Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/01300

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/01300

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н” сургуульд холбогдох,

 

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б миний бие анх ерөнхий боловсролын “Н” сургуулийн захирал Н.Номингийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/77 тоот тушаалаар тус сургуульд япон хэлний багшаар орсон. Багшаар орсон өдрөөс өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, сурагчдын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Гэтэл хариуцагч сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Сургуулийн захирлын зүгээс надад “...чамаас болж хүүхдүүд шилжиж байна, ахиц дэвшил байхгүй” гэж хэлсэн. Үүний дагуу миний бие шилжсэн хүүхдийн аавтай нь утсаар ярихад “...өөрөөс чинь болсон зүйл байхгүй, сургуулийн төлбөртэй холбоотойгоор хүүхдээ гаргаж авсан” гэсэн хариуг надад хэлсэн. Сургуулийн захиргааны зүгээс миний ажлыг ямар нэгэн байдлаар дүгнээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ямар нэг зөрчил гаргасан гэж надад хэлээгүй атлаа хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн хуулийн заалтаар ажлаас халсан явдалд гомдолтой байна. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.1.1 дүгээр заалтад “Хөндлөнгийн буюу Боловсролын соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар, сургуулийн захиргааны хяналтын дагуу авсан шалгалт, өөрийн үнэлгээ, анги төгсөх ба дэвших шалгалт, стандарт хангалтын нэгдсэн дүнгийн дундаж нь улсын дундаж үнэлгээнээс доогуур дүн үзүүлсэн” гэх заалт байна. Уг асуудлаар хөдөлмөрийн гэрээгээр улсын дундаж үнэлгээнээс доогуур дүн үзүүлэхгүй байх талаар үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу дундаж үзүүлэлтээс доогуур дүн үзүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэх тусгайлсан зохицуулалт байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 10.1.13-т заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүхий баримт байхгүй байна. Уг тушаал нь хэтэрхий ерөнхий шинжтэй гарсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь хэсэгт “ажил олгогч жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл хариуцагч байгууллага Г.Б намайг 2 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж хууль зөрчсөн тушаал гаргасан болно. Иймд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг ерөнхий боловсролын “Н” сургуульд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ерөнхий боловсролын “Н” сургуулийн нэр дээр иргэн Гийн Бгаас гаргасан гомдолтой танилцлаа. Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус сургуульд япон хэлний багшаар ажиллаж, 3-6 дугаар ангийн япон хэлний хичээлийг хариуцан зааж байсан. Г.Б багшийн заах арга, ур чадвар тааруу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг, эцэг эхтэй хамтран ажиллах арга барил муу байсны улмаас үйлчлүүлэгч, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж буурч удаа дараа багшийг солих санал хүсэлт сургуулийн захиргаанд ирж байсан. Сургуулийн зүгээс багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байранд нь хөгжүүлэх зорилгоор байгууллагын сургалтыг тогтмол явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд гарсан санал гомдлыг тухай бүрд нь Г.Бд танилцуулж, багшийн ур чадварын сайжруулах зорилгоор гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлагч Д.Эрдэнэсувд байнгын сургалт, зөвлөгөө өгч байсны дээр сургуулийн зөвлөн туслах багийн ахлагч, зөвлөх багш Д.Оюун 3 удаа хичээлд нь сууж зөвлөн тусалж, 1 удаа сурган хүмүүжүүлэх арга зүйн зөвлөгөөг ганцаарчлан өгсөн, мөн зөвлөн туслах багийн гишүүн, дотоод хяналтын ажилтан Д.Баасанжав 5 удаа хичээлд нь сууж заах арга, ур чадвараа сайжруулах талаар зөвлөгөө өгч хангалттай хугацаанд дэмжин тусалж ажилласан боловч ажлын үр дүн гараагүй, багш өөрөө хичээж ахиц гаргах талаар санаачилга гаргахгүй, багшийн ур чадвар сайжрахгүй, сурагчдын стандарт хангалт ахихгүй, үйлчлүүлэгч, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж доогуур байсан.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 22 дугаар зүйлийн  22.1.3-т “бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх”, 22.1.5-д “хичээлийг багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийг сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадалд сургах, сурах явцад тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөх, туслах, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг зөв үнэлэх”, 22.1.6-д “хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж, чиг зорилготой хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх” гэж, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2-т “боловсролын стандартыг хэрэгжүүлэх”, 44.2.3-т “онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх”, 44.2.5-д “суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх”, 44.4-т “Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана” гэж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 3.1-д “Багш, удирдах ажилтан”, 3.1.1-д “Мэдлэг, боловсрол, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх”, 3.1.2-т “Сургалтын ажлыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулах”, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д “ажил олгогчоос тогтоосон сургуулийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Багшийн ёс зүйн дүрэм, Н сургуулийн багшийн дүрэм, Н сургуулийн ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм болон бусад холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах”, 6.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг идэвх, санаачилгатайгаар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх”, 6.1.5-д “хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон, суралцагч болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нартай харилцааны өндөр соёлтой харьцах” гэсэн зүйл заалтуудыг зөрчиж байсан учраас багш Г.Бг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан юм. Мөн өнгөрсөн хугацаанд сургуулийн захиргаанд Г.Б-гийн эрүүл мэндтэй холбоотой болон жирэмсэн эсэх талаарх ямар нэгэн мэдээлэл албан ёсоор ирж байгаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд иргэн Г.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч ерөнхий боловсролын “Н” сургуульд холбогдуулж 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. 

 

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Г.Б багшийн заах арга, ур чадвар тааруу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг, эцэг эхчүүдээс гомдол санал ирж байсан учир ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэсэн агуулгаар тайлбарласан байна. 

 

Нэхэмжлэгч Г.Б нь Ерөнхий боловсролын “Н” сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/77 тоот “Ажилд авах тухай” тушаал болон 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу тус сургуулийн япон хэлний багшаар ажиллаж байжээ. 

 

Улмаар ерөнхий боловсролын “Н” сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/211 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол улсын Бага дунд Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг баримтлан тус сургуульд япон хэлний багшаар ажиллаж байсан Г.Бг хөдөлмөрийн гэрээний 10.1.1, 10.1.2, 10.1.13 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. 

 

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарын агуулгаас үзэхэд ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох талаар заасан бөгөөд ноцтой зөрчил нь нэг удаа үйлдэгдсэнээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болдог.

 

Харин гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд урьдчилан нэрлэн заасан байх ёстой. Нэхэмжлэгч Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.1.1 дэх хэсэгт “Хөндлөнгийн буюу Боловсрол соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Сургуулийн захиргааны хяналтын дагуу авсан шалгалт, өөрийн үнэлгээ, анги төгсөх ба дэвших шалгалт, стандарт хангалтын нэгдсэн дүнгийн дундаж нь улсын дундаж үнэлгээнээс доогуур дүн үзүүлсэн”, 10.1.2 дахь хэсэгт “багшийн ажлын үнэлгээгээр дунджаас доогуур болон хангалтгүй үнэлгээ авсан”, 10.1.3 дахь хэсэгт “хариуцаж буй эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн шилжүүлэх, хувьдаа ашиглах, хадгалалт, хамгаалалтын журам зөрчсөнөөс болон хариуцлагүйгээс болж чанарыг муутгах, алдагдуулах, дутагдуулах, үгүй болгох /энэ заалтад үнийн дүн хамаарахгүй болно/” тохиолдлуудад ажилтанг ноцтой зөрчил гаргасанд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгасан байна.

 

Шүүхээс ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Дээр дурдсанчлан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

Хэдийгээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг тодорхойлон заасан байгаа ч нэхэмжлэгч Г.Б гэрээнд заасан буюу түүнийг ажлаас халсан тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргасан болох нь баримтаар нотлогдохгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй гэж шүүхээс үзлээ. 

 

Харин нэхэмжлэлд дурдагдсан “ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах” тухай хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байх тул энэ хэсгийг бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Г.Б нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж зааснаас үзвэл дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн буюу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн. №0327654 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар Г.Бд 2019 оны 01 дүгээр сард 910,000 төгрөг, 2 дугаар сард 910,000 төгрөг, 3 дугаар сард 995,590 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг ажил олгогчоос олгож байсан нь тогтоогдож байна.  

 

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар Г.Бгийн нэг сарын дундаж цалинг 938,530 төгрөг, нэг өдрийн цалинг 43,652 төгрөг гэж тооцохоор байна. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах  өдрийг хүртэл ажлын нийт 36 хоног байх тул энэ хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,571,472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгох нь зүйтэй.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-г ерөнхий боловсролын “Н” сургуулийн япон хэлний багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 1,571,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-д ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ерөнхий боловсролын “Н” сургуульд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,094 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ