Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/03078

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э Т Э ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т Д ХХК /рд:/-д холбогдох

 

Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 76,603,372 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 560,967,671.81 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгох, нэмэгдсэн өртгийн албан татварыг падаан үйлдэхийг даалгаж нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, өмгөөлөгч Т.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э Т Э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Э Т Э ХХК нь Т Д ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах болон гэрээний үүрэгт 76,603,372 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 560,967,671.81 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай байгууллага 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Т Д ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022.09.05-ны өдөр хүртэл 1,594,214,500 төгрөгийн бетон, помп машины ажлын хөлс 120,354,000 төгрөг, нийт 1,736,968,500 \нэг тэрбум долоон зуун гучин зургаан сая есөн зуун жаран найман мянга таван зуу\ төгрөгийн үнэлгээ бүхий бараа, ажил үйлчилгээг Т Д ХХК-д нийлүүлсэн. Үүнээс Т Д ХХК нь нийт 1,685,899,586 төгрөгийг нь бартерын журмаар төлсөн бөгөөд үлдэгдэл 51,068,914 төгрөг байна. Үлдэгдэл төлбөрөө шаардаж төлөх хугацаа олгож, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах тухай агуулга бүхий албан тоотыг 2021.10.28-ны өдөр тус компанид хүргүүлсэн. Мөн гэрээний 6.7-д худалдан авагч тал нь захиалсан бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн зэрэг тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэхүйц алдангийг худалдагч талд төлнө гэж заасан.Тус компанид мэдэгдэл хүргүүлж хугацаа олгосон өдөр буюу 2021.12.01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл нийт 209 хоног байна. Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцоход 1 өдөрт 25.344 төгрөг, нийт 209 хоногт 53,366,896 төгрөг болохоор байна. /51,068,914 төгрөг х 0,5%= 25.34425,344 төгрөг х 209 хоног= 53,366,896 төгрөг/

Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн 53,366,896 төгрөгийг 25,534,457 төгрөг болгож бууруулсан болно. Т Д ХХК нь үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй, хэзээ төлөх нь тодорхойгүй, утсаа авахгүй байна. Иймд хариуцагчаас гэрээний гүйцэтгээгүй үнэ 51,068,914, алданги 25,534,457 нийт 76,603,372 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч Э Т Э ХХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Э Т Э ХХК нь Т Д ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 76,603,372 төгрөг гаргуулахаар тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. Манай байгууллага 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Т Д ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний үнийн дүнгээс Т Д ХХК нь нийт 1,685,899,586 төгрөгийг бартерын журмаар төлсөн. Бартерт Тоёота Ланд крузер/Toyota Land Cruiser/ 200 маркийн 00-00УБҮ улсын дугаартай автомашиныг 85,000,000 төгрөгт тооцон өгсөн. Гэвч тус автомашины гэрчилгээг одоо хүртэл манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байна. Түүнчлэн энэ талаар Т Д ХХК-д удаа дараа мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд тухай бүрт Т Д ХХК нь хариу өгөхгүй эсвэл шалтаг тоочиж автомашины гэрчилгээг шилжүүлж өгөөгүй байна. Иймд Тоёота Ланд крузер Toyota Land Cruiser/  00-00 УБҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг Э Т Э ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч Э Т Э ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: манай байгууллага 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Т Д ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний төлбөрийн зарим хэсгийг бартераар төлж барагдуулсан. Т Д ХХК нь: ланд крузер /Toyota Land Cruiser/ 200 авто машиныг тээврийн хэрэгслийг 85,000,000 төгрөгт, тоёота велфайр автомашиныг 38,000,000 төгрөгт, тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 153.5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 291,650,000 төгрөгт нийт 444,650,000 төгрөгийн төлбөрийг бартераар төлөгдсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар НӨАТ төлөгч байгууллага бүр Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх бараа, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэх ёстой.Гэтэл Т Д ХХК-иас бартерт өгсөн бараа бүтээгдэхүүнд одоог хүртэл нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдээгүй байна. Иймд Т Д ХХК-аас бартерт өсгөн 444,650,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

4.Хариуцагч Т Д ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э Т Э ХХК нь Т Д ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 51,068,914, төгрөг алданги 25,532,457 төгрөг нийт 76,603,372 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Манай Т Д ХХК нь Э Т Э ХХКтай 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний дагуу нийт 1,729,696,485.500 төгрөгийн үнийн дүн бүхий цемент, хайрга, орон сууц, авто машин зэрэг бараа, ажил үйлчилгээгээр төлж барагдуулахаар тохиролцсон. Бид нийт 1,729,696,485.81 төгрөгийг үнийн дүн бүхий цемент, хайрга, орон сууц, автомашин зэрэг бараа ажил үйлчилгээгээр төлж барагдуулсан байх ба 7,272,014.2 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох гэрээний төлбөрт 51,068,914 төгрөгөөс 7,272,014.2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөрүү 43,796,899.8 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алданги болох 25,534,457 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худлалдан авах гэрээ-д бетон зуурмагийн төлбөрийг төлөх хугацааг Иргэний хуулийн 232 дугаар 232.6 -д заасан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.7-д тохиролцсон хугацаандаа энэхүү гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр заасан Гэтэл нэхэмжлэгч нэг талын мэдэгдэлд заасан хугацаанаас хойш алданги тооцсон хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 76,603,372 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 69,331,356.8 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Т Д ХХК нь "Э Т Э" ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ" байгуулан уг гэрээний дагуу нийт 1,736,968,500 төгрөгийн зуурмаг болон ажил үйлчилгээ хүлээн авсан. Уг гэрээний төлбөрөөс 1,729,696,485,81 төгрөгийг "Н" ХХК-иас авах авлагаараа төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 76,603,372 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Тоёота Ланд крузер /Toyota Land Cruiser/ 200 маркийн 00-00УБҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

6.Т Д ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т Д ХХК нь "Э Т Э" ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ" байгуулан уг гэрээний дагуу нийт 1,736,968,500 төгрөгийн зуурмаг болон ажил үйлчилгээ хүлээн авсан. Уг гэрээний төлбөрөөс 1,729,696,485,81 төгрөгийг "Несис" ХХК-иас авах авлагаараа төлж барагдуулсан.

"Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль"-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ" гэж заасан. Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэх, тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох, албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулах үүрэгтэй талаар хуульчилсан. Гэтэл "Э Т Э" ХХК нь манай компанийн төлсөн төлбөрөөс 1,168,728,814.79 төгрөгт төлбөрийн баримт үйлдэн Нэмүүн өртгийн албан татварын падаан үйлдэж системд бүртгүүлсэн боловч одоо үлдэгдэл 560,967,671.81 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгоогүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдээгүй байна. "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль"-ийн 11.1 -д Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасан тул дээрх дүнгээс тооцоход 56,096,767,18 төгрөгийн татвар системд шивэгдэх учиртай билээ. "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль"-ийн 14.4-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ, мөн 14.5.-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж хуульд заасан тул манай компани нь одоо хүртэл 2020 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татвар болох 56,096,767.18 төгрөгийн татварын хасалт хийлгэж чадалгүй өнөөдрийг хүрж байна. Энэ зөрүү дүнгээр татварын өр үүсэж бид татварыг хугацаандаа төлөөгүйн алданги хүртэл хүлээсээр байна. Иймд манай компаниас Э Т Э" ХХК-д төлсөн 560,967,671.81 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгох, нэмэгдсэн өртгийн албан татварыг падаан үйлдэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7.Э Т Э ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: . Хариуцагч Т Д ХХК-н гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т зааснаар Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ мөн 14.4-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2 байгууллага харилцан бараа бүтээгдэхүүн борлуулсан бол харилцан НӨАТ-ын падаан үйлдэх бөгөөд тус падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийж, 2 байгууллага татварын өргүй үлдэнэ. Гэтэл Т Д ХХК нь манай байгууллагад бартерын журмаар олгосон буюу байр, машин зэрэг 444,650,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүндээ одоог хүртэл НӨАТ-ын падаан үйлдээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага НӨАТ-ын падаан үйлдэх үүргийг харилцан бие биеийнхээ өмнө хүлээхээр байна. Иймд манай байгууллагын зүгээс Т Д ХХК нь бартерын бараа бүтээгдэхүүндээ НӨАТ-ын падаан үйлдсэний дараа манай байгууллагаас НӨАТ-ын падаан үйлдэхэд татгалзах зүйлгүй болно гэв.

 

8.Нэхэмжлэгч шүүхэд: Улсын бүртгэлийн гэрчилгээ(хх4), итгэмжлэл(хх5-6,22,38-39), 2020.04.28-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ(хх7-12),2021.10.28-ны өдрийн мэдэгдэл(хх13), Т Д ХХК-ийн бүртгэлийн лавлагаа(хх23), 2020.10.19-ний өдрийн бараа материал хүлээлцэх акт(хх146) зэргийг гаргаж өгсөн.

9.Хариуцагчаас шүүхэд: итгэмжлэл(хх37,85), 2021.05.31-ний өдрийн Несис ХХК-д нийлүүлсэн зуурмагийн тооцоо(хх43-46), Улсын бүртгэлийн гэрчилгээ(хх87),компанийн дүрэм(хх88-90),тооцоо нийлсэн акт(хх94) зэргийг нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

10.Нэхэмжлэгч Э Т Э ХХК нь хариуцагч Т Д ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний үүрэгт төлөгдөөгүй үнийн дүнд 51,068,914 төгрөгийг, алданги 25,534,457 төгрөгийг нийт 76,603,372 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Тоёота ланд крузер 00-00 УБҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч Т Д ХХК нь Тоёота ланд крузер /Toyota Land Cruiser/ 200 маркийн 00-00 УБҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 76,603,372 төгрөгийн шаардлагаас алданги 25,534,457 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т Д ХХК нь Э Т Э" ХХК-д төлсөн 560,967,671.81 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгох, нэмэгдсэн өртгийн албан татварыг падаан үйлдэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Үндсэн шаардлагын тухайд:

Худалдах худалдан авах болон тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 51,068,914 төгрөгийг, алданги 25,534,457 нийт 76,603,372 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

10.1. Зохигчид харилцан тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-г байгуулжээ.

10.2. Уг гэрээгээр нэхэмжлэгч худалдагч тал болох Э Т Э ХХК-иас 27,542.45 метр куб бетон зуурмагийг 1,594,214,500 төгрөгийн үнэтэйгээр худалдан авах, помп авто машины ажлын хөлсөнд 120,354,000 төгрөгөөр тээвэрлүүлэхээр нийт 1,736,968,500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, тээвэрлэлтийн гэрээг хариуцагч Т Д ХХК-д, Т Д ХХК нь худалдан авсан барааны төлбөрийн үнийн дүнгийн 50 хувьд Хөтөлийн цемент шохойн цементийг, 50 хувьд хайрга нийлүүлж, төлөхөөр харилцан тохиролцжээ.(хх7-12)

10.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн болон худалдах, худалдан авах холимог гэрээний харилцаа үүсжээ.

10.4.Шүүхийн хэлэлцүүлэгт ...нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үнийн дүнгээс хариуцагч Т Д ХХК нь 1,685,899,586 төгрөгийг нь бартерын журмаар төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул алдангийн хам гаргуулна, бартерт шилжүүлэн авсан Тоёота ланд крузер /Toyota Land Cruiser/ 200 маркийн  00-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж авна гэж;

...хариуцагч тал дээрх гэрээний үүрэгт төлөх төлбөрөөс 1,729,696,485.81 төгрөгийг "Несис" ХХК-иас авах авлагаараа төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, Тоёота ланд крузер /Toyota Land Cruiser/ 200 маркийн 00-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрнө гэж тус тус тайлбарласан.

11.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 308 дугаар зүйлийн 308.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний:

а. 1.3-д гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны ... сарын ... өдөр /хэрэв төлбөр тооцоотой бол түүнийг бүрэн барагдуулах хүртэл/ үргэлжилнэ.;

б. 2.1-д нийт 27,542,45м3 нийт дүн 4,390,621,200 төгрөг;

в. Насост машины ажлын хөлс нь уртын хэмжээнээс үл хамааран 1м3 шахалтын хөлсийг 12,000,000 төгрөг байна.;

г. Худалдан авагчийн захиалсан бетон зуурмагийн төлбөрийг тохиролцсоны дагуу төлөх үнийн дүнгийн 50 хувьд буюу 2,195,310,600 төгрөг, Хөтөл цемент шохой ХК-ийн цементийг 1 тонн нь 165,800 төгрөгөөр /НӨАТ орсон/ нийт 13,240.72 тонн цемент болон үлдэгдэл 50 хувь буюу 2,195,310,600 төгрөгт 0-5 хайргыг 1 м3 нь 13,600 төгрөгөөр /НӨАТ орсон/ нийт 161,420м3 хайрга нийлүүлнэ.;

д. 4.2.8-д худалдан авагч тал захиалгат бетон зуурмагийг ХУД-ийн 15 дугаар хорооны Улаанбаатар сувиллын урд байрлах барилгын талбайд хүлээн авах ....... хангаж өгөх үүрэгтэй.;

е. 6.7-д худалдан авагч тал захиалсан бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаандаа буюу энэхүү гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн зэрэг тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэхүйц алдангийг худалдагч талд төлнө. гэж тохиролцсон.

12.Дээрх гэрээнд   хуулийн этгээдийн хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ, 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн хуулийн зүйл, заалтуудад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй тул хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

13.Талууд хооронд байгуулсан дээрх гэрээний үүрэгт хариуцагч Т Д ХХК нь нийт 1,168,728,815 төгрөгийг нэхэмжлэгчид Э Т Э ХХК-д төлөгдсөн. Харин зохигчид үлдэгдэл 560,967,670.81 төгрөгийн төлбөрт бартерт ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг 85,000,000 төгрөгт, тоёота велфайр автомашиныг 38,000,000 төгрөгт, тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 153.5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 291,650,000 төгрөгт нийт 444,650,000 төгрөгийн үнэ бүхий хөдлөх, болон үл хөдлөх хөрөнгийг төлбөрт шилжүүлсэн, шилжүүлж авсан талаар хэн аль нь маргаагүй.(хх74,94,146)

14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э Т Э ХХК нь бартерт нийлүүлсэн хөрөнгийн үнийн дүн 444,650,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж, уг шаардлагаасаа нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.(хх144-146,148)

15. Зохигчдын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний төлбөрт 1,736,968,500 төгрөгийг төлөхөөс хариуцагч Т Д ХХК нь 1,685,899,586 төгрөгийн төлбөрийг бартераар төлөгдөж, 51,068,914 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул Т Д ХХК-иас гэрээний үүрэгт 51,068,914 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э Т Э ХХК-д гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.Харин талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 1.3-д талууд гэрээний хугацааг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, гэрээ үргэлжлэх, дуусах хугацааг тодорхойлоогүй байна.(хх-7)

16. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болох хугацааг тогтоогүй байх тул гэрээний 6.7-д зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж үзэв.

17. Иймд хариуцагч Т Д ХХК-иас худалдах худалдан авах, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 51,068,914 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Т Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 25,534,457 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тоёота ланд крузер/Toyota Land Cruiser/ 200 маркийн 00-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Т Д ХХК нь Э Т Э ХХК-д шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг, Э Т Э ХХК-ийн бартерт төлөгдсөн 444,650,000 төгрөгт нэмүүн өртгийн падаан үйлдэхийг даалгах тухай нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг тус тус баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг шаардлагын тухайд:

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т Д ХХК нь Э Т Э" ХХК-д төлсөн 560,967,671.81 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгох, нэмэгдсэн өртгийн албан татварыг падаан үйлдэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

19. Э Т Э ХХК нь манай байгууллага бартерт төлөгдсөн 444,650,000 төгрөгт НӨАТ-ын падаан үйлдээгүй, уг үнийн дүнд ногдох НӨАТ-ын падаан үйлдсэний дараа манай байгууллага Т Д ХХК-д 560,967,671.81 төгрөгийн төлбөрт НӨАТ-ын падаан үйлдэхэд татгалзахгүй гэж маргаж байна.

20. Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-г байгуулж, уг гэрээний үүрэгт төлөх төлбөрт Т Д ХХК нь 1,168,728,815 төгрөгийг Э Т Э ХХК-д төлөгдсөн талаар хэн аль нь хүлээг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон.

21. Гэрээний үүргээс үлдэгдэл 560,967,670.81 төгрөгийн нь төлбөрт нэхэмжлэгч Э Т Э ХХК-д ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг 85,000,000 төгрөгт, тоёота велфайр маркийн тээврийн хэрэгслийг 38,000,000 төгрөгт, тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 153.5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 291650,000 төгрөгт нийт 444,650,000 төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бартерт Т Д ХХК нь шилжүүлсэн, шилжүүлсэн авсан, үлдэгдэл 51,068,914 төгрөгийг төлбөр ийг хариуцагч төлөх үүрэгтэй талаар маргахгүй байна.(хх74,94,146)

22. Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна. 95.4.-д Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.,

23. Нягтлан бодох бүртгэлийн тухай 8 дугаар зүйлийн 8.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна, 9.1.Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй. гэж хуульчилсан.

24. Талуудын хооронд бйагуулсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-д дурдагдсан бараа худалдан авсан барааны, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бартераар төлөгдсөн үнийн дүнд Компанийн болон Нягтлан бодох бүртгэл тухай хуульд хуульд зааснаар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг үнэн зөв тайлагнах гаргах үүрэгтэй.

25. Нэмүүн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ, 14.4-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ гэж зааснаар зохигчид харилцан тохиролцож, гэрээний үүргийн төлбөрийг бартераар тохиролцож, тооцогдон төлөгдөх үнийн дүнд ногдох нэмүүн өртгийн албан татварын падааныг харилцан үйлдэх үүрэгтэй.

26.Зохигчдыг харилцан бартерт төлөгдсөн эд хөрөнгийн үнийн дүнг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.4, 13.1.,14.3.-д зааснаар анхан шатны баримт нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, мэдээллийг үнэн зөв хөтлөх үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

27. Иймд Т Д ХХК-ийн Э Т Э" ХХК-д гэрээний үүрэгт бартераар төлөгдсөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн, гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр болох 560,967,671.81 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгох, нэмэгдсэн өртгийн албан татварыг падаан үйлдэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 380 дугаар зүйлийн 380.1, Нэмүүн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Т Д ХХК-иас худалдах худалдан авах, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 51,068,914 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Т Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 25,534,457 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, худалдах, худалдан авах, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт бартерт төлөгдсөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн 444,650,000 төгрөгийн, гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 51,068,914 төгрөгт нийт 560,967,671.81 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгох, нэмэгдсэн өртгийн албан татварыг падаан үйлдэхийг Э Т Э ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.2, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Э Т Э ХХК-ийн 444,650,000 төгрөгт НӨАТ падан үйлдэхийг даалгах тухай, Т Д ХХК-ийн тоёота ланд крузер/Toyota Land Cruiser/ 200 маркийн 00-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Э Т Э ХХК-д шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.3 д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/16684 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ