Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/02007

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/02007

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01540 дугаартай шийдвэрээр хариуцагч Н.Хаас 77,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Оюунсүрэнд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж 2022 оны 05-р сард Н.Хыг дуудаж, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

Н.Х нь 2022 оны 05-р сард шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс сар бүр 5,000,000 төгрөгийг хуваарь гарган 2022 оны 11 сар хүртэл төлж, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 сараас өмнө бүрэн төлж барагдуулах талаар шийдвэр гүйцэтгэгчид хэлсэн боловч шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан тул зөвхөн барьцаа хөрөнгөөр төлбөрийг нь төлүүлнэ гэж мэдэгдсэн.

Үүний дараа Н.Хын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 67б байр, 806 тоот, 53,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 08-р сарын 15-ны өдөр хураан авсан. Хураан авах уг ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг оролцсон.

2022 оны 08-р сарын 29-ны өдөр Үнийн санал ирүүлэх-ийг Н.Хт мэдэгдсэн. Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч үнийн санал хүргүүлсэн. Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнийн санал авахгүй, төлбөр төлөгч өөрөө хүрэлцэн ирж үнийн саналаа өгөх ёстой талаар Н.Хт мэдэгдсэн байна.

Гэтэл төлбөр төлөгчөөс үний санал авалгүйгээр 2022 оны 09-р сарын 02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан хөрөнгийг үнэлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2022 оны 09-р сарын 12-ны өдөр хөрөнгийг үнэлж, үнэлгээний тайланг мөн өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлжээ.

Үнэлгээний тайлантай танилцахад 15,16 дахь хуудсанд байх unegui.mn дээрх зарыг оруулсан байх бөгөөд уг зараас харахад үнэлгээ хийсэн уг хотхоны орон сууцны 1мкв-ын үнийг 2,5 саяар үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үнэлгээний тайланд тухайн орон сууцны зах зээлийн үнийг 2,7 саяын ханштай байгаа талаар сайтуудаас мэдээлэл цуглуулсан атлаа яг судалгаа хийсэн орон сууцны үнэлгээг 2,5 сая гэж үнэлж байгаа нь шинжээч илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэдэг нь тодорхой байна.

Төлбөр төлөгч Н.Х уг орон сууцыг 2015 онд 135,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авснаас хойшхи 7 жилийн хугацаанд барилгын материалын үнэ 2 дахин өссөн, бусад бараа материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан уг байрны зах зээлийн ханш одоо 150,000,000 орчим төгрөгийн үнэтэй болсон.

Шинжээч уг хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч талд огт мэдэгдээгүй. Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, өмчлөгч хэзээ худалдан авсан, одоо ямар үнээр үнэлж байгаа болон хэрхэн ашигласан, элэгдэл хорогдол, ашиглалтын талаар огт асууж, уулзалгүйгээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь илт үндэслэлгүй хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Хын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1540 дүгээр шийдвэрээр Н.Хаас 78,095,700 төгрөгийг гаргуулж М.О олгож, Н.Х нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох  дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 806 тоот, 53.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Хаас авахаар удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө итгэмжлэлд үнийн санал өгөх эрхийг тусгаагүй атлаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө өгүүлэх талаар тайлбарыг өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.2-т Гүйцэтгэх баримт бичит төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно. гэж заасныг тайлбарлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй. Төлбөр төлөгч Н.Х нь үнийн санал өгөхөөс татгалзаж, үнийн санал өгөөгүй бөгөөд төлбөр авагч М.Оюунсүрэн нь зах зээлийн бодит үнэлгээг шинжээч томилон үнэлүүлж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г үнэлгээчнээр томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 138,047,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ШШГТХ-н 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.    Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: итгэмжлэл /хх4/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх5/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнийн санал ирүүлэх тухай /хх6/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх7/, зарлан дуудах мэдэгдэл /хх8/, 2020 оны 06 дугаар сарын 08-ны Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүүхийн 181/ШШ2020/01540 дугаартай шүүхийн шийдвэр /хх9-13/, 2020 оны 07 сарын 27-ны Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1657 дугаартай магадлал /хх14-16/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч томилох тухай 26 дугаартай захирлын тушаал /хх17/, 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 374 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримт /хх18-38/-ыг гаргасан.

Хариуцагч талаас: итгэмжлэл /Хх41/, 181/ГХ2022/00287 дугаартай гүйцэтгэх хуудас /хх52/, 2020 оны 06 дугаар сарын 08-ны Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүүхийн 181/ШШ2020/01540 дугаартай шүүхийн шийдвэр /хх53-55/, 2020 оны 07 дугаар сарын 27-ны Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1657 дугаартай магадлал /хх56-59/, 2022 оны 02 сарын 24-ны Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00207 дугаартай тогтоол /хх60-63/, 2022 оны 03 дугаар сарын 28-ны 22280343 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх64/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх65, 67, 72, 78-79, 81, 82, 84, 91, 115, 117/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх66/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх68/,төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх69/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх70/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх71/, итгэмжлэл /хх73/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн баримтын хуулбар /хх74-75/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх76-77/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх80/, НШШГГ-т хүргүүлсэн үнийн санал /хх83/, үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хх85/, НШШГ-т гаргасан төлбөр авагчийн хүсэлт /хх86/, шинжээч томилох тухай тогтоол /хх87/, шинжээчид хууль тайлбарласан тухай болон тэдгээртэй холбоотой тэмдэглэл /хх88-90/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт ба дүгнэлт /хх92-114/, үнэ мэдэгдсэн тухай мэдэгдэл /хх116, 118 /-г гаргасан.

   Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн санал хүргүүлсэн байтал хариуцагч нь төлөөлөгчөөс үнийн санал авах боломжгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчээс үнийн саналыг авалгүйгээр шинжээч томилсон тул үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцээгүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ харьцуулж үнэлсэн бусад хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн тул үндэслэлгүй үнэ тогтоосон гэж тодорхойлсон.

 

3.            Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд хөрөнгийн талаар үнийн санал гаргах эрх олгогдоогүй байсан гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4.            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1657 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00207 дугаар тогтоолоор Н.Хаас 77,550,000 төгрөгийг гаргуулан М.О олгохоор шийдвэрлэсэн байна.

-       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, Н.Хын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 806 тоот 53,3 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-       Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үнийн саналыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх боловч төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлд үнийн санал гаргах эрхийг олгоогүй гэх үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж хариуцагч тал үзэж, энэ талаар тайлбарласнаа шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгажээ.

-       Нэхэмжлэгч Н.Х шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэх зорилгоор М.Ө 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах, гомдол гаргах эрхийг олгож байна гэж бичсэн үгийн утгаас үзвэл төлөөлөгч нь эд хөрөнгийн талаар үнийн санал өгөх эрхтэй байсан, хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэх нь зүйтэй байна.

-       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үндэслэлээр төлөөлөгчөөс үнийн санал аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хуулийн 36.2-т Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно гэж заасан бөгөөд энэ нь тухайн төлбөрийг төлөх үүргийг төлөөлөгч гүйцэтгэх ёсгүйг зохицуулсан зохицуулалт юм. Тус хуульд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож болохгүй этгээдийг нэрлэн заасан бөгөөд үүнд 18 насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй, өөрөө иргэнийхээ хувьд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл өөрийн ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч, шийдвэр гүйцэтгэгч гэж заасан байх тул нэхэмжлэгч Н.Х төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох эрх нь дээрх хуульд заасан хязгаараар хязгаарлагдана.

-       Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн үнийн саналыг хүлээн авалгүй, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/224 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан нь нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлж, үнийн санал гаргах эрхийг нь зөрчсөн байна.

-       Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг процессын алдаатай гэж үзэх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, үүнээс цааш хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, тиймээс үнэлгээчний үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэлсэн үнэлгээнд дүгнэлт өгөөгүйг дурдав.

-       Төлбөр төлөгч Н.Х нь үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр,  тоот 53,3 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 374 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ