Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01675

 

 2023 08 28 210/МА2023/01675

 

Ш.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/02713 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ц-д холбогдох, 32,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие ой судлаач мэргэжилтэй бөгөөд 2018 оноос хойш Улаанбаатар хотод шинээр баригдсан хотхоны гадна тохижилт ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийнхээ дагуу хийж гүйцэтгэж ирсэн. 2021 оны 06 сарын 11-ний өдөр М.Ц хүрч ирээд ...63 ширхэг мод хэрэгтэй байна, энэ моднуудаа битгий зараарай, би Хнэг тохижилтын ажил хийж байгаа юм, дараа долоо хоногт машинаа зараад бүх модыг чинь авна.... гэж хэлсэн тул аман гэрээ байгуулж, тухайн үед моднуудаа өгч тариулсан. Тухайн үедээ 2-3 метр өндөртэй нарс моднуудаа 1 ширхгийг нь 200,000 төгрөгөөр, 63 ширхэг модыг 12,600,000 төгрөгөөр өгч, авахаар болж Х ам А ХХК-ийн талбайд авч тарьсан. Түүнээс хойш М.Ц дахиж ...Х ам компанийн гадна тохижилтын ажил налуу газарт зүлэг тарих 700 м.кв, 120 ширхэг гоёлын бут тарих ажлыг 5,000,000 төгрөгөөр хийгээд өгөөч, 63 ширхэг модны мөнгийг хамт бөөнөөр нэг мөр өгье... гэхээр нь зөвшөөрч тус ажлыг мөн л аман гэрээ байгуулж гүйцэтгэсэн. Нийт тооцоогоор 17,600,000 төгрөг болсон. Энэ мөнгийг одоо болтол өгөөгүй. Мөн оны 09 сард М.Ц дахин холбогдож ...З-ийн аманд Д ХХК-ийн эзэмшил газарт баригдсан амралтын газарт 135 ширхэг нарс мод дахиж тариулъя, энэ компани Хятадын хөрөнгө оруулалттай компани учир төлбөрийг ямар нэгэн асуудалгүй өгнө, өөрийнхөө мөнгөөр тарьчих, модоо тариад дуусангуут бүх тооцоог ямар ч асуудалгүй хийнэ... гэсэн. Ингээд Д ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллаж тухайн талбайд 117 ширхэг нарс модыг тарьж өгсөн бөгөөд 3 метрийн өндөртэй мод 70 ширхэг, нэг ширхгийг 300,000 төгрөгт буюу 21,000,000 төгрөгөөр, 2 метрийн өндөртэй мод 47 ширхэг, нэг ширхгийг нь 250,000 төгрөг буюу 1,175,000 төгрөг, нийт 3,275,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүнээс үлдэгдэл төлбөр болох 13,750,000 төгрөгийг аваагүй байгаа. Үүний дараа Д ХХК-ийн захирал Н.Б-тэй 2022 оны 03 сарын 24-ний өдөр холбогдоход ...М.Ц-тэй манай компани гэрээ хийж ажилласан нь үнэн, 2021 онд гэрээний дагуу тарьсан модныхоо бүх зардал мөнгийг манайхаас авчихсан бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй... гэсэн хариултыг өгсөн. Мөн оны 11 сард Чингэлтэй дүүрэгт байрлах Д захын баруун урд байрлах Герман улсын хөрөнгө оруулалттай Х гадна талбайд 2 метр өндөртэй 14 ширхэг нарс модыг нэг бүр нь 250,000 төгрөгөөр буюу нийт 3,500,000 төгрөгөөр хийлгэх аман гэрээг М.Ц надтай хийж модоо тариулсан бөгөөд энэ ажлын урьдчилгаа гэж 2,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн үед Х ам, З-ийн амны хийсэн ажлын хөлсийг нэхэхээр энэ ажлыг хийчих тэгээд бүх мөнгийг чинь өгнө гэж барьцаалж хийлгэдэг бөгөөд арга буюу өмнөх ажлын төлбөрөө авахын тулд ажлыг нь хийж өгдөг байсан. Ингээд 2021 оны туршид М.Ц-д нийт 53,850,000 төгрөгийн ажил хийж өгсөн. 2021 ондоо багтаагаад бүх тооцоогоо хийнэ гэж хугацаа авсаар байгаад өдийг хүргэсэн. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 сарын 26-ны өдрийн *** дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт залилах гэмт хэргийн шинжгүй гэж тогтоосон тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд М.Ц-ээс 63 модны төлбөр, зүлэг мод тарьсны ажлын хөлс 17,600,000 төгрөг, З-ийн амралтын газарт таригдсан 117 ширхэг модны үлдэгдэл төлбөр 13,750,000 төгрөг, Дэнжийн мянгад таригдсан14 модны үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөг, нийт 32,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2021 оны 06 сард Х А ХХК-ийн мод суулгах, гадна тохижилтын ажлыг хийхээр болж Ш.Э-тай холбогдон бэлэн байгаа моднуудыг авахаар тохиролцсон. Эхний ээлжид 63 ширхэг мод авч Х А ХХК-ийн талбайд тариулахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ олон тоогоор авч байгаа тул 2-3 метрийн өндөртэй 1 нарс модны үнийг 200,000 төгрөгөөр тооцож тариулсан. Мөн үргэлжлүүлээд тухайн компанид хийгдэх зүлэг тарих 700 м.кв талбайд 120 ширхэг гоёлын бут тарих тарилтын ажлыг 5,000,000 төгрөг байхаар тооцон хийлгэхээр болсон. 2021 оны 09 сараас эхлэн түүний тарьсан моднууд шарлаж, үхэж эхэлсэн. Ш.Э тохиролцсоныхоо дагуу үхсэн модыг сольж, хэлсэндээ хүрч сайн ажиллаж байсан. Түүнд тус дэм болох үүднээс А ХХК-ийн захирал Н.В-той уулзан үргэлжлүүлэн ажил хийх хүнээр Ш.Э-г найдвартай хүн гэж санал болгон өөрийн авсан ажлыг Ш.Э-д шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн ажлын нэр, үнэ, хэмжээ болон өгсөн авсан мөнгөн дүн дээр маргаан байхгүй бөгөөд зөв таарч байна. Харин бүх ажлаас төлбөр дутуу мэтээр бичсэн нь худлаа юм. Ш.Э-гийн нэхэмжлэлд дурдсан ажлуудыг бид тохиролцож Ш.Э-гаар гүйцэтгүүлсэн бөгөөд модны мөнгийг тохирсон хугацаанаас хоцроосон ч бүгдийг нь төлж дуусгасан. Харин Д ХХК-ийн барилгын гадна тохижилтын ажлын мөнгийг Ш.Э-д төлөөгүй, энэхүү мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж төлөхөөс татгалзсан. Учир нь 2021 онд миний зүгээс З-ийн аманд Д ХХК-ийн барилгын гадна тохижилтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тухайн компани нь том мод тариулах хүсэлт тавьсан тул Ш.Э-тай дахин холбогдож том мод байгаа эсэхийг асуугаад, төлбөрийг ажил дууссаны дараа, Д ХХК-аас төлбөрөө авч дууссаны дараа өгөхөөр харилцан тохиролцоход зөвшөөрөн 117 ширхэг модыг Ш.Э-гаас авч урьдын нөхцөлийн адил модыг тарьж арчлахаар тохиролцсон. Ингэхдээ 3 метр өндөртэй мод 70 ширхэг, 1 бүрийн үнийг 300,000 төгрөг байхаар, 2 метрийн өндөртэй мод 47 ширхэг, нэг бүрийн үнийг 250,000 төгрөг байхаар тохиролцон нийт 32,750,000 төгрөгийн үнэ бүхий модыг Д ХХК-ийн талбайд тарьсан нь үнэн. Хэдийгээр Ш.Э-гаар тариулсан 117 ширхэг мод тухайн хугацаанд багтаж таригдсан боловч зүлэг болон жижиг бутнуудын ажил хийгдэх талбай нь барилгын ажлаас улбаалан удааширсаар байсан. Мөн тухайн талбай маш их чулуулагтай, газар тэгшилгээ цэвэрлэгээний ажлууд тооцоолсноос их гарч байсан тул үүнтэй холбоотой хар шороо, бусад материалын зардал, ажилчдын цалин хөлсний зардал, техник, тоног төхөөрөмж, түрээсийн зардлууд тооцоолсноос маш өндөр гарч байсан учраас Д ХХК-ийн эхний ээлжийн мөнгөнөөс Ш.Э-д өгөх боломжгүй байсан. Энэ тухайгаа өөрт нь тухайн талбайд мод тариулж эхлэхдээ хэлээд ажил дуусаад төлбөрийг өгөхөөр тохиролцсон байсан учраас тухайн компаниас орж ирсэн мөнгөнөөс ажлаа явуулж дуусгахаар ажиллаж байсан. Ингэж явсаар он дамжиж хаврын усалгаа арчилгаа цаг тухай бүрд нь хийсээр байхад тухайн моднууд шарлаж хатаж байсан тул Ш.Э-гийн өмнө хэлж байснаар өөрийн тарьсан моднуудыг эргэж тойрч анхаарал хандуулж мөн үхвэл сольж өгнө гэсний дагуу Ш.Э-тай удаа дараа холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй байсан тул мессежээр моднуудаа ирж шалгаж үзээд өгөөч, модоо солих хэрэгтэй байна гэсэн боловч хариу өгөхгүй, холбогдохгүй байсан. Энэ ажлын хүрээнд Ш.Э-гаар тариулсан 117 мод бүгд үхсэн бөгөөд үүнээс болж Д ХХК-д хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсны улмаас үлдэгдэл төлбөрөө авч чадаагүйгээс гадна манай компаниас тухайн тарьсан 117 үхсэн модны төлбөрийг шүүхээр нэхэмжилсэн. Учир нь Д ХХК өөрсдийн зардлаар моднуудыг буцаан ухаж авч шинээр гацуур моднууд тарьсан. Иймд ургаагүй моднуудын төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ц-ээс 32,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 322,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. Зохигчдын хооронд тухайн модны хэмжээний талаар тохиролцсон ч модны чанарын талаар тухайлан тохиролцоогүй. Гэвч хуульд заасны дагуу зориулалтаар ашиглах боломжгүй буюу тухайн моднууд үхсэн учир ажлын үр дүн биет байдлын доголдолтойг илэрхийлж байна. Улмаар миний бие нэхэмжлэгчийг доголдлыг арилгах хүртэл үлдэгдэл ажлын хөлсийг төлөөгүй болно.

4.2. Шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэл бэлэн болдог. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Гэвч миний бие шүүхийн шийдвэрийг 2023 оны 06 сарын 04-ний өдөр болон 2023 оны 06 сарын 21-ний өдөр тус тус хэргийн материалтай танилцахад хэрэгт тэмдэглэл байгаагүй. Түүнчлэн, 2023 оны 06 сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа дахин хэргийн материалыг үзэхэд хэрэгт авагдаагүй байсныг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.  Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч М.Ц-д холбогдуулан модны үнэ, ажлын хөлс нийт 32,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...бидний хооронд тооцоо байхгүй, төлбөр мөнгийг бүгдийг төлсөн, нэхэмжлэгчийн тарьсан мод бүгд үхсэн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.  Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч Ш.Э-гаас 63 ширхэг 2-3 метрийн өндөртэй нарс модыг нийт 12,600,000 төгрөгөөр, 47 ширхэг 2 метрийн өндөртэй нарс модыг нийт 11,750,000 төгрөгөөр, мөн 70 ширхэг 3 метрийн өндөртэй нарс модыг нийт 21,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан;

3.2. Хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч Ш.Э-гаар Х зүлэг, бут тарих ажлыг 5,000,000 төгрөгөөр, мөн Д захын баруун урд талбайд мод тарих ажлыг 3,500,000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгүүлсэн;

3.3. Хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч Ш.Э-д модны үнэ, ажлын хөлсөнд төлөх ёстой нийт 53,850,000 төгрөгөөс 21,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 32,850,000 төгрөгийг төлөөгүй байгаа.

 

4.  Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа, мөн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5.  Хэргийн 8-р талд авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 1199 дугаар тогтоолд М.Ц гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Ш.Э-д төлөх төлбөрийг мэдэж байгаа ... нийт 32,850,000 төгрөгийг төлж барагдуулахаар байгаа. Шалтгаан нь хийж байгаа төслүүд дуусаагүй байгаа бөгөөд энэ оны 05 сард ажлууд дуусаад Ш.Э-гийн мөнгийг шилжүүлнэ... гэж мэдүүлсэн нь бичгийн баримтад тусгагджээ.

Дээрх бичгийн баримтаар хариуцагч М.Ц-ийн шүүхэд гаргасан ...бидний хооронд тооцоо байхгүй, төлбөр мөнгийг бүгдийг төлсөн... гэх тайлбар няцаагдаж байна.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлаа өөрөө нотлох, татгалзалтай холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Хариуцагч М.Ц нь ...нэхэмжлэгчийн тарьсан мод бүгд үхсэн... гэх тайлбараа хуульд заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

Иймд хариуцагчийн гаргасан ...нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.  Түүнчлэн, хариуцагчийн гаргасан ...шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байсан... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Учир нь, хэргийн 63-73-р талд 2023 оны 05 сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны 101/ТМ2023/02883 дугаартай тэмдэглэл авагдсан байна.

Мөн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргахыг шаардсан талаар баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

 

8.  Өмнө дурдсанчлан, хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч Ш.Э-д модны үнэ, ажлын хөлсөнд нийт 53,850,000 төгрөг төлөхөөс 21,000,000 төгрөгийг төлж, үлдэх 32,850,000 төгрөгийг төлөөгүй байх тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцнэ.

 

9.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/02713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 05-ны өдөр төлсөн 322,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР