Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/01390

 

 

 

 

 2022 оны 04 сарын 28 өдөр          Дугаар  183/ШШ2023/01390        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг,  5 тоотод оршин суух, Х овогт М.О /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 60 тоотод оршин суух, Ш овогт Т.Б /РД:*********/,

Хариуцагч: Х дүүрэг,  60 тоотод оршин суух, Ш овогт З.Т /РД:*********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 145 302 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,

Хариуцагч Т.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Хариуцагч З.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Т.Б, З.Тэнгисболд нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 145 302 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Монгол Улсын иргэн М.О надаас манай эгчийн зуслангийн хөрш болох Т.Б нь өөрийн хүүхэд болох 3. Тэнгисболдын хамтаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 95 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгээр зээлж авч, зээлийн гэрээг байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээ байгуулж Т.Бгийн хүү 3.Тэнгисболдын Хаан банкны 50******35 дугаартай данс руу 95 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Т.Б, 3.Тэнгисболд нар зээлж авсан мөнгөө Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хэлсэн. Зээлийн гэрээний хугацаанд сар бүр хүү болгон 4 750 000 төгрөгийг төлж байгаад сүүлийн 10 дугаар сард үндсэн зээлийг хүүгийн хамтаар төлж дуусгахаар гэрээнд заасан байсан хэдий ч нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Гэрээ дууссан өдрөөс хойш Т.Б-тай хэд хэдэн удаа утсаар холбогдох гэсэн хэдий ч холбогдож чадахгүй байсаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр биечлэн уулзсан ч зээлийн төлбөрөө төлөхгүй хохироож байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 95 000 000 төгрөгт 3 сарын хугацаанд 5 хувийн хүү тооцоход 1 сарын 4 750 000 төгрөг, 3 сарын 14 250 000 төгрөг болно. Үндсэн зээл 95 000 000 төгрөг дээр хүү 14 250 000 төгрөгийг нэмж нийт 109 250 000 төгрөгт 0.5 хувийн алдангийг тооцвол өдрийн 546 250 төгрөг болж байна. Шүүхэд хандсан өдрийг хүртэл 66 хоногийн алдангийг 546 250 төгрөгөөр үржээд 36 052 500 төгрөг болох ба үүн дээр 109.250.000 төгрөгийг нэмж нийт 145 302 500 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би Т.Б, З.Тэнгисболд нарт мөнгө зээлсэн, зээлийн гэрээг 2022 оны 7 дугаар сарын 27-нд байгуулсан, Т.Б өөрөө мөнгийг З.Тэнгисболдын дансанд хийгээрэй гээд дансны дугаарыг нь өгсөн, гэрээндээ ч бичсэн байгаа. 2022 оны 10 дугаар сарын 27-нд нийт 109 250 000 төгрөг болгоод өгнө гэсэн. Гэтэл мөнгийг өгөөгүй, одоо ингээд мөнгө аваагүй гэж байгаад гомдолтой байна. Мөн тэр зуслангийн байшингийн тухайд бол мөнгөө өгөх боломжгүй байна, уг зуслангийн байшинг үзэх үү гэсэн, би зөвшөөрсөн боловч уг зуслангийн байшин нь өөр хүний нэр дээр шилжсэн байдаг гэсэн тул зөвшөөрөөгүй, мөнгөө авахаар шаардсан юм. Түүнээс анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэсэн зүйл байхгүй. Т.Б 2022 оны 12 сард надтай уулзаад баталгаа гэдэг баримтыг бичиж, мөнгийг төлнө гэж өгсөн. Уг баримт нь надад байгаа бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийг хурал хойшлуулна гэж байгаа бол буцаагаад авчихья. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 145 302 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аливаа иргэн, хуулийн этгээд бусдад мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн бол түүнийг буцаан шаардах эсхүл төлбөрийг шаардах эрхтэй. Энэхүү зарчим зээлийн гэрээнд ч мөн адил хэрэгждэг. Тухайлбал: Зээлийн мөнген хөрөнгийг өгснөөр зээлдүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсэх юм. Нөгөөтэйгүүр мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй бол зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Т.Б иргэн М.О-тэй 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн байдаг. Энэ гэрээгээр М.О нь 95 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар нэг сарын 4 750 000 төгрөгийн хүүтэйгээр Т.Б надад өгч, үүний дараагаар Т.Б би энэхүү мөнгийг авч эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан бол буцаан төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон. Гэтэл М.Оийн зүгээс Т.Б надад мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн зүйл байхгүй юм. Түүнчлэн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид гэрээ, хэлцэл хийж харилцан тохиролцох нь урьдчилсан тохиролцоо юм. Мөн энэхүү тохиролцоог бичгээр хийж нотариатаар батлуулж байгаа нь хэлцэл, тохиролцоогоо бичгэн хэлбэрт оруулж байгаа зүйп болохоос биш гэрээний үүргийг биөлүүлсэн гэсэн үг биш юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр шаардлага гаргах эрх үүсдэг тул М.0юунчимэгийн зүгээс зээлийн гэрээний үүргийг Т.Б надаас шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэлийн Т.Б надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.Б зээлийн гэрээг нэхэмжлэлтэй байгуулсан боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгө нь түүнд шилжиж ирээгүй. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхүй, хариуцагч биш гэж үзэж байна гэв.  

 

 3.Хариуцагч З.Тэнгисболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 7 дугаар сарын орчимд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, ар гүнт/18120/ 21 дүгээр хэсэг гудамж 2147/2 тоот хаягт байрлах зуслангийн хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байсан. Тухайн үед М.Оийн эгч “..н.Хорлоо...” гэх эмэгтэй манай зуслангийн хөрш хажуу айл байсан. 2022 оны 7 дугаар сарын дундуур надад их хэмжээний бэлэн мөнгөний хэрэгцээ гарч байсан тул үл хөдлөх эд хөрөнгөө худалдах гэж байсан. Ингээд 2022 оны 7 дугаар еарын 27-ны өдөр манай хөрш н.Хорлоогийн дүү гэх М.О ирж уулзаад “...зуслангийн байшинг 195.000.000 төгрөгөөр худалдаж авья...” гэж хэлсэн. Миний зүгээс зөвшөөрсөн ба М.О “...одоо 95 000 000 төгрөгийг шилжүүлье. Үл хөдлөхөө аваад үлдэгдлийг нь өгье...” гэж хэлж, 95 000 000 төгрөгийг З.Тэнгисболд миний хаан банк дахь 5034575735 тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр холбоо бариад “...Инженертэй уулзаад үзсэн чинь танай байранд засвар хийх шаардлагатай юм байна гэж хэлсээн. Ойролцоогоор 30 000 000 төгрөгийн засвар орохоор байна. Тал мөнгийг нь чи хариудах уу? Чам руу мөнгө шилжүүлэхдээ хадгаламжаа цуцлаад шилжүүлчихсэн чинь алдагдалд орчихлоо...” гэж хэлсэн. Миний зүгээс “...уг мөнгийг хариуцахгүй ээ. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг буулгаж 160 000 000 төгрегөөр зарахгүй. Засвар хийх шаардлагатай эсэхийг хүнээс асууя гэж хэлээд утсаа салгацгаасан. Ингээд 2022 оны 9 сараас наймаа буцахаар болцгоосон. Нөгөөтэйгүүр З.Тэнгисболд би М.Отэй огт зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Зээл авч байгаагүй. Иймээс надаас зээлийн гэрээний хүү, алданги шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин над руу шилжүүлсэн гэх 95 000 000 төгрөг буцаан авна гэж байгаа бол татгалзах зүйлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын 50 302 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаас шилжүүлэн өгсөн 95 000 000 төгрөгийг нь буцаан өгөхөд татгалзахгүй, харин хүү, алдангийг бол зөвшөөрөхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь З.Тэнгисболдын зуслангийн байшинг худалдан авна гээд 95 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан учраас мөнгийг буцаагаад өгөхөд татгалзахгүй. Нэхэмжлэгчид хүү, алданги шаардах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, М.О, Т.Цэен-Ойдов нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 3-7, 18-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Т.Бгаас Б.Номин-Эрдэнэд олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 34, 37р хуудас/,

хариуцагч З.Тэнгисболдоос У.Түвшинд олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 26, 36-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б, З.Тэнгисболд нартай харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээнд дурдсан хариуцагч З.Тэнгисболдын дансанд 95 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч гэрээнд заасан хугацаандаа буцаан өгөөгүй, үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 95 000 000 төгрөг, түүнийг ашигласан хугацааны хүү 14 250 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 36 052 500 төгрөг, нийт 145 302 500 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Т.Б нь зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгөн хөрөнгө болох 95 000 000 төгрөгийг хүлээн аваагүй тул гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй гэж,

4.Хариуцагч З.Тэнгисболд нь нэхэмжлэгч М.Отэй зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө буюу зуслангийн байшин худалдан авахаар урьдчилгаа 95 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгийг буцаан өгөхөд татгалзахгүй, зээлийн гэрээ байгуулаагүй тул хүү, алданги шаардах эрхгүй гэж тус тус үгүйсгэсэн.

 

5.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Т.Бтай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 95 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн буюу 4 750 000 төгрөгийг хүүтэй, 3 сарын хугацаатай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ныг дуустал, зээлийн хүүг сар бүрийн 27-ны өдөр төлөхөөр, гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 27-нд дуусахад нийт 109 250 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч хариуцагч Т.Бд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх, хариуцагч З.Тэнгисболдтой зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар байна, гэрээг бичгээр байгуулсан, гарын үсэг зурсан, 95 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй байна.

 

7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Хариуцагч Т.Б нь зээлийн гэрээг байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж, хариуцагч З.Тэнгисболд нь зээлийн гэрээ байгуулаагүй, худалдах, худалдан авах гэрээний үнэд 95 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж маргасан.

 

7.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Оийн хариуцагч Т.Бтай байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд “...Долоо.Талуудын хууль ёсны хаяг, зээлдэгч: ХУД-ийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Номуун виллаж Ар зайсангийн гудамж 100/6-р байр, 60 тоот Дансны дугаар 3215101132 Голомт банк Т.Б, 5034575735 Хаан банк З.Тэнгисболд” гэсэн байх бөгөөд Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 95 000 000 төгрөгийг “...Болороод” гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч З.Тэнгисболдын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

7.2.Хариуцагч З.Тэнгисболд нь 95 000 000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй боловч уг мөнгийг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө биш, зуслангийн байшин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч З.Тэнгисболд нь зуслангийн байшин худалдах гэж байсан бол уг үл хөдлөх эд хөрөнгө нь түүний өмчлөлд байсан талаарх болон зуслангийн хөрш нэхэмжлэгчийн эгч байсан гэх н.Хорлоог гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

 

7.3.Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг З.Тэнгисболдын байрыг авах гэж Т.Бд мөнгө шилжүүлсэн гэсэн боловч мөнгөн шилжүүлгийн баримтад гүйлгээний утганд “...Болороо-д” гэсэн байдаг бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгчээр З.Тэнгисболдын эзэмшдэг дансны мэдээлэл бичигдсэн, уг дансанд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө шилжжээ.  

 

7.4. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан, гэрээг хариуцагч Т.Б байгуулсан мөнгөн хөрөнгийг хариуцагч З.Тэнгисболдод шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн байна гэж дүгнэв.

 

7.5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг буюу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-д талуудын зээлийг ашигласан хугацааны хүүг нэг сард 5 хувь буюу 4 750 000 төгрөг байхаар, 3.1-д уг хүүг төлөх хугацааг харилцан тохиролцсон байх тул зээлийн гэрээний хүүнд 14 250 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. /1 сарын хүү 4 750 000х3сар=14 250 000 төгрөг/ 

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.2-д зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж харилцан тохиролцсон, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар хариуцагчаас алданги 36 052 500 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

10. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу тооцоход үндсэн зээл 95 000 000 төгрөг, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү 14 250 000 төгрөг, алданги 36 052 500 төгрөг, нийт 145 302 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсы тэмдэгтийн хураамжид төлсөн 884 463 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 884 463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т.Б, З.Тэнгисболд нараас зээлийн гэрээний үүрэгт 145 302 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.От олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 884 463 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, З.Тэнгисболд нараас 884 463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Д.ХУЛАН