* ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу 81,170,100 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орж, түлхүүрийг гардан авснаар төлөх тухай хэлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах байсан боловч өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцаа хугацаанд нь ашиглалтад оруулах үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр гаргаж байсан боловч хариу өгөөгүй атлаа хожим нь гэрээг дангаар цуцалсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн. Тодруулбал, цар тахалтай холбоотой хорио цээрийн улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар орон сууцны үнийг 1 м.кв тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэдгээ утсаар хэлснийг нь зөвшөөрөгүй. Талууд гэрээг байгуулах үед хариуцагч нь гэрээний үнэ нэмэхгүй, хангалттай барилгын материал татсан байгаа гэдгээ хэлж байсан юм.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т заасныг үндэслэн орон сууц ашиглалтад орох хугацааг гэрээнд заасан хугацаанаас хойш 660 хоног хэтрүүлсний алданги 75,033,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож, түлхүүрийг орон сууц захиалан бариулах гэрээний дагуу нэхэмжлэгчид гардуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: ******* нь 87,170,000 төгрөгийг төлөөгүй. Тэрээр 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний урьдчилгаа төлбөр 10,800,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр өгч, 39,247,000 төгрөгийн үнэ бүхий прүсс мод нийлүүлж, нийт 50,047,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл захиалагч ******* нь Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.1-т заасны дагуу орон сууцны түлхүүр гардуулах хүртэл 69,396,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгөх боломжгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй буюу орон сууцны үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа тухайгаа дурдаж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргаж байсан. Гэвч ******* нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учир манай байгууллага гэрээнээс татгалзсан бөгөөд энэ талаар мэдэгдсэн. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан алданги төлөх, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг биелүүлэх боломжгүй, зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Гуравдагч этгээд Э.Болорхуяг шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч******* ХХК-д холбогдох 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Наадамчдын зам, Буянт-Ухаа хороолол, 286Б байрны 26 тоот 88,4 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг 24,420,000 төгрөгөөр үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,315 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

5.1. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч анх нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Тухайн захирамжид гомдол гаргаснаар шүүх бүрэлдэхүүн захирамжийг тогтоолоороо хүчингүй болгосон. Иймд тухайн шүүгч эхнээсээ л нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж ойлгогдсон.

 

5.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ******* ХХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг салшгүй хэсэг гэж дүгнэсэн. Үүнийг нэхэмжлэгч тал гэрээний салшгүй хэсэг гэж үзэхгүй байгаа. Анхан шатны шүүх Нийслэлийн газар зохион байгуулалтын алба үүргээ гүйцэтгээгүй учраас энэ байгууллагад хохирол учирч, орон сууцны м.кв-ийн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шалтгаан үүсжээ гэдэг. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь******* ХХК-тай зөвхөн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба холбогдох зөвшөөрлийг авч өгөхдөө оройтсон, оройтоогүй гэж хариуцагч тал хэлдэг. Энэ талаар хэрэгт нотлох баримт байдаггүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байсан.

 

5.3.Орон сууцны төлбөрт прүсс мод нийлүүлсэн тухай баримтыг эх хувиар нь гаргаж өгсөн. Хүлээн авагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод зарим падан дээр засвартай эсхүл гарын үсэггүй баримтууд байсан. Гэхдээ энэ нь уг прүсс модыг нийлүүлээгүй гэсэн үг биш байгаа. Хүлээн авагч хүн нь тодорхойгүй хүний нэр байгаа.******* ХХК нь энэ материалыг хүлээн аваагүй талаараа шүүх хуралдаанаас өмнө огт хэлж байгаагүй. 39,000,000 төгрөг нь нотлогдож байна. Үлдэх 31,123,100 төгрөг нь засвартай учраас нотлогдохгүй байна гэж хэлсэн шүүгчийн үгэнд автан ийм зүйл хүлээж аваагүй гэдэг.

 

5.4.*******тай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудал огт байдаггүй. Орон сууцны м.кв-ын үнийг нэмэх шалтгаанаа тайлбарлаж албан бичиг хүргүүлсэн гэдэг. Гэтэл албан бичиг хүргүүлсэн талаар баримт байхгүй. Би тухайн шүүх хуралдаан дээр асуусан боловч хариулж чадаагүй. Энэ баримтыг нөхөн бүрдүүлсэн баримт гэж үзэж байгаа. ******* бичгээр санал, шаардлага огт аваагүй. Утсаар ярьсан байдаг. Үндэслэлгүй нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж утсаараа илэрхийлсэн байдаг. Гэтэл шүүгч хүргүүлсэн байна гэж үзсэн. Нөхөн бүрдүүлсэн байх боломжтой баримтыг хүргүүлсэн байна гэж хэлдэг. 2019 онд *******тай байгуулсан гэрээнд м.кв-ын үнийг нэмэх тухай саналыг огт ирүүлээгүй. Ирүүлсэн баримт хэрэгт байхгүй. Нөхөн бүрдүүлсэн баримтыг үндэслэж саналыг хүргүүлсэн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

 

5.5.Хэрэв та бүхэнд давагдашгүй хүчин зүйл тулгарсан буюу барилгын материалын үнэ өссөн талаараа нотлохын тулд Худалдаа аж үйлдвэрийн танхимд эрсдэл, давагдашгүй нөхцөл байдал хаана нөлөөлсөн гэдгийг асуусан. Гэтэл хариуцагч тал хариулж чадаагүй. Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэдгээ нотолж чадаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр энэ байгууллагад давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзсэн. *******тай 2019 онд байгуулсан гэрээнд захиалагч тал төлбөрийг нь төлж чадахгүй байдалд хүрвэл тухайн гэрээний оролцогч талууд хоорондоо ярилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тусгасан байдаг. Энэ гэрээг цуцлагдсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, үндэслэл муутай гарсан. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.Төгс прогресс ХХК нь ямар нэгэн байдлаар нөлөөлж татгалзуулсан асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байна гэсэн асуудал яригддаг. Шүүх хуралдааны явцад энэ талаар тодорхой болж шийдвэрлэгдсэн. Орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,150,000 төгрөг буюу зах зээлийн үнээс маш хямдаар Нийслэлийн газрын албаны хүмүүст өгөхөөр тохиролцсон. Нийслэлийн газрын албан үүргээ биелүүлсний хариуд манай байгууллагаас ажилчид нь хөнгөлөлтэй нөхцөлөөр борлуулж өгье гэсэн байгаа. Гэвч газрын алба нь цаг хугацаанд нь үүргээ биелүүлж байгаагүй. Нэхэмжлэгч нотлох баримт байхгүй гэж тайлбар хэлсэн. Хэрэгт нотлох баримтууд байгаа. Жишээ нь Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлаас бохирын шугам холбох зөвшөөрлийг авч өгөхдөө удааширсан. Барилга 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох ёстой байхад 2023 оны 8 дугаар сард бохирын шугам татах зөвшөөрлийг авч өгсөн. Барилга барьж байгаа газрын гэрчилгээг 2021 онд шилжүүлсэн гэх мэт баримтууд байгаа. Нийслэлийн газрын алба үүргээ биелүүлээгүй.

 

6.2.Үргэлжлээд бид ковидын нөхцөл байдалтай залгасан. Ковидын нөхцөл байдлын улмаас барилгын материалын үнэ ханш нэмэгдсэн. Гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн асуудлыг л ярьсан. Газрын алба үүргээ биелүүлээгүйгээр 1 м.кв үнийг 300,000 төгрөгөөр нэмсэн гэж бид яриагүй. Ковидын нөхцөл байдал нь хүн бүрд ойлгомжтой илэрхий баримт байгаа. Энэ нөхцөл байдлын үед бүх барилгын салбарынхан хямралд орж байсан нь ойлгомжтой байгаа.

 

6.3.Прүсс модны төлбөрийн асуудлыг ярьж байгаа. Бид нар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьсан шиг огт прүсс мод аваагүй гэж яриагүй. Нэхэмжлэгч тайлбартаа 80,000,000 төгрөг төлсөн гэж байна. Манай зүгээс 80,000,000 төгрөг байгаагүй. 10,000,000 төгрөгийн бартерын автомашин байсан. 39,000,000 төгрөгийн прүсс мод авсан. Нийт 50,000,000 төгрөгийн төлбөрийг орон сууцны төлбөрт авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг эргүүлээд өгнө гэсэн тайлбартаа байгаа. Нэхэмжлэлд дурдсан шиг 80,000,000 төгрөг байгаагүй. Тооцоог нь тулгаж үзэхэд юу хүлээж авсан нь тодорхойгүй манай байгууллагад ажилладаггүй хүмүүсийн нэр бичээстэй падаанууд байгаа. Шүүх хуралдаанаас өмнө ийм тооцоо байсан талаар өөрт нь хэлээд явж байсан гэв.

 

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хэргийн нотлох баримтад үнэлгээний тайлангууд ирсэн байгаа. Үнэлгээний тайланд хэдэн төгрөгөөр энэ байрны үнэ нэмэгдсэн, барилгын материалын үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаарх баримтууд ирсэн. Тухайн баримтуудаас үзэхэд 1 м.кв-ыг 300,000 төгрөгөөр нэмсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг доройтуулсан үйлдэл биш байна. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч талтай гэрээг цуцалсны дараа гэрээ байгуулагдсан учраас хууль зөрчсөн зүйл байхгүй. Хариуцагч талаас хэлж байна. Гэрээг цуцалсан талаар нэхэмжлэгч тал маргаагүй гэдгийг удаа дараа тайлбарласан. Нэхэмжлэгч тал анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тухайн гэрээг цуцалсан талаар тайлбарлаж байсан. Мэдэж байсан талаар тайлбарлаж байсан. Албан бичиг хүргүүлсэн талаар хэрхэн мэдсэн талаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар өөрөө нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хангалттай биелүүлээгүй гэж байна. Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ баримттайгаар нотолсон учраас хариуцагчийн талд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг хууль зүйн дүгнэлт хийж, шалгаж үзлээ. Гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн гэдэг нь 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах барилга гэж ярьж байна. 2020 оны 02 дугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Ковидын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүнээс болж 2 улсын хил хаагдаж барилгын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх боломжгүй болсон. Бид урьд нь******* ХХК-аас байр захиалчихсан байсан. Тэгээд тухайн байр нь ашиглалтад орохооргүй болоод бид 2023 онд энэ гэрээг байгуулж, уг барилгад орсон. Одоо бид энэ 2 хүний маргаанаас болоод өөрийн өмчөө хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Маргааны эцэслэн шийдвэрлэж өөрсдийн өмчөө өөрийн дураар захиран зарцуулах эрхийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 7.3-т заасны дагуу алданги 75,033,000 төгрөг гаргуулах, 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож, түлхүүрийг гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ. /хх1-3, 41/

 

3. Нэхэмжлэгч тал гэрээний үнээс 81,170,100 төгрөг төлсөн, хариуцагч тал 2020 оны 03 дугаар улиралд багтаан орон сууцыг барьж хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн учир хариуцлага тооцон алданги гаргуулна, орон сууцны м.кв-ийн үнийг үндэслэлгүйгээр нэмж төлөхийг шаардаж буй нь хууль бус тул гэрээний үүргээ гүйцэтгэж орон сууцны түлхүүр гардуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Иймд 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож гэх шаардлагыг нь нэхэмжлэлийн үндэслэл гэж үзнэ.

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй, мөн маргааны үйл баримттай холбоотой эрх зүйн дүгнэлт алдаатай болсныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

5. Талууд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын хойд талд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын орон сууцны 8 давхарт 4 өрөө 88,4 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,150,000 төгрөгөөр тооцон 101,660,000 төгрөгөөр, мөн гараашийг 14,000,000 төгрөгөөр, нийт 115,660,000 төгрөгөөр худалдан авах,******* ХХК нь орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол Улсын Барилгын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, барилгын норм, дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 2020 оны 3-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Гэрээний зүйл нь 180 айлын орон сууцны зориулалттай барилгын 26 тоот орон сууц байх бөгөөд нэг бүрийн шинжээр тодорхойлогдох, тухайлсан захиалгаар гүйцэтгэх эд хөрөнгө биш тул ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.

6. Гэрээний 2.1-т орон сууцны нийт төлбөрийн 30 хувь болох 34,698,000 төгрөгийг гэрээ байгуулснаар, карказ дүүргэлт хийгдсэнээр удаах 30 хувийг буюу 34,698,000 төгрөгийг, байр ашиглалтад орж түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувь болох 46,264,000 төгрөгийг тус тус төлөх нөхцлийг тусгажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээний үнээс 81,170,100 төгрөг төлсөн, орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд барьж хүлээлгэж өгөөгүй гэж, хариуцагч талаас гэрээний гүйцэтгэлд 10,800,000 төгрөгийг бэлнээр, 39,247,000 төгрөгийн үнэ бүхий прүсс мод нийлүүлж, нийт 50,047,000 төгрөг нэхэмжлэгч төлсөн, үлдэх төлбөрөө төлөөгүй, Ковидын нөхцөл байдлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдэж, гэрээ байгуулагдсан нөхцөл өөрчлөгдсөний улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, зөвшөөрөөгүй учраас гэрээг цуцалсан гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

7.Хэргийн баримтаар хариуцагч******* ХХК нь гуравдагч этгээд Э.Болорхуягтай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 01-18/01 дугаартай гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах нөхцлийг харилцан тохиролцож, орон сууцны эзэмшлийг Э.Болорхуягт шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. /хх 108-109/

 

Иргэний хуульд нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдахыг хориглоогүй бөгөөд мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч нь орон сууцны түлхүүрийг гардуулахыг даалгахаар хариуцагчаас шаардах эрхгүй.

 

8.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг хэрэглэн талуудын маргааныг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн дүнг тодорхойлох зорилгоор нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн прүсс мод худалдан авсан тухай зарлагын баримтууд, мөн орон сууцны м.кв-ын үнэ нэмэгдсэн, зөрүүг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнээс татгалзах тухай албан бичгээр мэдэгдсэн гэх хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж, дүгнэлт хийгээгүй болно. /хх-108-109, 48-50/

 

9.Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг хариуцагчаас буцаан шаардахад, мөн хохирол учирсан гэж үзвэл холбогдох шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01958 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-д холбогдох Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 7.3-т заасны дагуу алданги 75,033,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу орон сууцны түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД