Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00980

 

                                                 ****ын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01515 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1839 дүгээр магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг ****, ****нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хашааг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй 

642 м.кв талбай бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч Д.Мөнхжаргалын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****гийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****, ****нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг ****, ****нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хашааг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, ****642 м.кв талбай бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01515 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч ****, ****нарт холбогдох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ****ыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрыг албадан чөлөөлж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч Д.Мөнхжаргалын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Д.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****гаас 70,200 төгрөг, хариуцагч Д.Мөнхжаргалаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, хариуцагч ****гаас 196,285 төгрөг, ****196,285 төгрөг нийт 392,570 төгрөгийг гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгон шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1839 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01515 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг үндэслэн Д.Мөнхжаргал, **** нарын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг албадан чөлөөлүүлсүгэй. гэж өөрчлөн, найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалын 6 дугаар нүүр 23-25 дугаар мөрүүдэд “...Эмнэлгийн магадлал нь эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн магадалгаа гаргах журмын 4.5-д заасныг зөрчсөн, ерөнхий эмч гарын үсэг зурагдаагүй байна.” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Тус хэргийг анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан ба уг шүүх хуралдааныг хойшлуулах, биечлэн оролцох хүсэлтээ холбогдох нотлох баримтын шаардлага хангагдсан буюу эмнэлгийн магадалгаа нь гарын үсэг, тамга тэмдэг бүхий нором стандартын дагуу хийгдсэн нотлох баримт юм. Гэтэл “ерөнхий эмч гарын үсэг зурагдаагүй байна.” гэх үндэслэлээр хүсэлтийг харгалзан үзэлгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмгөөлөгч авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож, хөдөлмөрлөх, шүүн таслах ажиллагаанд тэгш оролцох, мэтгэлцэх боломжоор хангуулах зэрэг эрхийг ноцтойгоор зөрчсөн.

4.1. Магадлалын 6-р хуудас 1-5 дах мөрүүдэд “...2014 онд Д.Мөнхжаргалын эхнэр Ж.Сарантуяатай арилжаа хийж газрыг Д.Мөнхжаргалд шилжүүлсэн гэх боловч газар эзэмших бусдад шилжүүлэх эрхтэй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй,” гэж үзсэн.Гэвч хариуцагч **** нь 2009 оны сүүлээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн Задгайд байрлах тоосгон хашаа бүхий амины орон сууцыг О.Энх-Одоос худалдан авсны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010.07.09-ний өдрийн А/163 тоот захирамжаар тухайн хашааны газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Миний охин П.Баасанжаргал нь иргэн О.Энх-Одтой 2010 оны 10 дугаар сард уулзахад 1 газрын гэрчилгээ өгсөн ба яагаад нөгөө гэрчилгээ нь байхгүйг тодруулахад О.Чимгээ нь хаяж гээгдүүлсэн тул хэсэг хугацааны дараа олж өгнө гэж хэлсэн байдаг. Гэвч үүнээс хойш 2014, 2015, 2016, 2017 онуудад Чингэлтэй дүүргийн газрын албанд удаа дараа хандсан боловч тодорхой хариу өгөөгүй бөгөөд газрын гэрчилгээ олгох асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Үүний улмаас газраа дээрх баримтад үндэслэн нэхэмжлэгч ****ыг эзэмших эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэгт чухал ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа холбогдох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж, хүсэлтийг шийдсэн нь үндэслэлгүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх нөхцөлийг хангаагүй байна. Дээрх бүх үйл баримтаас харвал анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөв дүгнээгүй, зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

6. Анхан шатны шүүх ****, ****нарт холбогдох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэх тухай ****ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрыг албадан чөлөөлж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч Д.Мөнхжаргалын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Д.Мөнхжаргал, **** нарын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг албадан чөлөөлүүлсэн өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх ****, ****нарын хооронд үүссэн маргааны зүйл буюу газрын шударга эзэмшигч гэж үзэхэд хамаарах болон нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэн хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ. Тодруулбал: 

8. Нэхэмжлэгч **** нь ****, ****нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба ****мөн хаягт байрлах 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгуулах сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ. 

9. Зохигчийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмшил маргааны зүйл болжээ. 

10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмшигчбайхаас гадна хариуцагч нарын эзэмших, ашиглах эрх хууль бус байхыг шаардана. 

11. ****, О.Чимгээ нар 2016.05.16-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Чимгээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Жигжид зусланд байрлах 642 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг ****д шилжүүлсэн байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Газрын албанаас ****д 2016.10.24-ний өдөр тус дүүргийн Засаг даргын 2016.08.01-ний өдрийн А/516 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18641326589087 дугаар бүхий 642 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслан Жигжид хаягаар эзэмшүүлэхээр 000651629 тоот гэрчилгээг олгожээ. 

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу **** эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших эрх олж авсан байх тул маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болно.

13. Хариуцагч ****, ****нар маргаан бүхий газрыг бусдаас худалдан авсан, шударгаар эзэмшиж байгаа гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь ****, ****нар тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

14. Хариуцагч **** маргаан бүхий газрыг Б.Алтангадасаас худалдан авсан, түүнээс гадна тухайн газрыг эзэмших эрхийг ****д эрх бүхий албан тушаалтнаас олгосон тухай нөхцөл байдал, түүнчлэн  **** 2014 онд Д.Мөнхжаргалын эхнэр Ж.Сарантуяатай арилжаа хийж газрыг Д.Мөнхжаргалд шилжүүлсэн гэх боловч газар эзэмших бусдад шилжүүлэх эрхтэй байсан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй гэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.   

15. Давж заалдах шатны шүүх ****, ****нар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул тэдгээрийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасантай нийцсэн байна. 

16. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор заажээ. 

Нэгэнт нэхэмжлэгч **** эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олж авсан нь тогтоосон тул хоёр шатны шүүх хариуцагч Д.Мөнхжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй. 

17. Хариуцагч **** хэрэгт чухал ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэж гэрчийн нэрийг хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдаагүй боловч анхан шатны шүүх хариуцагчийн Б.Чойжийжалбуу, О.Энх-Од нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. 

18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн нараас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах, хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаагүй анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэсэн тул хууль зөрчөөгүй байна. 

19. Хариуцагч ****гийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж шүүх хуралдаанд биечлэн оролцох мэтгэлцэх эрхийг хангаагүй, гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж хүсэлтийг шийдсэн, ****ыг газар эзэмших эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй гэсэн агуулга бүхий гомдлыг энэ тогтоолын 10-18 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

20. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1839 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагч  ****гаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД