Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01576

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01576

 

 

М.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01390 дугаар шийдвэртэй,

М.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Т.Болортуяа, Г.Тэнгисболд нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 145,302,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хариуцагч З.Тэнгисболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Т.Болортуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. М.Оюунчимэгээс Т.Болортуяа нь хүү З.Тэнгисболдынхоо хамтаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 95,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулсан.

Т.Болортуяа өөрөө мөнгийг З.Тэнгисболдын дансанд хийгээрэй гээд дансны дугаарыг нь өгсөн, гэрээнд энэ талаар тусгасан. Т.Болортуяагийн хүү 3.Тэнгисболдын Хаан банкны 5034...... дугаартай дансанд 95,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Т.Болортуяа, 3.Тэнгисболд нар зээлж авсан мөнгөө Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хэлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд сар бүр хүү болгон 4,750,000 төгрөгийг төлж байгаад сүүлийн 10 дугаар сард үндсэн зээлийг хүүгийн хамтаар төлж дуусгахаар гэрээнд заасан байсан.

1.2. Зээлдэгч нар нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй, гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан.

Гэрээ дууссан өдрөөс хойш Т.Болортуяатай хэд хэдэн удаа утсаар холбогдох гэсэн хэдий ч чадахгүй байсаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр биечлэн уулзсан ч зээлийн төлбөрөө төлөхгүй хохироож байна.

Мөн зуслангийн байшингийн тухайд мөнгөө өгөх боломжгүй байна, уг зуслангийн байшинг үзэх үү гэсэн, би зөвшөөрсөн боловч уг зуслангийн байшин нь өөр хүний нэр дээр шилжсэн байдаг гэсэн тул зөвшөөрөөгүй. Анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэссэн зорилго байгаагүй.

Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 95 000 000 төгрөгт 3 сарын хугацаанд 5 хувийн хүү тооцоход 1 сарын 4,750,000 төгрөг, 3 сарын 14,250,000 төгрөг болно.

Зээл 95,000,000 төгрөг дээр хүү 14,250,000 төгрөгийг нэмж нийт 109,250,000 төгрөгт 0,5 хувийн алдангийг тооцвол өдрийн 546,250 төгрөг болж байна. Шүүхэд хандсан өдрийг хүртэл 66 хоногийн алдангийг 546,250 төгрөгөөр үржээд 36,052,500 төгрөг болох ба үүнд 109,250,000 төгрөгийг нэмж нийт 145,302,500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ..

 

2. Хариуцагч М.Оюунчимэгийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн мөнгөн хөрөнгийг өгснөөр зээлдүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсэх юм. Т.Болортуяа иргэн М.Оюунчимэгтэй 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн байдаг. Энэ гэрээгээр М.Оюунчимэг нь 95,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар нэг сарын 4,750,000 төгрөгийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон.

Гэтэл М.Оюунчимэгээс мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэжээ.

 

3. Хариуцагч З.Тэнгисболдын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, ..-р хороо, Ар гүнт/18120/ .. дүгээр хэсэг гудамж 21../2 тоот хаягт байрлах зуслангийн хувийн сууцыг маань 195,000,000 төгрөгөөр худалдаж авъя... гэж хэлсэн. Миний зүгээс зөвшөөрсөн ба М.Оюунчимэг ...одоо 95,000,000 төгрөгийг шилжүүлье. Үл хөдлөхөө аваад үлдэгдлийг нь өгье... гэж хэлж, 95,000,000 төгрөгийг З.Тэнгисболдын Хаан банк дахь 503457.... тоот данс руу шилжүүлсэн.

Улмаар 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр холбоо бариад Инженертэй уулзаад үзсэн чинь танай байранд засвар хийх шаардлагатай юм байна гэж хэлсэн. Ойролцоогоор 30 000 000 төгрөгийн засвар орохоор байна. Тал мөнгийг нь чи хариуцах уу? Чам руу мөнгө шилжүүлэхдээ хадгаламжаа цуцлаад шилжүүлчихсэн чинь алдагдалд орчихлоо... гэж хэлсэн. Миний зүгээс ...уг мөнгийг хариуцахгүй ээ. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг буулгаж 160 000 000 төгрөгөөр зарахгүй. Засвар хийх шаардлагатай эсэхийг хүнээс асууя гэж хэлээд утсаа салгацгаасан. Ингээд 2022 оны 9 сараас наймаа буцахаар болцгоосон.

З.Тэнгисболд би М.Оюунчимэгтэй огт зээлийн гэрээ байгуулж байгаагүй. 95 000 000 төгрөг буцаан авна гэж байгаа бол татгалзах зүйлгүй, харин хүү, алдангийг бол зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Болортуяа, З.Тэнгисболд нараас зээлийн гэрээний үүрэгт 145 302 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Оюунчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 884,463 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Болортуяа, З.Тэнгисболд нараас 884,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Оюунчимэгт олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч М.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Болортуяатай зээлийн гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн ч Т.Болортуяад мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж Т.Болортуяад мөнгөн хөрөнгө авсан мэтээр ямар ч нотлох баримтад үндэслээгүй, хийсвэр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3.Тэнгисболдод 95,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Иймд гүйлгээний утга хэсэгт Болороо гэж шилжүүлснээр л мөнгөн хөрөнгийг Г.Болортуяагийн өмчлөлд өгсөн болохгүй юм. Нэхэмжлэлээс Т.Болортуяад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч З.Тэнгисболдын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Зээлийн гэрээ байгуулаагүй тул хүү, анз төлөхгүй гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Т.Болортуяа болон З.Тэнгисболд нар нь эх хүү 2 юм. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлд зээлдэгч З.Тэнгисболд болон Т.Болортуяа нарын хувийн мэдээлэл дансны дугаар тусгагдсан бөгөөд З.Тэнгисболдын Хаан банкны дансанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М.Оюунчимэгээс 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн. З.Тэнгисболд, Т.Болортуяа нар нь М.Оюунчимэгийн эцэгтэй хөршүүд бөгөөд богино хугацаанд буцааж өгнө, 5 хувийн хүүтэй авахаар санал тавьсан. Үүнийг хариуцагч нар үгүйсгээгүй. З.Тэнгисболд нь тус мөнгийг авч хэрэглэсэн атлаа өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь хариуцагч Т.Болортуяа, З.Тэнгисболд нарт холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 95,000,000 төгрөг, хүү 14,25, 000 төгрөг, алданги 36, 052,500 төгрөг, нийт 145 302 500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч З.Тэнгисболд 95,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Хариуцагч Т.Болортуяа бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь хариуцагч Т.Болортуяатай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 95,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувь буюу 4,750,000 төгрөгийг хүүтэй, 3 сарын хугацаатай, хүүг сар бүрийн 27-ны өдөр төлөхөөр тохиролцжээ. /хх-5-6/

3.б. Нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгө болох 95,000,000 төгрөгийг гэрээнд заасан З.Тэнгисболдын Хаан банк дахь 502892.... тоот дансанд шилжүүлсэн болох нь банкны хуулгаар тогтоогдсон. /хх-7/

3.в. З.Тэнгисболд 95,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийнх нь дансанд орсон тул буцаан төлж болно гэж тайлбарлажээ.

3.г. Т.Болортуяа,З .Тэнгисболд нар нь төрсөн эх, хүүхэд гэдэгт талууд маргахгүй байна.

 

4. Зохигч зээлийн гэрээ хэн хэний хооронд байгуулагдсан, зээлийн мөнгөн хөрөнгө 95,000,000 төгрөгийг З.Тэнгисболдын дансанд шилжүүлснийг зээлдүүлэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх эсэх, зээлийн гэрээний үүргийг хэн хариуцах зэрэгт маргаантай байна.

4.а. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ нь талууд гол нөхцөлийн талаар тохиролцсоноор, мөн хүүтэй зээлийн хувьд гэрээнд гарын үсэг зурснаар байгуулагддаг үүргийн хэлцэл юм.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалт нь мөнгийг шилжүүлэн өгсөн эсэхэд маргаан үүссэн тохиолдолд шалгах заалт юм.

Хэргийн баримтаас үзэхэд М.Оюунчимэг нь Т.Болортуяатай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 95,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувь буюу 4,750,000 төгрөгийг хүүтэй, 3 сарын хугацаатай, хүүг сар бүрийн 27-ны өдөр төлөхөөр тохиролцож бичгийн гэрээнд гарын үсэг зурснаар дээрх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Талуудын гэрээнд З.Тэнгисболдын Хаан банк дахь 50289..... тоот дансны дугаар зээлдэгч талын албан ёсны хаягаар бичигдсэн, Болороод гэсэн утгаар уг мөнгөн хөрөнгө шилжсэн, нэхэмжлэгчийн Т.Болортуяа өөрөө мөнгийг З.Тэнгисболдын дансанд хийгээрэй гээд дансны дугаарыг нь өгсөн, гэрээнд энэ талаар тусгасан гэснээс үзэхэд 95,000,000 төгрөгийг гэрээнд заасан хаягаар, зээлдэгч Т.Болортуяад шилжүүлсэн гэж үзнэ.

4.б. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх зээлийн гэрээний тал биш, хүүтэй зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй З.Тэнгисболдод холбогдуулан 145 302 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд гэрээний тал биш этгээдээс гэрээний үүрэг шаардах боломжгүй тул З.Тэнгисболдод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 5 хувь гэж заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч Т.Болортуяагаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 95,000,000 төгрөг, зээлийн хүүд 14,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Оюунчимэгт олгох үндэслэлтэй.

 

6. Зээлийн гэрээний 5.2 дахь хэсэгт алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Зээлдэгч Т.Болортуяа нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч М.Оюунчимэг нь алдангийг шаардах эрхтэй бөгөөд алдангийн хэмжээг анхан шатны шүүх 36,052,500 төгрөгөөр тодорхойлсон нь хуульд нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Болортуяагаас зээлийн гэрээний үүрэгт 145,302,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Оюунчимэгт олгож, хариуцагч З.Тэнгисболдод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т.Болортуяагаас зээлийн гэрээний үүрэгт 145,302,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Оюунчимэгт олгож, хариуцагч З.Тэнгисболдод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын Т.Болортуяа гэснийг Т.Болортуяагаас гэж өөрчилж, З.Тэнгисболд нараас гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Тэнгисболдын төлсөн 409,460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Т.Болортуяагийн төлсөн 884,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД