Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 728

 

                                             

 

 

 

 

               2019 оны 04 сарын 25 өдөр

   Дугаар 182/ШШ2019/00728

    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д. М

 

Хариуцагч: “МББ” ХХК,

Хариуцагч: Ж. Г

авто зогсоол чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алдармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М миний бие 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “МББ” ХХК-тай байгуулсан 122 тоот зээлийн гэрээнд холбогдуулан 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 227 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг мөн байгуулсан юм. Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв Ү-2206023343, 000535924 гэрчилгээний дугаартай авто зогсоолыг барьцаалсан байдаг.

2016 оны 08 сарын 30-ны өдрийн 227 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр “МББ” ХХК-аас ямар нэгэн мөнгө төгрөг зээлж аваагүй болно. Харин “МББ” ХХК нь уг авто зогсоолыг барьцаалан Ж.Г гэгчид 10.000.000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Миний хувьд Ж.Гийг огт таньж мэдэхгүй атал “МББ” ХХК нь хууль бусаар миний хөрөнгийг барьцаалж бусдад зээл олгосон байдаг. Иймд “МББ” ХХК-ийн барьцаанаас Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв, Ү-2206023343, 000435924 гэрчилгээний дугаартай авто зогсоолыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “МББ” ХХК-аас шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь 2016 оны 08 сарын 30-ны өдөр иргэн Ж.Гт 227 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр олгож, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг Д.Мын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн төлөөлөгч С.Дт олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан. Уг итгэмжлэл нь иргэн Д.М төлөөлөгч С.Дт 3 жилийн хугацаатайгаар авто зогсоолыг барьцаалах, худалдах, лавлагаа авах, барьцааны гэрээ, худалдах гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон хуулийн хүчин төгөлдөр болно. Иргэн Ж.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг чөлөөлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Иймд иргэн Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “МББ” ХХК-аас зээл авч иргэн Д.Мын үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр барьцаалсан болно. Иймд Д.Мын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Д.Маас С.Дт олгосон итгэмжлэлийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч Д.М нь “МББ” ХХК, Ж.Г нараас авто зогсоол чөлөөлүүлэхээр нэхэмжилж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Д.Мын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн төлөөлөгч С.Дт олгосон итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн хууль ёсоор барьцаалсан гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

“МББ” ХХК нь 2016 оны 08 сарын 30-ны өдөр иргэн Ж.Г 227 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр олгож, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Д.Мын өмчлөлийн Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалсан байх ба Ж.Г нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн Д.Мын өмчлөлийн орон сууцыг барьцаалахдаа түүний иргэн С.Дт 2016 оны 06 сарын 30-ны өдрийн олгосон итгэмжлэлийг үндэслэжээ. Уг  итгэмжлэлээр Д.М С.Дт Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалах, худалдах, лавлагаа авах, барьцааны гэрээ, худалдах гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

 

Итгэмжлэлийн агуулга Д.М нь С.Дт автозогсоолын асуудлаар өөрийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл хийх, гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон агуулгатай байхад итгэмжлэлийг “МББ” ХХК болон Ж.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн барьцаанд ашигласан нь итгэмжлэлийн агуулгатай тохироогүй байна. “МББ” ХХК болон Ж.Г нарын зээлийн гэрээ иргэн Д.Мтай ямар нэг байдлаар холбогдохгүй байна. Дээрх гэрээ нь төлөөлөгч С.Дтой ч холбогдолтой гэрээ биш байна. “МББ” ХХК нь Д.Мын өмчлөлийн автозогсоолыг хууль бусаар барьцаалж эзэмшиж байна гэж үзнэ.

 

Иймд автозогсоолыг “МББ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж шийдвэрлэв. Нэхэмжлэлийн Ж.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Ж.Гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хэлэлцүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан Д.Мын өмчлөлийн Ү-2206023343 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр туул гол гудамж, 87-р байр, зоорийн давхрын 58 тоот 18 м.кв авто зогсоолыг “МББ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэлийн Ж.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МББ” ХХК-аас 126.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД