Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/03123

 

 

 

 

 

2023 06 20

 101/ШШ2023/03123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г,

 

Нэхэмжлэгч:  Э нарын гаргасан,

 

Хариуцагч: “Н”-т холбогдох дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2022/00385 тоот захирамжаар Г, Э нараас 160,613,435.00 төгрөгийг гаргуулж Ж ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан Гийн өмчлөлийн ... тоот байрлах 1 өрөө орон сууц, мөн Г, Э нарын өмчлөлийн ... тоот хаягт байрлах ... тоот дугаартай 645 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн уг хаяг буюу ...тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай газар, мөн ... тоот хаягт орших 500 м.кв талбайтай газар, үүнээс гадна ... тоот хаягт байрлах 476 м.кв талбайтай газрыг тус тус хариуцагч Н аас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжлээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хурааж авсан.

 

 Нэхэмжлэгч Г миний бие анх 2018 онд Ж ХХК-иас 50,000,000.00 төгрөгийн зээл аваад төлж чадахгүй байсаар хууль мэдэхгүйгээсээ зээлдүүлэгчийн үгэнд итгэж эвлэрээд өөрийгөө 160,613,435.00 төгрөгийн өртэй болгосон. Ингээд хариуцагч Нын шийдвэр гүйцэтгэгч М намайг өрөөндөө 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуудаад эдгээр хөрөнгийн үнийн санал гэх зүйл бичүүлж авахад нь хувийн сууцыг 120,000,000.00 төгрөгөөр, ... хороо байрлах үйлчилгээний объект болон газрыг 900,000,000.00 төгрөгөөр тус тус үнэлэсэн.

 

Гэтэл хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр ...тоот хаягт байрлах 31.4 м.кв талбайтай орон сууцыг 92,800,000.00 төгрөгөөр үнэлсэн бол М ХХК-ийн өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Улаанбаатар хот, ... тоот хаягт байрлах 645 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн дүүргийн ...хороо, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газар, түүнчлэн ... хороо, ... тоот хаягт байрлах ... тоот нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газар, түүнчлэн уг дүүргийн...хороо, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 476 м.кв талбайтай газрыг тус тус 519,651,800.00 төгрөгөөр үнэлсэн маш их гомдолтой байна.

 

Манай 31.4 м.кв талбайтай орон сууц нь ... замын дэргэд хотын төвийн “Б” зэрэглэлийн бүст байрладаг бол ...дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгө маань зүүн бүсийн аймгийн төв зам дагуу байрладаг, хувийн сууц бус нийтэд үйлчилгээ үзүүлэх худалдаа үйлчилгээний зориулалттай зоогийн газар болон 8 нэрийн хүнсний дэлгүүр, кофе шоп зэрэг стандартаар барьж байгуулсан бөгөөд газар нь аж ахуйн зориулалт бүхий 2,000 м.кв талбайтай, урдаа зогсоолын орчинтой учир 900,000,000.00 төгрөгөөр арилжаалагдах хөрөнгө юм. Эдгээр газар, үл хөдлөх хөрөнгүүдийг хэн ч харсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байхад шийдвэр гүйцэтгэгч нь эрхийн улсын бүртгэлийн ... тоот дугаартай үл хөдлөхийн гэрчилгээнд 2018 онд бичигдсэн хувийн сууц, иргэн бүр олгодог газар гэж хөрөнгийн зориулалтыг буруу тодорхойлж үнэлэхийг “Шинжээч томилох тухай” тогтоолд заасны улмаас зах зээлийн үнэ цэнийг үнэгүйдүүлэх шалтгаан болсон байна.

Мөн Шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээчээр үнэлүүлэх хууль зүйн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалт, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг бид нарт тайлбарлаж үнийн санал аваагүй, шинжээч томилж үнэлүүлж байгаагаа мэдэгдээгүй, шинжээчийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг зөрчсөн байна. Иймд, Ф ХХК болон М ХХК нарын хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр Э, Г нараас 160,613,435.00 төгрөгийг гаргуулж Ж ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... тоотод байрлах 31.5 м.кв нэг өрөө орон сууц, ... хороонд байрлах ...тоот хаягт орших 635 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн дүүргийн ...,...хороо ... тоотод байрлах 500 м.кв талбайтай эзэмшлийн газар, ... тоотод байрлах 500 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, түүнчлэн ... хороо ...тоотод байрлах 476 м.кв эзэмшлийн газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан байсан.

 

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 12-ний өдөр үүсгэж төлбөр төлөгч Г, Э нарт шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх мэдэгдэл хугацаа тогтоож өгсөн. Гэвч эдгээр хүмүүс тухайн хугацаанд төлбөрийг төлөөлгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Инээд битүүмжилсэн, хураасан үл хөдлөх хөрөнгө болон газруудыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийсэн боловч үнийн талар харилцан тохиролцоогүй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөдлөнгийн шинжээч томилсон юм.

 

Ийнхүү хөндлөнгийн шинжээч томилоход ... хороонд байрлах 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 519,651,800.00 төгрөгөөр үнэлсэн бол ... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 92,800,000.00 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэсэн боловч үүнийг баримтаар нотлоогүй, харилцан тохиролцуулах ажиллагааг хийгээгүй гэж маргасан хэдий ч Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнийн санал авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж, эд хөрөнгөд үнэлгээг зохих ёсоор хийлгэсэн учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тус шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч нар манай байгууллагад хандаж өөрсдийн эрхэлдэг бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн тул бид зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй 50,000,000.00 төгрөгийг олгосон. Мөн зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс 12 сар, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 сарын хугацаагаар тус тус гэрээг сунгасан боловч зээлдэгчид өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Ингээд Баянзүрх дүүргийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00385 тоот захирамжаар зээлдэгч нараас 160,613,435.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г, Энар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзвэл шинжээч хууль зөрчиж үнэлгээ гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Зээлдэгч нар ... хороонд байрлах үйлчилгээний объектоо газрын хамт 900,000,000.00 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг барьцаа хөрөнгө нь бүрэн баригдаж дуусаагүй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй учир зах зээлийн үнийн дүнгээс хямдаар үнэлэгдэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэснээс хойш төлбөр төлөгч нар удаа дараа хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, хугацаа авч, өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
  4. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээний хуулбар,
  5. Эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар,
  6. Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар,
  7. Кадастрын зургийн хуулбар,
  8. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ...дугаар гэрчилгээний хуулбар,
  9. Кадастрын зургийн хуулбар,
  10. Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар,
  11. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээний хуулбар,
  12. Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар,
  13. Кадастрын зургийн хуулбар,
  14. Нын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4-159/20796 тоот мэдэгдэл,
  15. Нын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4-159/22523 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл,
  16. Нын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4-159/22885 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл,
  17. Нын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн.../02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
  18. Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт,
  19. Нын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн.../1 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
  20. Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт,
  21. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29339 дугаар захирамжийн  хуулбар,
  22. Итгэмжлэл,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1656 тоот гүйцэтгэх хуудас,
  3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17258 тоот захирамж, 
  4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 385 тоот захирамж,
  5. Ж ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22/1430 тоот албан бичгийн хуулбар,
  6. Ж ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22/1433 тоот албан бичгийн хуулбар,
  7. Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  8. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар гэрээний хуулбар,
  9. Орлогын ордерын хуулбар,
  10. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн... дугаар тогтоолын хуулбар,
  11. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талудад эрх, үүрэг хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар,
  12. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн.../2 тоот зарлан дуудах мэдэгдлийн хуулбар,
  13. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн.../2 шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар,
  14. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  15. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээний хуулбар,
  16. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай гэрчилгээний хуулбар,
  17. Нын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-159/16444 тоот албан бичгийн хуулбар,
  18. Нийслэлийн ...дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23/730 тоот албан бичгийн хуулбар,
  19. Кадастрын зургийн хуулбар,
  20. Нын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн.../1 дугаар тогтоол,
  21. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  22. Нын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн.../2 дугаар тогтоол,
  23. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  24. Нын эд хөрөнгө хураах тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн.../3 дугаар тогтоол,
  25. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  26. Нын эд хөрөнгө хураах тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн.../4 дугаар тогтоол,
  27. Нын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4-159/20796 тоот албан бичгийн хуулбар,
  28. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  29. Нын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-159/21413 тоот албан бичгийн хуулбар,
  30. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  31. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эийн Нт гаргасан үнийн саналын хуулбар,
  32. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гийн Нт гаргасан үнийн саналын хуулбар,
  33. Нын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4-159/20797 тоот мэдэгдлийн хуулбар,
  34. Ж ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22/1969 тоот албан бичгийн хуулбар,
  35. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/389 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын хуулбар,
  36. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар,
  37. Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар,
  38. “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар,
  39. Нын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4-159/22523 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийн хуулбар,
  40. Нын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4-159/22522 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийн хуулбар,
  41. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  42. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/390 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар,
  43. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар,
  44. М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар,
  45. Нын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4-159/22886 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийн хуулбар,
  46. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  47.  Нын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4-159/22885 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийн хуулбар,
  48. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  49. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эмэмших эрхийн ... дугаар гэрчилгээний хуулбар,
  50. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эмэмших эрхийн ...дугаар гэрчилгээний хуулбар,
  51. Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн  тухай актын хуулбар,
  52. Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн  тухай актын хуулбар,
  53. Кадастрын зургийн хуулбар,
  54. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эмэмших эрхийн ... дугаар гэрчилгээний хуулбар,
  55. Кадастрын зургийн хуулбар,
  56. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ганзорийг нарын гаргасан гомдлын хуулбар,
  57. Нын 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 922 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбар,
  58. Ж ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22/2078 тоот албан бичгийн хуулбар,
  59. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудсын хуулбар,
  60. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01949 тоот захирамжийн хуулбар,
  61. Г нарын нэхэмжлэлийн хуулбар,
  62. Итгэмжлэлийн хуулбар,

 

Гуравдагч этгээдийн шүүхий ирүүлсэн баримт:

 

1.   Итгэмжлэл,

2.   Хариу тайлбар,

3.   Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

4.   Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад              

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г, Э нараас хариуцагч Нт холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00385 тоот захирамжаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн гаргасан хариуцагч Г, Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 160,613,435.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 49-51 хуудас/.

 

Тодруулбал, Г, Э нар Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 160,613,435.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлөх нөхцөлөөр эвлэрсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Гийн өмчлөлийн ...тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... тоот дугаартай 31.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г, Э нарын өмчлөлийн ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... тоот дугаартай 645 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Гийн эзэмшлийн ...дүүрэг, ...,...хороо, ... ..., нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газар,  Эийн эзэмшлийн ... хороо, ..., нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газар болон ... хороо, ..., нэгж талбарын ... тоот дугаартай 476 м.кв талбайтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирчээ.

 

Гэвч нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г, Э нар дээр дурдсан шүүхийн 101/ШШ2022/00385 тоот захирамжийг сайн дураар биелүүлээгүйг үндэслэн тус шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 101/ШЗ2022/17258 тоот захирамжийн дагуу 01656 тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өгсөн нотлох баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 160,613,435.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн захирамжийг албадан биелүүлэхээр 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ... тоот тогтоол гаргаж, улмаар хуульд заасан ажиллагааг явуулж байгаа ажээ /х.х-ийн 47, 48, 85 хуудас/.

 

Ингээд хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, түүнтэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 24-27, 58-77 хуудас/.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох ба тийнхүү тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Наас хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, аль эсхүл өмчлөгч нарын санал болгосон буюу тэдгээрийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд талуудын маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Н нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Г, Э нарт барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг төлбөр авагч Ж ХХК-тай тохиролцож ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нар ...тоот хаягт байрлах 31.4 м.кв талбайтай орон сууцыг 127,300,000.00 төгрөг,  ... тоот хаягт байрлах 645 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн дүүргийн...хороо, ...тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газар, түүнчлэн ... хороо, ... тоот хаягт байрлах ... тоот нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газар, мөн тус дүүргийн...хороо, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 476 м.кв талбайтай газрыг 900,000,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн байна /х.х-ийн 80, 81 хуудас/

 

Гэвч төлбөр авагч Ж ХХК-ийн зүгээс төлбөр төлөгч төлбөр Г, Э нарын өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч Нт гаргажээ /х.х-ийн 83 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/389, 118390 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийг, мөн М ХХК-ийг тус тус томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцэж байна /х.х-ийн 84, 104 хуудас/.

 

Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр ...тоот хаягт байрлах 31.4 м.кв талбайтай орон сууцыг 92,800,000.00 төгрөгөөр үнэлсэн бол М ХХК-ийн өдрийн хөрөнгийн үнэлгээгээр ... тоот хаягт байрлах 645 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн дүүргийн...хороо, ...тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газар, түүнчлэн ... хороо, ... тоот хаягт байрлах ... тоот нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газар, түүнчлэн уг дүүргийн...хороо, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 476 м.кв талбайтай газрыг тус тус 519,651,800.00 төгрөгөөр үнэлсэн байна /х.х-ийн 88-99, 106-130 хуудас/. 

Тодруулбал, ... хороо, ...тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газрыг 31,112,500.00 төгрөгөөр, мөн дүүрэг...хороо, ... тоот тоот хаягт байрлах ... тоот нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газрыг 31,112,500.00 төгрөгөөр, ... хороо, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 476 м.кв талбайтай газрыг 29,619,100.00 төгрөгөөр, нийт 91,844,100.00 төгрөгөөр үнэлсэн бол ... хороо, ... тоот хаягт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй үйчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 519,651,800.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нар ...тоот хаягт байрлах 31.4 м.кв талбайтай орон сууцыг 92,800,000.00 төгрөгөөр, бусад газар болон үл хөдлөх хөрөнгийг 519,651,800.00 төгрөгөөр үнэлсэн гэсэн боловч хавтаст хэргийн 120, 122 дугаар хуудас дахь хөрөнгийн үнэлгээний тайланг үзвэл 3 /гурав/-н газрыг 91,844,100.00 төгрөгөөр үнэлснээс гадна 70 хувийн гүйцэтгэлтэй үйчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 519,651,800.00 төгрөгөөр үнэлсэн байна /нийт барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 704,295,900.00 төгрөг/.

 

Эдгээр хөрөнгийн үнэлгээний тайланд барьцаа хөрөнгүүдийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоосон, уг дүгнэлтийг гаргахдаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал, энэхүү үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн ойр орчимд байдаг үл хөдлөх хөрөнгийн ханш хэдэн төгрөг байсан, чухам ямар үндэслэлээр итгэлцүүр хэрэглэсэн гэх зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарлажээ.

 

  1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “үнэлгээний тайлан гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг хэлнэ” гэж, 3.1.10-т “үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ” гэж, 3.1.11-т “үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөрөнгийн үнэлгээний Ф ХХК, М ХХК болон тэдгээрийн хөрөнгийн үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргасан. Гэвч хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Ц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, М ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ /х.х-ийн 98, 130 хуудас/.

Мөн хариуцагч Н нь хөрөнгийн үнэлгээчинд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийг, М ХХК-иудын тайлангуудыг үзвэл тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна /х.х-ийн 85, 86, 105 хуудас/.

 

Түүнчлэн дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоохоор зах зээлийн үнийн талаарх судалгааг хийхдээ маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахаар бусдад санал болгосон үнийг суурь болгосон нь зөрчил болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.4-т тус тус зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд аливаа этгээд нийтэд саналын дуудлага гаргаж, улмаар түүнд санал гаргасан хүн, хуулийн этгээдтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдсан болон худалдахаар санал болгож буй үнийн саналыг үндэслэсэн нь үнэлгээний суурь зарчимд нийцнэ.

 

Энэ талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ” гээд 25.2.1-д “зах зээлийн үнийн судалгааны байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл” гэж, 25.2.2-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээсэн зах зээлийн үнэ, ханшийн талаарх мэдээ, мэдээлэл” гэж тус тус заажээ.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Г, Э нар хөрөнгийн үнэлгээний Ф ХХК, М ХХК-иудын үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг 704,295,900.00 төгрөгөөс “их байх ёстой” гэж маргаж буй тохиолдолд тухайн маргааныг үүсгэсэн үеэс эхлэн өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчид энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй байна.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн” гэж зааснаар хариуцагч Н нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах үйл ажиллагааг албадан гүйцэтгэж байгаа ашиг сонирхолгүй хөндлөнгийн эрх бүхий байгууллагын хувьд төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хүлээн зөвшөөрөөгүй буюу барьцааны зүйлийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний компанийн тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох үүрэг хүлээхгүй.

 

Харин тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ” гэж, мөн 32.3-т “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж тус тус зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын эрх, ашиг сонирхол шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндөгддөг тул тэдгээр оролцогч нь юуны түрүүнд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргаж байгаа бол тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хүлээнэ.

 

Зүй нь, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 98,200,00.00 төгрөг, мөн 91,844,100.00 төгрөг болон 519,651,800.00 төгрөг биш, харин 127,300,000.00 төгрөг, түүнчлэн 900,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж байгаа бол уг тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй. Харин хариуцагч Н нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

  1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “захиалагч гэж энэ хууль болон гэрээнд заасан тохиолдолд өөрийн болон бусдын өмнөөс хөрөнгө үнэлүүлэх захиалга өгсөн этгээдийг хэлнэ” гэж, 3.1.4-т “үйлчлүүлэгч гэж хууль тогтоомжид заасны дагуу, эсхүл захиалагчийн санаачилгаар өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг үнэлүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан бичгээр тохиролцсон”-оор хөрөнгийн үнэлгээг хийнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г, Э нарын гаргасан хариуцагч Нт холбогдох ... ...тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... тоот дугаартай 31.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... тоот дугаартай 645 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... хороо, ... ..., нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газар,  ... хороо, ..., нэгж талбарын ... тоот дугаартай 500 м.кв талбайтай газар болон ... хороо, ..., нэгж талбарын ... тоот дугаартай 476 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/01949 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР