Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/02713

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш-Э нэхэмжлэлтэй

Хариуцагч:М.Ц- холбогдох

32,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 31-нйи өдөр хүлээн авч хянан хэлэхцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга, хариуцагч М.Ц- , нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч М.Ц- эд холбогдуулан худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Ш.Э- миний бие ой судлаач мэргэжилтэй бөгөөд 2018 оноос хойш Улаанбаатар хотод шинээр баригдсан хотхоны гадна тохижилт ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийнхээ дагуу хийж гүйцэтгэн ажиллаж ирсэн. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаараас залгаж мод худалдан авч тариулах, ногоон байгууламжийн ажлыг хийлгэе гэж нэг хүн ярьсан. Тэгээд М.Ц- гэх залуу хүрч ирээд манай компани нь ногоон байгууламжийн ажил хийдэг яг байгаа нарс моднууд надад хэрэгтэй байна. Энэ моднуудаа надаа зарчих би бүгдийг нь авъя манай аав энэ чиглэлийн мэргэжлийн хүн байдаг аавыг маань   гэдэг Мод таксаци гэж аавынхаа компанийн нэр дээр би ажил олж хийдэг юм гэсэн.

Тухайн өдөр М.Ц- одоо 63 ширхэг мод хэрэгтэй байна энэ моднуудаа битгий зараарай би Хүүшийн аманд нэг тохижилтын ажил хийж байгаа юм, дараа долоо хоногт машинаа зараад бүх модыг чинь авна гэж байсан тул аман гэрээ байгуулж тухайн үед моднуудаа өгч тариулсан.Тухайн үедээ 2-3 метр өндөртэй нарс моднуудаа 250,000-300,000 төгрөгөөр зарж байсан боловч бөөнд нь 1 ширхгийг нь 200,000 төгрөгөөр 63 ширхэг модыг 12,600,000 төгрөгөөр өгч авахаар болж Хүүшийн ам ******* ХХК-ийн талбайд авч тарьсан. Түүнээс хойш М.Ц- дахиж Хүүшийн ам компанийн гадна тохижилтын ажил налуу газарт зүлэг тарих 700м2 , 120 ширхэг гоёлын бут тарих ажлыг 5,000,000 төгрөгөөр хийгээд өгөөч, 63 ширхэг модны мөнгийг хамт бөөнөөр нэг мөр өгье гэхээр нь зөвшөөрч тус ажлыг мөн л аман гэрээ байгуулж гүйцэтгэсэн.Нийт тооцоогоор 12,600,000+5,000,000=17,600,000 төгрөг болсон. Энэ мөнгийг одоо болтол өгөөгүй.

Мөн тухайн оны 9 дүгээр сард М.Ц- дахин холбогдож Зайсангийн аманд Дэнжид ХХК-ийн эзэмшил газарт баригдсан амралтын газарт 135 ширхэг нарс мод дахиж тариулъя, энэ компани хятадын хөрөнгө оруулалттай компани учир төлбөрийг ямар нэгэн асуудалгүй өгнө, өөрийнхөө мөнгөөр тарьчих, модоо тариад дуусангуут бүх тооцоог би энэ компаниас аваад тооцоог ямар ч асуудалгүй хийнэ гэсэн. Ингээд Д ХХК, Мод таксаци ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу туслан туслан гүйцэтгэгчээр ажиллаж тухайн талбайд 117 ширхэг нарс модыг тарьж өгсөн бөгөөд 3 метрийн өндөртэй мод 70 ширхэг, нэг ширхгийг 300,000 төгрөгт буюу 21,000,000 төгрөгөөр, 2 метрийн өндөртэй мод 47 ширхгийг нэг ширхгийг нь 250,000 төгрөг буюу 1,175,000 төгрөг буюу нийт 3,275,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн.Үүнээс үлдэгдэл төлбөр болох 13,750,000 төгрөгийг аваагүй байгаа. /хийсэн ажлын хавсралт зураг№2/ Үүний дараа Д ХХК-ийн Н.*******тэй 99113459 дугаар утсаар нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр холбогдоход ...М.Ц- тэй манай компани гэрээ хийж ажилласан нь үнэн, 2021 онд гэрээний дагуу тарьсан модныхоо бүх зардал мөнгийг манайхаас авчихсан бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй шүү гэсэн хариултыг өгсөн.

Мөн оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүрэгт байрлах Дэнжийн мянга захын баруун урд байрлах Герман улсын хөрөнгө оруулалттай Хабрид хаусны гадна талбайд 2 метр өндөртэй 14 ширхэг нарс модыг нэг бүр нь 250,000 төгрөгөөр буюу нийт 3,500,000 төгрөгөөр хийлгэх аман гэрээг М.Ц- надтай хийж модоо тариулсан бөгөөд энэ ажлын урьдчилгаа гэж 2,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 1,5000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Тухайн үед Хүүшийн ам, Зайсангийнхаа хийсэн ажлын хөлсийг нэхэхээр энэ ажлыг хийчих тэгээд бүх мөнгийг чинь өгөн гэж барьцаалж хийлгэдэг бөгөөд арга буюу өмнөх ажлын төлбөрөө авахын тулд ажлыг нь хийж өгдөг байв.

Ингээд 2021 оны туршид .*******тэй нийт 53,850,000 төгрөгийн ажил хийж өгсөн байдаг. ******* 2021 ондоо багтаагаад бүх тооцоогоо хийнэ гэж хугацаа авсаар байгаад өдийг хүргэсэн. 2022 он гарсны дараа 1, 2, 3 дугаар саруудад тогтмол ******* рүү залгадаг бөгөөд утсаа дуудуулаад огт авахгүй, нүүр тулж уулзъя гэхээр зугтаад уулздаггүй, зурвас бичихээр удахгүй өгнө, өглөө ш дээ гэдэг хариуг бичлэг боловч огт өгье гэсэн сэтгэл санаачилга гаргахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.Иргэн М.Ц- өөрийн аав, ээжийн нэрийг барьж аман гэрээ хийж бүх ажлаа хийлгэсэн бөгөөд тухайн үед нь цаасан гэрээ хийе гэхээр цаасан гэрээ шаардлагагүй бүх зардал мөнгийг даруй төлнө гэж хэлдэг байсан.

Ингээд түүнд залилуулж байна гэж үзээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1199 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.Тус шийдвэрт ...холбогдогч М.Ц- нь 32,850,000 төгрөгийн төлбөрийг гомдол гаргагч Ш.Э-д төлөөгүй байна, төлөхгүй байгаа учир нь ажил хийж байгаа ажил, төсөл дуусаагүй байна, энэ нь залилах гэмт хэргийн шинжгүй байгаа гэж тогтоосон тул иргэний шүүхэд нэхэмжлэлээ ийнхүү гаргаж байна. Иймд иргэн М.Ц- ээс 63 модны төлбөр, зүлэг мод тарьсны ажлын хөлс 17,600,000 төгрөг, Зайсангийн амралтын газарт таригдсан 117 ширхэг модны үлдэгдэл төлбөр 13,750,000 төгрөг, Дэнжийн мянгад таригдсан14 модны үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөг нийт 32,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие М.Ц- ойн хортон устгал, цэцэрлэгжүүлэлт, мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг Мод таксаци ХХК-ийн ойн инженерээр ажилладаг бөгөөд 2018 оноос эхлэн барилга байгууламжийн гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

2021 оны 06 дугаар сард Хүүшийн аманд байрлах ******* ХХК-ийн мод суулгах ,гадна тохижилтын ажлыг хийхээр болж том нарс мод хэрэг болсон тул фэйсбүүк дээрээс ******* гэдэг хүний мод зарна гэсэн зарын дагуу анх Ш.Э-тай холбогдсон. Тухайн үед ярихад миний аав, ээжийг таньдаг хүн болж таарсан. Том мод Улаанбаатарт оруулж ирэх зөвшөөрөлтэй газар ажилладаг байсан гэж хэлсэн. Мөн Улаанбаатарт оруулж ирсэн бэлэн олон тооны том нарс моднуудтай дээр модны үнийг ярилцан хямдруулж өгөх боломжтой гэсэн. Мөн том модыг ухаж авч шилжүүлэн суулгах үед маш их арчилгаа шаардаж байж ургадгаас гадна орчиндоо дасахгүй үхэх тохиолдол тухай бүрд нь сольж өгдөг моднууддаа хараа хяналт тавьж, бордоо хийх зэрэг анхааран эргэн тойрч байна гэсэх болохоор маш их таалагдаж итгэлтэй хүн санагдсан тул бэлэн байгаа моднуудыг авахаар тохиролцон төлбөрийг шууд төлөх боломгүй ******* ХХК-тай барилгын материалын бартерын гэрээтэй байгаа гэдгээ хэлэхэд ******* зээлээр авахыг зөвшөөрсөн тул эхний ээлжид 63 ширхэг мод авч Хүүгийн аманд байрлах ******* ХХК-ийн талбайд тариулахаар харилцан тохиролцсон.

Ингэхдээ олон тоогоор авч байгаа тул 2-3 метрийн өндөртэй 1 нарс модны үнийг 250,000 төгрөгөөс хямдруулж 200,000 төгрөгөөр тооцож Хүүшийн аманд байрлах ******* ХХК-ийн талбайд тариулсан. Мөн үргэлжлүүлээд тухайн компанид хийгдэх зүлэг тарих 700м2 талбайд 120 ширхэг гоёлын бут тарих тарилтын ажлын хөлсийг тухайн үеийн боломжит дээд үнээр тооцон хийлгэхээр болж ажлын хөлс 5,000,000 төгрөг байхаар тооцон хийлгэхээр болсон.

2021 оны 9 дүгээр сараас эхлэн түүний тарьсан моднуудын шардаж, үхэж, эхлээд ******* тохиролцсоныхоо дагуу үхсэн модыг сольж эхэлсэн.Ингээд хэлсэндээ хүрч сайн ажиллаж байснаас гадан ... Ах нь шүүхийн шийдвэр дээр асуудалтай байгаа болохоор энэ жил ажил багатай байгаа гэж хэлж байсан тул түүнд тус дэм болох үүднээс ******* ХХК-ийн захирал Ванчиндоржтой уулзан үргэлжлүүлэн ажил хийх хүнээр *******г найдвартай хүн гэж санал болгон өөрийн авсан ажлыг ******* ХХК-тай эцэс болгон Ш.Э-д шилжүүлж өгсөн. Энэ ажлыг Ш.Э- нь 2022 онд үргэлжлүүлэн хийсээр байсан бөгөөд тухайн үедээ ахдаа ажил олж өгсөнд баярлалаа ажлын мөнгийг боломжтой үедээ өгөөрэй гэж байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд бичсэн ажлын нэр, үнэ, хэмжээ болон өгсөн авсан мөнгөн дүн дээр маргаан байхгүй бөгөөд зөв таарч байна. Харин бүх ажлаас төлбөр дутуу мэтээр бичсэн байгаа нь худлаа юм. Ш.Э-гийн нэхэмжлэлд дурдсан ажлуудыг бид тохиролцож Ш.Э-гаар гүйцэтгүүлсэн бөгөөд модны мөнгийг тохирсон хугацаанаас хоцроосон ч бүгдийг нь төлж дуусгасан.

Харин Д ХХК-ийн барилгын гадна тохижилтын ажлын мөнгийг Ш.Э-д төлөөгүй, энэхүү мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж төлөхөөс татгалзсан. Учир нь:2021 онд миний зүгээс Зайсангийн аманд байрлах Д ХХК-ийн барилгын гадна тохижилтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тухайн компани нь том мод тариулах хүсэлт тавьсан тул мөн том модны эрэлд гарч Ш.Э-тай дахин холбогдсон. Том мод байгаа эсэхийг асуугаад, төлбөрийг ажил дууссаны дараа Д ХХК-иас төлбөрөө авч дууссаны дараа өгөхөөр харилцан тохиролцоход зөвшөөрөн 117 ширхэг модыг Ш.Э-гаас авч урдын нөхцөлийн адил модыг тарьж арчлахаар тохиролцсон. Ингэхдээ 3 метр өндөртэй мод 70 ширхэг, 1 бүрийн үнийг 300,000 төгрөг байхаар, 2 метрийн өндөртэй мод 47 ширхэг, нэг бүрийн үнийг 250,000 төгрөг тохиролцон нийт 32,750,000 төгрөгийн үнэ бүхий модыг Ш.Э- нь Д ХХК-ийн талбайд тарьсан нь үнэн. Д ХХК-тай миний зүгээс цэцэрлэгжүүлэлтийн ажлыг 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийхээр мод тарих ажлыг 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж өгч дуусгахаар тохиролцсон боловч ажил хийгдэх талбай бэлэн болоогүй,газар тэгшилгээ, цэвэрлэгээний ажлын үүдэлтэй ажил удааширч тохирсон хугацаанд багтахааргүй болсон. Хэдийгээр Ш.Э-гаар тариулсан 117 ширхэг мод тухайн хугацаанд багтаж таригдсан боловч зүлэг болон жижиг бутнуудын ажил хийгдэх талбай нь барилгын ажлаас улбаалан удааширсаар байсан. Мөн тухайн талбай маш их чулуулагтай, газар тэгшилгээ цэвэрлэгээний ажлууд тооцоолсноос их гарч байсан тул үүнтэй холбоотой хар шороо, бусад материалын зардал ажилчдын цалин хөлсний зардал,техник тоног төхөөрөмж түрээсийн зардлууд тооцоолсноос маш өндөр гарч байсан учраас Д ХХК-ийн эхний ээлжийн мөнгөнөөс Ш.Э-д өгөх боломжгүй байсан, энэ тухайгаа өөрт нь тухайн талбайд мод тариулж эхлэхдээ хэлээд ажил дуусаад төлбөрийг өгөхөөр тохиролцсон байсан учраас тухайн компаниас орж ирсэн мөнгөнөөс ажлаа явуулж дуусгахаар ажиллаж байсан. Ингэж явсаар он дамжиж хаврын усалгаа арчилгаа цаг тухай бүрд нь хийсээр байхад тухайн моднууд шарлаж хатаж байсан тул Ш.Э-гийн өмнө хэлж байснаар өөрийн тарьсан моднуудыг эргэж тойрч анхаарал хандуулж мөн үхвэл сольж өгнө гэсний дагуу Ш.Э-тай удаа дараа холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй байсан тул мессежээр ...моднуудаа ирж шалгаж үзээд өгөөч, модоо солих хэрэгтэй байна гэсэн боловч хариу өгөхгүй, холбогдохгүй байсан.

Энэ ажлын хүрээнд Ш.Э-гаар тариулсан 117 мод бүгд үхсэн бөгөөд үүнээс болж Д ХХК-д хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсны улмаас үлдэгдэл төлбөрөө авч чадахгүйгээс гадна манай компаниас тухайн тарьсан 117 үхсэн модны төлбөрийг шүүхээр нэхэмжилсэн. Учир нь: ******* моднуудыг арчлаагүй, ургах боломжгүй мод уулнаас авч ирж суулгасан /моднуудын гарал үүслийн бичиг өгөөгүй/ байх магадлалтайгаас шалтгаалж мод үхсэн, тухайн моднуудыг ургаагүй тохиолдолд сольж өгөх ёстой ******* нь холбогдохгүй удсанаас болж Д ХХК өөрсдийн зардлаар моднуудыг буцаан ухаж авч шинээр гацуур моднууд тарьсан.Иймд учраас ургаагүй моднуудын төлбөр болох 37,440,000 төгрөгийг манайхаас нэхэмжилсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022.04.26-ны өдрийн №1199 дугаар тогтоол(хх8) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.04.27-ны өдрийн 01298 дугаар захирамж(хх38-40), 2021.09.02-ны өдрийн №18/21 дугаар Хотхоны ландшафтны мод, бут, сөөгний ажил гүйцэтгэх гэрээ(хх43-47), Модтаксаци ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ(хх48-50) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр: 2022.04.18-ны өдрийн гэрчийн мэдүүлэг(хх30-32), SabsungS утаст авагдсан зурагт үзлэг хийж, баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч М.Ц- эд холбогдуулан нарс мод худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч М.Ц- нь нэхэмжлэгчээс худалдан авсан мод бүгд үхсэн, тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Хариуцагч М.Ц- нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэг, Хүүшийн ам, ******* ХХК-ийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэгч Ш.Э-гаас 63 ширхэг Нарс модыг нэг бүрийг 200,000 төгрөгт тооцон нийт 12,600,000 төгрөгт тооцон худалдан авахаар, компанийн гадна тохижилтын 700м2 налуу талбайд гоёлын бут, сөөг, зүлэг тарих ажлыг гүйцэтгүүлэхээр ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг нийт хариуцагч /12,000,000+5,000,000/ 17,000,000 төгрөгийг төлөхөөр;

Улмаар хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хан голомт хотхоны гадна талбай цэцэрлэгжилтийн ажлыг гүйцэтгэхээр 2021 оны 9 дүгээр сард Ш.Э-гаас дахин 3 метрийн өндөртэй 70 ширхэг Нарс модыг нэг бүрийг нь 300,000 төгрөгт тооцон нийт 21,000,000 төгрөгөөр, 2 метрийн өндөртэй Нарс модыг нэг бүрийг нь 250,000 төгрөгт тооцон 11,750,000 төгрөгөөр нийт 32,750,000 төгрөгөөр М.Ц- худалдан авахаар, нарс моднуудыг тарьж суулгах ажлыг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлэхээр, хариуцагч урьдчилгаанд 19,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 13,750,000 төгрөгийг хожим төлөхөөр;

2021 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Нийслэлийн Орон сууцны корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Хабрид хауз ХХК-ийн төслийн хүрээнд баригдсан хотхоны гадна талбайн тохижилтын ажилд 2 метрийн өндөртэй 14 ширхэг Нарс модыг нэг бүрийг нь 250,000 төгрөгт тооцон нийт 3,500,000 төгрөгөөр Ш.Э-гаас худалдан авах, мод тарих ажлыг Ш.Э- гүйцэтгэхээр урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хожим төлөхөөр зохигчид харилцан тохиролцсон байна

Зохигчдын хооронд  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцлийг хийсэн, талуудын тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар худалдах, худлалдан авах болон хөлсөөр ажиллах холимог гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид Нарс мод худалдан авсан модны үнэ, тоо ширхэг, гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч худалдан авсан модны үлдэгдэл төлбөр, 5,000,000 төгрөгийн зүлэг тарьж гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 32,850,000 төгрөгийг төлөөгүй гэж,

хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, Хабрид хауз хотхоны гүйцэтгэсэн ажлын хөлс, 1,500,000 төгрөгийг төлөх үүрэгт маргахгүй, нэхэмжлэгч мод шарлаж үхвэл сольж өгөхөөр тохирсон үүргээ биелүүлээгүй, Хүүшийн ам, Зайсанд тарьсан бүх мод үхсэн, Д ХХК-д Ш.Э-гийн гүйцэтгэсэн ажилд шүүхийн шийдвэрээр 107,950,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн тул зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар маргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 254.1.-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй., 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ гэж тус тус заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч ...том мод худалдаж байгаа компани, хувь хүмүүс мод шарлах, үхвэл сольж өгдөг. Анх Ш.Э-гаас мод худалдан авахад сольж өгнө, өөрөө модоо эргэж тойрно, ...ах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудалтай байгаа тул бичгээр гэрээ хийгээд хэрэггүй гэж хэлэхээр нь зөвшөөрч гэрээг хийгээгүй амаар тохиролцсон. гэж тайлбарласан.

Хэрэгт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/0  дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Д ХХК ******* ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №18/12 дугаар Хотхоны ландшафтны мод, бут, сөөгний ажил гүйцэтгэх гэрээ-г хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Уг баримтаас үзэхэд Д ХХК ******* ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №18/12 дугаар Хотхоны ландшафтны мод, бут, сөөгний ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хан голомт хотхон-ы гадна талбайд мод, бут, сөөг тарих ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ.

Мод таксаци ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д ХХК нь 107,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 0дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/0 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (хх38-47)

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй., 254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй., 254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. 343 дугаар зүйлийн 343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. 352 дугаар зүйлийн 352.4.Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана. гэж хуульчилсан.

Хариуцагч М.Ц 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 63 ширхэг, 9 дүгээр сард 117 ширхэг, 11 дүгээр сард 14 ширхэг 2-3 метрийн өндөртэй нийт 194 ширхэг Нарс модыг нэхэмжлэгч Ш.Э худалдан авч, мод, бут сөөг, зүлэг тариулах ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэн хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон болно.

Мод таксаци ХХК нь Д ХХК-ийн өмнө Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хан голомт хотхон-ы гадна талбайд мод, бут, сөөгийн тарих ажлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн туслан гүйцэтгэгчээр ажлын зарим хэсгийг гүйцэтгүүлэх бол захиалагчид мэдэгдэх, арчлах арчилгааг хариуцах, 5 жил баталгаат хугацааг гаргахаар үүрэг хүлээжээ. Харин нэхэмжлэгч Д ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, Модтаксаци ХХК нь гэрээнд тусгагдсанаар тусгай мэргэжлийн зөвшөөрөл бүхий туслан гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн талаар мэдэгдсэн эсэхийг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй .(хх43-50)

Зохигчдын хүсэлтээр шүүхээс М.Ц- ийн Samsung S8 маркийн гар утсанд хадгалагдаж буй зурагт үзлэг хийсэн. Үзлэгээр 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 14-ний өдрийн 09, 27, 09.31, 5 дугаар сарын 19-ний өдрийн 07.29, 6 дугаар сарын 05-ны өдрийн 05.01, 05.14, 6 дугаар сарын 06-ны өдрийн 04.26 цагт усалгаа хийж буй үйл баримт зурагт буулгагдсан байх бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчийн тарьсан бүх мод үхсэн гэх тайлбар нотлогдохгүй байна.

Хариуцагч ...нэхэмжлэгчийн тарьсан бүх мод үхсэн, би модыг солиулахаар холбоо тогтоох гэсэн боловч Ш.Э- олдохгүй байсан гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

Хэрэгт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1199 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар авагдсан, уг мэдүүлэгт хариуцагч М.Ц- нь ...Ш.Э-д төлөх төлбөрийг мэдэж байгаа. Хүүшийн аманд таригдсан модны төлбөр, зүлэг, мод тарьсан ажлын хөлс болох 17,600,000 төгрөг, Зайсангийн амралтын газарт таригдсан 117 модны модны үлдэгдэл төлбөр 13,750,000 төгрөг, Дэнжийн мянгад таригдсан 14 модны үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг буюу нийт 32,850,000 төгрөгийг *******д төлж барагдуулахаар байгаа бөгөөд шалтгаан ажлын төслүүд дуусаагүй энэ оны 5 сард ажлууд дуусахаар мөнгийг шилжүүлнэ. гэж мэдүүлжээ.

Зохигчид 2021 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Нарс мод худалдан авч тарьж суулгах ажлын гүйцэтгүүлэхээр тохирсноос үзэхэд хариуцагч М.Ц- худалдах худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гомдлыг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэв.

Иймд хариуцагч М.Ц ээс худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэсэн гэрээний үүрэгт төлөгдөөгүй 32,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Э-д олгох зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц- ээс улсын тэмдэгтийн хураамжид 322,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ц- ээс 32,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Э-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 322,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.3 д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/08686 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ