Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2023/00070

 

  

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/000795 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохирол 43,711,163 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажилдаг ******* намайг ална гэж дайрч, халааснаасаа урт отверка гаргаж ирээд хацарт минь хальт хүргэж хацар шалбарч, хиймэл шүд хугарсан. Тухайн үед би түлшний үйлдвэрт харуулын ажилтай байсан. *******т зодуулснаас хойш 3 жилийн хугацаанд ажилгүй байсан. Одоо хоёр гар мөрнөөс дээшээ хөдөлж болохгүй байгаа.


           Иймд ажилгүй байсан хугацааны цалин 12,870,000 төгрөг/2019 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл  39 сар х 330,000 төг/, эм тариа 1,882,125 төгрөг, томографт 150,000 төгрөг, сувилал 500,000 төгрөг /Энхжин-100,000 төгрөг, Оюут-200,000 төгрөг, Цанид- 100,000 төгрөг, Дархан үйлс -100,000 төгрөг, вагон билет-137,400 төгрөг, холбоо харилцааны 148,138 төгрөг, ажилтай байхдаа зээгийнхээ дансанд сар болгон 500,000 төгрөгийн хадгаламж хийдэг байсан. Уг хадгаламжийг 3 жил хийгээгүй. Нэг жилд 6,000,000 төгрөг 3 жилээр тооцохоор 18,000,000 төгрөг,  сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, бусад 20,500 төгрөг. Нийт 43,711,163 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 ... *******гийн эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл, хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар шүүхийн шинжилгээний эмчийн дүгнэлт байгаа, учруулсан гэмтэл байхгүй байхад гэм хорын хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй,  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 43,711,163 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаанаас болж эрүүл мэнд, эдийн засгаар хохироод байна.

            Намайг ажилгүй болсноос хойш ач зээ нар маань төлбөртэй сургуулиасаа гарч, байрны хөлс төлөх чадваргүй болж хохироод байна. Би эрүүл байхдаа мод, чулуу, төмрөөр зохих хэмжээний зүйл хийж борлуулан орлоготой байсан боловч одоо хоёр гар ажил хийх чадваргүй болсон.

            Анх зөрчлийн хэргийг бүрэн дүүрэн шалгаагүй тул  үнэн зөв хуулийн дагуу шийдвэрлэж хохирлыг минь барагдуулж өгнө үү гэсэн агуулга илэрхийлжээ. 

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хор учруулсны улмаас эрүүл мэнд, сэтгэл санааны болон эд материалын хохирол нийт 43,711,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага /хх-1-38/ шүүхэд гаргасан, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд ... *******гийн эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл, хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар шүүхийн шинжилгээний эмчийн дүгнэлт байгаа, учруулсан гэмтэл байхгүй байхад гэм хорын хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар / 1 хх-49/ гаргаж маргажээ.

Хэргийн баримтаас  судлан үзвэл :

4. Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нар нь нэг байгууллагад буюу Нако түлш ХХК-д цуг ажилладаг байсан байх бөгөөд тэд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  ажил хүлээлцэх үедээ маргалдаж,   *******ы биед халдаж, зодсоны улмаас  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн байна.

Хэргийн 111-112-р талд авагдсан шүүх эмнэлгийн дүгнэлт / №939/-д  шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан  нь зөрчил гаргагч *******т холбогдох хүний биед халдсан гэх зөрчлийг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон ..”  гэх зөрчил гаргасан гэж, зөрчил гаргагч *******ыг  шийтгэлийн хуудас /хх-113/-р 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, үүнийг анхан шатны шүүхийн шийтгэврээр хэрэгсэхгүй болгосон байх ба эрх бүхий албан тушаалтны гомдлоор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүх  хянаж, *******т шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

Тодруулбал, нэхэмжлэгч *******ы биед халдаж, зодсон гэх *******ын үйлдлийн улмаас *******гийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хөдөлмөрийн чадвар алдагдаагүй гэж  *******ын гаргасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж,  уг хуульд зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулснаар  энэхүү зөрчлийн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, улмаар шийтгэлийн хуудас нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5. Нэхэмжлэгч ******* нь *******ын үйлдлийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санааны болон эд материалын бусад хохирол учирсан гэж гэм хорын хохиролд нийт 43,711,163 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлдээ 2020 оны 04,11,12 сард болон 2021-2022 онд авсан гэх эм, тарианы баримтууд /хх-13-25/, 2021 онд Цанид, 2022 онд Дархан үйлс сувилалд тус тус амарч, сувилуулсан талаарх эрхийн бичиг /хх-26,27/, 2022 оны 03-11 сарын хооронд УБ–Дархан, Түнх-Дархан, Дархан-УБ, Дархан-Түнх, Дархан-Хужирт гэсэн  чиглэлд зорчсон зорчих тасалбарууд /хх-29-32/, шуудан холбооны баримт 2019-2021 оны /хх-34-38/  зэрэг баримтуудыг хавсаргасан  байна.     

6. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч ******* нийт 43,711,163 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ нь *******ын үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, улмаар *******ы биед гэмтэл учирсан эсэх талаар гаргасан ...шинжээчийн дүгнэлт  болон  түүнд учирсан хохирол болон хариуцагчийн хууль бус үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь хэрэг учрал болсон үед буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т зодуулсны улмаас  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч тухайн үед нэхэмжлэгч *******гийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэгэн зовиур, эмнэл зүйн шинж илрээгүйн улмаас гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байх тул хариуцагч *******т зодуулсны улмаас эрүүл мэнд, сэтгэл санааны болон эд материалын бусад хохирол учирсан гэж гэм хорын хохиролд нийт 43,711,163 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн ... зөрчлийн хэргийг бүрэн дүүрэн шалгаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв. 

7. Харин анхан шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан ...зөрчлийн хэргийн материалыг Дархан-Уул аймгийн Прокурорын газраас гаргуулах хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газраас зөрчлийн  хэргийг татан авч тухайн хэргээс  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт №939, шийтгэлийн хуудас, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “шийтгэлийг хүчингүй болгох тухай” шийтгэвэр, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлах үе шатанд хэлэлцүүлж улмаар хуулбарлан авч хэргийн 111-120 дугаар талд  хавсаргасан байна./хх-110-120/

Цаашид өөр байгууллагын архивт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжийг бүхэлд нь иргэний хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлэх бус тухайн байгууллагаас нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулж, хэрэгт хавсаргаж байхыг  анхаарах нь зүйтэй юм.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/00795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,510 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Я.ТУУЛ

                     

                                      ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА

 

                                                                         Х.БАЙГАЛМАА