Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01608

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01608

 

 

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01556 дугаар шийдвэртэй,

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, С.Мэндбаярт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,327,110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.а. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээл 5,500 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар /2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр нэг төгрөгийг 3,513 төгрөгөөр тооцон/ 19,327,110 төгрөг,

1.б. Хүү 1,000,000 төгрөг, нийт 20,327,110 төгрөгийг гаргуулна.

1.1.Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь хариуцагч С.Мэндбаяртай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагчид 5,500 ам.долларыг 1,000,000 төгрөгийн хүүтэйгээр 1 сарын хугацаанд зээлдүүлсэн ба хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх зээл, хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн.

1.2. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хандаж зээлийн гэрээний төлбөрийг, хүүгийн хамт шаардсан боловч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32021/11930 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь албан ёсны хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаасан.

Дээрх нөхцөл байдлын улмаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч С.Мэндбаярын оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/02956 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс түүнийг эрэн сурвалжилж хариуцагчийн хаягийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тогтоосон.

1.3. Зээлийн гэрээнд бичилтийн алдаа гарч, нотариатаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрчлүүлсэн гэдэг нь зээлийн гэрээний зүүн доод буланд харагддаг.

Харин 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх он сар өдөр таарч байгаа.Зээлийн гэрээний 2.3 дахь заалтыг хариуцагч уншиж танилцсаны дараа нотариатч эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөхөд гарын үсэг зурсан. 11 дүгээр сарын 08-ны өдөр гэж бичих байсныг 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж бичиж алдаа гаргасан гэж үзэж байна. Мөн гэрээний 3.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 5,500 ам доллар хүлээн авч байгааг ухамсарласан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаас гадна мөн хуулийн 282.4-т ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж заасан.

Б.Оюунчимэг гэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгийн хүүтэй, 5,500 ам долларыг зээлсэн мэтээр хийсэн гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба түүнээс 5,500 ам долларыг хэрхэн, яаж өгсөн талаарх /бэлнээр эсхүл дансаар/ баримтгүй.

С.Мэндбаяр би Б.Оюунчимэг гэгч этгээдийг сайн танихгүй бөгөөд түүнээс ямар нэгэн байдлаар 5,500 ам доллар огт зээлж аваагүй, 5,500 ам доллар зээлж авах талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад мөнгө зээлж авсан, эргүүлж төлөөгүй гэж худал нэхэмжлэл гаргасан байна.

Тухайн гэрээ байгуулагдсан гэх цаг хугацаанд Б.Оюунчимэг гэгч этгээдээс мөнгө зээлж авах хэрэгцээ шаардлага байхгүй байсан ба энэ өдрийн дансны хуулгаа шүүн үзэхэд 5,500 ам доллар шилжиж орсон зүйл байхгүй байна. Нэхэмжлэлд дурдаад байгаа 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дансны хуулгыг гаргаж өгснөөр 5,500 ам доллар ороогүй гэдгийг баталж байна.

2.2. Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой гэрээний 2.2-т зээлийн хэмжээг ... 5,500,000 ам доллар..., 2.3-т ...5,500,000 ам долларыг 11 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн... гэсэн гэрээний гол нөхцөлүүд тусгасан зэрэг нь ойлгомжгүй, дүн зөрүүтэй байхаас гадна мөнгө өгсөн гэх хугацаа нь ойлгомжгүй байгаа зэрэг нь уг гэрээ хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр эсэх, гэрээг дүр эсгэж байгуулсан байж болзошгүй ба гэрээнээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна.

Гэрээний 3.2-т ...гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно... гэж заасан. Нэхэмжлэл үндэслэлгүй.

2.3. Хариуцагч 2019 оноос Австрали улсад хоолны газар ажиллуулдаг байсан. Тухайн үед Үйлсмаа гэх хүнийг авч ажиллуулсан гэж хэлдэг, мөн нэхэмжлэгчийг сайн танихгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэл түүний үндэслэлтэй танилцахад 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид 5,500 ам долларыг өгсөн гэж хэлдэг гэвч гэрээ 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан гэж хэлдэг. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс н.Үйлсмаа гэх хүн хариуцагчийн хоолны газар ажилладаг байсан эмэгтэй 2,000,000 орчим крон аваад алга болсон, энэ асуудал яригдаж байх хойгуур нэхэмжлэгч гэрээ хийх шаардлагатай байна гээд гэрээ хийсэн. Энэ гэрээг нотлох баримт болгож авч үлдсэн. Нэхэмжлэгчээс 5,500 ам долларыг бэлэн болон бэлэн бусаар хүлээж аваагүй гэдгээ хэлсэн. Хариуцагч Монгол улсад байхдаа 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. н.Үйлсмаа гэх хүнийг нэхэмжлэгч тандаг юм шиг байсан. Гэрээ байгуулсан дээр маргахгүй, харин нэхэмжлэгчээс 5,500 ам доллар аваагүй.

Гэрээний 2.3-д заалт дээр 5,500 ам долларыг 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн гэх нөхцөлийг тохирсон байна. Гэтэл 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийсэн боловч 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн гэх гэрээ хийгээд тохирох боломжгүй. Гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид мөнгөө бодитоор өгөөгүй учир үндсэн зээлийн төлбөр, нэг сарын хүүг шаардах эрх үүсээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үнэн зөвийг баталсан байсан. Он сар хамаагүй 5,500 ам долларыг яг хэзээ өгсөн гэдгийг нотлох хэрэгтэй байх. Нотариат дээр мөнгө бэлнээр өгч авсан баримт байх ёстой, мөнгө өгсөн авсан гэх баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн хариуцагч С.Мэндбаярт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20,327,110 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,586 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т буюу ....Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалт нь гэрээ байгуулагдсан эсэх, шаардах эрх үүссэн эсэхийг шалгах зохицуулалт болохоос гэрээ нь бичгээр байгуулагдсан байхад гэрээ байгуулагдаагүй гэж хуулийн суурь заалтыг үгүйсгэх нарийвчилсан зохицуулалт биш юм.

Хариуцагч гэрээ байгуулснаа зөвшөөрдөг ч бэлэн авсан мөнгөний баримтгүй юм чинь аваагүй гэж тайлбарлая гэж бодсон байж болох ч шүүх түүнийг нь зөвтгөн шийдвэр гаргаж хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжих ёсгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

4.2. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5,500 ам.долларыг бэлнээр авсан үйл явц, үүргийн гүйцэтгэлийг бэлнээр шилжүүлсэн болохыг тогтоох хэд хэдэн баримт болох С.Мэндбаяртай утсаар, мессежээр, чатаар харилцаж зээлсэн мөнгөө нэхэж, нөгөөх нь төлнө гэдгээ удаа дараа амлаж байсан, мөнгөний эх сурвалж хаанаас, хэнээс хэзээ гарсан зэргийг шүүх тогтоох ажиллагаа хийгээгүй.

Хэрэв үнэхээр л мөнгө зээлээгүй бол, хэрэв үнэхээр мөнгө аваагүй бол хариуцагч төлөх талаар амлалт өгч санал гаргахгүй, нэхэмжлэгч хөрөнгө мөнгө зарцуулж түүний хойноос цаг, хөрөнгөө үрэхгүй байх байсан. Зээлийн гэрээний үүрэг болох нийт 5,500 ам.долларыг бэлнээр авсан, үүнийгээ хариуцагч мэдсээр байж буцааж өгөхгүй байх шударга бус арга хэрэглэж байгааг шүүх хариуцагчийн тайлбарлаж байгаачлан дансны хуулгаар тогтоогдохгүй байна, нэхэмжлэгч нотлохгүй байна, мөнгө нотариатчийн... 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлэн мөнгө өгсөн... гэх зэрэг алдаатай үйлдэлд өгсөн нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх нотлох үүрэг хүлээдэггүй тул шүүх нотлох ёстой гэж ярих нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ нь мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгснөөр байгуулагдсанд тооцдог. Зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй болохыг тайлбарладаг. Мөн хариуцагч нь Швед улсад сүшины ресторан байгуулсан бөгөөд н.Үйлсмааг ажиллуулсан, тэр үед н.Үйлсмаагийн дэргэд нэг эмэгтэй байсан нь Б.Оюунчимэг байсан юм болов уу, сүшины рестораны үйл ажиллагаа орлого багатай байсан тул Монгол Улсад ирээд н.Үйлсмаа, Б.Оюунчимэг нараар баталгаа гаргуулах зорилгоор зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос мөнгөн хөрөнгө аваагүй гэж хариуцагч хэлдэг. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь хариуцагч С.Мэндбаярт холбогдуулан

1.а. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээл 5,500 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар /2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр нэг төгрөгийг 3,513 төгрөгөөр тооцон/ 19,327,110 төгрөг,

1.б. Хүү 1,000,000 төгрөг, нийт 20,327,110 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тул шаардах эрхгүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон зээлийн гэрээ авагдсан. Гэрээнд нэг талаас Б.Оюунчимэг, нөгөө талаас С.Мэндбаяр нар 5,500,000 /таван мянга таван зуу/ ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 52 хоногийн хугацаатай олгох, 5,500,000 /таван мянга таван зуу/ ам.долларыг 11 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн, зээлийн хүү 1,000,000 төгрөг байна гэж тохиролцож талууд гарын үсэг зуржээ.

2.б. Дээрх гэрээнд гарын үсэг зурсанд хариуцагч маргаагүй.

2.в. Хэрэгт нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02956 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулсан үйл баримт тогтоогджээ.

 

3. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 5,500 ам.долларыг зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

3.а. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулахаар байна. Бичгээр байгуулах гэрээг талууд гол нөхцөлийн талаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурснаар байгуулсанд тооцдог.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсэн заалт нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэхэд маргаан үүссэн нөхцөлд шалгах ёстой заалт юм.

3.б. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 5,500 ам.долларыг зээлдэгч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болохоо нотлох үүрэгтэй.

Хэргийн баримтаас үзэхэд 5,500,000 /таван мянга таван зуу/ ам.долларыг бэлнээр өгсөн гэсэн бичвэр бүхий гэрээнд зээлдэгч гарын үсгээ зуржээ./хх4/

Тухайн иргэний хэрэг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаан болдог өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр анх удаа тайлбар, баримт гаргасныг нэхэмжлэгч талд танилцуулж, эсрэг тайлбар гаргах, мэтгэлцэх боломжит хугацааг олгоогүй, эрхийг нь хязгаарласан гэж үзнэ. Учир нь хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс .. нотлох баримт, хариу тайлбарт тусгайлан гаргах саналгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж тайлбарласан байгаа боловч талууд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд хариуцагчаас гаргасан нотлох баримтууд нь маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж нэхэмжлэгчийг баримттай танилцуулах, тайлбар гаргах, нотлох баримт шүүхэд гаргах эрхээр хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасанд харшлахгүйн гадна хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй талаар заасан. Хуулийн дээрх заалт хэрэгжээгүй, талууд бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй.

3.в. Хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна. Хариуцагч нь н.Үйлсмаа гэгч 2,000 орчим крон аваад алга болсон, Б.Оюунчимэг нь н.Үйлсмаатай хамт байсан эмэгтэй. Дээрх 2,000 орчим кроны баталгаа болгож зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбар ойлгомжгүй, зээлийн гэрээтэй яаж холбогдож байгаа нь тодорхойгүй байна.

3.г. Мөн зээлийн гэрээний бичвэр зөрүүтэй байгаа шалтгаан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,586 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД