Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01352

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01011 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Цд холбогдох,

Гуравдагч этгээд: Д.М

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016.08.01-ний өдрийн А/516 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Газартаа хашаа байшин барихаар очиход хөрш зэргэлдээ айл манай газрыг бүхэлд нь өндөр тоосгон хашаагаар хашаалсан байсан бөгөөд дотогш нэвтрүүлэхээс татгалзаж огт оруулаагүй, эзэмшлийн газраа ашиглах боломж олгоогүй. Ийнхүү хууль ёсны эзэмшлийн газраа ашиглаж чадахгүй байгаа тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн газрын албанд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан гаргасан боловч мэдээллийн санд бусдын газартай давхацсан зүйлгүй иргэд хоорондын маргаан тул шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу мэдэгдсэн. Манай газрын зэргэлдээ газар нь иргэн Д.Цгийн эзэмшлийнх ба хашаанд нь түүний хамаатан Д.Мын гэр бүл өвөл зунгүй байнга оршин суудаг бөгөөд эзэмшлийн газраа хууль бусаар томруулан манай газрыг оруулан хашаа барьж мал аж ахуй эрхэлж байна. Иймд Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулсан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд О.Чимгээ нь Б.Мөнгөнгадаст уг газрыг зарахдаа 2 гэрчилгээтэй гэхдээ нэг гэрчилгээ нь олдохгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн газрын албанд хүсэлт гаргаад нөхөн гаргуулахаар тохирч нэг гэрчилгээг нэр дээр нь шилжүүлсэн байдаг. Уг газар нь Б.Мөнгөнгадасаас О.Энх-Одод шилжсэн бөгөөд О.Энх-Од нь манайд өртэй байсан тул өрөндөө 2010 онд О.Энх-одоос Доржийн Цгийн нэр дээр шилжүүлж авсан. 2014 онд Мын эхнэр Ж.Сарантуяатай хэлцэл хийж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн газрыг зарсан. Одоо уг газар дээр Д.М гэр бүлийн хамт амьдардаг гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Д.М миний эхнэр Ж.Сарантуяа бидний хамтын эзэмшилтэй Сонгинохайрхан дүүргийн 18 хороо 1-р хорооллын Цахилгаан станцын 3 дугаар байрны 37 тоот, 3 өрөө орон сууцыг иргэн Д.Ц, П.Баасанжаргал нарын өмчлөлд шилжүүлэн оронд нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжид зусланд байрлах 1058 тоот тоосгон хашаа, хашаандаа мансардтай тоосгон байшингаар харилцан солилцсон. Д.Ц, П.Баасанжаргал нартай харилцан хоёр талаас хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулсан хэмээн 2014 оны 07 дугаар сараас Д.М миний гэр бүл Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжид зусланд байрлах 1058 тоот хашаа, байшинд амьдарч ирсэн. Бид шударга эзэмшигч, гэрэл цахилгаан, газрын төлбөрийг зохих журмын дагуу төлөн оршин сууж байна. Бидний эзэмшлийн 3 өрөө орон сууцны байрыг одоогийн зах зээлийн үнэлгээгээр 100 000 000 төгрөг, хашаа, байшинг авсны дараа засч тохижуулахад 40 000 000 гаруй төгрөгийн байр байгууламжийг барьж тохижуулсан. Иргэн Н.Өын нэхэмжлэлд дурдсанчлан Д.М би болон миний эхнэр Ж.Сарантуяа нь иргэн Д.Ц, П.Баасанжаргал нартай ямар ч садан төрлийн холбоо байхгүй. Энэ талаар УБЕГ-аас нотолгоо авах боломжтой гэж бодож байна. Би өөрийн эзэмшлийн газрыг хууль бусаар томруулсан гэдгийг зөвшөөрөхгүй, эхнэр Ж.Сарантуяагийн байгуулсан хэлцлийн дагуу 2009 оноос хойш байсан, одоо ч байгаа тоосгон хашааны талбайгаар хязгаарлагдсан газрыг бүхэлд нь эзэмшиж байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Цд холбогдох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай Н.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 1058 тоот хашаа байшингийн шударга эзэмшигчээр тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Засаг даргын 2019.03.26-ны өдрийн 527 дугаартай тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн газрын албаны кадастр, хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд маргаан бүхий газар дээр Д.М амьдарч байгаа нь тогтоогдож байна гээд Д.Цд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч шийдвэрийнхээ дараах хэсэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг “Д.Мын эзэмшлийнх гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болголоо гэж агуулгын хувьд эсрэг, маргаан бүхий газрыг зохигч этгээдүүдийн хэн аль нь хууль бусаар эзэмшиж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх аль ч тохиолдолд хангагдах боломжгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч болон гуравдагч этгээд нар өөрсдийн татгалзлыг баталж, нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Харин хэрэгт цугласан баримтаар тус газар нь Д.Цгийн эзэмшлийнх хэвээр байгаа бөгөөд түүний хүсэл зоригоос хамаарч тус газар дээр дурын этгээд байх боломжтой тул Д.Ц амьдардаггүй гэж баримтгүйгээр тогтоож, хэрэгт хамааралтай бусад нотлох баримтыг үнэлээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Н.Ө нь газар эзэмших эрхээ хууль ёсоор олж авсан. Гэтэл шүүх Д.Ц амьдардаггүй тул хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй гэсэн агуулгаар шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуульд заасан “хууль бус эзэмшил” гэдгийг гагцхүү тэнд амьдарч байгаа хүн төдийгөөр ойлгох нь хангалтгүй бөгөөд хууль бусаар эзэмшил үүсгэх нөхцөл байдлыг бодитоор бий болгож буй этгээдэд нэгэн зэрэг хамаарах юм. Хэрэгт авагдсан баримтаар Д.Ц нь маргаан бүхий газрыг өөрийн мэтээр бусдад ойлгуулсан болох нь харагдана. Мөн Д.М тус газарт амьдарч байгаа гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, газар Д.Цгийн эзэмшлийнх хэвээр байгаа, Д.Цгийн хүсэл зоригоор өөр нэр бүхий хэн ч тус газар дээр амьдарч болохоор байна. Иймд нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч Д.Цд холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “газрыг хууль ёсоор эзэмшилдээ шилүүлж авч, гуравдагч этгээдэд худалдсан” гэжээ./ хх 1-2, 59-60 /

 

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримт хэрэгт цугларсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь зохигчдын эзэмшлийн газар давхардсан эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшил газрын хилийг зөрчин өөрийн эзэмшлийн хашааг барьсан гэж маргаж байгаа тохиолдолд ямар хэмжээний газрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт шаардагдсан тохиолдолд тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг шүүх явуулж болдог. Талуудын маргаж буй газрын хэмжээг тогтоох, шинжилгээ, үнэлгээ хийх нь хэргийн оролцогч болон шүүх өөрөө тогтоох боломжтой нөхцөл байдал биш тусгай мэдлэг шаардсан асуудал юм.

 

Зүй нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын хэмжээг буюу кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр хууль тогтоомжийн дагуу тогтоолгох, шинжээч томилох ажиллагааг шүүхээс хийх шаардлагатай байжээ.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.М нь маргаан бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэжээ. /хх-87-88/ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар шаардлага нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасныг хангаагүй тохиолдолд шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Гэтэл дээрх шаардлагыг хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй шаардлагыг хүлээж авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зэрэг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД