Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01158

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01158

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Ц. Д

хариуцагч-   Д. М

 зээлийн гэрээний үүрэгт 337.766.480 төгрөг, нотариатын зардалд 12.200 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Д, Д.М нар нь Х.б 2013 оны 4 сарын 11-ний өдөр ЗГ/13/76 тоот зээлийн гэрээг, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр БГҮ/13/76 тоот барьцааны гэрээ байгуулж 380.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь 2013 оны 4 сарын 11-ны өдрийн ЗГ/13/76 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 136.955.776,32 төгрөг, хүүгийн төлбөрт 205.741.823,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33.032,03 төгрөг, нийт 342.730.632,03 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2018 оны 5 сарын 16, 2018 оны 10 сарын 23, 2018 оны 12 сарын 5-ны өдрүүдэд тус тус зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч мэдэгдэлийг хүлээн авсан гарын үсгийг зурдаггүй, өнөөдрийг хүртэл өр төлбөрөө төлөөгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу Ц.Д, Д.М нараас үндсэн зээлийн төлбөрт 243.044.223,68 төгрөг, хүүгийн төлбөрт 93.137.304,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.584.952,12 төгрөг нийт 337.766.480 төгрөгийг нотариатын зардал 12.200 төгрөгийг хамт нэхэмжилж байна. Зээлийн гэрээг хуагцаанаас өмнө цуцлах, зээлдэгч нар сайн дураараа зээлээ төлөөгүй тохиолдолд 2013 оны 4 сарын 11-ний өдрийн БГҮ/13/76 тоот барьцааны гэрээнд тусгагдсан, 290 мкв талбайтай амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.б холбогдох энэ хэрэгт зээл авсан, тодорхой хэмжээний төлөлт хийгдсэн зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа ч нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ямар тооцоо судалгаагаар 337.766.480 төгрөгийн үлдэгдэл гаргасан нь ойлгомжгүй байгаагаас гадна Х.бнь тухайн үед зээл авсны дараа тус зээлийг жилийн 8 хувийн орон сууцны зээлд шилжүүлж хамруулах үүргийг бидний өмнө хүлээж байсан боловч уг үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл өндөр гарч энэ шалтгааны улмаас бид хохирч байна. Зээлийн авснаас хойш төлсөн 342.000.000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгаж авсан нь үндэслэлгүй. Х.бЦ.Д барьсан орон сууцнаас өөрсдөө аваад мөнгөө шилжүүлэхдээ 3, 4 сарын дараа шилжүүлдэг. Өөрсдөө хугацаандаа мөнгөө шилжүүлэхгүй 3, 4 сар хойшлуулж байж, мөнгөө шилжүүлж байхад бид хүү алданги боддоггүй. Ингэж орж ирсэн мөнгөн дүнг зээлэндээ төлж байсан. Зээлэнд эргүүлж төлөхдөө байр авч, ажилчиддаа өгсөн. Байрны зээлэнд хүү, алданги боддоггүй байсан. Ц.Д банкнаас авсан зээлээрээ орон сууц барьсан түүндээ зарцуулсан байгаа гэв.

Хариуцагч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Х.б ХХК нь 2013-04-11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 380 сая төгрөгийг 18 хувийн хүүтэй зээлж авсан хэмээн зээлийн гэрээний үүрэг шаарджээ. Д.М нь дээрх гэрээнүүдийг үйлдэх ажиллагаанд оролцож гарын үсэг зураагүй, гэрээтэй холбоотой мөнгө төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.бХХК нь хариуцагч Ц.Д, Д.М нарт холбогдуулан 2013 оны ЗГ/13/76 тоот орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нийт 337.766.480 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч Х.б ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхийг 20185-05-28-ны өдрийн 29/5820 тоот итгэмжлэлээр Э.Э /хх-6-9/, хариуцагч төлөөлөх бүрэн эрхийг 2019-04-03-ны өдрийн итгэмжлэлээр Н.Батбаярт /хх-40/, хариуцагч Ц.Д өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2019-05-01-ний өдрийн итгэмжлэлээр С.А /хх-56/ тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарч /хх-43/ хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон шүүх хуралдаанд хариуцагч Ц.Д болон хариуцагч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх тул уг хүсэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр гаргасан хүсэлтийг хангаж, хэргийн оролцогчийн тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хангахаар шүүх хуралдааныг 5-р сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагч Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаснаар, хариуцагч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг 2019 оны 5-р сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааны товыг хариуцагч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан үндэслэл журмын дагуу утсаар мэдэгдсэн /хх-62/ боловч 2019 оны 5-р сарын 13-ны өдөр шүүхэд ирж хэргийн материалтай танилцаж хүсэлт гаргасан атлаа шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн оролцоогүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2013-04-11-ний өдөр ЗГ/13/76 тоот зээлийн болон БГҮ/13/76 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Д, Д.М нарт 380.000.000 төгрөгний зээлийг орон сууц худалдан авах, засварлах барих зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна /хх-10-15/.

 

Харин хариуцагч нарын итгэжлэгдсэн төлөөлөгчидийн гаргасан ...Ц.Д зээл авсан, тодорхой хэмжээний төлөлт хийсэн болохыг зөвшөөрч, төлсөн 342.000.000 төгрөгийг зөвхөн зээлийн хүүд суутгаж үндсэн зээлээс хасаагүй байгаа нь үндэслэлгүй. Банкнаас авсан зээлээр барьсан орон сууцнаас Х.б ажилчиддаа авч өгөхдөө төлбөрийг удаашруулж төлж байсан зэргээс шалтгаалан зээл хугацаандаа төлөгдөөгүй, Д.М нь хариуцагч Д-ын хүү бөгөөд Д.М дээрх зээлийн гэрээнд оролцоогүй, гэрээтэй холбоотой мөнгө төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх... тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хариуцагч Ц.Д, Д.М нарын өмчлөлийн .....тоотод байршилтай, амины орон сууц, гаражийн зориулалттай, Ү-2206023584 улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулж /хх-14-15, 17/, улсын бүртгэлийн хэлтэст 2013-04-16-ны өдөр бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн байх бөгөөд 348 дугаартай тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна.

 

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нотариатын үйлдлийн төрлийн талаар тодорхойлсон бөгөөд 25.1.1-т “гэрээ, хэлцэл гэрчлэх” нь нотариатын үйлдэл бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д зааснаар зээлийн гэрээг гэрчлэх гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална гэж хуулийн 46.4-т заасан.

 

Шүүх дээрх гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар дээрх зээлийн гэрээний дагуу 380.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн /хх-16/, мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, зээлийн гэрээний 3.3.1-д зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлнө гэж хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн орон сууц худалдан авах, засварлах зориулалтаар авсан ЗГ/13/76 тоот зээлийн гэрээний хугацааг банк гэрээний 7-д заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцлахаар санал гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.5-д зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, гэрээний 10.3-т “... үүргээ бүрэн биелүүлээгүй зээлдэгч төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөр болон бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тохирсон байх тул нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг шаардах эрхтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ-1”-ний хугацаа нь 180 сар буюу 2028 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах шаардлагыг гаргасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан бөгөөд талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 7.1.1-д зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк өөрийн санаачлагаар гэрээг цуцлана гэж заасан байх тул хариуцагч нар нь зээлийн төлбөрийг буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс хугацааны өмнө татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Учир нь Нэхэмжлэгч Х.б ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 380.000.000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн ба зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн картаар үндсэн зээлд 136.955.776,32 төгрөгийг, хүүд 205.741.823,68 төгрөгийг төлсөн /хх-21-22/ талаар хариуцагч нар маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 243.044.223,68 төгрөгийг, зээлийн хүүд 93.137.304,11 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 1.584.952,12 төгрөгийг нийт 337.766.480 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахад холбогдох баримт материалыг нотариатаар гэрчлүүлсэн зардалд 12.200 төгрөгийг шаардсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, ...татгалзах үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа зохигчид өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаж шүүхэд гаргах нь зохигчдын үүрэг тул энэ үүргээ хэрэгжүүлсэн зардлыг хариуцагч нараас шаардах эрхгүй тул нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй юм.

 

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас 337.766.480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ц.Д, Д.М, нэхэмжлэгч Х.б ХХК-тай 2013-04-11-ний өдрийн БГҮ/13/76 тоот барьцааны гэрээ байгуулж...... тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206023584 дугаартай, амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хариуцагч Ц.Д, Д.М нар болохыг тодорхойлсон 000241547 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан /хх-14-15, 17/.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн хуулийн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, хуулийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэж тус тус заасан.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн БГҮ/13/76 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно /хх-14-15/.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Х.б болон Ц.Д, Д.М нарын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 5-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

 

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ц.Д, Д.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 243.044.223,68 төгрөгийг, зээлийн хүүд 93.137.304,11 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 1.584.952,12 төгрөгийг нийт 337.766.480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.бХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс төлсөн 1.917.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д, Д.М нараас 1.916.982,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/13/76 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.Д Д.М / нараас 337.766.480 /гурван зуун гучин долоон сая долоон зуун жаран зургаан мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Д, Д.М нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.917.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д, Д.М нараас 1.916.982,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн доторзохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ