Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2023/00023

 

 ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

 Хариуцагч *******т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зээлийн гэрээний үүргийн 26,483,432.89 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь *******т холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 10,392,218.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,652,551.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,438,663.48 төгрөг, нийт 26,483,432.89 төгрөг гаргуулах

Сэргэлэн овогтой Энхбаяр нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* *******тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно.

Зээлдэгч ******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон. бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн өр 8,225,938.99 төгрөг, үндсэн хүү 10,552,002.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,984,827.67 төгрөг нийт 20,762,768.79 төгрөг, мөн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* *******тай дахин ЗГ1915100089 дугаартай гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар цалин барьцаалан авсан болно. Уг зээлийн үндсэн өр 2,166,279.32 төгрөг, үндсэн хүү 3,100,548.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,835.81 төгрөг нийт 5,720,664.10 төгрөг бүгд 26,483,432.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. Миний бие нь УБТЗамд 2010 онд анх ажилд ороод 2015 онд ээжийн бие муудаад ажлаасаа чөлөө аваад гараад буцаж ажилдаа орсон. ...Миний бие нь ажилдаа буцаж ороод ******* ******* дээр очиж уулзаж, утсаар ярьсан. Би нэг дор ийм их мөнгийг шууд төлж чадахгүй учир надад дахин зээл гаргаад сар сард нь хугацаанд нь цалингаас татаад явж болохгүй юу гэж асуусан. Тэгэх боломжгүй гэдэг хариулт өгч байсан. ...Би *******анд хандаж ...надад бага багаар төлөх нөхцөлөөр төлөх боломж байна уу... гэж асуусан. Банкны зүгээс ...тийм зүйл байхгүй... гэж хэлсэн. Мөн зээлээ төл, эсхүл шүүхэд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...шүүх рүү шилжүүлээд өгөөч... гэж хэлсэн. Учир нь шүүхэд өгөхөөр зээлийн хүү нь зогсдог юм билээ.

Гэтэл шүүх рүү шилжүүлэхгүй, надтай холбогдохгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би зээл авсан нь үнэн. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү өндөр байх тул буруулах боломжтой байдаг юм болов уу. Одоо би ажилдаа орсон тул бага багаар төлөх боломжтой гэв

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн 26,483,432.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,367 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болоогүй талаар:

Анхан шатны шүүхийн шийдвэрт мөн түүнчлэн Дорноговь аймгийн шүүхэд хандаж, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, эрэн сурвалжлуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна... гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ч, шүүхээс мөн нотлох баримтыг шаардлагатай бол бүрдүүлж, цуглуулах эрх нь нээлттэй байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан ба шүүхээс шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүгч нэг удаа хурлыг хойшлуулж, баримтыг шаардах эрхтэй заалт юм.

Энэхүү зохицуулалт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой, нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэхтэй холбоотой гол зохицуулалтын нэг юм. Тиймээс шүүхээс хариуцагч *******ыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэрийг гаргуулахаар хурлыг хойшлуулах боломжтой атал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан үндэслэл гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Мөн хариуцагч ******* нь маргаан бүхий цалингийн зээлүүд авсан талаар маргадаггүй ба 2015 оны 05 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, гагцхүү хүү, нэмэгдүүлсэн хүү өндөр байна гэдэг боловч төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй талаар нэг ч үг, өгүүлбэр дурьдаагүй. Харин ч одоо ажилдаа орсон тул бага багаар төлөх боломжтой, 700,000-800,000 мянган төгрөгөөр төлөх боломжтой,, тухайгаа шүүх хуралдаан дээр болон шүүх хуралдааны дараа ч илэрхийлсэн ба дахин цалингийн зээл гаргуулан зээлийн төлбөрийг төлөх сонирхолтой байгаа талаараа ч шүүх хуралдаанд тайлбарлаж, хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хэрэв баримтгүй гэж үзвэл Иргэний хуулийн 82 дугаар зүйл 82.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байхаар заасан зохицуулалтыг ч хэрэглэх боломжтой байсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр болон шүүх хуралдааны дараа ч хүлээн зөвшөөрсөөр байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

 Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан талаар:

******* ******* ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18/07-1382 дугаар албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлвэл зохих эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцохоор нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхцэцэг, Г.Содном нарт итгэмжлэл олгосон. /х.х-ийн 3 тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж,

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 4.6.2-т Хавтаст хэргийг шүүгчийн туслах хариуцах бөгөөд хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тодорхой хугацаагаар танилцуулах тохиолдол бүрт Баримт№6-г үйлдэж хэрэгт хавсаргана. гэж, 5.2.1-т ... тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүргийг амаар тайлбарлан, Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай Баримт№5-д тус тус нэр, гарын үсгийг тайлалтай зуруулан нэгдсэн системд холбогдох ажиллагааг хийж баримтыг хэрэгт хавсаргана гэж тус тус заасныг анхан шатны шүүхээс зөрчсөн.

Хууль болон журамд зааснаар шүүх хуралдаанд оролцож байгаа хэн боловч заавал хэргийн материалтай танилцаж дээр дурьдсан баримтуудад гарын үсэг зурсан байхаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өнөөдрийг хүртэл хэргийн материалтай биечлэн танилцаагүй байгаа бөгөөд зөвхөн Г.Содном нь тус шүүхээс мэйл хаягаар ирүүлсэн хэргийн материал танилцуулсан болон эрх, үүрэг тайлбарласан зэрэг баримтуудад гарын үсэг зурж шуудангаар илгээсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг нь цахимаар оролцсон ба хэргийн материалтай цахимаар болон биечлэн огт танилцаагүй шүүх хуралдаанд оролцсон.

Гэтэл шүүхээс шүүх хуралдаанд оролцогчийн эдэлвэл зохих хэргийн материалтай танилцах, нотлох баримтуудыг бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.4, 25.1.5 зэрэг нэхэмжлэгчийн эдэлвэл зохих эрхүүдийг бүхэлд нь зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 Гурав. *******ын зээлийг төлүүлэх хийгдсэн ажиллагааны талаар болон хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 137/ШШ2018/00326 дугаар шийдвэрээр хариуцагч *******ыг эрэн сурвалжлан оршин суугаа газрын олж тогтоохоор шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 28/8593 дугаар албан бичгээр иргэн ******* нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 05 дугаар баг Боргүвээ 1-142 тоотод оршин сууж байгааг олж тогтоосон тул ******* *******наас зээлдэгчийн тогтоогдсон хаягийн дагуу нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч ******* нь зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа зээлийг боломжоороо төлөх талаар ярилцаж, эвлэрэхээр харилцан тохирсон.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг төлөх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг төлүүлэхээр харилцан тохирсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие ******* *******ны салбараас зээл авсан нь үнэн. Ажлаас халагдсанаар зээлээ төлж чадаагүй удсан нь үнэн. Энэ хооронд *******наас зээл төлөх талаар ярьж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ******* *******ны ажилтан надад хүсэлт тавьсан. Нэгэнт зээл авсан тул зээлээ төлөх ёстой гэдгээ ойлгож байна. Нэхэмжлэгч ******* *******тай удаа дараа ярилцаад зээл зээлийн хүүд нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн гэв.

ХЯНАВАЛ:

 1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 10,392,218.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,652,551.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,438,663.48 төгрөг, нийт 26,483,432.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд талуудын хооронд зээлийн гэрээг 2014 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан байх ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гаргаж байгаагүй. Хэрэгт энэ талаар баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлцэх хугацаа 3 жил гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хөөн хэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ шүүх нэхэмжлэгч талаас хариуцагчийг эрэн сурвалжилсан тухай шүүхийн шийдвэр гарсан талаар мэдүүлсээр байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжийг нэхэмжлэгчид эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.

 4.Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, хэргийг хуралдаанаар хэлэлцэх үед хэргийн зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн талаар тус тус тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэргийн зохигчид нь эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч маргаагүй, хариуцагч нь оршин суугаа хаягаа өөрчилсөн, нэхэмжлэгчээс түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улмаар шүүхийн шийдвэр гарч байсан талаар зохигчид мэдүүлсэн, зээлийг төлбөрийг төлөхөө илэрхийлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 5.Зохигчид эвлэрэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн талаас нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт 26,483,432.89 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулахаар, хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, бусдын хууль ёсны эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 6.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 7.Зохигчид эвлэрэн хэлэлцснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байгаа тул хэргийн зохигчид нь тухайн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

8.Түүнчлэн хариуцагч нь эвлэрэн хэлэлцсний дагуу зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох хэргийн хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 18.000.000 /арван найман сая/ төгрөг төлөхөөр хэргийн зохигчид харилцан тохирч эвлэрэн хэлэлцснийг баталж, зохигчид эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 290,367 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 291.000 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шийдвэрт зохигчид гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ