Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/03457

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  СТГ ХХК (рд:)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  БТС ХХК (рд:)-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.м, гэрч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч СТГ ХХК нь хариуцагч БТС ХХК-д холбогдуулан аижл гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,399,408 төгрөг гаргуулахаар шаардсан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалгаа дараах байдлаар тодорхойлсон. СТГ ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн компанидаа Вэбсайт хийлгүүлэх, компанийн ЕRР системд холбуулах ажлыг хийлгэхээр БТС ХХК-тай харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь тухайн ажлыг хуанлийн 30 хоногт хийж дуусгах ба эхний 15 хоногт вэбсайт бүтээх ажлыг хийж захиалагч талд хүлээлгэн өгөх, сүүлийн 15 хоногт вэбсайтыг захиалагчийн ЕРР системд холбох ажлыг хийж гүйцэтгэхээр, нөгөө талаас захиалагч нь гэрээ байгуулагдсан өдөр гэрээний үнэ болох 6,000,000 төгрөгийн 50% болох 3,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөх, үлдсэн 50%-ийг ажил дууссаны дараа өгөхөөр тус тус тохиролцсон болно. Гэрээ хүчин төгөлдөр болмогц захиалагч тал гэрээний үүргээ биелүүлж 3,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал нь гэрээнд тавигдсан шаардлагыг хангасан вэбсайтыг захиалагч талд хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бөгөөд захиалагч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар удаа дараа холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй байх, эсхүл утас нь сүлжээнээс салсан байх, ажлын байран дээрээ байхгүй байх зэрэг хүндрэлүүд тулгарсан. Хэзээ хойно өөрсдөө холбогдож манай хүүхэд төрсөн тул танай ажлыг хийж чадсангүй уучлаарай хугацаа сунгаад өгөөч гэсний дагуу бид ярилцаад нэмэлт 30 хоногийн хугацаа олгосон. Энэ хугацаанд гүйцэтгэгч тал интернэт орчинд үнэгүй байдаг вэбсайтын загваруудаас нэгийг бидэнд үзүүлсэн бөгөөд энэ нь гэрээнд тавигдсан шаардлагыг огтхон ч хангаагүй тул бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг дахин шаардсан. Үүнээс хойш гүйцэтгэгч тал бас л ажлын байран дээрээ байхгүй хэл чимээгүй алга болсон бөгөөд утсаар холбогдоход Баян-Өлгий аймагт явж байна хотод очиж байгаад танай ажлыг хийгээд дуусгана гэх хариултыг өгөх болсон. Энэ мэтчилэн гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан тул бид нэг ажилтнаа үндсэн ажлыг нь 2 сарын турш хийлгэлгүй зөвхөн хариуцагч талтай холбоо тогтоох, уулзах, гэрээний гүйцэтгэлийг шаардах зэрэг ажлуудыг хийлгэх болж компанид нэмэлт ажил үүсгэн хохирол учруулах болсон, нөгөө талаас өнөөдрийг хүртэл бид гэрээний шаардлага хангасан вэбсайтыг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэснийг үндэслэн гүйцэтгэгч талд урьдчилан төлсөн 3,000,000 төгрөг, компанид учруулсан хохирол 2,399,408 төгрөг, нийт 5,399,408 төгрөгийг БТС ХХК-иас гаргуулан СТГ ХХК-д олгож зөрчигдсөн эрхийг сэргээн, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна.Үүнд:Талуудын хооронд вэбсайт хийж гүйцэтгэхээр 5 дугаар сарын 16-нд гэрээ байгуулсан. Хариуцагч уг гэрээний 2.1-д заасан хүрээний ажлыг уг гэрээний 2.2-д заасан хугацаанд буюу 30 хоногт гүйцэтгэх, үүний эхний 15 хоногт вэбсайтыг хийж гүйцэтгэх бөгөөд үлдсэн 15 хоногт ERP системд холбох ажлыг гүйцэтгэх байсан. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсаны эцэст гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа нь дууссанаас хойш 81 хоногийн дараа нэг талын санаачилгаар уг гэрээг цуцлах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах тухайгаа хариуцагчид мэдэгдсэн. Хариуцагч Вэбсайт хийх гэрээний үүргээ биелүүлээгүй нь дараах баримтаар нотлогдож байгаа. Үүнд:

Нэг. Гэрээний 2.1-д зааснаар гэрээний дагуу хийгдэх вэб сайт нь

2.1.1.   Компанийн тухай ерөнхий мэдээлэл

2.1.2.   Компанийн хаяг, холбоо барих утас, е-мэйл

2.1.3.   Компанийн бүтээгдэхүүн танилцуулга

2.1.4.   Харилцагч үйлчилгээний захиалга өгөх, бүртгэх хэсэгтэй байх

2.1.5.   Бараа захиалгын хэсэгтэй байх

2.1.6.   Мэргэжилтний зөвлөгөө булан ажиллах

2.1.7.   Онлайн асуулт хариулт

2.1.8.   Сургалтын видео контент байршуулах хэсэгтэй байх

2.1.9.   Admin хэсэгтэй байх ёстой байсан.

Гэтэл хариуцагчаас ирүүлсэн вэбсайтыг нээж үзэхэд,

2.1.2-д заасанчлан компанийн хаяг, холбоо барих утас, е-мэйл байрлуулах загвар нь Захиалагчийн хүсэлтийн дагуу хийгдээгүй, байгууллагын хаяг, утасны дугаар, е-мэйл хаягийн хэсэгт оруулсан мэдээлэл нь бүгд буруу байсан.

- 2.1.3-д заасан Компанийн бүтээгдэхүүн танилцуулах хэсэгт танилцуулах бүтээгдэхүүний мэдээллийг бүрэн оруулаагүй,

-2.1.4-д заасан Харилцагчийн үйлчилгээний захиалга өгөх, бүртгэх хэсгийн загвар харуулсан боловч бүрэн гүйцээж хийгээгүй,

-2.1.5-д заасан Бараа захиалгын хэсэг хийгдээгүй,

- 2.1.6-д заасан Мэргэжилтний зөвлөгөө булан хийгдээгүй,

-2.1.7-д заасан Онлайн асуулт хариултын хэсэг хийгдээгүй,

- 2.1,8-д заасан Сургалтын видео контент байршуулах хэсэг хийгдээгүй,

-2.1.9 Admin хэсгийг харуулсан боловч захиалагчийн хүссэн загварын дагуу засаж сайжруулаагүй, мөн хэрхэн ашиглах ажиллуулах тухай зааварчилгаа өгөөгүй.

Хоёр. Хариуцагч Вэбсайт хийх гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацааг 81 хоногоор хэтрүүлсэн нь захиалагчийн зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болсон. Тухайлбал,

-Гэрээний 2.2-д ажил гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан бөгөөд 2.2.1-д ажлыг гэрээг байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт багтаан гүйцэтгэнэ.

-2.2.2-д Вэбсайтыг эхний 15 хоногт хийж гүйцэтгэх бөгөөд үлдсэн 15 хоногт вэбсайтыг ЕРР системд холбогдох ажлыг хийж гүйцэтгэнэ гэж бичсэнээр бол хариуцагч гэрээнд заасан ажлыг 6 сарын 16-нд хийж дуусгаад тухайн вэбсайтыг захиалагчид хүлээлгэж өгөх ёстой байсан. Ийм байтал энэ ажлыг хүлээлгэж өгөөгүй.

Гурав. Хариуцагч Вэбсайт хийх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын дараалал нь уг гэрээний 2.3-т зааснаар бол төлөвлөгөө гаргах, хар зураг гаргах, дизайн, кодчилол, туршилт, нэвтрүүлэлт, хүлээлгэн өгч акт үйлдэх зэрэг дарааллын дагуу ажиллах үүрэгтэй байсан.

Гэтэл хариуцагч нь Вэбсайт хийх" гэрээний

-  2.3.1-д зааснаар Хөгжүүлэгч нь захиалагчийн санал хүсэлтийг харгалзан нийт хийгдэх ажлын жагсаалтыг гарган өдөр тутам хийх ажлын төлөвлөгөөг гаргаагүй,

- 2.3.2-д зааснаар Вэбсайтын ерөнхий харагдац хэмжээ өнгө, блок товчнуудын байршил зэргийг цаасан дээр буулгасан хар зураг гаргаагүй.

- 2.3.3-д зааснаар хөгжүүлэгч нь үндсэн хар зургийн дагуу дизайны хувилбаруудыг гаргаж захиалагч талд танилцуулаагүй, дизайны эцсийн хувилбарыг батлаагүй.

- 2.3.4-д Батлагдсан дизайны дагуу программчлалын код бичиж вэбсайт болгоогүй.

- 2.3.5-д зааснаар Вэбсайтын ажлын явц 75%-с дээш болсон тохиолдолд захиалагч тал явуулах байсан бөгөөд хөгжүүлэгчтэй хамт бэлэн болсон хэсгийг ажиллуулж үзсэний дараа туршилтын үр дүнг хэлэлцэн засаж сайжруулах зүйл байгаа бол засаж сайжруулах байсан боловч энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй.

- 2.3.7-д зааснаар Нэвтрүүлэлт дуусгаад хөгжүүлэгч тал хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө акт үйлдэнэ. Тухайн актад гүйцэтгэсэн ажлуудын жагсаалтыг бичин ар талд нь хүлээн авсан захиалагч тал гарын үсэг зурна. Хүлээлгэн өгсөн өдрөөс баталгаат хугацаа тоологдоно гэж гэрээнд тусгагдсан байсан боловч энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй.

Дөрөв. Вэбсайт хийх гэрээний дагуу акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй вэбсайт нь гэрээний 2.4-т заасан Ажилд тавигдах шаардлага-ыг хангаагүй. Акт үйлдэж кодоо хүлээлгэж өгөөгүй тул кодыг шаардлага хангаж буй эсэхийг шалгах боломжгүй байсан. Тодруулбал,

4.1. Вэбсайт хийх гэрээний дагуу акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй боловч өөрсдөө хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаад байгаа вэбсайт нь Вэбсайт хийх гэрээний 2.4-т заасан Ажилд тавигдах шаардлага-ыг хангаагүй. Учир нь акт үйлдэж кодоо хүлээлгэж өгөөгүй тул кодыг шаардлага хангаж буй эсэхийг шалгах боломжгүй байсан.

4.2.  Хариуцагч Вэбсайт хийх гэрээний дагуу хийсэн вэбсайтыг актаар хүлээлгэж өгөөгүй, хийсэн гэж харуулсан вэбсайт нь цахим орчинд байдаг загвар төдий байсан. Вэбсайт хийх гэрээний 7.2.1-д зааснаар хүлээлгэн өгч буй вэбсайт нь захиалагчийн тавьсан шаардлагыг хангасан байна, 7.2.2-д зааснаар хүлээлгэн өгч буй вэбсайт нь ажиллагааны доголдолгүй байна гэсэн шаардлагыг хангаагүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Вэбсайт хийх гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 3,000,000 төгрөг, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгчид Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлсөн 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч БТС ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Д.*******, З.*******, өмгөөлөгч К.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  СТГ ХХК-ийн нэхэмжлэлтэй БТС ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. СТГ ХХК болон БТС ХХК нар нь 2022 оны 05 сарын 16-ны өдөр Веб сайт хийх, ЕРР системд холбуулах үүрэг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээнд тусгасны дагуу хариуцагч компани нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1.1.  Компанийн тухай ерөнхий мэдээлэл

1.2.  Компанийн хаяг, холбоо барих утас, е-мэйл

1.3.  Компанийн бүтээгдэхүүн танилцуулга

1.4.  Харилцагч үйлчилгээний захиалга өгөх, бүртгэх хэсэгтэй байх

1.5.  Бараа захиалгын хэсэгтэй байх

1.6.  Мэргэжилтний зөвлөгөө булан ажиллах

1.7. Онлайн асуулт хариулт

1.8. Сургалтын видео контент байршуулах хэсэгтэй байх

1.9. Админ /Абтт/ хэсэгтэй байх

Дээрх ажлуудыг гэрээний дагуу 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн болно. Хүлээсэн үүргийн дагуу дээрх ажлуудыг тохирсон хугацаандаа хийж хэрэгжүүлэн хүлээлгэж өгөхөөр СТГ ХХК-ны ерөнхий программист н.*******, худалдааны менежер н.*******аа, н.******* нартай хариуцагч БТС ХХК-ны программист Б.******* болон гүйцэтгэх захирал Д.*******ийн хамт УБ гранд зочид буудлын 9 давхарт байрладаг БТС ХХК-ны ажлын өрөөнд уулзсан. Манай зүгээс хийж гүйцэтгэсэн ажлуудаа бүрэн гүйцэт танилцуулсан буюу гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байсан. Тус уулзалтын үеэр СТГ ХХК-ны ахлах программист н.******* гэрээнд тусгагдаагүй хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Анх гэрээнд тусгагдсаны дагуу БТС ХХК нь бүтээгдэхүүний жагсаалт харуулах, тухайн жагсаалтыг ЕРР системд байгаа өгөгдлийн сангаас татаж харуулахаар тохирсон. Харин дараа нь бүтээгдэхүүнийг ангилах, ангилал нэмэх, ангилал хасах, бараа бүтээгдэхүүн нэмэх, бараа бүтээгдэхүүн хасах болон засварлах, хэрэглэгчдэд харагдах, харагдахгүй болгож ангилах гэх мэтчилэн хэд хэдэн ажлуудыг нэмж хийлгэх шаардлагатай хэмээн хүсэлтээ илэрхийлсэн. Тухайн үед БТС ХХК-ийн программист Б.******* нь гэрээний хугацаа дууссан талаар сануулж хэлсэн боловч нөгөө талаас гэрээний хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Уг хүсэлтийг манайх хүлээн авч нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Нэмэлт ажлуудыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны бүрэн хийж дуусгасан. Наадмын амралтын дараа хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах зорилготой манай программист Б.******* н.*******аатай утсаар ярихад 7 хоногийн хугацаатай амралт авсан байгаа ба н.*******тэй холбогдоорой гэсэн хариу өгсөн. Тухайн үед н.*******тэй холбогдоход мөн адил 7 хоногийн чөлөө авснаа хэлсэн. Тэрний дараа удаа дараа уулзаж 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн СТГ ХХК-ны серверт манай их кодыг байршуулж эхэлсэн. 7 дугаар сарын сүүлээр тухайн ХХК-ний ажилчидтай уулзалт хийж хийгдсэн ажлуудаа танилцуулсан. Хамгийн сүүлийн шат болох тестэлж нэвтрүүлэх үе шатыг СТГ ХХК-ны ахлах программист н.******* нь ээлжийн амралтаа авсан ба амраад орсны дараа 2022 оны 08 дугаар сарын сүүлээр хүлээж авна хэмээн санал дэвшүүлсэн. Тэр хүртэл тестэлж нэвтрүүлэх ажлыг дуусгаж, нэмэлтээр өөрчлөлт хийх хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Серверт их код байршуулах ажлын явцад нэхэмжлэгч талаас тус Веб сайтад фейсбүүк групп чат нээж нэмэлт өөрчлөлт болон засаж янзлах тухай дахин санал гаргаж энэ талаар 2022 оны 8 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл тогтмол хэлэлцээд явсан. Хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулсан талаар мэдэгдэж линк явуулсан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сард гэрээний ажлын дарааллын дагуу хамгийн сүүлийн шат болон туршилт буюу тестлэх үеэр манай хийсэн ажлыг хүлээж авахгүй, гэрээгээ цуцалж шүүхээр явна гэж мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хариуцагчийг үүргийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх буюу гэрээний хугацааг сунгасан шалтгаан нь нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой мөн сүүлд ажил удааширсан нь нэхэмжлэгч компанийн холбогдох ажилчид ээлжийн амралттай зэрэг шалтгаантай байснаас хариуцагчаас огт шалтгаалаагүй юм. Хариуцагчийн зүгээс гэрээнд заагдсан ажлыг анх хугацаанд нь чанартай хийж, гүйцэтгэж хүлээлгэж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд зааснаас өөр нэмэлт ажил хийх шаардлагыг удаа дараа тавьснаар ажил удааширсан. Үүнээс үзвэл хариуцагч компанийн хувьд үүргийн зөрчил гаргаагүй тул нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, хохирол шаардаж буй нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал удаа дараа нэмэлт ажил хийлгэсэн, өөрсдөө хугацаа сунгах хүсэлт гаргасан зэрэг нь хоёр компанийн хоорондын харилцсан фэйсбүүк чатаас харагдах бөгөөд хариуцагчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг эх хувиар нь өгөх боломжгүй буюу биет бус ажил тул шүүхийн ажиллагааны явцад үзлэг хийлгэж тогтоолгох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5 дугаар сарын 16-нд гэрээ хийгээд дунд нь нэг удаа уулзсан. Гэрээний хугацаа дуусахад нэг удаа уулзаж ажил арай дуусаагүй байна гэхэд нэмэлт зүйл хүссэн. Улмаар ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх гэхэд 3 хүн нь бие бие уруугаа уулз гэж хэлсэн. Улмаар амралтаа авчихлаа гэсэн. Тэгээд би хөдөө явсан. Манайхыг үзүүлье гэхэд боломжгүй гэдэг байсан. Тэгээд уулзахад гэрээгээ цуцалъя гэсэн. Би нэмэлт зүйлийг үнэгүй хийж өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Гэрээ байгуулсан 6 дугаар сарын 10-нд кодчиллыг бэлэн болгосон. Энэ нь вэбсайт бэлэн боллоо гэсэн үг юм. Нийт 9 хэсэгтэй  ажлыг гүйцэтгээд нэхэмжлэгчид танилцуулсан. Гэтэл нэмэлт ажлын санал гаргасан. Ингэхэд нэмэлт ажил хийвэл  нэмэлт хугацаа хэрэгтэй гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хугацаагаа сунгасан тул бид нэмэлт ажлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар амаар тохиролцсон тул баримтгүй. Нэхэмжлэгч нь гэрээг зөрчсөн тул цуцаллаа гэсэн нь баримтгүй. Хугацаа сунгасан нь нэмэлт ажил хийх болсонтой холбоотой. Мөн наадмаас болоод ажлаа хүлээж аваагүй. Бид хугацаа хэтрүүлээгүй харин үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн. Улмаар наадмын дараа дахиж чат пот нэмэх хүсэлт хэлснээр бид дахин зөвшөөрч гүйцэтгэсэн. Дахиад ажлаа хүлээлгэж өгөх гэтэл ээлжийн амралттай гэсэн. Үүний дараа Баян-Өлгий явах ажил гарсан. Ингээд 8 сарын сүүлээр туршилтын ажил эхэлсэн бөгөөд эцсийн шатанд гэрээг цуцаллаа гэсэн.

Гэрээний 2.1-д заасан 9 хэсэг ажил бүрэн гүйцэтгэгдсэн. Ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхгүй. Ажлыг нэхэмжлэгч хүлээн авах үүрэгтэй. Мэдээллийн хувьд бид вэбсайт бүтээх ёстой бөгөөд мэдээллийг бид оруулах ёсгүй юм. Нэхэмжлэгч өөрөө мэдээллээ оруулах ёстой. 7.20-нд ажлаа хүлээлгэж өгөхөөр холбогдсоныг нэхэмжлэгчийн төлөөлөгч хэллээ. Гэрээнд туршилтыг нэхэмжлэгч явуулахаар заасан. Бид кодчиллыг 6.10-нд танилцуулснаар туршилт явуулах боломжтой болсон. Гэрээнд заасан ажлыг бүрэн хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд байхгүй барааг нэмэх хэсэх гэх мэтийг нэмж ажил хийлгэх хүсэлт гаргасан. Зарим бараа нь харагддаггүй байх мөн засварлах гэх мэт зүйлийг нэмж хийлгэсэн. Өмгөөлөгчийн хөлс төлсөн баримтгүй тул өмгөөлөгчийн хөлсийг хохирол гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацааг хэтрүүлсэн гэдэг. Гэтэл хугацааг тохиролцоод сунгасан тул хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй. Нэмэлт ажил хийснээр хугацаа сунгагдсан юм. Иргэний хуулийн 251.1.2-т захиалагч ажлыг хүлээн авах үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 7 сарын 20-нд ажлыг хүлээлгэж өгөх талаар холбогдсоныг хэлж байна. Нэхэмжлэгч нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Гэрээ цуцлах тухай ярих юм бол энэ талаар санал гаргах ёстой. Гэтэл гэрээг цуцлах татгалзах тухай мэдэгдэл өгч байгаагүй. Хэн нэгэн ажилтан гэрээг цуцлах талаар хэлсэн гэдэг нь гэрээг цуцлах үндэслэл биш юм. Цуцлах талаар ямар нэг санал ирүүлж байгаагүй. Гэрээг байгуулагдсанаас хойш зарим нөхцөл өөрчлөгдсөн. Иймд хариуцагчийг гэрээг зөрчсөн гэх үндэслэлгүй гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл(хх-4), улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-5,27), вэбсайт хийх гэрээ (хх6-14), Голомт банк дахь дансны депозит хуулга (хх-26), /хх26/, Д.*******, Ж.******* нарын гаргасан тайлбар (хх-52-55) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

5.Хариуцагчаас шүүхэд: итгэмжлэл(хх37) нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

6. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр маргаж буй цахим хуудсанд үзлэг хийсэн. (хх57-58)

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СТГ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн төлбөр 3,000,000 төгрөг, хохиролд 2,399,408 төгрөг, нийт 5,399,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүрэгт төлсөн төлбөр 3,000,000 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч БТС ХХК нь бид ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн боловч нэмэлт ажил захиалсан тул хугацаа сунгагдсан, улмаар нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов.

7.Зохигчид харилцан тохиролцож 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр вэбсайт хийх гэсэн нэртэй гэрээ байгуулж, гэрээний 1.1, 1.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн вэбсайтыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хөлс төлөхөөр тохиролцжээ. (хх6-12)

7.1.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний оролцогчид, гэрээний хүчин төгөлдөрийн эсэхийн талаар талууд маргаагүй.

7.2.Нэхэмжлэгчээс гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтг хүлээлгэн өгөөгүй, манай захиалсан ажил чанарын шаардлага хангаагүй, нэмэлтээр ажил гүйцэтгүүлэхээр гэрээний хугацааг сунгасан боловч гэрээний үүргийг биелүүлээгүй, ажлыг хүлээлгэж өгөөгүй гэж хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар маргаж байна.

7.3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний:

2.2.2.1-д ажлын гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт багтаан гүйцэтгэнэ.;

2.2.2-т Вэйбсайтыг эхний 15 хоногт хийж гүйцэтгэх бөгөөд үлдсэн 15 хоногт вэйбсайтыг ERP системд холбох ажлыг хийж гүйцэтгэнэ.;

2.3.3.-т хөгжүүлэгч үндсэн хар зургийн дагуу дизайны хувилбарыг гаргаж захиалагч талд танилцуулсны үндсэн дээр талууд дизайны эцсийн хувилбарыг батална. Хөгжүүлэлтийн явцад өөрчлөгдөх тохиолдолд талууд харилцан зөвшилцөн өөрчлөлтийг батална.

2.3.5-д вэйбсайтын ажлын явцад 75 хувиас дээш болсон тохиолдолд захиалагч тал туршилт явуулна. Хөгжүүлэгчтэй хамт бэлэн болсон хэсгийг ажиллуулж үзсэний дараа туршилтын үр дүнг хэлэлцэж сайжруулах зүйл байгаа бол засаж сайжруулна.

2.3.7-д нэвтрүүлэлт дуусгаад хөгжүүлэгч тал хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө акт үйлдэнэ. ТУхайн актад гүйцэтгэсэн ажлуудын жагсаалтыг бичин ар талд нь хүлээн авсан захиалагч тал гарын үсэг зурна. Хүлээлгэн өгсөн өдрөөс баталгаат хугацаа тоологдоно. гэж тохиролцжээ.

 

7.4.Нэхэмжлэгч нь гэрээний 3.4-т зааснаар гэрээ байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид 3,000,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан банкны депозит хуулгаар тогтоогдож байна. (хх26)

8.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2.1-д зааснаар ажлыг 30 хоногт багтаан гүйцэтгэхээр тохиролцсон байна. Улмаар гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож тодорхой хугацаанд сунгасан талаар тайлбарладаг. Нэхэмжлэгч нь ...хариуцагчийн буруутай буюу ажил бүрэн гүйцэтгэгдээгүй байснаас гэж, ...хариуцагч нь нэмэлт ажил хийхээр захиалсантай холбоотойгоор хугацаа сунгасан гэх тайлбараас зохигчид гэрээний хугацааг Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д зааснаар сунгасан гэж үзэв.

9.Хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэсэн ажлаа харах талаар, ажлыг гүйцэтгэж дууссан, үр дүнг хүлээлгэн өгөхөөр нэхэмжлэгчид ханджээ.

9.1.Шүүхийн хэлэлцүүлэгт Гэрч Ж.******* ...хариуцагч талтай манайх вэйбсайтыг хүлээн авахаар уулзалт зохион байгуулсан. Хийсэн ажил нь манай шаардлагыг хангахгүй байсан, Нэмэлтээр бүтээгдэхүүний үнэ, үлдэгдэл зэрэг нэмэлт ажил хийлгэх болсон. Гэтэл хариуцагч ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж мэдүүлснээс үзэхэд зохигчид гэрээний 2.3.3-д зааснаар вэйбсайтын дизайны хуулбарын талаар танилцсан байна.

10..Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.гэж заажээ.

10.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр 0000000 / шүүхээс гүйцэтгэсэн ажилд үзлэг хийжээ.

Үзлэгээр:

- 0000000 /вэйбсайтад нэвтрэхэд танилцуулга бүхий хөдөлгөөнт дүрс байна. Доошоо гүйлгэхэд байгууллагын танилцуулга, бусад мэдээлэл байна. Бидний тухай, үйлчилгээ, бүтээгдэхүүн, холбоо барих гэсэн холбоснууд ажиллаж байна.,

- 0000000 /вэйбсайтад нэвтрэхэд холбоосууд test гэсэн нэрээр бичигдсэн байна. Эхэнд байх бүтээлүүд, бидний тухай, мэдээ, мэдээлэл, холбоо барим гэсэн хэсгүүд холбогдох мэдээлэл тусгагдаагүй боловч тодорхой хэмжээнд ажиллаж байна.

- 0000000 /вэйбсайтад нэвтрэхэд хэрэглэгчийн нэр нууц үг шаардаж байна гэж илэрчээ.

10.2.Дээрхээс үзэхэд хариуцагч захиалагчийн захиалсан ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн атлаа гэрээний 2.3.7-д зааснаар захиалагчид гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

11.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1. Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж зааснаар ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотойгоор захиалагч нь гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

11.1.Хариуцагч захиалагчийн ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн гэж маргах боловч энэ талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

11.2. Мөн шүүхээс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын 0000000 /вэйбсайтад туршилтын журмаар буюу test хэлбэрээр танилцуулагдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ актаар захиалагч талд бэлэн болгож хүлээлгэн өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон болно. (хх13-14)

11.3.Нэхэмжлэгч 0000000 /вэйбсайттай танилцсан, хариуцагчийн тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн талаар үгүйсгээгүй.Хариуцагч гэрээнд дурдагдсан ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ, доголдлын шинж чанар, арилгах хэмжээг харгалзан хариуцагчийг гэрээгээр тохирсон ажлын 20 хувийг буюу 1,000,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх нь зүйтэй.

Иймд захиалагчийн захиалсан ажлын үр дүнг доголдолгүйгээр гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, хохирол 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч 20 хувийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж, 2,000,000 төгрөгийг БТС ХХК-иас гаргуулж, СТГ т ХХК-д олгож нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

12.Нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөгийг төлж, хохирол учирсан гэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжилсэн.

12.1.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д ......шүүхэд гомдол гаргах, ....өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. гэж хуульчилсан. 

12.2.Нэхэмжлэгч СТГ ХХК болон өмгөөлөгч нар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулгыг тодорхойлон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчимд нийцсэн, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэж үзэв. (хх49-50)

12.3.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч  нь хөлс төлөх үүргийг хүлээнэ. гэж зааснаар өмгөөлөгч нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс төлөх үүргийг хүлээнэ.

12.4.Иргэний эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах нь тухайн этгээдийн эрх, эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь хүсэл зоригоос шууд хамаарах тул өмгөөллөгчид төлсөн хөлсийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар учирсан гэх хохиролд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Д.Н гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээс татаглазсан болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар БТС ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СТГ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлэх 1,500,000 төгрөгийн шаардлагаыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ