Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01616

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01616

 

Ч.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж Ч.Цэнд, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03217 дугаар шийдвэртэй,

 

            Ч.Мын нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох,

 

            Гэрээнээс татгалзаж 74,000,000 төгрөгийг, хохиролд 60,000,000 төгрөг, нийт 134,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээний алдангид 7,119,060 төгрөг, торгуульд 3,700,000 төгрөг, нийт 10,819,060 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.М нь “Г” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, энэхүү гэрээгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байгуулах Тэгри апартмент орон сууцны хотхоны 7 давхарт, - 59.33 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц захиалан бариулахаар тохиролцсон.

Гэрээний 2.2-т зааснаар орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,550,000 төгрөгөөр тооцож нийт төлбөр 91,961,500 төгрөг, гэрээний 2.3-т гэрээг байгуулсан өдөр Ланд круйзер 80 болон Ланд круйзер 105 маркийн автомашин 1 ширхгийг тус тус 30,0 сая төгрөгөөр тооцож нийт 60,000,000 төгрөгт бодож өгсөн.

Гэрээний үлдэгдэл төлбөр 31,961,500 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

1.2. Нэхэмжлэгч гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул тус компанийн ажилтантай очиж уулзан учир байдлаа хэлж мөнгө орж ирэхээр төлөхөөр тохиролцсон.

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрөөс 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус компаниас гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдэж, “захиалсан байрыг дараагийн хүнд зарж борлуулсны дараа урьдчилгаанд төлсөн төлбөрийг өгнө” гэсэн.

1.3. Нэхэмжлэгч нь 2010 оноос хойш Да хүрээ захын дизель хүрээнд автомашины бизнес эрхэлж байгаа бөгөөд автомашинаа зараад 1 сарын хугацаанд 5,000,000 төгрөгийн орлого олдог. Байрны урьдчилгаанд төлсөн 74,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд бизнестээ зориулсан бол нийт 60,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан.

1.4. Иймд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу төлсөн 74,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа олох байсан орлого 60,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 134,000,000 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулахаар шаардсан байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “Г” ХХК нь иргэн Ч.Мтай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, энэхүү гэрээгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байгуулах Тэгри апартмент орон сууцны хотхоны 7 дугаар давхарт -од 59,33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,550,000 төгрөг, нийт төлбөр 91,961,500 төгрөг байх бөгөөд гэрээг байгуулсан өдөр 60,000,000 төгрөгт Ланд круйзер 80 маркийн автомашин нэг ширхэг, Ланд круйзер 105 маркийн автомашин 1 ширхэг тус тус 30,000,000 төгрөгөөр тооцож нийт 60,000,000 төгрөгт бартер хийж авсан.

Гэрээний үлдэгдэл төлбөр 31,961,500 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүллээгүй өнөөдрийг хүрсэн.

2.2. Захиалагч Ч.М нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөр төлөөгүй учир байгууллагын зүгээс төлөхийг шаардахад захиалагч 09 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт бичиж, мөн 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч дахин гэрээний үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөх боломжгүй байсан тухай хүсэлт бичиж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бидний зөвшөөрөлгүй дур мэдэн байгууллагын данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба гэрээ цуцалсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандах талаар мэдэгдсэнээр гэрээ албан ёсоор цуцлагдсан.

2.3. Иргэн Ч.М нь орон сууц захиалан бариулах гэрээний 2.3-т заасан үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээний 2.7-д заасныг үндэслэн гэрээг гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалж, гэрээний 2.6-д заасны дагуу суутгалыг хийж захиалагчид төлбөрийг буцаан олгоход манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй. Бид захиалагч Ч.Мад 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/032 тоот, мөн оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/035 тоот албан бичгүүдээр гэрээ цуцлагдсан тухай мэдэгдсэн тул Ч.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Ч.Мад 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/032 тоот, 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/035 тоот албан бичгүүдээр гэрээ цуцлагдсан тухай мэдэгдсэн.

Иймд Орон сууц захиалан бариулах гэрээнд заасны дагуу 227 хоног хугацаа хэтрүүлсний алдангид 7,119,060 төгрөг, гэрээ цуцлагдсаны 5 хувийн суутгал 3,700,000 төгрөг, нийт 10,819,060 төгрөгийг захиалагч Ч.Маас гаргуулаж өгнө үү.

3.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 10,819,060 төгрөгийг захиалагч Ч.Мын нэхэмжилж буй 74,000,000 төгрөгөөс хасаж тооцон 63,180,940 төгрөгийг гэрээнд заасны дагуу гуравдагч этгээдэд борлуулснаар түүнд буцаан олгох бүрэн боломжтой.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцалсан тул гэрээнд заасан алданги, торгуулийг шаардах эрхгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 74,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мад олгож, Ч.Маас 10,819,060 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 985,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 527,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 188,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  

6.1. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т зааснаар  227 хоног хугацаа хэтрүүлсний алдангид 7,119,060 төгрөг, гэрээний 2.6, 2.7-д зааснаар гэрээ цуцлагдсаны 5 хувийн суутгал 3,700,000 төгрөг, нийт 10,819,060 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг хариуцагч хүлээн авч шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гэрээний 4.1.1-д зааснаар төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн.

Хариуцагч “Г” ХХК нэхэмжлэгчийг гэрээний үлдэгдэлийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлөхийг шаардсаны дагуу нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирж уулзаад төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах хүсэлтээ бичиж өгснийг бид хүлээн авч, төлбөр төлөх хугацааг нь хойшлуулсан. Нэхэмжлэгчийн “...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 31,961,500 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул тус компанийн ажилтантай очиж уулзан учир байдлаа хэлж мөнгө орж ирэхээр төлөхөөр тохиролцсон” гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, шаардах эрхээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогддог.

6.2. “Г” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/032 тоот “гэрээ цуцлагдсан” тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ч.Мыг байгууллага дээр ирж уулзах үед нь буюу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр түүнд гардуулж өгсөн. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар болон “Г” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/032 тоот мэдэгдэл, нэхэмжлэгчээс манай байгууллагад ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэлээр тус тус тогтоогддог.

6.3. Иймд хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Хариуцагчийн зүгээс алданги болон 5 хувийн суутгалыг гаргуулан авах ёстой гэж гомдол гаргасан байна. Гэрээ цуцлагдсан гэдгийг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрсөн. Гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох алданги болон хувийн суутгалыг шаардах эрхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаанд төлсөн 74,000,000 төгрөг, хохиролд 60,000,000 төгрөг, нийт 134,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч алдагид 7,119,060 төгрөг, торгуульд 3,700,000 төгрөг, нийт 10,819,060 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Ч.М, “Г” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр “Г” ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд бүтээн байгуулах “Тэгри апартмент” орон сууцны хотхоны 7 давхарт, - бүхий 59.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх, Ч.М нь төлбөрт 91,961,500 төгрөг төлөхдөө 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөгт тооцож Ланд Круйзер 80 болон Ланд Круйзер 105 маркийн автомашиныг тус тус шилжүүлэн өгч, үлдэгдэл 31,961,500 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын тохиролцооноос дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь хууль хэрэглээний хувьд оновчтой байна. Учир нь гэрээний талууд хэн алиндаа эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлж буй бөгөөд хариуцагч “Г” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгаас нэхэмжлэгч Ч.М сонгож 7 давхарт байрлах - орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тохиролцож буй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан захиалагчийн эсхүл ажил гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх харилцаанаас илүүтэйгээр мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээгээр солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол зөрүүг мөнгөөр тооцож болох юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Гэрээний нэхэмжлэгчээс хариуцагчид Ланд Круйзер 80 болон Ланд Круйзер 105 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгт тооцож, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Гэрээний 2.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.М нь 31,961,500 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч мөн хугацаанд төлбөрийг гүйцэтгээгүй байна.

 

6.Нэхэмжлэгч Ч.М нь үүрэг гүйцэтгэх хугацааг 5 сар гаруй хугацаагаар хэтрүүлж  2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид хандаж гаргасан хүсэлтдээ “төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгааныг өөрийн дүүг хүнд өвчний улмаас гадаадад өндөр үнээр эмчлүүлэх болсон талаар дурдсан байх боловч уг хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй байна. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь 5 сар гаруйн хугацаанд үүргээ гүйцэтгээгүйг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэх тул хариуцагч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчид нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж дүгнэхээр байна.

 

7. Хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. 

 

7.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй тул нэхэмжлэгчээс хариуцагчид биет байдлаар шилжүүлэх зүйл байхгүй юм. Харин  хариуцагчаас гэрээний үүрэгт мөнгөн хэлбэрээр шилжүүлсэн 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

     

7.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 2 тээврийн хэрэгслийг биет байдлаар хариуцагч буцаах боломжгүй тул мөнгөөр нөхөн төлөх үүргийн хүрээнд анхан шатны шүүх хариуцагчаас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч уг харилцааг зохицуулсан хуулийг зөв хэрэглээгүйг залруулна.

 

8. Нэхэмжлэгчээс хохирол шаардсан шаардлагаа нотлосон баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн зөв болжээ.

 

8.1. Нэхэмжлэгч нь хохирол шаардахдаа 74,000,000 төгрөгийг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гүйлгээнд оруулсан бол сарын 5,000,000 төгрөг, жилийн 60,000,000 төгрөгийн орлого олох байсан гэх агуулгаар тайлбарласан.

 

8.2. Нэхэмжлэгчээс баримтаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.Ганхүүд 9,000,000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн боловч уг гэрээнд зээлийн харилцааг аж ахуйн үйл ажиллагаатай холбогдохгүй байгаагаас гадна талууд зээлийн хүү тохиролцоогүй тул түүнийг энэ хэмжээгээр орлого олдог гэж дүгнэхгүй.

8.3.Нэхэмжлэгч Ч.М нь татвар төлөгчөөр бүртгүүлж үйл ажиллагаа эрхэлсэн талаар баримтгүй тул түүний бусадтай байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг үндэслэн орлого олдог гэж тогтоох боломжгүй.

 

8.4. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд 60,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв болсон, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.   

 

9. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

9.1. Гэрээний 5.4-т талууд алдангийн талаар тохиролцсон байна. Гэхдээ хариуцагч тал гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй юм. Учир нь алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцогддог тул гэрээнээс татгалзсан тохиолдолд хэрэглэгдэхгүй болно. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх дуусгавар болох бөгөөд уг үүргийг гүйцэтгэхэд чиглэгдсэн иргэний эрх зүйн хариуцлага болох алдангийг тооцох боломжгүй.

Иймд нэхэмжлэгчээс алдангид 7,119,060 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 

 

9.2. Гэрээний 2.6-д “Захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд гуравдагч этгээдэд [орон сууцыг] худалдан борлуулсны дараагаар захиалгын нийт үнийн дүнгийн 5 хувийг суутгал хийж захиалагчид төлбөрийн буцаан олголтыг гаргаж өгнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн талаар тохиролцсон гэж дүгнэнэ.

Харин захиалагч буюу нэхэмжлэгч Ч.М нь гэрээг цуцлах тухай хүсэлт гаргаагүй тул ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний 2.6-д заасан үндэслэлээр торгууль шаардах эрхгүй болно.

 

9.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт торгуулийн талаар, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн талаарх тодорхойлолтыг тус тус өгчээ. Иймд энэ заалтууд нь шаардах эрхийг тодорхойлохгүй бөгөөд алданги болон торгууль шаардах эрхийг гэрээний дагуу үүссэн гэж дүгнэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах учиртай.

 

9.5. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хангах боломжгүй болно.

 

10. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг буруу баримталсныг залруулах нь зүйтэй. 

  

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “205.1” гэсний дагаа “205.2.1” гэж нэмж, “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “274 дүгээр зүйлийн 274.1, 186 дугаар зүйлийн 186.1” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “7.1.” гэснийг “7.1.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

 

                                         ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА