Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/0075

 

  

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00889 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,735,620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тодруулсан шаардлагадаа:

          Миний бие *******ийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар  2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нярвын ажилд ТҮ-4 зэрэглэлээр 590,937 төгрөгийн цалинтай түр томилогдсон. Ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээгээ цаашид сунган ажиллах хүсэлтэй, ажиллах боломжтой байсан.

Харин ажил олгогчийн зүгээс цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах ажиллах боломгүй бол ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл надад 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд өрөөний хаалганы голыг намайг эзгүйд солиод ажлын байранд нэвтрүүлэхгүй байгаа, мөн ажлаас чөлөөлсөн тушаал гардуулж өгөөгүй.

Иймд ажил олгогч хөдөлмөрийн хууль зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж, ажилгүй байсан хугацааны цалинд 3,735,620 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 01 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон тул 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/42 дугаар тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаартай эрхлэгчийн тушаалаар нярвын албан тушаалд 3 сарын хугацаатай түр томилсон. Гэвч *******г хуулийн дагуу бичиг баримтаа өгөөрэй гэсэн боловч бүрдүүлж өгөөгүй, зохих ёсоор томилогдоогүй.

******* нь туршилтын хугацаагаад ажиллаж байхдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан ёсны сургалт, үйл ажиллагаанд оролцдоггүй, хамтран ажиллагсад болон бусад байгууллага иргэдтэй ёс зүйгүй бүдүүлэг аашилж авирласан тул цаашил үргэлжлүүлэн ажиллах боломжгүй.

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цэцэрлэгийн ёс зүйн хорооны хурлаар орж сануулга авсан, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сургалтад суух сонирхолгүй, хамтран ажиллагсад болон бусад байгууллага иргэдээс гомдол ирсэн.

Иймд ******* нь нярвын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангахгүй байсан тул түүнтэй байгуулсан гэрээг сунгах боломжгүй 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 78 дугаар зүйлийн 78.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн *******т холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд *******ийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/32 тоот *******г түр ажилд авах тухай тушаалыг анх гаргахдаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн хуулийг үндэслэн ажилд томилсон тушаал гаргах ёстой байтал хүчингүй болсон хуулиар ажилд томилж, ажилтны эрхийг зөрчсөн байна.

Мөн хэлбэрийн шаардлага хангагдаагүй тушаалыг баримтлан 2022 оны 12 сарын 23-ны өдөр *******г чөлөөлсөн, чөлөөлөхдөө тус 17 дугаар цэцэрлэгийн багш ажилчдын хурлыг 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 17 цаг 40 минутад эхлүүлж хийсэн нь ажлын бус цагаар ажилчдыг хуралдуулж, нярав *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа учир цаашид ажиллуулахгүй байхаар шийдвэрлэв гэж хурлын тэмдэглэлд тусгуулж гарын үсгээ зурсан байна. Нярав *******гийн асуудлыг ажлын бус цагаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж ажилтанд танилцуулж уг шийдвэрийн хувийг өөрт нь хүлээлгэж өгнө гэж Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан энэ заалтыг хэрэгжүүлээгүй.

Хариуцагч тал нь *******гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргахдаа түүнийг ёс зүй харьцаа хандлага талаас буруутгасан агуулгаар тайлбар гаргасан боловч энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөөгүй, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд энэ тухай тусгаагүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзвэл :

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  *******т холбогдуулан “Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,735,620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай  нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан гомдол гаргажээ.

            4. *******ийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******г 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нярвын ажилд томилон ажиллуулж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасныг тус тус үндэслэн, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2022 оны 22 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 4, 38/

            5. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6-д заасан үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохыг хуульчилсан.

Хариуцагч *******ийн эрхлэгч нь нэхэмжлэгч *******тай хугацаатай буюу туршилтын хугацаагаар ажиллуулахаар гэрээ байгуулсан гэж маргаж байгаа ба *******г ажилд түр томилох тухай тушаалд “...2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нярваар түр ажиллуулахаар” гэж зааж, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6-д хөдөлмөрийн гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэж тохиролцсон байх тул талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасан туршилтын хугацаагаар ажиллуулахаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд талууд хуульд заасны дагуу 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

6. Хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь тухайн гэрээнд заасан хугацаа болсноор дуусгавар болох бөгөөд талууд харилцан тохиролцсоноор гэрээний хугацааг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зохицуулсан.

Нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болж, ажил олгогч нь 2022 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх тул ажил олгогч нь ажилтантай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг дахин нэг удаа сунгах сонирхолгүй байжээ.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээ туршилтаар ажиллах хугацаанд ******* нь ёс зүйн зөрчил гаргаж байсан гэж маргаж, холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

*******ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/345/40 дугаартай шийтгэвэр зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь ёс зүйн зөрчил гаргаж байсан болох нь нотлогдож байх тул уг үндэслэлээр *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгаагүй ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. / хэргийн 73-76, 78, 98-99/

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч *******гийн *******т холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.     

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА                                                            

                                            ШҮҮГЧИД                                   Г.МЯГМАРСҮРЭН                                                                                

                                                                                                      Я.ТУУЛ