Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01351

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01158 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Д, Д.М нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 337 766 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Ц.Д, хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д, Д.М нар нь “Х” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/13/76 тоот зээлийн гэрээг, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр БГҮ/13/76 тоот барьцааны гэрээ байгуулж 380 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зээлийн зориулалтаар авсан.

 Зээлдэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн ЗГ/13/76 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 136 955 776.32 төгрөг, хүүгийн төлбөрт 205 741 823.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33 032.03 төгрөг, нийт 342 730 632.03 төгрөг төлсөн байна.

Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2018 оны 5 дугаар сарын 16, 2018 оны 10 дугаар сарын 23, 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд тус тус зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч мэдэгдэлийг хүлээн авсан гарын үсгийг зурдаггүй, өнөөдрийг хүртэл өр төлбөрөө төлөөгүй байна.

Хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 243 044 223.68 төгрөг, хүүгийн төлбөрт 93 137 304.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 584 952.12 төгрөг нийт 337 766 480 төгрөгийг нотариатын зардал 12 200 төгрөгийг хамт нэхэмжилж байна. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлдэгч нар сайн дураараа зээлээ төлөөгүй тохиолдолд 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн БГҮ/13/76 тоот барьцааны гэрээнд тусгагдсан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, стадион оргил, Богджавзандамбын гудамж, 91в-4 тоотод байрлах, 290 мкв талбайтай амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хтай холбогдох энэ хэрэгт зээл авсан, тодорхой хэмжээний төлөлт хийгдсэн зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа ч нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ямар тооцоо судалгаагаар 337 766 480 төгрөгийн үлдэгдэл гаргасан нь ойлгомжгүй байгаагаас гадна “Х” ХХК нь тухайн үед зээл авсны дараа тус зээлийг жилийн 8 хувийн орон сууцны зээлд шилжүүлж хамруулах үүргийг бидний өмнө хүлээж байсан боловч уг үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл өндөр гардаг. Зээлийн авснаас хойш төлсөн 342 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгаж авсан нь үндэслэлгүй. “Х” ХХК Ц.Дын барьсан орон сууцнаас өөрсдөө аваад мөнгөө шилжүүлэхдээ 3, 4 сарын дараа шилжүүлдэг. Өөрсдөө хугацаандаа мөнгөө шилжүүлэхгүй 3, 4 сар хойшлуулж байж, мөнгөө шилжүүлж байхад хүү алданги боддоггүй. Ингэж орж ирсэн мөнгөн дүнг зээлэндээ төлж байсан. Зээлэнд эргүүлж төлөхдөө байр авч, ажилчиддаа өгсөн. Байрны зээлэнд хүү, алданги боддоггүй байсан. Ц.Д банкнаас авсан зээлээрээ орон сууц барьсан түүндээ зарцуулсан байгаа гэжээ. Хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “”Х ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 380 000 000 төгрөгийг 18 хувийн хүүтэй зээлж авсан хэмээн зээлийн гэрээний үүрэг шаардсан. Д.М нь дээрх гэрээнүүдийг үйлдэх ажиллагаанд оролцож гарын үсэг зураагүй, гэрээтэй холбоотой мөнгө төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/13/76 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.Д, Д.М нараас 337 766 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Д, Д.М нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.917.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д, Д.М нараас 1.916.982,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.М нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулаагүй болохоо нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс эхлэн илэрхийлсэн ба энэ байдлаа нотлох үүднээс шүүхэд 2 удаа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч гарын үсгийг шинжилгээнд явуулахаас татгалзаж 168 883 240 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Д, Д.М нарт холбогдуулан 2013 оны ЗГ/13/76 тоот орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нийт 337 766 480 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч Ц.Д эс зөвшөөрч “зээлийн гэрээний үүрэгт 340 000 000 төгрөгийг төлсөн, дээрх төлбөрийг зээлээс хасаагүй нь үндэслэлгүй” гэж, хариуцагч Д.М “зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээнд зурагдсан гарын үсэг хуурамч” гэж маргажээ. /хх1-2, 45-47, 66/

 

Хариуцагч Д.М нь зээл болон барьцааны гэрээг байгуулаагүй, гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш гэх агуулгатай тайлбар гаргажээ./хх 45-47 /

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт талуудын бичгээр байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргаж мэтгэлцэж байгаа тохиолдолд хариуцагч нь дээрх гэрээнд гарын үсэг зурсан эсэх, гэрээнд хариуцагчийн хүсэл зориг тусгагдсан эсэх асуудлыг тогтоох нь ач холбогдолтой юм. Дээрх гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч Д.Мийн гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоох нь тусгай мэдлэг шаардсан асуудал байх бөгөөд үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байхад шүүх хэрэгсэхгүй болгож “зээл аваагүй гэдгээ нотлох нь хариуцагчийн үүрэг” гэсэн агуулгаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай, болон нотлох үүргийн хуваарилалттай нийцэхгүй болжээ./ хх-ийн 45, 61, /

 

Гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирч байгаа эсэхэд шинжилгээ, үнэлгээ хийх нь хэргийн оролцогч болон шүүгч өөрөө тогтоох боломжтой нөхцөл байдал биш юм. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигджээ.

 

Түүнчлэн хариуцагч Д.М нь өөрийн татгалзал, тайлбараа нотлохоор дээрх гэрээнүүдийг баталсан нотариатч Д.Энхжаргалыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргажээ. /хх-65/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах бөгөөд хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь гэрчээр нотариатч Д.Энхжаргалыг асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзжээ. /хх-72/

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, гэрчээс мэдүүлэг авах замаар бүрдүүлэх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр байна. Хариуцагч нь “..,зээл болон барьцааны гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж байгаа тохиолдолд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тухайн гэрээнүүдийг баталсан нотариатч мэдэж байж болзошгүй гэж үзэхээр байна.

 

Хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг шийдвэрлэх, нотлох баримтыг бүрдүүлэх зэрэг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 003 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД