Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1362

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2019/01300 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ерөнхий боловсролын “Н” сургуульд холбогдох

           

          Сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

          Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ерөнхий боловсролын “Н” сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/77 тоот тушаалаар тус сургуульд Япон хэлний багшаар ажилд орж, өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ болон сурагчдын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Гэтэл сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн.

          Намайг ямар нэгэн зөрчил гаргасан талаар хэлээгүй атлаа хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. 

          Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.1.1-д “Хөндлөнгийн буюу Боловсролын соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар, сургуулийн захиргааны хяналтын дагуу авсан шалгалт, өөрийн үнэлгээ, анги төгсөх ба дэвших шалгалт, стандарт хангалтын нэгдсэн дүнгийн дундаж нь улсын дундаж үнэлгээнээс доогуур дүн үзүүлсэн” гэж заасан бөгөөд уг асуудлаар хөдөлмөрийн гэрээгээр улсын дундаж үнэлгээнээс доогуур дүн үзүүлэхгүй байх талаар үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу дундаж үзүүлэлтээс доогуур дүн үзүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэх тусгайлсан зохицуулалт байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 10.1.13-т заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүхий баримт байхгүй болно.

          Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ажил олгогч жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага намайг 2 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж хууль зөрчсөн тушаал гаргасан болно. Иймд сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгаж хариуцагчид өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Номин шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус сургуульд Япон хэлний багшаар ажиллаж, 3-6 дугаар ангид Япон хэлний хичээлийг хариуцан зааж байсан. Г.Б багшийн заах арга, ур чадвар тааруу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг, эцэг эхтэй хамтран ажиллах арга барил муу байсны улмаас үйлчлүүлэгч, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж буурч удаа дараа багшийг солих санал хүсэлт сургуулийн захиргаанд гаргаж байсан. Сургуулиас багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байранд нь хөгжүүлэх зорилгоор байгууллагын сургалтыг тогтмол явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд гарсан санал гомдлыг тухай бүрт нь Г.Бд танилцуулж, багшийн ур чадварын сайжруулах зорилгоор гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлагч Д.Эрдэнэсувд байнгын сургалт, зөвлөгөө өгч байсны дээр сургуулийн зөвлөн туслах багийн ахлагч, зөвлөх багш Д.Оюун 3 удаа хичээлд нь сууж зөвлөн тусалж, 1 удаа сурган хүмүүжүүлэх арга зүйн зөвлөгөөг ганцаарчлан өгсөн, мөн зөвлөн туслах багийн гишүүн, дотоод хяналтын ажилтан Д.Баасанжав 5 удаа хичээлд нь сууж заах арга, ур чадвараа сайжруулах талаар зөвлөгөө өгч хангалттай хугацаанд дэмжин тусалж ажилласан боловч ажлын үр дүн гараагүй, багш өөрөө хичээж ахиц гаргах талаар санаачилга гаргахгүй, багшийн ур чадвар сайжрахгүй, сурагчдын стандарт ахихгүй, үйлчлүүлэгч, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж доогуур байсан.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1.3, 22.1.5, 22.1.6, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2, 44.2.3, 44.2.5, 44.4, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 3.1, 3.1.1, 3.1.2, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.5-д заасныг зөрчиж байсан учраас багш Г.Бг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан юм. Мөн өнгөрсөн хугацаанд сургуулийн захиргаанд Г.Бгийн эрүүл мэндтэй холбоотой болон жирэмсэн эсэх талаарх ямар нэгэн мэдээлэл албан ёсоор ирж байгаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд иргэн Г.Бгийн гомдол үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бг ерөнхий боловсролын “Н” сургуулийн япон хэлний багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 1 571 472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож,

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ерөнхий боловсролын “Н” сургуульд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40 094 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Номин давж заалдах гомдолдоо: Г.Б нь Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд багшилж байгаад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тус сургуульд Япон хэлний багшаар ажилд орсон гэх боловч, мэргэжлийн индекс зөрсөн, ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй гэдгээ нуун дарагдуулж байсныг нь Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хяналт шалгалтаар тогтоон, цаашид боловсролын байгууллагад багшаар ажиллуулах боломжгүйг мэдэгдсэн ба энэ талаар Г.Бд танилцуулж багшийн чиглэлээр яаралтай мэргэших талаар сануулсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Түүний хариуцлагагүй байдлаас болж сургууль шалгагдан Зөрчлийн тухай хуулиар 200 000 төгрөгийн торгууль төлж, бодит хохирол учирч байсан.

Г.Б нь ЕБС-ын багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэх чадваргүй, багшийн заах арга, ур чадвар муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг, сурагчидтай тулж ажилладаггүй, эцэг эхтэй хамтран ажиллах арга барил муу байсан нь сургуулийн захиргаанд ажиглагдсан тул ажиллаж байх хугацаанд нь багшийн ур чадварыг сайжруулах зорилгоор гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлагч Д.Эрдэнэсувд байнгын сургалт, зөвлөгөө өгч хангалттай хугацаанд дэмжин тусалж ажилласан хэдий ч ажлын үр дүн гараагүй, багш өөрөө хичээж ахиц гаргах талаар санаачилга гаргахгүй, багшийн ур чадвар сайжрахгүй, сурагчдын стандарт хангалт ахихгүй байснаас эцэг, эхчүүдийн сэтгэл ханамж буурч удаа дараа багшийг солих санал хүсэлтийг хичээл ордог ангийн эцэг, эхийн хурлаар дамжуулан сургуулийн захиргаанд хандаж байсан ба санал гомдлыг тухай бүрт Г.Бд танилцуулж, анхааруулан сануулж байсан.

Г.Б “Номт наран сургуулийн багш, ажилтны ёс зүйн дүрэм”-ийг сахидаггүй, сургуулийн болон хамт олны нэгдсэн үйл ажиллагаанд оролцдоггүй, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ажлын цаг дуусаагүй байхад ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж явах зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгууллагын зүй ёсны шаардлагад нийцэж ажиллаж чаддаггүй байсан. Г.Бгийн гаргаж байсан дээрх алдаа дутагдлууд нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хэмжээний зөрчил байсныг бүрэн илтгэж байгаа юм.  Бид ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа тэр дундаа жирэмсэн болсон багш ажилтнаа үндэслэлгүйгээр ажлаас халах, хуульд заасан ажил олгогчийн эрх үүргээ биелүүлэхээс зайлсхийх, цалин хөлс, тэтгэмж тусламж өгөхөөс татгалзах, байгууллагын соёлоо нураах ёс зүй байхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Г.Б ажиллаж байх хугацаандаа өөрийн эрүүл мэндтэй холбоотой болон жирэмсэн болсон эсэх талаар сургуулийн захиргаанд албан ёсоор мэдэгдэж байгаагүй ба ажлаа хийж чадахгүй байгаагаас санал гомдол байнга сонсох хэцүү байгаа болон энэ шалтгааны улмаас хэзээ нэг өдөр ажлаас халагдаж байхаар жирэмсэн болоод нэр төртэй ажлаасаа гармаар байгаа тухайгаа нэг бус удаа хамтран ажиллагсаддаа хэлж байсан.

Иймд Г.Б цаашид багшаар ажиллуулах хууль зүйн үндэслэлгүй, мөн хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсан тул ямар нэгэн тэтгэмж нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Б Ерөнхий боловсролын “Н” сургуульд холбогдуулан сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б Ерөнхий боловсролын “Н” сургуульд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Япон хэлний багшаар ажиллаж байгаад сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Уг тушаалд Монгол Улсын Бага дунд Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэжээ.

 

Ажил олгогч байгууллага нэхэмжлэгч Г.Бг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь заах арга, ур чадвар тааруу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг, эцэг, эхтэй хамтран ажиллах арга барил муу байсны улмаас үйлчлүүлэг, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж буурч удаа дараа багшийг солих хүсэлт сургуулийн захиргаанд гаргаж байсан гэж хариуцагч тайлбарласан бөгөөд эдгээр нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрх хязгаарлагдсан байх тул шүүх нэхэмжлэгч Г.Бг ерөнхий боловсролын Номт наран сургуулийн Япон хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 571 472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

          Хариуцагч талаас “нэхэмжлэгч нь боловсролын сургуульд багшлах эрхгүй гэдгээ нуун дарагдуулсн тул Зөрчлийн тухай хуулиар 200 000 төгрөгийн торгууль төлсөн, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлйин 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаан 16.10 цагт эхэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаагийн “анхан шатны шүүх хуралдаан товлосон цагаасаа өмнө буюу 17 цаг 25 минутад эхэлж, шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2019/01300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ                             

 

                                       ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО