Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2023/01987

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        06         29                                             182/ШШ2023/01987

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Х-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТ ХК‑нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Х ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн төлөөлөгч С.М, Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ЭТ ХК-д 2020.07.10-ны өдөр Сургалтын албаны Сургалтын мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2021.07.21-ний өдөр Салбарын Хүний нөөц, архивын албанд Сургалтын мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.01.13-ны өдрийн Б/12 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023.01.18-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТ” ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон. ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.01.13-ны өдрийн Б/12 тоот тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 4.5.2, ЭТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.11.02-ны өдрийн “хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” А/683 дугаар тушаалын 6.2 тус тус үндэслэн “онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтож, шинэчлэх ажлын хүрээнд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан Салбарын Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтэн Ш.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай" гэжээ.

ЭТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.08.15-ны өдрийн Б/852 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2 дахь заалтыг үндэслэн Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтний ажлаас чөлөөлж, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр 6 сарын хугацаатай томилсон. Миний бие 2022.09.05-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтаа биеэр эдэлж, 2022.09.28-ны өдөр ажилдаа орсон. 2022.09.28-ны өдрөөс Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2022.10.25-ны өдрөөс Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдмогц салбарт ажиллах хүсэлтийг Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэбатад гаргаж 2022.11.13-ны өдрөөс Салбарын Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтнээр Уртын ээлжээр ажилласан. 2022.11.18-наас 19-нд шилжих шөнө миний амьсгал давхцаж, боогдох шинж илэрч, биеийн байдал муудан Яаралтай түргэн тусламжаар Улаанбаатар хот руу 13А маягтаар хүргэгдэн ирсэн. Улмаар 2022.11.19-ний өдрөөс 2022.12.21-ний өдрийг хүртэл Эмчийн магадлагаа, листтэй, өвчтэй байсан бөгөөд 2022.12.21-ний өдрөөс 2022.12.29-ний өдрийг хүртэл өвчтэй байсан. 2022.12.22-ны өдөр 2022.12.25-ны өдрөөс ээлжээр ажиллах боломжтой талаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст өргөдөл гаргасан. Тус өргөдлийг шийдвэрлээгүй, Уртын ээлжинд оруулаагүй байж намайг ажил тасалсан гэж үзэж ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна.

2023.01.03-ны өдөр ЭТ ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.С утсаар холбогдон “Мэргэжлээс хамаарах өвчин судлалын төв”-д очиж, Уурхайд ажиллаж болох эсэх талаар тодорхойлуулж ир гэж хэлсэн. 2023.01.04, 05-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвд үзүүлж, тухайн ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа талаар эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг авсан. Дээрх баримт бичгийг 2023.01.05-ны өдөр Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн ахлах Ц.Сарантуяагийн И-Мэйл хаяг руу явуулсан бөгөөд 2023.01.05-ны өдөр ажил тасалсан талаарх тайлбарыг ирүүлнэ үү гэж утсаар мэдэгдсэн, би болсон нөхцөл байдлын талаар тайлбарласан. Иймд би ажил тасалсан, Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. Иймд намайг урьд эрхэлж байсан Салбарын хүний нөөц, архивын албаны сургалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.  

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Хг “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.08.15-ны өдрийн Б/852 дугаар тушаалаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТ” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид өгсөн бөгөөд энэ хүрээнд компанийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. ЭТ ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2-т “Онцгой дэглэм тогтоосон хугацаанд төв оффис тусгай горимоор ажиллана. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын цаг ашиглалтын журамд заасан ердийн нөхцөлд дагаж мөрддөг ажил, амралтын цагийн горимыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах явцад Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр сэлгэн ажиллаж байсан Ш.Х нь 2022.09.01-ний өдрөөс 2023.01.13-ны өдрийн хооронд хэд хэдэн удаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил илэрсэн бөгөөд энэ талаар тайлбар авахад “...уурхайн үндсэн ажлын байр руугаа шилжих өргөдөл өгсөн байсан учир хариу гартал ажлаас дуудтал дахин акт өгөх шаардлагагүй гэж үзсэн...” гэж мэдэгдсэн болно. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 09 сард 2 хоног, 10 сард 5 хоног, 11 сард 8 хоног ажил тасалсан болох нь баримтаар тогтоогдсон. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан нь Ш.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /уг шалтгаанаа нотлохгүйгээр/ ажилдаа ирээгүй, компанид мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр цуцалсан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэх, 2023.01.23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.01.13-ны өдрийн Б/12 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2022.08.15-ны өдрийн Б/852 тоот сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2023.01.31-ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023.03.03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2023.06.29-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Монгол улсын Засгийн газрын 2022.10.26‑ны өдрийн 385 дугаар ЭТ ХК‑ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 2022.08.15-ны өдрийн Б/852 тоот сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2021.07.21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын 2022.06.02-ны өдрийн А/297 тоот тушаал шинэчлэн батлах тухай тушаал, 2022.08.12-ны өдрийн А/487 тоот ажлын цаг ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, 2022.09.19-ний өдрийн А/583 тоот тушаал шинэчлэн батлах тухай тушаал, 2022.11.18-ны өдрийн А/713 тоот тушаал хүчингүй болгох тухай тушаал, 2022.08.17-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, 2023.01.13-ны өдрийн Б/12 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2022.11.02-ны өдрийн А/683 тоот хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал, Улаанбаатар-Цогтцэций чиглэлд зорих ажилтнуудын нэрс, 2023.05.18-ны өдрийн дотоод албан бичгүүд, ажлын цагийн бүртгэл, зарлагын баримт, яаралтай тусламж мэдээлэх хуудас, цалин хөлсний лавлагаа, цаг, ашиглалт ирцийн талаарх мэдээлэл, 2023.01.06-ны өдрийн өргөдөл гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Ш.Хгийн [email protected] цахим хаягаас хариуцагч байгууллагын хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагч Г.Ж-н [email protected]  цахим хаягт харилцсан мэйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдох баримтууд, салбарын хүний нөөцийн мэргэжилтэн Н.О-г гэрчээр асуусан тэмдэглэл, 2022 оны хөдөлмөрийн дотоод журам, [email protected] хаягнаас [email protected] хаягт 2022.11.05, 2022.12.05, 2023.01.06-ны өдөр ирүүлсэн цалингийн цахим шууданд, [email protected] хаягнаас [email protected] гэсэн хаягт 2023.01.05-ны өдрийн мэйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Х нь хариуцагч ЭТ ХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлаас халсан хариуцагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй, ноцтой зөрчил нь юу болох нь тушаалын үндэслэлд бичигдээгүй, хариуцагч ажил тасалсан зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч зөрчил нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгчид гаргасан зөрчлийн талаар танилцуулж, тайлбар аваагүй, нэхэмжлэгчийн хувьд ажил тасалсан үйл баримт байхгүй учир шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар чухал шаардлагатай үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон, уг эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хэд хэдэн удаа ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Ш.Х нь хариуцагч ЭТ ХК-нд 2021.07.21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Салбарын хүний нөөц, архивын албаны сургалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2022.08.15-ны өдрийн Б/852 тоот тушаалаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр 2022.09.01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай сэлгэн ажиллахаар болсон, тэрээр хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.02-ны А/297 тоот тушаалаар ажлын цагийн уян хатан менежментээр ажиллаж байсан, харин уг тушаал нь гүйцэтгэх захирлын 2022.08.12-ны өдрийн А/487 тоот тушаалаар хүчингүй болжээ.

 

Улмаар нэхэмжлэгч Ш.Х нь компанийн ээлжийн амралт олгох тухай 2022.08.17-ны өдрийн мэдэгдлийн дагуу 2022.09.05-ны өдрөөс 2022.09.29-ний өдрийг хүртэл ажлын 18 өдөр ээлжийн амралт эдэлж, ээлжийн амралтын хугацаагаа дуусгаад ажилдаа орон Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтний ажлыг хэвийн гүйцэтгэж байгаад Засгын газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.13-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч ЭТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч Ш.Хд 2023.01.18-ны өдөр танилцуулж, түүнтэй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цалин хөлсний тооцоог хийсэн талаар зохигчид маргасангүй.

 

4.Хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2023.01.13-ны өдрийн Б/12 тоот “Ш.Хгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” тухай тушаалдаа Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2, 3.2, гүйцэтгэх захирлын 2022.11.02-ны өдрийн “хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” А/683 тоот тушаалын 6.2, Хөдөлмөрийн гэрээний 4.5.2 дэх хэсгийг тус тус удирдлага болгон,

“Засгийн газраас ЭТ ХК-нд онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан Салбарын хүний нөөц, архивын албаны сургалтын мэргэжилтэн Ш.Х-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2023.01.13-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласугай...” гэх үндэслэлийг заажээ.

 

5.БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэж,

2 дугаар зүйлд “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 6/. тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх...” гэж,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж,

 

2021.07.21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана”, 4.5.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт дууссан, сул зогсолтыг дуусгавар болгон дуудсан өдөр болон чөлөөний хугацааг хоёр ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн” гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар “ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ЭТ ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож,

онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байх ба,

тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага  хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан байна.

 

6.Ийнхүү Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолыг үндэслэн 2022.11.02-ны өдрийн А/683 тоот “хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаал гаргаж, тушаалын 1-д зааснаар компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгож,

6.2-д зааснаар онцгой дэглэм тогтоосон хугацаанд төв оффис тусгай горимоор ажиллах, компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон ажлын цаг ашиглалтын журамд заасан ердийн нөхцөлд дагаж мөрддөг ажил, амралтын цагийн горимыг чанд мөрдөж ажиллах, ажлын цагийн горимд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр өөрчлөлт орж болох бөгөөд тухайн шийдвэрийг холбогдох удирдлага, ажилтнуудад мэдэгдсэний дагуу мөрдөж ажиллах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

7.Нэхэмжлэгч Ш.Х нь хариуцагч ЭТ ХК-ийн Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Б.Э, сургалтын мэргэжилтэн Н.С нарын хянаж, нэгтгэсэн 2022.11.13-ны өдрийн Улаанбаатар Цогтцэций чиглэлд зорчих ажилтнуудын нэрсийн жагсаалт, эрх бүхий этгээдийн шийдвэрээр Салбар буюу уурхайд ажиллаж байгаад 2022.11.19-ний өдөр “...амьсгал давчдах, амьсгаа авахад хэцүү байна...” гэсэн зовиуртай, эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, яаралтай тусламжийн хуудсаар Салбар буюу уурхайгаас Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, эмнэлэгт хэвтэн, эмчийн заавраар эмчилгээ хийлгэн 2022.12.26-ны өдрийг хүртэл өвчтэй, акттай байсан, тэрээр эмнэлгийн магадлагаа, актыг эрх бүхий ажилтанд мэйлээр тухай бүр илгээж байжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Х өвчтэй байсан тул 2022.12.11-ний өдөр хариуцагч ЭТ ХК-ийн эрх бүхий этгээдийн баталж, нэгтгэсэн Улаанбаатар Цогтцэций чиглэлд зорчих ажилтнуудын нэрсийн дагуу Салбарт буюу уурхайд ажиллах боломжгүй болсон байна.

 

8.Хариуцагч ЭТ ХК нь хөдөлмөрийн дотоод журмын 6.9-д зааснаар ажлын цагийн бүртгэл хөтөлдөг байх ба, хариуцагч талын үндэслэл болгосон цагийн бүртгэл, тайлангаас үзвэл, ажилтны код, нэр, орсон, гарсан, бүртгүүлсэн огноо тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Х нь 2022 оны 11, 12 сард ажил тасалсан мэдээлэл байхгүй, 11 сард 7 хоног өвчтэй байсан байна. Тодруулбал, цалин хөлсний лавлагаа, мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдох баримтаар нэхэмжлэгч Ш.Х нь 2022 оны 10 сард 168 цаг ажиллахаас 168 цаг ажиллаж, 2,986,679 төгрөгийн цалин, 11 сард 168 цаг ажиллахаас 104 цаг ажиллаж, 2,277,761 төгрөгийн цалин тус тус авсан, харин 2022 оны 12 сард 168 цаг ажиллахаас огт ажиллаагүй, 597,413 төгрөгийн актын мөнгө, 2023 оны 01 сард 176 цаг ажиллахаас огт ажиллаагүй, 836,379 төгрөгийн актын мөнгийг тус тус авчээ.

Улмаар нэхэмжлэгч Ш.Хгийн өвчтэй, акттай байсан хугацаа 2022.12.26-ны өдөр дууссан байх боловч Улсын нэгдүгээр эмнэлэгт 2022.12.26-ны өдөр үзүүлж, шинжилгээ өгч, дахин 7 хоногоор эмчилгээ хийлгэсэн, акт аваагүй, хийлгэсэн эмчилгээ нь эмчийн үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байна. Түүнчлэн хариуцагч ЭТ ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс нэхэмжлэгч Ш.Хтай холбогдож, тавьсан шаардлагын дагуу нэхэмжлэгч Ш.Х нь 2022.12.30-ны өдөр Мэргэжлийн өвчин судлалын Үндэсний төвд үзүүлж, сорьцын шинжилгээ өгсөн байх бөгөөд 2023.01.05-ны өдрийн эрүүл мэндийн үзлэгийн хуудсаар нэхэмжлэгч Ш.Хг тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахад тэнцэнэ гэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Х энэ талаараа байгууллагын эрх бүхий этгээдэд мэйл бичсэн, мөн 2023.01.06-ны өдөр Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст хандан “...Миний бие 2022.12.29-ний өдрийг хүртэл акттай байсан, 2022.12.30-ны өдөр 1 дүгээр эмнэлэгт уушигны тасагт үзүүлж, онош батлуулсан, ... эмч нь 7 хоног эмчилгээ хийлгээд дахин үзүүл гэсэн, тухайн үед эмчээс 7 хоногийн акт авч болох байсан. ...Гэвч би уурхайн үндсэн ажлын байр луугаа шилжих өргөдөл өгсөн байсан учраас хариу гартал, ажлаас залгаж дуудтал дахин акт өгөх шаардлагагүй гэж үзсэн. ...иймд эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, өргөдлийн хариуг хурдан гаргаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий өргөдлийг бичсэн талаараа маргаагүй бөгөөд дурдсан үйл баримтаар нэхэмжлэгч Ш.Х нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, байгууллагын тавьсан шаардлагын дагуу ажлын байранд тэнцэх эсэхийг тодорхойлуулахаар Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвд үзүүлсэн болох нь тогтоогдсон.

 

9.Харин хариуцагч ЭТ ХК нь нэхэмжлэгч Ш.Хгийн дурдсан өргөдлийг хүлээн авч, судлах явцдаа түүний ажил тасалсан үйлдлийг илрүүлсэн гэж тайлбарлах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10-т зааснаар энэ талаар ажилтанд мэдэгдэж, түүнээс тайлбар авах, холбогдох нэгжийн удирдлагын саналыг тусгаж баталгаажуулан, баримтаар тогтоох байтал тогтоогоогүй, татгалзлын үндэслэл болсон баримтаар нэхэмжлэгч Ш.Хгийн ажил тасалсан үйлдэл тогтоогдохгүй, харин тэрээр 09 сард ээлжийн амралттай байсан, эрх бүхий этгээдийн шийдвэрээр Салбарт ажиллаж байсан, өөрөөр хэлбэл 10 сард бүтэн ажиллаж, 11 сард 7 өдөр өвчтэй, бусад өдөр нь ажилласан, 12 сард ажиллаагүй, өвчтэй, акттай байсан байх ба, тохирсон цалин хөлсөө авч байсан үйл баримт тогтоогдсон. Тиймээс хариуцагч талын гаргасан “...2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Хгийн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.2-т зааснаар 2 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдал, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2, 2022.11.02-ны өдрийн А/683 тоот “хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаалын 6.2-т зааснаар зааснаар онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам болон ажлын цаг ашиглалтын журамд заасныг зөрчсөн байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл нь түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсонгүй.

 

Иймд хариуцагч ЭТ ХК-ийн 2023.01.13-ны өдрийн Б/12 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ш.Хг Салбарын Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

10.Нэхэмжлэгч Ш.Хгийн гарган өгсөн 2023.06.29-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл 2022 оны 12 сард 19,282,112 төгрөг, 11 сард 2,277,761 төгрөг, 10 сард 2,986,679 төгрөг буюу 12 сарын цалин хөлс хэт өндөр байх ба, тэрээр 12 сард өвчтэй, огт ажиллаагүй байсан тул хариуцагч ЭТ ХК-иас нэхэмжлэгч Ш.Хд мэйлээр илгээсэн 2022 оны 12 сарын цалингийн мэдээллийг үндэслэн 12 сарын цалин хөлсийг үндсэн цалин болох 2,671,680 төгрөгөөр тооцлоо.

 

Ийнхүү нэхэмжлэгч Ш.Хгийн нэг сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол, 2,645,373 /2022 оны 12 сард 2,671,680 төгрөг, 11 сард 2,277,761 төгрөг, 10 сард 2,986,679 төгрөг = 7,936,120 төгрөг : 3/ төгрөг болов.

 

Нэхэмжлэгч Ш.Хг ажлаас нь чөлөөлсөн 2023.01.13-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2023.06.29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин  хөлстэй тэнцэх олговрыг тооцвол:

5 сар /2,645,373 төг * 5 сар = 13,226,865 төг/,

ажлын 12 өдөр /2,645,373 төг : 21,5 өдөр = 123,040 төг * 12 өд = 1,476,480 төг/-ийн олговор нийт 14,703,345 /13,226,865 төг + 1,476,480 төг/ төгрөг болж байна.

 

11.Иймд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ЭТ ХК-иас 5 сар, 12 өдрийн олговорт нийт 14,703,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Хд олгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЭТ ХК-нд үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Х нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба, хариуцагч ЭТ ХК-иас 231,467 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Хг Салбарын хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ЭТ ХК-иас 14,703,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Хд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Ш.Хгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭТ ХК-д үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Х нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ЭТ ХК-иас 231,467 төгрөгийг гаргуулж улсын төсөвт  оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА