Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01695

 

2023 09 01 210/МА2023/01695

  

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/03078 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох,

худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 51,068,914 төгрөг, алданги 25,534,457 төгрөг, нийт 76,603,372 төгрөгийг гаргуулах, мөн ***  улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

560,967,671 төгрөгийн НӨАТ-ын падаан үйлдэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани 2020 оны 04 сарын 28-ны өдөр Т ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2020 оны 05 сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл 1,594,214,500 төгрөгийн бетон нийлүүлж, помп машины ажлын хөлс 120,354,000 төгрөг, нийт 1,736,968,500 төгрөгийн үнэлгээ бүхий бараа, ажил үйлчилгээг нийлүүлсэн. Үүнээс Т ХХК нийт 1,685,899,586 төгрөгийг бартерын журмаар төлсөн. Үлдэгдэл 51,068,914 төгрөгийг шаардаж, төлөх хугацаа олгосон боловч төлж барагдуулаагүй. Гэрээний 6.7-д ...худалдан авагч тал нь захиалсан бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн зэрэг тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэхүйц алдангийг худалдагч талд төлнө... гэж заасан. 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл нийт 209 хоног байна. Алданги тооцоход 1 өдөрт 25,344 төгрөг, нийт 209 хоногт 53,366,896 төгрөг болохоор байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн 53,366,896 төгрөгийг 25,534,457 төгрөг болгож бууруулсан болно. Иймд хариуцагчаас гэрээний гүйцэтгээгүй үнэ 51,068,914, алданги 25,534,457 нийт 76,603,372 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Т ХХК нь Тоёота Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашиныг 85,000,000 төгрөгт, Тоёота Велфайр маркийн автомашиныг 38,000,000 төгрөгт, Тоёота Кроун маркийн автомашиныг 30,000,000 төгрөгт, Хан-Уул дүүргийн ***-р хороонд байрлах 153,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 291,650,000 төгрөгт тус тус тооцон нийт 444,650,000 төгрөгийн төлбөрийг бартераар төлсөн. Иймд *** улсын дугаартай Тоёота Тоёота Ланд Крузер маркийн автомашины гэрчилгээг Э ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Талууд 2020 оны 04 сарын 28-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт 1,736,968,500 төгрөгийн зуурмаг болон үйлчилгээ хүлээн авсан. Талууд гэрээний төлбөрийг бартераар төлж барагдуулахаар тохиролцсон. Үүний дагуу нийт 1,729,696,485 төгрөгийн үнэ бүхий цемент, хайрга, орон сууц, автомашин зэрэг бараа, ажил үйлчилгээгээр төлж барагдуулсан. Алданги 25,534,457 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-нд бетон зуурмагийн төлбөрийг төлөх тодорхой хугацаа заагаагүй. Мөн гэрээний 6.7-д тохиролцсон хугацаандаа буюу энэхүү гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэг талын мэдэгдэлд заасан хугацаанаас хойш алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин *** улсын дугаартай Тоёота Ланк Крузер-200 маркийн автомашины гэрчилгээг шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь 2020 оны 04 сарын 28-ны өдрийн "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу нийт 1,729,696,485 төгрөгийг "Н" ХХК-аас авах авлагаараа төлж барагдуулсан. "Э" ХХК нь манай компанийн төлсөн төлбөрөөс 1,168,728,814 төгрөгт НӨАТ-ын падаан үйлдэж системд бүртгүүлсэн боловч үлдэгдэл 560,967,671 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгоогүй, НӨАТ-ын падаан үйлдээгүй байна. Иймд манай компаниас Э" ХХК-д төлсөн 560,967,671 төгрөгийн төлбөрт НӨАТ-ын падаан үйлдэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т ХХК нь манай байгууллагад бартерын журмаар олгосон байр, машин зэрэг 444,650,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүндээ одоог хүртэл НӨАТ-ын падаан үйлдээгүй байна. Т ХХК нь бартерын бараа бүтээгдэхүүндээ НӨАТ-ын падаан үйлдсэний дараа Э ХХК-аас НӨАТ-ын падаан үйлдэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 380 дугаар зүйлийн 380.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК-аас худалдах, худалдан авах, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 51,068,914 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 25,534,457 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, худалдах, худалдан авах, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт бартерт төлөгдсөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн 444,650,000 төгрөгийн, гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 51,068,914 төгрөг, нийт 560,967,671 төгрөгийн төлбөрт төлбөрийн баримт олгох, НӨАТ-ын падаан үйлдэхийг Э ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э ХХК-ийн 444,650,000 төгрөгт НӨАТ-ын падаан үйлдэхийг даалгах тухай, Т ХХК-ийн Тоёота Ланд Крузер-200 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Э ХХК-д шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Иргэний хуульд үүрэг биелүүлэх хугацааг хууль болон гэрээгээр тодорхойлоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардсан хугацаагаар тогтоож болохоор хуульчилсан. Энэ нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсэгт тусгалаа олсон. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох төдийгүй үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа олгох зорилгоор хариуцагч байгууллага руу албан тоот илгээж байсан. Гэтэл шүүхээс тус нэмэлт хугацаа олгосон албан тоотуудыг харгалзан үзээгүй бөгөөд дүгнэлт хийгээгүй.

6.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тохиолдолд хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэтэл хариуцагчаас зөвхөн шүүх хуралдааны үед л энэ талаар амаар хэлсэн, бичгээр гаргаж өгөөгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхгүй байх нөхцөлийг үүсгэсэн байна.

6.3.  Хариуцагчийн гаргасан нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой бөгөөд энэ талаар НӨАТ-ын тухай хуупийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэгч маргасаар байхад шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүнгийн, хууль хэрэглээний, найруулгын өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 51,068,914 төгрөг, алданги 25,534,457 төгрөг, нийт 76,603,372 төгрөгийг гаргуулах, мөн *** улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Т ХХК нь алданги 25,534,457 төгрөгийг эс зөвшөөрч, 560,967,671 төгрөгийн НӨАТ-ын падаан үйлдэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 22, 25, 129-130, 142, 144, 182-192/

Нэхэмжлэгч нь 444,650,000 төгрөгийн НӨАТ-ын падаан үйлдэхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх уг шаардлагыг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. /хх 148/

 

3.   Талууд 2020 оны 04 сарын 28-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь БМ-350 болон БМ-150 маркийн бетон зуурмаг нийлүүлэх, насост машинаар бетон зуурмагийг шахах, Т ХХК нь гэрээний үнийг төлөх, уг төлбөрийн 50 хувийг бартераар гүйцэтгэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-12/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч мөн талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь оновчгүй болжээ.

Учир нь, Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний талууд худалдан авсан эд хөрөнгийг хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбоотой зардлыг хэн хариуцах талаар харилцан тохиролцож болох тухай заажээ.

 

5.   Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Э ХХК нь нийт 1,736,968,500 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн, үүнээс хариуцагч Т ХХК нь 1,685,899,586 төгрөгийг цемент, хайрга, орон сууц, автомашин зэргээр төлсөн, үлдэх 51,068,914 төгрөгийг төлж барагдуулаагүй үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

Иймд хариуцагч Т ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 51,068,914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

6.   Алданги 25,534,457 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.7-д Худалдан авагч тал захиалсан бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаандаа буюу энэхүү гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн зэрэг тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэхүйц алдангийг худалдагч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Хариуцагч нь алданги эс зөвшөөрч байгаа үндэслэлээ ...талууд гэрээгээр төлбөр төлөх хугацааг тохиролцоогүй... гэж тайлбарлаж байх ба анхан шатны шүүх ...гэрээг дуусгавар болгох хугацааг тогтоогүй байх тул гэрээний 6.7-д зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй... гэж дүгнэж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол ... үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж, мөн зүйлийн 208.3 дахь хэсэгт ...үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу худалдан авагч Т ХХК-ийн төлбөр төлөх хугацааг тогтоох боломжтой байна.

Хэргийн 13-р талд Э ХХК-аас Т ХХК-д гэж хаягласан 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 04/147 тоот албан бичиг авагдсан, уг албан бичигт ...бетон зуурмагийн төлбөр болох 51,068,914 төгрөгийг ... 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах шаардлагыг хүргүүлж байна... гэж дурдсан байх ба хариуцагч уг албан бичгийг хүлээн авсан эсэх тал дээр маргаагүй.

Иймд 2021 оны 12 сарын 11-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 06 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд алданги тооцоход 51,068,914 х 0,5% х 199 = 50,813,569 төгрөг гарч байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцүүлэн хариуцагч Т ХХК-аас 51,068,914 : 2 = 25,534,457 төгрөгийн алданги гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй.

 

7.   560,967,671 төгрөгийн НӨАТ-ын падаан үйлдэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг нэгдсэн системд илгээх үүргийг албан татвар суутган төлөгч хүлээх бөгөөд мөн зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э ХХК нь НӨАТ-ын падаан үйлдэж өгөхгүй байгаа тохиолдолд хариуцагч Т ХХК нь Татварын ерөнхий газар, эсхүл харьяа татварын албанд мэдэгдэж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байна.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой... гэсэн үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

8.   Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулна. Үүнд:

8.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн талаар гарж буй шийдвэртэй хамт мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй тул уг алдааг залруулна;

8.2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн боловч холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилаагүй алдаа гаргасныг залруулна;

8.3. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохигчдын хооронд үүссэн маргаантай шууд хамааралгүй зүйлийг тусгасныг хассан өөрчлөлтийг оруулна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх, тогтоох хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэрийг Нэмүүн өртгийн албан татварын тухай хууль гэж алдаатай бичсэн, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...106 дугаар зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.2... гэж техникийн алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/03078 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 76,603,371 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, *** улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Э ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-д холбогдох, 560,967,671 төгрөгийн НӨАТ-ын падаан үйлдэхийг даалгах тухай хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 681,367 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 611,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д буцаан олгож, улсын төсвөөс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Т ХХК-д буцаан олгосугай гэж нэмж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 285,613 төгрөг болон 70,200 төгрөг, нийт 355,813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.НЯМБАЗАР