Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01706

 

 

 

 

 

 

 

   2023       09          04                                    210/МА2023/01706

 

 

Н.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01540 дугаартай шийдвэрээр хариуцагч Н.Х-аас 77,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.О-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж 2022 оны 05 дугаар сард Н.Х-ыг дуудаж, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

Н.Х- нь 2022 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс сар бүр 5,000,000 төгрөгийг хуваарь гарган 2022 оны 11 дүгээр сар хүртэл төлж, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сараас өмнө бүрэн төлж барагдуулах талаар шийдвэр гүйцэтгэгчид хэлсэн боловч шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан тул зөвхөн барьцаа хөрөнгөөр төлбөрийг нь төлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүний дараа Н.Х-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 67б байр, 000 тоот, 53.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хураан авсан. Хураан авах уг ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө- оролцсон.

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Үнийн санал ирүүлэх”-ийг Н.Х-т мэдэгдсэн. Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч үнийн санал хүргүүлсэн. Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнийн санал авахгүй, төлбөр төлөгч өөрөө хүрэлцэн ирж үнийн саналаа өгөх ёстой талаар Н.Х-т мэдэгдсэн байна. Төлбөр төлөгчөөс үнийн санал авалгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Х ХХК-ийг шинжээчээр томилж, шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан хөрөнгийг үнэлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Х ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөрөнгийг үнэлж, үнэлгээний тайланг мөн өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн. Уг хотхоны орон сууцны 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээний тайланд тухайн орон сууцны зах зээлийн үнийг 2,700,000 төгрөгийн ханштай байгаа талаар сайтуудаас мэдээлэл цуглуулсан атлаа яг судалгаа хийсэн орон сууцны үнэлгээг 2,500,000 төгрөг гэж үнэлсэн нь шинжээч илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Төлбөр төлөгч Н.Х- уг орон сууцыг 2015 онд 135,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авснаас хойшхи 7 жилийн хугацаанд барилгын материалын үнэ 2 дахин өссөн, бусад бараа материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан уг байрны зах зээлийн ханш одоо 150,000,000 орчим төгрөгийн үнэтэй болсон. Шинжээч уг хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч талд огт мэдэгдээгүй. Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, өмчлөгч хэзээ худалдан авсан, одоо ямар үнээр үнэлж байгаа болон хэрхэн ашигласан, элэгдэл хорогдол, ашиглалтын талаар огт асууж, уулзалгүйгээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Иймд Х ХХК нь илт үндэслэлгүй хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1540 дүгээр шийдвэрээр Н.Х-аас 78,095,700 төгрөгийг гаргуулж М.О-д олгож, Н.Х- нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Ү-2206050192 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 000 тоот, 53.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Х-аас авахаар удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө итгэмжлэлд үнийн санал өгөх эрхийг тусгаагүй атлаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө өгүүлэх талаар тайлбарыг өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй. Төлбөр төлөгч Н.Х- нь үнийн санал өгөхөөс татгалзаж, үнийн санал өгөөгүй бөгөөд төлбөр авагч М.О- нь зах зээлийн бодит үнэлгээг шинжээч томилон үнэлүүлж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн үнэлгээний Х ХХК-ийг үнэлгээчнээр томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 138,047,000 төгрөгөөр 4 үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206050192 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 000 тоот 53,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн Х ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 374 дугаартай үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрчээр шүүх хуралдаанд үнэлгээ тогтоосон шинжээчийг оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хангахгүй орхиж, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хүсэлтийг хүлээн аваагүй.

4.в. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн үнийн саналыг хүлээн авалгүй шинжээч томилж үнэлгээ тогтоосон нь үл хөдлөх хөрөнгөө үнэлж, үнийн санал гаргах эрхийг зөрчсөн гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнийн саналыг тус газар хүлээн авсан тохиолдолд үнийн саналдаа 145,000,000 төгрөг гэж өгсөн бөгөөд энэ нь шинжээчийн үнэлсэн үнэ болох 138,047,000 төгрөгийн үнийн дүнтэй харьцангуй зөрүүтэй ойлголт байхгүй атал энэ талаарх нотлох баримтыг авч хэлэлцэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй гэжээ. Шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжгүй. Шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах ажиллагаанаас өмнөх хөрөнгийн үнэлгээнд санал авахдаа төлбөр авагчийн төлөөлөгч 08 дугаар сарын 25-ны өдөр 145,000,000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн. Гэтэл тухайн үнийн саналыг аваагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан төлбөр авагчтай харилцан тохиролцох процессыг зөрчсөн талаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Н.Х- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 000 тоот 53,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Х-аас 77,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг, хариуцагч М.О-эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 000 тоот 53,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1657 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна. /хх53-63/

 

2.а. Төлбөр төлөгч нь төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 181/ГХ2022/00287 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 22280343 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22280343/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22280343/04-225 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа хийгдсэн байна. /хх52,64,70-71,76-77/

 

3. Шийдвэр гүйцэтгэгч Б.А-ээс, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг саналыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 41 минутад төлбөр төлөгч Н.Х-ын 000 дугаарын утсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна./хх 81/

 

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө- нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөө 145,000,000 төгрөгөөр үнэлсэн саналыг ирүүлсэн байна. /хх83/

 

Гэтэл төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнийн санал өгөх эрх олгогдоогүй байсан болох нь уг ажиллагаанд өгсөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр тогтоогдсон байна./хх 73/

 

3.а. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 000 тоотод 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 55 минутад очиж хаалгыг нь тогшиход эзгүй байсан тухай тэмдэглэл үйлдсэн байна./хх 82/

 

3.б. Шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч Н.Х-ын 000 дугаарын утсаар залгахад тэрээр утсаа аваагүй байх бөгөөд үнийн саналаа ирүүлэх талаар мессеж бичиж үлдээхэд “би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө өгсөн” гэсэн хариуг өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна./хх 84/

 

3.в. Хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4-225/15843 тоот албан бичгээр төлбөр төлөгч Н.Х-т үнийг саналыг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар илгээсэн байна./хх 85/

 

4. Төлбөр авагч М.О-гээс барьцааны хөрөнгийн үнийг тогтоолгох тухай шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/224 тоот тогтоолоор шинжээчээр Х ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцжээ./хх 86-91/

 

5. Шийдвэр гүйцэтгэгчээс тус орон сууцыг шинжээч Х ХХК нь 138,047,000 төгрөгөөр үнэлсэн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд худалдан борлуулах саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрхтэй талаарх 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-225/16304 тоот мэдэгдлийг тухайн өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-т гардуулан өгч, гарын үсэг зуруулсан байна.

    /хх116-117/

 

6. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар тус тус тооцоолохдоо www.unegui.mn /үнэгүй.мн/ зарын сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй аль болох ойр байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоожээ. Уг хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үнэлгээний тайланд тавигдах шаардлага, болон стандартад нийцсэн байна. /92-114/

 

7. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч талыг төлбөр төлөгчийн төлөөлөгчийн ирүүлсэн үнийн саналыг хүлээн авалгүй шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох, үл хөдлөх хөрөнгөө үнэлж, үнийн санал гаргах эрхийг нь зөрчсөн гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргасан байна.Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан ба, шийдвэр гүйцэтгэгчээс энэхүү хуулийн заалтыг үндэслэн төлбөр төлөгч өөрөө үнийн саналаа ирүүлэх тухай дээр дурдсанчлан удаа дараа мэдэгдэж, улмаар төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилсон байх тул шийдвэр гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

8. Иймд анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас үнэлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

9. Харин хариуцагчийн, шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206050192 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 000 тоот 53,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн Х ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 374 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч НШШГГ- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ