Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2023/00889

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2023/00889

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00158/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, Уурхайчид ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 9990****, УС75****** регистрийн дугаартай, Б овогт Жы Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан багт байрлах, утас: 7037****, 9939****, 90***** регистрийн дугаартай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдох,

ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Содболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Шарын гол сумын **-р цэцэрлэгийн эрхлэгчийн албыг түр орлон гүйцэтгэгч С.С нь над руу чамайг нярваар ажилд авъя гэж ярьсан. Хүсэлтийн дагуу **-р цэцэрлэгт нярваар, цалин хөлсний хувьд 590,937 төгрөгөөр зөвшөөрч ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил болон алдаа дутагдал гаргаж байгаагүй, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байсан. С.С нь намайг зүй ёсны шаардлага тавих, ямар нэгэн асуудлыг шударга хэлчихдэг байсны төлөө ажлаас гарахдаа надад ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, бичгээр тушаал гаргаж өгөөгүй. Тийм учраас хуулийн дагуу шүүхэд хандаж, ажилласан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Ажилласан хугацааны цалин 3,452,640 төгрөг байсан үүн дээр өмнөх шүүх хуралдаанаас хойш ажлын 20 хоног нэмэгдээд нийт 3,911,600 төгрөг байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний хувьд Ж.Бг ажилд авахдаа 8 сард сонгон шалгаруулалт зарлахад 3 хүн сонгон шалгалтад орох байсан ч нэг нь ирээгүй. Тухайн үед ажил эхлэх гээд ачаалалтай, ажил ихтэй байсан учраас ирсэн хоёр хүнээс шалгалт аваад нөгөө хүнийг авсан боловч авсан хүн маань ажлаасаа гарч дараагийн хүн болох Ж.Бг дуудаж ажилд авсан. Ажилд авахдаа нягтлантайгаа хамт уулзаж, холоос ирж байгаа учраас тогтвор суурьшилтай ажиллах уу, эсвэл хот энэ хоёрын хооронд яваад ажил цалгардуулах асуудал гаргах уу гэдгийг асууж тууштай ажиллана гэсэн хариулт аваад ажилд орж байсан. Манайх хүүхдийн байгууллага учраас бүх ажилтан шинжилгээ өгдөг байсан. Тэгээд Ж.Бг шинжилгээгээ хурдан өгөөд хуулийн дагуу бичиг баримтаа өгөөрэй гэдэг хууль ёсны шаардлага тавьсан боловч энэ хүн ажиллаж дуусах хугацаандаа энэ бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй, сая шүүхэд гаргаж өгч байна. Ажилд түр авсан гэдэг нь ямар ч төрийн байгууллагад ажилтан авахдаа туршилтын хугацаагаар авдаг. Тийм учраас энэ хүнийг туршилтын хугацаагаар ажилд авч, энэ шийдвэрийг гаргасан гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 2 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт хавтаст хэргийн 3 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/** дугаартай Ж.Бг түр ажилд томилох тухай тушаал /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 5-7 дахь тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 8 дахь тал/, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт буюу Ж.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/, Ж.Бгийн цалингийн тооцоолол /хавтаст хэргийн 50 дахь тал/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоол /хавтаст хэргийн 51-53 дахь тал/, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05/*** дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 54 дэх тал/, өмгөөлөл үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 102 дахь тал/, Ж.Бгийн 0104*** дугаартай Санхүүгийн эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 155-156 дахь тал/, Ж.Бгийн Е2010**** дугаартай Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг удирдахуйн ухааны магистраар төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 157-158 дахь тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь хариу талбартаа холбогдуулан улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн дотоод журам /хавтаст хэргийн 34-37 дахь тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 64 дэх тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 70 дахь тал/, ** дугаар цэцэрлэгийн багш ажилчдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 73-76 дахь тал/, Н.Цгээс Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн ёс зүйн хороонд гаргасан гомдол /хавтаст хэргийн 77 дахь тал/, ** дугаар цэцэрлэгийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 78 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/** дугаартай Тооллогын комисс томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 79 дэх тал/, ** дугаар цэцэрлэгийн тооллогын комиссын тайлан /хавтаст хэргийн 80 дахь тал/, Ж.Бгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгч С.Сад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 81 дэх тал/, Ж.Бгийн өргөдлийн хариу /хавтаст хэргийн 82 дахь тал/, Шарын гол сумын ** дугаар цэцэрлэг нярав Ж.Бгийн хүнсний материалд хийсэн тооллого /хавтаст хэргийн 83 дахь тал/, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан Дархан-Уул аймгийн Эртэч Дархан клубийн Харилцаа ба хандлага сургалтын хэсгээс гэх гэрэл зураг, ирц /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11-10/*** дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 86 дахь тал/, Харилцааны тухай бид юу ойлгох вэ?, Харилцаан дахь бидний ялгаа, Архивын галын аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах тархалтын сургалтын хөтөлбөр /хавтаст хэргийн 87 дахь тал/, фэйсбүүкийн чат бүхий гэрэл зураг /хавтаст хэргийн 88 дахь тал/, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7-10/*** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 89 дэх тал/, гар утасны бичлэг бүхий сиди, бичлэгийн тайлал /хавтаст хэргийн 100-101 дэх тал/, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23-01.22/** дугаартай тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 110-112 дахь тал/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 150-152 дахь тал/, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23-01.22/** дугаартай Хоолны зардал төлүүлэх тухай актын хуулбар /хавтаст хэргийн 113-114 дэх тал/, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23-01.22/** дугаартай Махны үнэ төлүүлэх тухай актын хуулбар /хавтаст хэргийн 115 дахь тал/, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 149 дэх тал/, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23-01.22/** дугаартай Хоолны зардал төлүүлэх тухай актын хуулбар /хавтаст хэргийн 116 дахь тал/, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 148 дахь тал/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Оын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаартай Эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 153 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр цэцэрлэгийн нярвын албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/** дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/** дугаартай Бүтэц орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, хариуцагч талын хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 98-99 дэх тал/, Н.Цгээс хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 118, 125-128 дахь тал/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хариуцагч талаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 145-147 дахь тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ж.Б нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/** дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д зааснаар Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. /хавтаст хэргийн 38 дахь тал/

3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

5. Нэхэмжлэгч Ж.Б нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлээгүй боловч түүний сонгох эрхийг хуулиар зохицуулсан, хуулийн хугацаанд гомдол гаргасан, харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэж тус гомдлыг хянан шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Ж.Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж гаргасан тайлбартаа ...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус цэцэрлэгт нярваар ажилд орсон, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, цаашид ажиллах сонирхолтой байсан боловч ажлаас чөлөөлсөн, энэ талаас урьдчилан мэдэгдээгүй. Мөн ажилд авсан, халсан тушаалын үндэслэл уялдаагүй, хуулийн заалт баримтлаагүй. Хөдөлмөрийн гэрээний 4.12-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг өөрт нь хүлээлгэж өгнө гэж тохиролцсон боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:40 цагт ажлын цаг дууссанаас хойш ажилчдын хурал хийж Ж.Б надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр цаашид ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн, ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын санхүүгийн хяналт шалтгалтын улсын ахлах байцаагч Б.Лгийн хажууд ажилд томилсон тушаал гардуулсан, чөлөөлсөн тушаал өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй. Би шүүхийн журмаар чөлөөлсөн тушаалыг гаргуулсан тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлсэн тогтоолгох, 27 хоног ажилгүй байсан хугацааны цалин 3,911,600 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

7. Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...Ж.Бг 2022 оны 09 дүгээр сард сонгон шалгаруулалт зарлахад 3 хүн байсан. Авсан хүн маань ачаалал ихтэй, шалтгаантай нөхцөлөөр ажлаас гарсан. Тэгээд дараагийн хүнийг авсан. Тогтвор суурьшилтай ажиллана, ямар нэгэн асуудал гаргахгүй гэхээр нь хүүхдийн байгууллагад ажиллах тул шинжилгээ өгөөд ажлаа хий гэсэн. 3 сар ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн шинэчлэгдсэн анкет авчирч өгөөгүй, 2023 оны 12 дугаар сарын 23-нд ажлаа орхиод явсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг н.Лхамхүү байцаагчийн хажууд гардуулж өгсөн, тооллого хийсэн баримт дээр гарын үсгээ зурсан. Туршилтын хугацаанд тухайн хүний ажилласан байдал, зөрчил, гомдол гаргаж байсан, төрийн албан хаагчийн анкет бүрдүүлж өгөөгүй зэрэг зөрчил гаргасан тул туршилтын хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн. Тушаал үндэслэлтэй гэж тайлбарласан.

8. Нэхэмжлэгч Ж.Бг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/** дугаар дугаартай ...2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нярваар түр ажиллуулсугай.. гэх тушаалын дагуу талууд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод харилцан гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 4, 32-33, 145-147 дахь тал/

9. Дээрх хөдөлмөрийн гэрээнд талууд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, ажил гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, ажил амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/** дугаартай тушаалаар ...байгууллагын эд хөрөнгийг тоолох комиссыг нярав Ж.Б, эмч Б.Ө, туслах багш Г.Б нарын бүрэлдэхүүнтэй томилсон болон тус цэцэрлэгийн нягтлан бодогч Н.Цгийн ёс зүйн хороонд гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ёс зүйн хорооны хурлаар нярав ажилтай Ж.Бгийн талаар хэлэлцэж, ахин алдаа дутагдал гаргахгүй байхыг сануулж шийдвэрлэсэн, улмаар тус цэцэрлэгийн багш ажилчдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар ...нярав Ж.Б нь хүний нөөцийн системийг тохируулаагүй, нууц үгийг дур мэдэн сольж нууц үгээ хэлээгүй ажлын цаг дуусаагүй байхад ажлын байраа өдрийн 14 цагийн үед орхиж явсны улмаас Дархан-Уул аймгийн хэмжээнд 17 цэцэрлэг ганцаараа цалингаа илгээж чадаагүй хоцорсон талаар хэлэлцэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан учир цаашид ажиллуулахгүй байхаар шийдвэрлэж нэр бүхий 18 ажилтан гарын үсэг зурсан тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймгийн Эртэч Дархан клубын Харилцаа ба хандлага сургалтад нярав Ж.Б оролцоогүй талаар ирцийн бүртгэл, Аймгийн Төрийн архивын сангаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдах Харилцааны тухай бид юуг ойлгох вэ, Харилцаан дахь бидний ялгаа, Архивын галын аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах тархалтын сургалтад архив бичиг хэрэг хариуцсан ажилчид хамрагдах сургалтад Ж.Б хамрагдаагүй талаар баримтууд, Ж.Б нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн өрөөнд Н.Цтэй хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчилд холбогдсон үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/345/** дугаартай шийтгэвэрээр 100 нэгжтэй тэнцэх буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

11. Нэхэмжлэгч Ж.Б нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1999-2001 онд нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр төгссөн, Удирдлагын академийг төгсөж удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан талаар хэрэгт нотлох баримтаар дипломын хуулбаруудыг нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн бөгөөд уг баримтуудыг гаргаж өгөхийг шаардаж байсан боловч ирүүлээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болохыг 50.1.1-50.1.6-д заасан үндэслэлүүдээр гэрээг хугацаатай байгуулж болохыг хуульчилсан байна.

13. Хариуцагч нь Ж.Бтай хугацаатай буюу туршилтын хугацаагаар ажиллуулахаар гэрээ байгуулсан гэж маргаж байгаа ба Ж.Бг ажилд түр томилох тухай тушаалд ...2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нярваар түр ажиллуулахаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6-д 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай байхаар тохиролцсон нь талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасан туршилтын хугацаагаар ажилуулахаар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

14. Хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үйлчилгээ нь тухайн хугацаа дуусгавар болсноор зогсоогддог. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зохицуулсан.

15. Ингэхдээ туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилготой байна.

16. Хариуцагчаас туршилтаар ажиллах хугацаанд Ж.Б нь ёс зүйн зөрчил гаргаж байсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгосон гэж маргаж байгаа ба энэ нь хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ёс зүйн хорооны хурал, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажилчдын хурал, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/345/** дугаартай шийтгэвэр зэрэг нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ж.Бгийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

17. Хариуцагч талаас Ж.Б, Н.Ц нарын маргаж буй CD бичлэгийг ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь уг бичлэгийг тоглуулах, үзлэг хийх шаардлагагүй гэж маргаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23-01-22/** дугаартай акт, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23-01-22/** дугаартай акт, ** дугаар цэцэрлэгийн хоолны зардалд шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Зөрчлийн талаарх, гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол зэрэг баримтууд нь тухайн хөдөлмөрийн маргаанд хамааралгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 78 дугаар зүйлийн 78.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Бгийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА