Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1228

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00728 дугаар шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М Б ББСБ” ХХК-, Ж.Г- нарт холбогдох автозогсоол чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч “М Б ББСБ” ХХК--ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алдармаа, хариуцагч “М Б ББСБ” ХХК--ийн төлөөлөгч С.Дэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Д.М- миний бие 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “М Б ББСБ” ХХК--тай байгуулсан 122 дугаартай зээлийн гэрээнд холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87 дугаар байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв Ү-2206023343, 000535924 гэрчилгээний дугаартай автозогсоолыг барьцаалсан байдаг.

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр “М Б ББСБ” ХХК--иас мөнгө зээлж аваагүй. “М Б ББСБ” ХХК- уг автозогсоолыг барьцаалан Ж.Г- гэгчид 10 000 000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Ж.Г- гэдэг хүнийг би огт таньж мэдэхгүй атал “М Б ББСБ” ХХК- нь хууль бусаар миний өмчлөлийн хөрөнгийг барьцаалж бусдад зээл олгосон байх тул тус компанийн барьцаанаас автозогсоолыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М Б ББСБ” ХХК- тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ж.Г-тэй 227 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй олгож, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87 дугаар байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв автозогсоолыг Д.М-ын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлөөлөгч С.Даваадолгорт олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан.

Иргэн Д.М- нь төлөөлөгч С.Даваадолгорт 3 жилийн хугацаатай авто зогсоолыг барьцаалах, худалдах, лавлагаа авах, барьцааны гэрээ, худалдах гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Зээлдэгч Ж.Г- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох дээрх автозогсоолыг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “М Б ББСБ” ХХК--иас зээл авч иргэн Д.М-ын үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр барьцаалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэт заасныг баримтлан Д.М-ын өмчлөлийн Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87 дугаар байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв автозогсоолыг “М Б ББСБ” ХХК--ийн барьцаанаас чөлөөлж, уг нэхэмжлэлийн Ж.Г-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Б ББСБ” ХХК--иас 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М Б ББСБ” ХХК--ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “М Б ББСБ” ХХК- нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ж.Г-тэй 227 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87 дугаар байрны зоорийн давхарын 58 тоот 18 м.кв автозогсоолыг барьцаалсан гэрээ байгуулж, тус барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Тухайн үед уг автозогсоол нь Д.М-ын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд уг эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих гэх мэтээр захиран зарцуулах эрхийг С.Даваадолгорт олгосон итгэмжлэлтэй байсан. Энэхүү итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээнд Д.М-ыг төлөөлөн С.Даваадолгор нь гарын үсэг зурсан.

Өнөөдрийн байдлаар энэхүү барьцааны гэрээ болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр, улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс “М Б ББСБ” ХХК- нь Д.М-ын өмчлөлийн автозогсоолыг хууль бусаар барьцаалж, эзэмшиж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь дээрх автозогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Д.М-аас С.Даваадолгорт олгосон итгэмжлэл болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, уг итгэмжлэл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй байхад шүүх “М Б ББСБ” ХХК--ийг хууль бусаар автозогсоолыг эзэмшиж байна гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад үндэслээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Д.М-, хариуцагч “М Б ББСБ” ХХК-, иргэн Ж.Г- нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87 дугаар байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв автозогсоолыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл, “М Б ББСБ” ХХК- нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар зээлийн гэрээгээр Ж.Г-т 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлүүлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэгт байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023343, гэрчилгээний 000435924 дугаартай автозогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. /хх37-40/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг өмчлөгч Д.М-аас иргэн С.Даваадолгорт 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлд үндэслэжээ. Уг итгэмжлэлийн агуулгаас үзвэл, тухайн автозогсоолыг барьцаалах, худалдах, лавлагаа авах, барьцааны гэрээ, худалдах гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон, харин өөр этгээдийн зээлийн гэрээний барьцаанд барьцаалах эрх олгосон гэх агуулгыг огт тусгаагүй байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох боловч гуравдагч этгээдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, барьцааны гэрээ байгуулах тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авах нь өмчлөгчийн эрх ашигт нийцэх юм.

 

Иймд хариуцагч “М Б ББСБ” ХХК--ийн төлөөлөгчийн гаргасан Д.М-аас С.Даваадолгорт олгосон итгэмжлэлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээ байгуулсан тул тухайн автозогсоолыг чөлөөлөхгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “М Б ББСБ” ХХК--ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М Б ББСБ” ХХК--ийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА