Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2023/00188

 

 

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2023/00188

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын нэрэмжит талбай-5, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХХК /РД: 2075377/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, Бор гүвээ 1-142 тоотод оршин суух, Тайчууд овогт *******гийн ******* /ТЖ87083075/

Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зээлийн гэрээний үүргийн 26,483,432.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь С.*******т холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 10,392,218.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,652,551.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,438,663.48 төгрөг, нийт 26,483,432.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* овогтой ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* банктай ЗГ1915005979 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно.

Зээлдэгч С.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн өр 8,225,938.99 төгрөг, үндсэн хүү 10,552,002.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,984,827.67 төгрөг нийт 20,762,768.79 төгрөг, мөн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* банктай дахин ЗГ1915100089 дугаартай гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар цалин барьцаалан авсан болно. Уг зээлийн үндсэн өр 2,166,279.32 төгрөг, үндсэн хүү 3,100,548.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,835.81 төгрөг нийт 5,720,664.10 төгрөг бүгд 26,483,432.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* банктай зээлийн гэрээ байгуулж 11.000.000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Одоо үндсэн зээл нь 8.225.938 төгрөг, үндсэн хүү нь 10.552.072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1.984.827.67 төгрөг нийт 20.762.768 төгрөг үлдсэн. Энэ нь эхний зээлийн нэхэмжлэл байгаа. Дараа нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Үндсэн зээл нь 2.166.279.32 төгрөг, үндсэн хүү нь 3.100.548.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 353.835 төгрөг нийт 5.723.664.10 төгрөг юм. Хоёр зээл нь нийлээд 26.483.442.89 төгрөгийг С.*******аас гаргуулах хүсэлтэй байна гэв.

2. Хариуцагч С.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нийт 26,483,432.89 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс 10,392,218.31 төгрөг нь үндсэн өр, 13,652,551.1 төгрөг нь үндсэн хүү, 2,438,663.48 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байна. Миний бие нь УБТЗамд 2010 онд анх ажилд ороод 2015 онд ээжийн бие муудаад ажлаасаа чөлөө аваад гараад буцаж ажилдаа орсон. Ээж ааваас айлын ганц хүүхэд болохоор туслаж дэмжих ах дүүгүй. Миний бие нь ажилдаа буцаж ороод ******* банк дээр очиж уулзаж, утсаар ярьсан. Би нэг дор ийм их мөнгийг шууд төлж чадахгүй учир надад дахин зээл гаргаад сар сард нь хугацаанд нь цалингаас татаад явж болохгүй юу гэж асуусан. Тэгэх боломжгүй гэдэг хариулт өгч байсан. Миний бие нь шүүхийн шийдвэрээр нэг хүүхдийн тэтгэмж төлдөг. Ээжийн минь бие муу, элэгний серозтэй эмчийн хяналтанд байдаг. Иймд үндсэн болон нэмэгдүүлсэн хүү их байна гэжээ.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2014 онд цалингийн зээл авсан. Тухайн үед Замын-Үүдэд ажилладаг байсан. Ажилтай байхдаа цалингийн зээлээ төлөөд явдаг байсан. Ээжийн бие гэнэт муудаад, ажлаасаа нэг жилийн чөлөө авч, Оросын холбооны улс руу ээжийгээ асрах гээд явсан. Би айлын ганц хүүхэд юм. Монголд буцаж ирээд, тогтсон хугацаандаа ажилдаа орж чадаагүй тул 2020 онд ажилдаа орсон. Тухайн үед Замын-Үүдэд хоёр удаа очиж ******* банкны эдийн засагчтай уулзсан. Сүүлд ажилд орсноос хойш Сэлэнгэ аймгийн ******* банктай уулзахад намайг Замын-Үүд рүү холбож өгсөн. Би банканд хандаж ...надад бага багаар төлөх нөхцөлөөр төлөх боломж байна уу... гэж асуусан. Банкны зүгээс ...тийм зүйл байхгүй... гэж хэлсэн. Мөн зээлээ төл, эсхүл шүүхэд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...шүүх рүү шилжүүлээд өгөөч... гэж хэлсэн. Учир нь шүүхэд өгөхөөр зээлийн хүү нь зогсдог юм билээ. Гэтэл шүүх рүү шилжүүлэхгүй, надтай холбогдохгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би зээл авсан нь үнэн. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү өндөр байх тул буруулах боломжтой байдаг юм болов уу. Одоо би ажилдаа орсон тул бага багаар төлөх боломжтой гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн 9016001014 дугаартай гэрчилгээний хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1915005979 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1915100089 дугаартай зээл болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас гаргаж өгсөн болон талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтгүй байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 10,392,218.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,652,551.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,438,663.48 төгрөг, нийт 26,483,432.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү их байна гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: Зээлдэгч С.******* нь ******* банк ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ1915005979 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар, мөн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1915100089 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар тус тус зээлж авсан байна.

Хариуцагч С.******* нь зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлүүд авснаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй бөгөөд уг цалингийн зээлүүдийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн огт төлөөгүй орхижээ.

******* банк ХХК нь хариуцагч С.*******ыг цалингийн зээлүүдээ төлөхийг удаа дараа шаардаж утсаар ярьсан, оршин суух хаягаар нь мэдэгдэл хүргүүлж байсан, мөн түүнчлэн Дорноговь аймгийн шүүхэд хандаж, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, эрэн сурвалжлуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгч ******* банк ХХК нь уг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* банк нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зогсоолгосон, хэтрүүлээгүй талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,367 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн 26,483,432.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,367 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА