Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2023/00160

 

2023      06        22                                             157/ШШ2023/00160   

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Г сумын 2 дугаар багт оршин суух, Ц овогт Д-ын Г /РД:СЩ00000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Г сумын О багт оршин суух, Б-ын Б, Сайнжаргалын Б нарт  холбогдох,

“Газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч А.Б /цахимаар/ хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Хариуцагч С.Б нь Увс аймагт байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Б, С.Б нарт холбогдуулан “Газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

“...Малчин айлууд өвөлжөө, хаваржаа гэсэн хэд хэдэн газартай байдаг. Миний бие өөрийн эзэмшлийн 00001012... дугаартай “И усны зүүн хойд арын бууц”-нд нутагладаг. Миний өвөлжөөний газар албан ёсны гэрчилгээтэй. Уг өвөлжөөн дээр Б.Б, С.Б нар өнгөрсөн намар, өвлөөр зөвшөөрөлгүй буугаад одоо болтол газар чөлөөлж өгөхгүй байгаа тул газрыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. ...Хариуцагч нар давхцаагүй гэж тайлбарладаг, энэ нь худлаа, давхцсан. Х гэх газар хаана байдгийг би мэдэхгүй. ...Багийн Засаг даргад “би энэ бууцыг өвөлжөөндөө авъя” гэж хэлэхэд нэр усыг нь би мэдэхгүй, авах гэж буй хүмүүс нэрээ өгөөд авдаг гэж хэлсэн. Тэгээд нэрээ өгөөд, өргөдлөө өгөөд авсан. 2022 оны 8 дугаар сард гэрчилгээ нь олгогдсон. Координатыг сумын мэргэжлийн хүмүүс тогтоосон. Шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. Газар давхцаагүй, эдгээр хүмүүс миний газар дээр буугаагүй бол би юу гэж шүүхэд хандах вэ дээ...”  гэв.   

 

2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Миний аав Ү-ийн Б, ээж Э.Цбид гурав илгээлтийн эзнээр ирж Х аймгийн Б сумын И-ийн уулын ард Х чулуу гэх өвөлжөөнд 1978-1996 он хүртэл мал маллаж амьдарч байсан. Уг өвөлжөө иргэн Г-ын өвөлжөөнөөс 5 км зайтай. Иймд уг газрыг иргэн өмчилж, эзэмшиж байгаа эсэх талаар лавлагаа авах зорилгоор МХЕГазрын байгаль орчин газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч З.Н-ээр хянуулахад газрын мэдээллийн нэгдсэн санд эзэнгүй байсан. Ийм учраас өөрийн бага нас болон мал маллаж байсан өвөлжөөндөө суурьшихаар 2022 оны 9 сард ирж өвөлжиж байна. Миний өвөлжиж буй уг газрын координат солбицол нь 46.7882696, 110.146126, 46782719, 110.16412. Энэ солбицлын цэгийг иргэн Г-ын газар эзэмшин өмчлөх эрхийн гэрчилгээтэй харьцуулан харахад 2 өөр газар  харагдсан. Монгол улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгодог. Үндсэн хуулийн заалтын дагуу миний бие уг газрыг эзэмших хүсэлтэй...” гэжээ.

 

3.Хариуцагч С.Б-хариу тайлбартаа: “Миний бие отроор ирж өвөлжөөд буцах гэж байгаа тул энэ газрын маргаан надад хамаагүй. Увс аймаг руу буцаж байгаа болно.” гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүний амьдарч байгаа газарт бид амьдраагүй. Эднийх зүүн хойно, манайх баруун хойшоо, хоорондоо бараг 5 км зайтай. ...Манайх анх буухдаа Г гуай болон Засаг даргатай уулзаад бууж байсан. ...Бид энэхүү бууцан дээр 1978-1996 оны хооронд 20-иод жил амьдарсан. Бидний өвөг дээдсийн газар. Ямар ч хүний нэр дээр байгаагүй. Сумын Засаг дарга хүний нэр дээр биш л бол бууж болно гэж хэлсэн. Манайх 1978-1996 оны хооронд амьдарч байсан бөгөөд аав, ээж өөд болоод бид Улаанбаатар хот орж амьдарч байгаад 2013 онд буцаж ирээд Б сумын баруун талд “Хар ус” гэх газар амьдарч байгаад 2022 оны 9 дүгээр сард ирж буусан юм...

...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндэслэл нь:

-Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Газарт давхцал байгаа гэсэн боловч ямар хэмжээгээр давхцсан талаар тодорхой дурьдаагүй. Тиймээс нотолгооны ач холбогдолгүй.

-Газрын тухай хуулийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж, 52.10-д “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан ба маргаан гарсан тохиолдолд нэхэмжлэгч Д.Г нь эрх бүхий албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан.

-Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл бол хэмжээ тодорхой байх ёстой. Ихэрийн усны зүүн хойд газрын хэдэн км газарт Б, Б нар байгааг чөлөөлөх вэ? Шүүхийн шийдвэр биелэгдэх тодорхой байх ёстой.

-Хариуцагч 2 өөр газар, давхцаагүй, хоорондоо 5 км зайтай гэж маргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.”  гэв.

 

5.Гэрч Ч.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хариуцагч Б.Б-ийн эхнэр нь байна. Манай хадам аавынх 1978 онд шилжиж ирж амьдарсан. Миний хувьд 1988 онд Б-тэй танилцаж, 1990 онд гэр бүл болж байсан. Г гэдэг айл манайхаас зүүн урагшаа 5-6 км зайд амьдардаг. Манайд хамаагүй гэж бодож байна. Манайхыг ирэхэд Г гэж айл байсан эсэхийг би мэдэхгүй, танихгүй. Буухдаа манай хүн уулзсан гэж хэлсэн, би бол уулзаагүй.” гэв.

 

6.Гэрч Ц.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хариуцагч нарыг танина. Надад холбоо хамаарал байхгүй, манай эхнэрийн талтай хамаатан. Би сумын 1 дүгээр багт, харин Б-х 3 дугаар багт амьдардаг. Маргаантай газрын талаар би нарийн сайн мэднэ. Б-нх Хүрэн чулуутын бууцанд амьдардаг. Хүрэн чулуутын бууц гэдэг газар нь Ихрийн уулын хойно байдаг. Б-ын аав тэнд газар авсан. Тэнд нилээн хэдэн жил болсон. Тэр газар нь хуучин манай сумын нутаг байсан. Бид нар сургуульд байхдаа ирдэг байсан. Хүрэн чулуутын бууц эдний газартай давхцаагүй...” гэв.

 

7.Гэрч Х.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “...Б-тэй Б суманд ойролцоо амьдарч байсан. 1 дор газар бол биш, 2 өөр газар. Уг газар одоо аль суманд харъяалагдаж байгааг мэдэхгүй. Г гуайнх И уулын зүүн хойно Данжаад нурууны баруун урд юм шиг байгаа юм. Б-нх ихэрийн уулын чанх ард гэх үү, арай баруун хойно, Хчулуут гэх газар. Хоорондын зайг мэдэхгүй байна, ойролцоогоор 3-4 км байх. Давхцсан эсэхийг мэдэхгүй байна.” гэв.  

 

8.Нотлох баримт:

-Нэхэмжлэгч Д.Г нь өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, 00001012... дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Х аймгийн Гсумын О багийн Засаг даргын  тодорхойлолт, Х аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас Д.Г-д олгосон газар эзэмших, ашиглах эрхийн  кадастрын зураг, улаан өнгийн флаш бүхий бичлэг зэрэг баримтуудыг, /2-6 дугаар хуудас/

-Хариуцагч Б.Б-ээс: Х аймгийн Б сумын Д багийн Засаг даргын тодорхойлолт, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Үндэсний төв архивын лавлагаа, 6 хуудас гэрэл зураг зэрэг баримтуудыг, /15-23 дугаар хуудас/

-Хариуцагч С.Б-оос: У аймгийн Усумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, /37 дугаар хуудас/

-Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас: Газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /107 дугаар хуудас/ зэргийг тус тус гаргаж өгсөн.

-Шүүхээс: нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу С.Б-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /65 дугаар хуудас/

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 157/ШЗ2023/002.. дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлт /66-69, 72-76 дугаар хуудас/ зэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Д.Г нь “...миний эзэмшлийн 00001012... дугаартай “И-ийн усны зүүн хойд арын бууц”-ны өвөлжөөний газарт Б.Б,       С.Б нар нь зөвшөөрөлгүй ирж буусан тул албадан чөлөөлж өгнө үү” гэж шаардах эрхээ тодорхойлов.

3.Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь “...Бидний буусан газар нь Д.Г-ын газартай давхцаагүй” гэсэн үндэслэлээр, хариуцагч С.Б нь “Би Уаймгаас отроор ирж өвөлжсөн, одоо Уаймаг руугаа буцаж байгаа, надад энэ газрын маргаан хамааралгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

4.1.Нэхэмжлэгч Д.Г-д Сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/09 дугаартай захирамжийг үндэслэн  Х аймгийн Г сумын Оч 2 дугаар багийн  “И-ийн усны зүүн хойд арын бууц” хаягт байрлах, нэгж талбарын 23080018.. дугаар бүхий 10000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн              Э-1801000357 дугаарт бүртгэж, 0000101256 дугаартай иргэний газар эзэмших эрхийн “Гэрчилгээ”-г олгосон.  

4.2.Хариуцагч Б.Б, С.Б нар нь 2022 оны 9 дүгээр сард Х аймгийн Г сумын О2 дугаар багийн И уулын баруун хойно ирж өвөлжсөн ба газар эзэмших эрхгүй, гэрчилгээ олгогдоогүй.

4.3.Нэхэмжлэгч Д.Г-х И уулын зүүн хойно, хариуцагч Б-нх И уулын баруун хойно амьдардаг, хоорондоо 5 км орчим зайтай гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.Талууд өвөлжөө, хаваржааны газар давхцсан эсэх дээр маргаж байх бөгөөд хариуцагч нар ихэр уулын баруун хойно, нэхэмжлэгч ихэр уулын зүүн хойно өвөлжиж, хаваржиж байгаа үйл баримтад маргаагүй.

 

6.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ...эрхийг баталгаатай эдэлнэ.” гэж заасан бөгөөд эзэмших эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан шийдвэрлэх журмыг Иргэний хууль болон холбогдох бусад хуулиудаар нарийвчлан зохицуулсан.

Тухайлбал: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.” гэж, 106 дугаар зүйлд өмчлөгч өмчлөлийн зүйлээ  эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, энэ эрх нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

 

7.Нэхэмжлэгч Д.Г нь газар эзэмшигчийн хувиар өөрийн газар дээр зөвшөөрөлгүйгээр буусан буюу  хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн эсэх, цаашлаад хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай.

 

8.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т  “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэж, 27 дугаар зүйлд газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна,  хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд  газрыг хууль ёсоор эзэмшиж байгааг тодорхойлох нөхцөл нь эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ, түүний үндсэн дээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байна.

 

9.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний газар эзэмших эрхийн 0000101256 дугаартай гэрчилгээ, газрын кадастрын зураг зэрэг баримтаар  нэхэмжлэгч Д.Г нь Х аймгийн Г сумын О2 дугаар багийн  “И-ийн усны зүүн хойд арын бууц” хаягт байрлах, нэгж талбарын 23080018.. дугаар бүхий 10000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшиж байгаа нь тогтоогдож байна.

Тодруулбал: Нэхэмжлэгч Д.Г-д  Сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/09 дугаартай захирамжийг үндэслэн  Х аймгийн Г сумын О 2 дугаар багийн  “И-ийн усны зүүн хойд арын бууц” хаягт байрлах, нэгж талбарын 2308001861 дугаар бүхий 10000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1801000357 дугаарт бүртгэж, 0000101256 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

Харин хариуцагч нар нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа болох нь нотлогдохгүй байна.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн /нэхэмжлэгч, хариуцагч/ үүрэг юм.

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлага, тайлбарыг нотлох зорилгоор гаргасан Х аймгийн Г сумын О багийн  Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай “Тус багийн иргэн Д овогтой Г-ын өөрийн эзэмшлийн 00001012..дугаартай “И-ийн усны зүүн хойд арын бууц”...бүхий солбилцолтой өвөлжөө, хаваржаан дээр Г сумын Оч багт шилжин ирсэн Б-ын Б, Сайнжаргалын Б нар нь хашаа хороогоо барьж өвөлжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт, Х аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Геодези, зураг зүй, асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн “...Б.Б, С.Б нарын өвөлжиж, хаваржиж байгаа газар нь Х аймгийн Г сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.Г-ын эзэмшлийн 2308001861 нэгж талбарын дугаар бүхий өвөлжөөний зориулалттай газартай давхцаж байна.” гэх дүгнэлт зэрэг баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын газарт хариуцагч Б.Б,       С.Б нар нь зөвшөөрөлгүй буусан, тэдний өвөлжиж, хаваржиж буй газар нь  нэхэмжлэгчийн өвөлжөө, хаваржааны газартай давхцсан болох нь тогтоогдож байна.

 

11.Хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбарыг нотлох зорилгоор Х аймгийн Бсумын Д багийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай “Б овогтой Б нь тус суманд У аймгийн Т сумаас илгээлтээр шилжин ирж 1978-1996 онуудад Д багт Х чулуут гэх газар нутаглаж Мөнх-Оргил нэгдлийн үхэр, хонь хариулж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаа, гэрэл зураг, “Газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг гаргасан боловч “бидний амьдарч буй газар нэхэмжлэгч Д.Г-ын газартай давхцаагүй, хоорондоо 5 км зайтай” гэх үгүйсгэсэн тайлбар нь эдгээр баримтуудаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл: Эдгээр бичгийн нотлох баримтууд нь хариуцагч Б.Б-ийг Х чулуут гэх газар нутагладаг, Х чулуут гэх газар нь И-ийн уулын баруун хойно байдаг гэх үйл баримтыг нотолж байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргаагүй.

 

12.Хариуцагч С.Б нь “Миний бие отроор ирж өвөлжөөд буцах гэж байгаа тул энэ газрын маргаан надад хамаагүй. У аймаг руу буцаж байгаа болно.” гэж тайлбарласан боловч хэргийн 43 дугаар талд авагдсан “Иргэний  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-аар түүний байнга оршин суугаа газрын хаягийг “Х аймгийн Г сум 2 дугаар баг О” гэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “С.Б манайхтай хамт өвөлжсөн...” гэж тайлбарласан.

 

13.Хариуцагчийн өмгөөлөгч нь “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Дүгнэлтэд газрын давхцал байгаа гэсэн боловч ямар хэмжээгээр давхцсан талаар тодорхой дурдаагүй тул нотолгооны ач холбогдолгүй” гэж тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, эсхүл түүнийг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт  Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж,  52.10 дахь хэсэгт  “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж заасан боловч нэхэмжлэгч нь энэхүү маргааныг шийдвэрлүүлээгүй гэж тайлбарлав.

 

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:”, 6.2.1-т “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар;” гэж бэлчээрийн газрыг иргэнд эзэмшүүлэхгүй, зөвхөн ашиглаж болохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл: Бэлчээрийн газрыг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь эзэмших эрхгүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй байх ойлголт тул өмгөөлөгчийн гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.

 

14.Нэхэмжлэгч Д.Г нь “миний эзэмшлийн 0000101256 дугаартай Ихэрийн усны зүүн хойд арын бууцанд Б.Б, С.Б нар өнгөрсөн намар, өвлөөр буугаад одоо болтол чөлөөлж өгөхгүй байгаа тул газрыг албадан чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ямар хэмжээтэй газрыг чөлөөлүүлэх гэж байгаа нь буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар дээр хариуцагч нарын хууль бусаар буусан, давхцсан газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х аймгийн Г сумын О 2 дугаар багийн  “И-ийн усны зүүн хойд арын бууц” хаягт байрлах, нэгж талбарын 2308001861 дугаар бүхий 10000 м.кв газарт хууль бусаар буусан хариуцагч Б.Б, С.Б нарын өвөлжиж, хаваржиж буй газрыг давхцсан хэсгээр албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.

15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Б, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

16.Хариуцагч С.Б нь “Би У аймагт байна, энэ газрын маргаан надад хамааралгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг хэн аль нь гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ  нь:

 

           1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар Х аймгийн Г сумын О 2 дугаар багийн  “И-ийн усны зүүн хойд арын бууц” хаягт байрлах, нэгж талбарын 23080018.. дугаар бүхий 10000 м.кв газарт хууль бусаар буусан хариуцагч Б.Б, С.Б нарын өвөлжиж, хаваржиж буй газрыг давхцсан хэсгээр албадан чөлөөлсүгэй.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Б, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ