Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/03217

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.М нэхэмжлэлтэй

Хариуцагч М Г ХХК холбогдох

орон сууц захиалах гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 74,000,000 төгрөгийг, олох байсан орлого 60,000,000 нийт 134,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууц захиалгын гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 227 хоногийн алданги болох 7,119,060 төгрөг гэрээ цуцалсны 5 хувийн суутгал 3,700,000 төгрөг нийт 10,819,060 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нямдорж, хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.М нь орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 74,000,000 төгрөгийг олох байсан орлого 60,000,000 нийт 134,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Миний бие Ч.М нь шинэ орон сууц худалдан авахаар төлөвлөж 2022 оны 3 дугаар сарын эхээр интернэт зараас М Г ХХК нь орон сууцын захиалга авч байна гэх зарын дагуу тус компанийн Борлуулалтын албаны ажилтантай очиж уулзаж тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №Т.А.26-703 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж энэхүү гэрээний 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 0дугаар хороонд байгуулах Тэгри апартмент орон сууцны хотхоны 7 давхарт, 0тоот 59.33 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц захиалан бариулахаар болж гэрээг хийсэн.

Гэрээний 2.2-т зааснаар орон сууцын 1 м.кв -ын үнийг 1,550,000 төгрөг байхаар тохиролцож нийт төлбөр 91,961,500 төгрөг төлөхөөр гэрээний 2.3-д гэрээг байгуулсан өдөр 60,000,000 төгрөгт Ланд круйзер 80 маркийн автомашин 1 ширхэг, Ланд круйзер 0маркийн автомашин 1 ширхгийг тус тус 30 сая төгрөгөөр тооцож нийт 60,000,000 төгрөгт бодож өгсөн.

Ингээд гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Миний бие гэрээний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул тус компанийн ажилтантай очиж уулзсан учир байдлаа хэлж мөнгө орж ирэхээр төлөхөөр тохиролцсон.

Ингээд би гэрээний үлдэгдэл төлбөрөөс 14,000,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн гэрээнд заасан Хаан банкны 0тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус компаниас над руу утсаар ярьж ...тантай байгуулсан гэрээг цуцлахаар болсон та ирж мэдэгдлийг хүлээн авна уу гэж хэлэхээр нь очиж авч мэдэгдэлтэй танилцахад гэрээг цуцалж байна, та үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учраас цуцалж байна гэсэн.

Би ...урьдчилгаанд өгсөн мөнгөө болон 1 жил гаруй хугацаанд танай компанид ашиглуулсан мөнгөө авъя, өөрөө эргэлдүүлж байсан бол өчнөөн ашиг олчихсон байх ёстой ёстой энэ мөнгөө олж авъя гэтэл та танай захиалсан байрыг дараагийн хүнд зарж борлуулсны дараа таны төлбөрийг өгнө гэдэг хариуг өгсөн.

Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу уг орон сууцын барилга нь 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар заасан боловч орон сууцын барилга нь өнөөдрийн байдлаар 50 хувьдаа ч хүрээгүй байгаа болно. Иймд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №Т.А.26-703 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу урьдчилгаа төлсөн 74,000,000 төгрөгийг М Г ХХК-аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

2. Нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 0захын дизель хүрээн дээр автомашины бизнес эрхлэн ажиллаж байна. Хариуцагч болох М Г ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №Т.А.26-703 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж гэрээний урьдчилгаа төлбөрт 74,000,000 төгрөг төгрөгийг төлсөн.

Энэхүү урьдчилгаанд төлсөн төлбөрийг 2022 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэл буюу 2023 оны 5 дугаар сарыг хүртэл өөрийн бизнестээ зориулан эргэлдүүлж байсан бол тодорхой хэмжээний ашиг орлого олох байсан. Би 0 зах дээр машинаа зараад мөнгөө эргэлдүүлэхэд 1 сарын хугацаанд 5,000,000 төгрөг олдог байсан, одоо ч энэхүү бизнесээ эрхэлсээр байгаа.

Энэ компанитай гэрээ байгуулж орон сууцын урьдчилгаа төлбөр төлснөөс хойш буюу 12 сарын хугацаанд нийт 60,000,000 төгрөгийг олох боломжтой байсан. /1сард 5,000,000 төгрөгөөр тооцоход/. Иймд шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж 60,000,000 төгрөгийг М Г ХХК-аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М Г ХХК нь иргэн Ч.М тай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №Т.А.26-703 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, энэхүү гэрээний 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 0дугаар хороонд байгуулах Тэгри апартмент орон сууцны хотхоны 7 дугаар давхарт 703 тоотод 0м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалан гэрээ байгуулсан.

Гэрээний 2.2-т зааснаар орон сууцын 1 м.кв -ын үнийг 1,550,000 төгрөг байхаар тооцоолж, нийт төлбөр 91,961,500 төгрөг байх бөгөөд гэрээний 2.3-д гэрээг байгуулсан өдөр 60,000,000 төгрөгт Ланд круйзер 0маркийн автомашин нэг ширхэг, Ланд круйзер 0маркийн автомашин нэг ширхэг тус тус 30,000,000 төгрөгөөр тооцож нийт 60,000,000 төгрөгт бартер хийж авсан.

Ингээд гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүллээ өнөөдрийг хүрсэн. Манай байгууллагын зүгээс захиалагч Ч.М ад гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг төлөх хугацааг түүний хүсэлтийг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулах боломж олгосон уг хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учир байгууллагын зүгээс төлөхийг шаардахад захиалагч 9 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт бичиж, 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч дахин гэрээний үүргээ зөрчсөн. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж цуцлах тухайгаа мэдэгдсэн боловч 2022 оны 10 дугаар сараас хойш огт холбоо барилгүй явсаар 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөх боломжгүй байсан тухай хүсэлт бичсэн.

Ч.М нь 2023 оны 3дугаар сарын 17-ны өдөр бидний зөвшөөрөлгүй дур мэдэн байгууллагын данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба гэрээ цуцалсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандах болсон тухай мэдэгдэл манай байгууллагад ирүүлсэн. Иргэн Ч.М нь орон сууц захиалан бариулах гэрээний 2.3-т заасан үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэн гэрээг гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалж гэрээний 2.6-д заасны дагуу суутгалыг хийж захиалагчид төлбөрийг буцаан олгоход манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй. Бид захиалагч Ч.М ад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23/032 тоот албан бичиг, 3 дугаар сарын 28-ны өдрийн 23/035 тоот албан бичгүүдээр гэрээ цуцлагдсан тухай мэдэгдсэн тул тул иргэн Ч.М ын нэхэмжилж байгаа 74,000,000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн орон сууц захиалгын Т.А-26-703 тоот гэрээний 5.4-д Захиалагч төлбөр төлөлтөө 14 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлнө гэж заасны дагуу 227 хоног хугацаа хэтрүүлсний алданги болох 7,119,060 төгрөг, гэрээ цуцлагдсаны 5 хувийн суутгал 3,700,000 төгрөг нийт 10,819,060 төгрөгийг захиалагч Ч.М аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 10,819,060 төгрөгийг захиалагч Ч.М ын нэхэмжилж буй 74,000,000 төгрөгөөс хасаж, тооцон 63,180,940 төгрөгийг гэрээнд заасны дагуу гуравдагч этгээдэд борлуулснаар түүнд буцаан олгох бүрэн боломжтой болно гэв.

4. Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: М Г ХХК нь иргэн Ч.М тай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №Т.А.26-703 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан уг гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд аль нэг тал талд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлагдах үндэслэл болно гэж гэрээ нь тодорхой тусгасан.

Тухайн орон сууцны 1м.кв-ын үнэ нь 1,550,000 төгрөг байхаар харилцан тохиролцож нийт 91,961,500 төгрөгийн үнэтэй орон сууцыг нэхэмжлэгч худалдан авахаар болсон. Нэхэмжлэгч Ч.М ын хувьд орон сууц захиалах гэрээ байгуулах үедээ бэлэн мөнгөний оронд Ланд круйзер 80 маркийн автомашин нэг ширхэг, Ланд круйзер 105 маркийн автомашин нэг ширхэг тус тус 30,000,000 төгрөгөөр тооцож, нийт 60,000,000 төгрөгийн бартерт авах саналыг М Г ХХК-д тавьсан. Түүний саналыг хүлээн зөвшөөрч талууд гэрээг байгуулсан. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бол ч гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Уг 2 автомашиныг М Г ХХК зарж борлуулан мөнгийг нь орон сууц барих төслийн ажилдаа захиран зарцуулсан.

Манай байгууллагын зүгээс захиалагч Ч.М ад гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх хугацааг түүний хүсэлтийг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулах боломж олгосон. Уг хугацаанд үлдэгдэл төлбөр төлөөгүй учир байгууллагын зүгээс төлөхийг шаардахад захиалагч 9 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт бичиж, 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч дахин гэрээний үүргээ зөрчсөн тул иргэний хуулийн 265-р дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзсан. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж цуцлах тухайгаа мэдэгдсэн боловч 2023 оны 10 дугаар сараас хойш огт холбоо барилгүй явсаар 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөх боломжгүй тухай хүсэлт бичиж өгсөн. Ч.М нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бидний зөвшөөрөлгүй дур мэдэн байгууллагын данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба гэрээ цуцалсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандах болсон тухай мэдэгдэл манай байгууллагад ирүүлснээр гэрээ албан ёсоор цуцлагдсан.

Иймд иргэн Ч.М ын гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бидэнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: М Г ХХК нь иргэн Ч.М тай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №Т.А.26-703 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж энэхүү гэрээний 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 0дугаар хороонд байгуулах Тэгри апартмент орон сууцны хотхоны 7 дугаар давхарт 0тоотод 59,33 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалан гэрээ байгуулсан.

Гэрээний 22-т зааснаар орон сууцын 1 м.кв -ын үнийг 1,550,000 төгрөг байхаар тооцоолж, нийт төлбөр 91,961,500 төгрөг төлөх бөгөөд гэрээний 2.3-д гэрээг байгуулсан өдөр 60,000,000 төгрөгт Ланд круйзер 0маркийн автомашин нэг ширхгийг, Ланд круйзер 0маркийн автомашин нэг ширхэг тус тус 30,000,000 төгрөгөөр тооцож нийт 60,000,000 төгрөгт бартерт авсан.

Ингээд гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээний 2.7 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж гэрээг цуцлах үндэслэл болох тухай сануулсан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23/032, 3 дугаар сарын 28-ны өдрийн 23/035 тоот албан бичгүүдээр гэрээ цуцлагдсан тухайгаа мэдэгдсэн.

Иймд Т.А-26-703 тоот гэрээний 5.4-д Захиалагч төлбөрөө төлбөр төлөлтөө 14 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлнө гэж заасны дагуу 227 хоног хугацаа хэтрүүлсний алданги болох 7,119,060 төгрөг, гэрээ цуцлагдсаны 5 хувийн суутгал 3,700,000 төгрөг нийт 10,819,060 төгрөгийг захиалагч Ч.М аас гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

6. Нэхэмжлэгч Ч.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №Т.А.26-703 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний гэрээний дагуу нийт 227 хоногийн алданги болох 7,119,060 төгрөг гэрээ цуцалсны 5 хувийн суутгал 3,700,000 төгрөг нийт 10,819,060 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: хариуцагч байгууллагын зүгээс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцалсан утгатай мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдээд гэрээг цуцалсан байна. Мөн гэрээг цуцалсан тухайгаа хариу тайлбартаа тодорхой тусгасан. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсоор байтал гэрээнд заасан алданги торгуулийг шаардах эрх үүсэхээргүй байна. Харин гэрээ цуцлагдаагүй үргэлжлээд явж байгаа тохиолдолд шаардах эрх үүснэ. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2022.03.25-ны өдрийн №Т.А.26-703 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ(хх4-6), Баянзүрх дүүргийн 49 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт(хх7), 2023.03.17, 2023.04.04-ний өдрүүдийн Мэдэгдэл хүргүүлэх тухай(хх8-9), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ(хх10-11,16),хаан банкны 0дугаар дансны депозит хуулга(хх12-13), зээлийн гэрээ (хх46-47), тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл (хх48-53), дизель хүрээ ХХК-ийн тодорхойлолт зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

8. Хариуцагчаас шүүхэд: хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх17), итгэмжлэл(хх28), гэрээний хяналтын хуудас (хх29), 2022.03.25-ны өдрийн №Т.А.26-703 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ(хх30-33), 2023.03.17, 2023.03.28-ны өдрүүдийн Мэдэгдэл хүргүүлэх тухай(хх34-37), Ч.М ын хүсэлт(хх38,40), 2023.03.17-ны өдрийн Ч.М ын мэдэгдэл(хх39) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.М хариуцагч М Г ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 74,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 134,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Манут гаурд ХХК нь захиалагч Ч.М ад гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч дахин гэрээний үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 265 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзсан. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж цуцлах тухайгаа мэдэгдлийг удаа дараа өгсөн. Ч.М нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бидний зөвшөөрөлгүй дур мэдэн байгууллагын данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууц захиалгын гэрээ албан ёсоор цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М Г ХХК нь орон сууц захиалгын Т.А-26-703 тоот гэрээний 5.4-д зааснаар 227 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги 7,119,060 төгрөг, гэрээ цуцлагдсаны 5 хувийн суутгал 3,700,000 төгрөг нийт 10,819,060 төгрөгийг Ч.М аас шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон тул гэрээнд заасан алданги торгуулийг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Үндсэн нэхэмжлэлийг шаардлагын тухайд:

9. Нэхэмжлэгч Ч.М нь Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0/В байрны 0 тоотод байрлалтай, 59.33 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ыг 1,550,000 төгрөг, нийт 91,961,500 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч М Г ХХК-тай тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ. (хх4-6,30-33)

9.1. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д зааснаар орон сууцны 91,961,500 төгрөгийн төлбөрт нэхэмжлэгч ланд круйзер 0маркийн, ланд круйзер 0маркийн тээврийн хэрэгслийг тус бүр 30,000,000 төгрөгт нийт 60,000,000 төгрөгт тооцож бартерт М Г ХХК-д шилжүүлж, үлдэгдэл 31,961,500 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон талаар талууд маргаагүй.

9.2 Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ... би интернэтээс М Г ХХК нь орон сууц захиалга авч байна гэсэн зарыг хараад компанитай очиж уулзахад дөнгөж хундамаа ухсан байдалтай.. гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй болно.

9.3 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдрийн эсэхийн талаар талууд маргаагүй.

10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

10.1 Талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №Т.А.26-26-703 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний:

2.1-д энэхүү гэрээгээр орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2023 оны 1 дүгээр улирал дуустал байна. Тус хугацаа нь хүлээлгийн 180 хоног хүртэлх хугацаагаар хойшлогдож болно.;

2.2-т гэрээний 1.1-д заасан орон сууцны 1м.кв-ын үнэ 1,550,000 төгрөг, нийт төлбөрт 91,961,500 төгрөг байх бөгөөд захиалагч нь уг төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчийн 5219243101 банкны тоот төлөхөөр харилцан тохиролцов. Үнийн дүнд НӨАТ орсон болно.;

2.3-д Захиалагчийн орон сууцны төлбөр 91,961,500 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр харилцан тохиров. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 2-нд 60,000,000 төгрөгт Ланд круйзер 80 маркийн, ланд круйзер 105 маркийн авто машиныг тус тус оролцуулан бодож авав. Үлдэгдэл 31,961,500 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулна,;

5 дугаар зүйлийн 5.6-д Гэр ээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус тохирчээ.

11. Нэхэмжлэгч Ч.М нь гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийн үнэ бүхий хөдлөх хөрөнгийг бартерт тооцон хариуцагчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

11.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээний үүрэгт төлөгдөх үлдэгдэл төлбөрийг 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2023 оны 3 дугаар сарын 16-ны төлбөрийг хойшлуулах тухай хүсэлтийг хариуцагч М Г ХХК-д хоёр удаа гаргажээ.(хх38, 40)

11.2 Хариуцагч М Г ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид Орон сууц захиалгын гэрээний үүрэгт үлдэгдэл 31,961,500 төгрөгийг 6 сарын дотор буюу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулах үүрэгтэй атал тодорхойгүй шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанаас дахин 6 сараар хэтрүүлсэн тул гэрээ цуцлагдсан болохыг мэдэгдэж байна гэх мэдэгдлийг өгчээ. (хх8-9,34-35)

11.3 Нэхэмжлэгч Ч.М нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М Г ХХК-ийн 0дугаар дансанд 14,000,000 төгрөгийн шилжүүлсэн нь Хаан банкны 0дансны дипозет хуулгаар тогтоогдож байна. (хх12-13)

11.4 Улмаар хариуцагч М Г ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 17ы өдөр нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлах санал хүргүүлснээр нэхэмжлэгч хариуцагчийн дансанд 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.

11.5 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заажээ.

11.6 Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 2.7-д гэрээний 3.2.10, 2.3, 2.2 заалтуудыг зөрчсөнөөс үүдэн гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд энэхүү гэрээний 2.6-д заалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг талын санаачилгаар цуцална гэж тохирсноос үзэхэд нэхэмжлэгч Ч.М нь гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөр 31,961,500 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг гүйцэтгээгүй байна.

11.7 Хариуцагч М Г ХХК нь нэхэмжлэгчид гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон эсэх баримтаар нотлоогүй, харин 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүрүүлснээр гэрээг нэг талын санаачилгаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

11.8 Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн төлсөн 74,000,000 төгрөгийг хариуцагч М Г ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.

11.9 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заажээ.

11.10 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын хүртэл хугацаанд гэрээний үүрэгт төлөгдсөн 74,000,000 төгрөгийг өөрийн бизнест эргэлдүүлсэн бол сарын 5,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг олох байсан тул хариуцагчаас гаргуулна гэж шаардсан.

12. Хэрэгт 0 ХХК-ийн тодорхойлолт, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл зэргийг нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн.

12.1 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд мөн зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг талд хохирол шаардах эрх үүснэ.

12.2 Нэхэмжлэгч сард 5,000,000 төрөг олдог гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч сарын орлогын дансны хуулга, Е баримт, хүн амын орлогын болон татвар төлөгдсөн гэх зэрэг эргэлзээгүй баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг, нотолж чадаагүй тул олох ёстой байсан орлого 60,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч М Г ХХК-иас 74,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 10,819,060 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

13. Зохигчид харилцан тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ. (хх4-6,30-33)

13.1 Уг гэрээгээр нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0/В байрны 0тоотод байрлалтай, 0м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ыг 1,550,000 төгрөг, нийт 91,961,500 төгрөгөөр худалдан авахаар, үл хөдлөх хөрөнгийн төлбөрт өөрийн эзэмшлийн ланд круйзер 80 маркийн, ланд круйзер 105 маркийн тээврийн хэрэгслийг тус бүр 30,000,000 төгрөгт нийт 60,000,000 төгрөгт тооцож бартерт М Г ХХК-д шилжүүлж, үлдэгдэл 31,961,500 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулах үүргийг хүлээжээ.

13.2 Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх төлбөрийг гүйцэтгэх боломжгүй талаар Хариуцагч М Г ХХК-д нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж аваад төлбөр төлөх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан талаар талууд маргаагүй.

13.3 Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний:

2.6-д захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараагаар захиалгын нийт үнийн дүнгийн 5 хувийн суутгал хийж захиалагчид төлбөрийн буцаан олголтыг буцаан гаргаж өгнө.;

 

2.7-д гэрээний 3.2.10, 2.3, 2.2 заалтуудыг зөрчсөнөөс үүдэн гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд энэхүү гэрээний 2.6-д заалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг талын санаачилгаар цуцална.;

4.1.1-д захиалагч талаас орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардах.;

 

5.4-д захиалагч төлбөр төлөлтөө гэрээний 2.7-д заасан 14 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0.1 хувийн алданги тооцож нөхөн төлнө.гэж тохиролцжээ.

13.4 Зохигчид Орон сууц захиалгын гэрээний төлбөрт 60,000,000 төгрөгийг хөдлөх хөрөнгийг, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөгийг нийт 74,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлэн авсан талаар маргаагүй.

13.5 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.гэж зааснаар хариуцагч М Г ХХК нь нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүргүүлсэн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн эсэх тодорхойгүй, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.1.1-д зааснаар төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

13.6 Хариуцагч М Г ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23/032 албан бичигт ...гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 31,961,500 төгрөгийг 6 сарын дотор буюу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулаагүй тул гүйцэтгэгч талаас гэрээ цуцлагдсан болохыг мэдэгдэж байна гэж дурдсанаас үзэхэд хариуцагчид гэрээ цуцлагдсан талаар мэдэгдээгүй, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан тул алданги болон 5%-ийн суутгал шаардах эрхгүй.

13.7 Хариуцагч 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлсэн гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч М Г ХХК-ийн 10,819,060 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч М Г ХХК-иас 74,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.М ад олгож, Ч.М аас 10,819,060 төгрөг гаргуулах тухай М Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 985,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 527,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 188,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ