Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01556

 

2023 оны 05 сарын 10 өдөр                   Дугаар 183/ШШ2023/01556                            Улаанбаатар хот

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, оршин суух, Б овогт Б.О /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, оршин суух, Б овогт С.М /РД:********/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20 327 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч С.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 327 110 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч О. Бнь хариуцагч С.М-тай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагчид 5 500 ам.долларыг 1 000 000 төгрөгийн хүүтэйгээр 1 сарын хугацаанд зээлдүүлсэн ба хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх үндсэн зээл болон зээлийн хүүг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хандаж зээлийн гэрээний үндсэн төлбөрийг, хүүгийн хамт шүүхийн журмаар гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хан  Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш3****/***** дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь албан ёсны хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаасан байдаг. Дээрх нөхцөл байдлын улмаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч С.М-ын оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хан Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 183/ШШ****/**** дугаар шийдвэрээр Хан Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн. Ингэснээр Хан Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь хариуцагчийн хаягийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тогтоосон ба 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид гардуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхойлуулж ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 500 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 19 327 110 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, нийт 20 327 110 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 5.500 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 19 327 110 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, нийт 20 327 110 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөр нэг төгрөгийг 3 513 төгрөгөөр тооцсон. Хариуцагч мөнгө хүлээж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Зээлийн гэрээнд бичилтийн алдаа гарч, нотариатаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрчлүүлсэн гэдэг нь зээлийн гэрээний зүүн доод буланд харагддаг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх  он сар өдөр таарч байгаа.  Зээлийн гэрээний 2.3 дахь заалтыг  хариуцагч уншиж танилцсаны дараа нотариатч эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөхөд гарын үсэг зурсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр техникийн алдаанаас ингэж бичсэн талаар нэхэмжлэгч тайлбарласан. 11 дүгээр сарын 08-ны өдөр гэж бичих байсныг 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж бичиж алдаа гаргасан гэж үзэж байна.  Мөн гэрээний 3.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 5.500 ам доллар хүлээн авч байгааг ухамсарласны үндсэн дээр нотариат дээр гэрээг гэрчлүүлсэн гэж үзэж байна гэв.

 

 2.Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж зааснаас гадна мөн хуулийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасан. О.Бгэгч нь /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х надтай 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөгний хүүтэй, 5.500 ам долларыг зээлсэн мэтээр хийсэн “Зээлийн гэрээ”-г үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба түүнээс миний зээлж авсан гэх 5.500 ам долларыг надад хэрхэн, яаж өгсөн талаарх /бэлнээр эсхүл дансаар/ баримтгүй байхад шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь буруу болжээ. С.М би О.Б гэгч этгээдийг сайн танихгүй бөгөөд түүнээс ямар нэгэн байдлаар 5.500 ам доллар огт зээлж аваагүй, 5.500 ам доллар зээлж авах талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад  намайг мөнгө зээлж авсан, эргүүж төлөөгүй гэж худал нэхэмжлэл гаргасан байна. Тухайн гэрээ байгуулагдсан гэх цаг хугацаанд О.Бгэгч этгээдээс би мөнгө зээлж авах хэрэгцээ шаардлага надад байхгүй байсан ба энэ өдрийн өөрийн дансны хуулгаа шүүн үзэхэд миний дансанд 5.500 ам доллар шилжиж орсон зүйл байхгүй байна. О.Б нь надад 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 5.500 ам доллар өгсөн гэдэг үйл баримтаа баримтаар нотлох ёстой гэж би ойлгож байгаа төдийгүй нэхэмжлэл, түүнд хавсаргаж өгсөн баримтанд надад 5.500 ам долларыг бодитой өгсөн гэдэг үйл баримт нотлогдоогүй байна. Харин хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой “Зээлийн гэрээ” гэх баримт нотлох баримтаар авагдсан байх ба уг гэрээний 2.2-т зээлийн хэмжээг “... 5.500.000 ам доллар...”, 2.3-т “...5.500.000 ам долларыг 11 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн...” гэсэн гэрээний гол нөхцөлүүд тусгасан зэрэг нь ойлгомжгүй, дүн зөрүүтэй байхаас гадна мөнгө өгсөн гэх хугацаа нь ойлгомжгүй байгаа зэрэг нь уг гэрээ хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр эсэх, гэрээг дүр эсгэж байгуулсан байж болзошгүй ба гэрээнээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна. Гэрээний 3.2-т “...гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно...” гэж заасан. Би Б.О-ээс мөнгө хүлээж аваагүй, надад мөнгө хүлээлгэн өгөөгүй учраас надаас нэхэмжилсэн нийт 27 327 110 төгрөг хууль зүйн үндэслэлгүй. Иймд дээр дурьдсан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн.

2.2.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч 2019 оноос Австрали улсад хоолны газар ажиллуулдаг байсан. Тухайн үед Ү гэх хүнийг авч ажиллуулсан гэж хэлдэг, мөн нэхэмжлэгчийг  сайн танихгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэл түүний үндэслэлтэй танилцахад 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид 5.500 ам долларыг  өгсөн гэж хэлдэг гэвч гэрээ 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан гэж хэлдэг. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Ү гэх хүн хариуцагчийн хоолны газар ажилладаг байсан эмэгтэй 2 000 000 орчим крон аваад алга болсон, энэ асуудал яригдаж байх хойгуур нэхэмжлэгч гэрээ хийх шаардлагатай байна гээд гэрээ хийсэн. Энэ гэрээг нотлох баримт болгож авч үлдсэн. Нэхэмжлэгчээс 5.500 ам долларыг бэлэн болон бэлэн бусаар хүлээж аваагүй гэдгээ хэлсэн. Хариуцагч Монгол улсад байхдаа 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ү гэх хүнийг нэхэмжлэгч тандаг юм шиг байсан. Гэрээ байгуулсан дээр маргахгүй, харин нэхэмжлэгчээс 5.500 ам доллар аваагүй. Нэхэмжлэгч талаас 5.500 ам долларыг хүлээлгэж өгсөн гэх баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Мөнгө болон эд хөрөнгийг бодитоор хүлээлгэж өгснөөр зээлийн гэрээний харилцаа үүсдэг. Нэхэмжлэлд дурдаад байгаа 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дансны хуулгыг гаргаж өгснөөр 5.500 ам доллар ороогүй гэдгийг баталж байна. 5.500 ам долларыг хүлээлгэж өгөөгүй юм гэхэд бэлнээр хүлээлгэж өгсөн гэх баримт байхгүй. Нэхэмжлэгчийг сайн танихгүй, мөн 5.500 ам долларыг хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө гэх тайлбарыг гаргасныг дэмжиж шүүх хуралдаанд  оролцож байна. Гэрээний 2.2-т зааснаар 5 500 ам долларыг өгнө гэсэн гэрээ хийсэн байна. Гэрээний 2.3-д заалт дээр 5 500  ам долларыг 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн гэх нөхцөлийг тохирсон байна. Гэтэл 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийсэн боловч 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн гэх  гэрээ хийгээд тохирох боломжгүй. Гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид мөнгөө бодитоор өгөөгүй учир үндсэн зээлийн төлбөр, нэг сарын хүүг шаардах эрх үүсээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үнэн зөвийг баталсан  байсан.  Он сар хамаагүй 5.500 ам долларыг яг хэзээ өгсөн  юм бэ? гэдгийг нотлох хэрэгтэй байх. Нэхэмжлэгч мөнгөний эх үүсвэрээ нотлоогүй, мөнгөний эх үүсвэрээ нотолсны дараа хариуцагчид 5.500 ам долларыг өгсөн гэх баримт хэрэгт хавсаргасан баримт байхгүй байна. Нотариат дээр мөнгө бэлнээр өгч авсан баримт байх ёстой, мөнгө өгсөн авсан гэх баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, Б.Оээс Г.Х-д олгосон итгэмжлэл, Г.Х-гийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ****/**** дугаар шийдвэр, Хан Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр  хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, нэмэлт тайлбар /хэргийн 2-8, 34-35-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас О.М С.М нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, 5079077250 тоот дансны хуулга гэсэн баримтуудыг /хэргийн 22-23, 36-39-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 500 ам.долларыг зээлсэн боловч эргүүлэн өгөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 5 500 ам.доллар буюу 19 327 110 төгрөг, зээлийг ашигласан хүү 1 000 000 төгрөг, нийт 20 327 110 төгрөгийг гаргуулахаар шаардсан.  

3.Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тул шаардах эрхгүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг нэг талаас Б.О, нөгөө талаас С.М нар харилцан тохиролцож 5 500 000 /таван мянга таван зуу/ долларыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 52 /тавин хоёр/ хоногийн хугацаатай олгож, зээл болох 5 500 000 /таван мянга таван зуу/ долларыг 11 сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн, зээлийн хүү 1 000 000 төгрөг байхаар, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,0 хувиар алданги тооцож төлөхөөр байгуулжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар байна, зээлийн гэрээг байгуулсан талаар маргаагүй байна.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

7.Хариуцагч нь зээлийн гэрээг байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж зааснаар шаардах эрхгүй гэсэн.

 

8.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 3.2-д “гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 5 500 ам.долларыг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаараа хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсгээ зурсан, нотариатаар баталгаажуулсан гэж тайлбарласан боловч хариуцагч нь уг мөнгийг бэлнээр хүлээн аваагүй, энэ талаар баримтгүй, мөн түүний Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ний хүртлэх депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.

 

9.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 2.3-д “зээл болох 5 500 000 /таван мянга таван зуу/ долларыг 11 сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 5 500 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэлд он, сарыг зөрүүтэй бичсэн байна гэсэн боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээнд “...таван мянган таван зуу долларыг 11 сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн” гэж бичигдсэн, гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нотариатаар үнэн зөвийг гэрчлүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний зүйл болох 5 500 ам.долларыг шилжүүлсэн өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд буюу хариуцагчид шилжсэн гэдгийг нэхэмжлэгч нь өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4-д “гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн” гэрээнд гарын үсэг зурсан нь мөнгө шилжүүлэн авсныг нотлоно гэх боловч “гэрээг талууд уншиж танилцан, бүрэн зөвшөөрч гарын үсгээ зурсан” гэдэгт талууд гарын үсэг зурсан, энэ нь мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн гэдгийг нотлохгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох учир зээлийн гэрээ байгуулагдсанаар мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээнэ гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

10.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй байсан тул түүний эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02956 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулсан, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ****/***** дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн боловч энэ нь нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэдгийг нотлохгүй болно.

 

11.Иймд нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч С.М-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19 327 110 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, нийт 20 327 110 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Оийн хариуцагч С.М-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20 327 110 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 586 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                         

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН