Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2023/00795

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2023/00795

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00263/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 9420****, 9526****, ТИ40****** регистрийн дугаартай, М овогт Дын Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг, Сэргэлэн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 9997****, ТА66****** регистрийн дугаартай, Д овогт Лын Чт холбогдох,

Гэм хорын хохирол 43,711,163 хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч Ж.Батбилэг,

Нэхэмжлэгч Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээр байхад хамт ажилдаг Л.Ч намайг ална гэж дайрсан. Би намайг гүйцээчих гэж хэлэхэд Л.Ч халааснаасаа урт отверка гаргаж ирээд хацарт минь хальт хүргэж хацар шалбарч, хиймэл шүд хугарсан. Нэг цаг гаруй хугацаанд харилцан ноцолдсон. Би хөгшин хүний амиар яах юм бэ гэж хэлсэн. Тухайн үед би түлшний үйлдвэрт харуулын ажилтай байсан. Л.Чт зодуулснаас хойш 3 жилийн хугацаанд ажилгүй байсан. Одоо хоёр гар мөрнөөс дээшээ хөдөлж болохгүй байгаа. Ажилгүй байсан хугацааны мөнгө 10 гаруй сая төгрөг нэхэмжилж байгаа. Нэг сарын цалинг 330,000 төгрөгөөр бодсон. Энэ үйл явдлаас болж олон хүнд хандаж байсан. Улаанбаатар хот олон удаа явсан зардал байгаа. Шуудангийн зардал, вагоны билетийн зардлыг нэхэмжилсэн. Ажилтай байхдаа зээгийнхээ дансанд сар болгон 500,000 төгрөгийн хадгаламж хийдэг байсан. Уг хадгаламжийг 3 жил хийгээгүй. Нэг жилд 6 сая төгрөг 3 жилээр тооцохоор 18,000,000 төгрөг болж байгаа. Ажилгүй байсан хугацааны мөнгө 39,600,000 төгрөг, эм тариа 1,882,125 төгрөг, томографт 156,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, үлдсэн мөнгөн дүнг хэрэгт гаргаж өгсөн баримт дээр тодорхой бичсэн байгаа. Нийт 43,711,163 төгрөгийг хариуцагч Л.Чаас гаргуулж өгнө үү. Миний биед гэмтлийн зэргийн ямар зэрэг тогтоогдсоныг би сайн мэдэхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Д нь 2019 онд 79 настай байхдаа цуг ажилдаг байсан Л.Чт зодуулсан. Улмаар цагдаагийн газарт хандсан. Л.Чыг зөрчилд холбогдуулж Зөрчлийн тухай хуулиар 100 нэгжээр торгосон байдаг. Нэхэмжлэгч тухайн үед өндөр настай байсан. 2019 оноос өнөөдрийг хүртэл Д.Ды сэтгэл санаа тогтворгүй байсны улмаас сэтгэл санааны хохирол бий болсон. Сэтгэл санааны хохирол гэж 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ хавсаргасан материалаар Л.Чаар зодуулснаас болж гарсан зардал 43,711,163 төгрөг гэж тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Д, Л.Ч нар хамт харуул хамгаалалтын ажил хийж байсан. Нэг ээлжийн ажил хийдэг байсан. Талууд ажил дээр маргалдахдаа Л.Ч отверкаар ажил хийж байхдаа маргалдсан байдаг. Л.Чыг Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д зааснаар 100 нэгжээр торгосон. Улмаар Д.Д гомдол гаргаж шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаартай шийтгэврээр дахин шалгуулах шаардлагатай гэж үзсэн. Улмаар магадлалаар маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Д.Д нь Л.Ч намайг алахыг завдсан надад хүнд гэмтэл үүссэн гэж хэлдэг боловч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Д.Д 3 жил 5 сарын дараа шүүхэд Л.Чаас мөнгө нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжилж байгаа мөнгө нь тухайн үйл явдал болсонтой шууд шалтгаант холбоогүй. Нэхэмжлэгч өндөр настай хүн. Насны хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн. Гэмтлийн улмаас учирсан эмчилгээний зардал биш. Д.Д ажлаасаа өөрөө гарсан. Д.Ды гомдоод байдаг зүйл нь Л.Ч намайг алахыг завдаад байхад зөрчил гэж үзэж байгаад нь гомдож байна гэж шүүхэд хандаад байсан. Тухайн үед шүүх эрүүгийн хэрэг биш зөрчлийн хэрэг болохыг тогтоосон. Гэм хорын хохирол нь гэм хор учруулсан этгээдийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдаг. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас Д.Д хохирсон гэж байна. Манай зүгээс настай хүн гомдоогоод яах вэ гэж бодож эвлэрэх талаар санал хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 5,000,000 төгрөг шаардсан. Уг мөнгийг Л.Ч хүлээн зөвшөөрөөгүй. Л.Ч иргэн хүнийхээ хувьд уучлалт гуйгаад хэдэн төгрөг сайн дурын үүднээс өгчихье гэж бодсон байсан. Маргаан нь хүчин төгөлдөр шүүхийн магадлалаар асуудал шийдэгдсэн. Гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Гийн Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлын хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний дөрийн 2020/ДШМЗ/** дугаартай магадлалын хуулбар /хавтаст хэргийн 8-10 дахь тал/, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 21-ий өдрийн *** дугаартай хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хавтаст хэргийн 11 дэх тал/, нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирлын хэмжээг тооцсон тооцоо, баримтууд /хавтаст хэргийн 12-38 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний дөрийн 2020/ДШМЗ/** дугаартай магадлалтай зөрчлийн хэргийн материалыг эх хувиар нь нотлох баримтаар шүүх бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.Чт холбогдуулан гэм хорын хохирол 43,711,163 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2. Нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тодруулж ...2019 оны 11 дүгээр сарын 02-нд Л.Чт зодуулж хүндээр бэртсэн. Энэ талаар цагдаагийн байгууллага бүрэн шалгаагүйд би их гомдолтой байна. Ингээд энэ хэргийн талаар анхаарч дахин шалгуулж өгнө үү гэж ерөнхийлөгч Х.Б, Цагдаагийн газрын дарга н.А, Хууль зүй дотоод хэргийн яамны н.Б, Хүний эрхийн комисс Б.Э, МУИС-ийн хууль зүйн багш А.Э, Дотоод хяналт шалгалтын газар, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Ж, Улсын Их Хурлын дарга Г.З, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.С нарт захидал бичиж шуудангаар хүргүүлсэн холбоо харилцаа, бичиг хэргийн зардал 168,638 төгрөг, уг зодоон гарснаас болж би ажлаа хийх боломжгүй болсон, манай дарга н.М намайг ажиллах хэрэггүй гэсэн. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 12,870,000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардал 1,882,125 төгрөг, сувиллын зардал 560,000 төгрөг, Дарханаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлсний төмөр замын билетийн үнэ 137,400 төгрөг, зээ хүүхдэдээ сар бүр цалин орлогоосоо 500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан нь тасалдсан тул 18,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 43,711,163 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

3. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Зөрчлийн хэргийн материалаас Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05***** дугаартай Шийтгэлийн хуудсаар холбогдогч Л.Чыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Шийтгэлийг хүчингүй болгох тухай шийтгэвэр, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаартай магадлалаар ...Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05***** дугаартай, Л.Чт 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр зэргийг шинжлэн судаллаа. /хавтаст хэргийн 110-120 дахь тал/

4. Дээрх нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 13 дугаарт багт байрлах Н********* ХХК-ийн үйлдвэрийн байранд харуул ажилтай Д.Д, Л.Ч нар нь ээлжийн ажлаа хүлээлцэх үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Д.Ды биед халдсан зөрчил гаргасны улмаас эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл ногдуулсныг, анхан шатны шүүхийн шийтгэврээр хэрэгсэхгүй болгосон байх ба эрх бүхий албан тушаалтны гомдлоор Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх хянаад шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй талаар дүгнэж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

6. Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, түүний улмаас үүссэн хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо зэргийг гэм хор учруулагчийн гэм буруу гэж үздэг.

7. Нэхэмжлэгч нь эмчилгээ, эм тарианы зардал 1,882,125 төгрөг шаардаж хэрэгт нотлох баримтаар Монос Дархан фарм ХХК, Мөнхийн тун ХХК, Дархан зогор ХХК-ийн эмийн сангуудаар үйлчлүүлсэн баримтуудыг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 13-40 дэх тал/

8. Гэвч нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, 43.1.2-т өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх эрхтэй, 43.2.7-д эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй гэж зааснаар эмнэлгийн үйлчилгээ авч эмчийн бичсэн жорын дагуу дээрх эм тариаг хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрөө авч хэрэглэсэн талаар тайлбар гаргасан, мөн нэхэмжлэгч нь хариуцагч Л.Чын үйлдлийн улмаас ажилгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч уг үйлдэлтэй холбоотой ажлаасаа чөлөөлөгдсөн талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

9. Нэхэмжлэгч нь Л.Чт зодуулсны улмаас Цанид, Дархан-Үйлс сувилалд тус бүр 10 хоног амарч сувилуулсан, би 80 хүртлээ сувилалд амарч байгаагүй талаар тайлбарлаж, нотлох баримтаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Амрах эрхийн тасалбар хавтаст хэргийн 26-27 дугаар тал, эрх бүхий албан тушаалтнуудад хандаж захидал бичиж биеэр очиж уулзахаар Дархан хотоос Улаанбаатар хүртэлх галт тэрэгний тасалбар хавтаст хэргийн 29-32 дугаар тал, Монгол шуудан ТӨХК-ийн мөнгө хураах тасалбар хавтаст хэргийн 34-38 дугаар талд авагдсан баримтуудыг ирүүлсэн байна.

10. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Чын хоолой багалзуурдаж, ална гэж заналхийлсний улмаас шөнө нойр хүрэхээ больж, сэтгэл санаа айдастай байх болсон, би өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг 10,000,000 төгрөг гэж тодорхойлж байна гэж тайлбарласан ба гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон болохыг Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байхыг шаарддаг.

11. Гэвч нэхэмжлэгч нь талуудын хооронд болсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас сэтгэл санааны хохирол шаардаж байгаа боловч энэ байдал нь уг маргаан гарсантай холбоотой болохыг нотолсон байдал тогтоогдохгүй байна.

12. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.Чт зодуулж хүндээр бэртсэн талаар нэхэмжлэлдээ дурдаж, зодуулсны улмаас эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэж өөрөө авч хэрэглэсэн эм тарианы зардал, шуудан харилцаа холбооны зардал, тээврийн зардал, ажилгүй байсан хугацааны зардал, сэтгэл санааны хохирол болон зээдээ хуримтлуулах төлбөр нийт 43,711,163 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ нь Л.Чын үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Тодруулбал зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Чын зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас Д.Ды биед гэмтэл учирсан эсэх талаар гаргасан ...Д.Ды биед зүүн талын хацарт зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт тогтоогдлоо, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг хүнд гэмтэл учруулсны улмаас хохирол шаардаж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсан боловч түүнд учирсан хохирол болон хариуцагчийн хууль бус үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул уг хохирлыг хариуцагч хариуцан арилгах үндэслэлгүй байна.

15. Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүргийн дагуу Л.Чыг буруутайд тооцож, хохирлын талыг гаргасан шийдвэр нэхэмжлэгчид гаргаж өгөх нь зүйтэй, сэтгэл санааны хохирлыг барагдуулах, мөн тохиролцож, ярилцах талаар зөвшилцөх гэж дүгнэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд уг гэм хорын хохирол болон хариуцагчийн үйлдлийн хооронд шалтгаант холбоогүй тул хариуцагч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэлээ.

16. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн хавтаст хэргийн 5-11 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх хуулийн шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хариуцагч Л.Чаас 43,711,163 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Ды нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1-д тус тус зааснаар хариуцагч Л.Чаас 43,711,163 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Ды нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

ШҮҮГЧИД Т.ЖАВХЛАНТӨГС

М.ОЮУНЦЭЦЭГ