Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01748

 

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01748

 

Ш.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/01987 дугаар шийдвэртэй,

 

Ш.Хгийн нэхэмжлэлтэй

“Э” ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Миний бие “Э” ХК-д 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  Сургалтын албаны Сургалтын мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс Салбарын Хүний нөөц, архивын албанд Сургалтын мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.

1.2. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/12 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон.

Б/12 тоот тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.5.2, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” А/683 дугаар тушаалын 6.2-ыг тус тус үндэслэн “онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлын хүрээнд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан Салбарын Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтэн Ш.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай” гэжээ.

1.3. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/852 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т үндэслэн Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтний ажлаас чөлөөлж, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр 6 сарын хугацаатай томилсон.

1.4. Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтаа биеэр эдэлж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа орсон. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдмогц салбарт ажиллах хүсэлтийг Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэбатад гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Салбарын Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтнээр уртын ээлжээр ажилласан. 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө миний амьсгал давхцаж, боогдох шинж илэрч, биеийн байдал муудан Яаралтай түргэн тусламжаар Улаанбаатар хот руу 13А маягтаар хүргэгдэн ирсэн. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл эмчийн магадлагаагаар өвчтэй байсан, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мөн өвчтэй байсан.

1.5. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ээлжээр ажиллах боломжтой талаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст өргөдөл гаргасан. Тус өргөдлийг шийдвэрлээгүй, уртын ээлжид оруулаагүй байж намайг ажил тасалсан гэж үзэж ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна.

1.6. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Э” ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Сарантуяа утсаар холбогдон “Мэргэжлээс хамаарах өвчин судлалын төв”-д очиж, уурхайд ажиллаж болох эсэх талаар тодорхойлуулж ир” гэж хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд үзүүлж, тухайн ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа талаар эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг авсан. Дээрх баримт бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн ахлах Ц.Сарантуяагийн имэйл хаяг руу явуулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил тасалсан талаарх тайлбарыг ирүүлнэ үү гэж утсаар мэдэгдсэн, би болсон нөхцөл байдлын талаар тайлбарласан. Иймд би ажил тасалсан, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно.

1.7. Намайг урьд эрхэлж байсан Салбарын хүний нөөц, архивын албаны сургалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/852 дугаар тушаалаар Ш.Хг Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан байдаг.

2.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид өгсөн бөгөөд энэ хүрээнд компанийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2-т “Онцгой дэглэм тогтоосон хугацаанд төв оффис тусгай горимоор ажиллана. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын цаг ашиглалтын журамд заасан ердийн нөхцөлд дагаж мөрддөг ажил, амралтын цагийн горимыг чанд мөрдөж ажиллах”-ыг үүрэг болгосон.

Хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах явцад Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр сэлгэн ажиллаж байсан Ш.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хэд хэдэн удаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил илэрсэн бөгөөд энэ талаар тайлбар авахад “...уурхайн үндсэн ажлын байр руугаа шилжих өргөдөл өгсөн байсан учир хариу гартал, ажлаас дуудтал дахин акт өгөх шаардлагагүй гэж үзсэн...” гэж мэдэгдсэн болно.

Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сард 2 хоног, 10 дугаар сард 5 хоног, 11 дүгээр сард 8 хоног ажил тасалсан болох нь баримтаар тогтоогдсон. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан нь Ш.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /уг шалтгаанаа нотлохгүйгээр/ ажилдаа ирээгүй, компанид мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Хг Салбарын хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХК-аас 14,703,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Хд олгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Ш.Хгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Э” ХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Х нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Э” ХК-аас 231,467 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ш.Хг “...Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст мэргэжилтний ажлыг хэвийн гүйцэтгэж байсан, ..11, 12 сард ажил тасалсан мэдээлэл байхгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

“Э” ХК-д Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, уг хугацаанд хэрэгжүүлэх ажил буюу компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх явцад Ш.Х нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил /2-оос дээш удаа ажил тасалсан/ гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Гэтэл онцгой дэглэмээс өмнө болон онцгой дэглэмийн хугацаанд 2-оос дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь Ш.Хгийн цаг ашиглалт, ирцийн талаарх мэдээллээс харагдаж, тодорхой нотлогдож байхад Ш.Хд хүргүүлсэн цалингийн мэдээлэлд тулгуурлаж, ажил таслаагүй гэж шүүхээс дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт заасан шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

Тодруулбал, Ш.Х нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр салбарт шилжин ажиллах агуулга бүхий өргөдлийг компанид ирүүлсэн бөгөөд тус өргөдлийн дагуу асуудлыг шалгаж үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд:

Салбарт ажилладаг тушаалтай байхдаа 1 л удаа ажилдаа очсон бөгөөд ажилтны ирцийн бүртгэлд бүтэн ажилласан байдлаар оруулдаг байсан /гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон/,

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/852 дугаар тушаалаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр сэлгэн ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн, / Уг хугацаанд 09 сард: 09 дүгээр сарын 01, 02, 29-нд тус тус ажлаас гарсан бүртгэлгүй./

2022 оны 10 дугаар сард 06, 14, 18, 19, 21, 24-ний өдрүүдэд дутуу ажилласан, 25-31-ний өдөр хүртэл буюу 5 өдөр бүтэн ажиллаагүй,

2022 оны 11 дүгээр сард Салбарын Захиргаа бүтээн байгуулалтын газрын дарга Ш.Хг 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Цогтцэций чиглэлд зорчих ажилтны мэдээлэлд нэрийг нь дур мэдэн оруулсан байдаг ба төв оффист зөвхөн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө нь ирцээ бүртгүүлсэн бусад өдөр нь /8 хоног/ огт ажиллаагүй,

2022 оны 12 дугаар сард эмнэлгийн акт ирүүлсэн.

Дээрх илэрсэн нөхцөл байдлууд нь “Э” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2-т “Онцгой дэглэм тогтоосон хугацаанд төв оффис тусгай горимоор ажиллана. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын цаг ашиглалтын журамд заасан ердийн нөхцөлд дагаж мөрддөг ажил, амралтын цагийн горимыг чанд мөрдөж ажиллах”, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д “Ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудсыг /лист/ ажлын 3 хоногт багтаан захиргаа удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ”, 6.21-д “Ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ба шийдвэрлэгдсэн тохиолдолд өөрийн хийж гүйцэтгэж буй ажилтай холбоотой баримт бичиг, ажлын явц, авах арга хэмжээ, заавар зэргийг тусгасан ажлын байрны жагсаалтыг гаргаж орлон ажиллах ажилтанд хүлээлгэн өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөн.

4.2. Түүнчлэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан нь Ш.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байгаа тул уг шалтгаанаа нотлохгүйгээр ажилдаа ирээгүй, компанид мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэх нөхцөл байдал үүсээд байгааг мэдэгдэн танилцуулж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тайлбар авсан.

4.3. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх тайлбар хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хувиар авагдаагүйг “...хэн аль нь маргаагүй...” гэж дүгнэсэн атлаа Ш.Хгийн гаргасан салбарт шилжих өргөдөл мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, Ш.Хгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл нь салбарт шилжих өргөдөл байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу дээрх өргөдлийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5256 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн, нотлох баримтаар авахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч талаас “Э” ХК-д хяналт, шалгалт хийгдэж байгаатай холбоотойгоор Ш.Хгийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өргөдлийг эх хувиар хэрэгт өгч хавсаргуулах боломжгүй, харин нотариатаар батлуулах боломжтой байсан тул тухайн өргөдлийг нотариатаар батлуулж өгөх гэсэн боловч “аливаа этгээдийн бичсэн өргөдлийг тухайн этгээдийг байлцуулахгүйгээр нотариат батлах боломжгүй” гэсэн ба энэ талаар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарлаж, баримтыг гаргаж өгөхөд шүүхээс уг баримтуудыг буцааж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулахаар хүссэн тус өргөдлөө нотариатаар батлуулахаар хариуцагч байгууллагад огт хандаагүй бөгөөд хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой гэж шүүхээс үзсэн уг баримт хэрэгт авагдаагүй буюу захирамжийн биелэлт хангагдаагүй байхад дутуу баримттайгаар хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан “Ш.Хгийн цаг ашиглалт, ирцийн бүртгэл”-д дутуу ажилласан хоног нь тодорхой байхад шүүхээс “...ажил тасалсан мэдээлэл байхгүй...” гэж дүгнэсэн, Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст мэргэжилтний ажлыг огт хийж гүйцэтгээгүй, гаргаж өгөх тайлан баримт байхгүй, шүүх хуралдааны явцад Ш.Х нь “Нийгмийн судалгаа, хөгжлийн төв”-д ажиллаж байсан гэж үндэслэлгүй тайлбар гаргасан бөгөөд үүнийг нь нотлох баримт байхгүй байхад “...Хүний нөөцийн хэлтэст мэргэжилтний ажлыг хэвийн гүйцэтгэж байсан...” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй.

Ш.Хгийн ажилласан өдөр нь ирцийн бүртгэл болон цалингийн мэдээнд зөрүүтэй тусгагдсан байхад ямар үндэслэлээр анхан шатны шүүх зөвхөн цалингийн мэдээг үндэслэж бүтэн ажилласан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхэд нотлох баримтаар авагдсан цалингийн мэдээ нь Хөдөлмөрийн эдийн засагчийн гаргадаг ажилласан цагийн мэдээлэлд суурилдаг бөгөөд уг мэдээллийг хариуцаж гаргасан Хөдөлмөрийн эдийн засагч н.Жандаулетыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Хэрэв уг ажилтныг гэрчээр асуусан бол ажилласан цагийн бүртгэл болон цалингийн мэдээний зөрүүг илүү тодорхой болгож, баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой байсан.

Мөн, анхан шатны шүүх Ш.Хг “... эмнэлгийн магадалгаа, актыг эрх бүхий ажилтанд мэйлээр “тухай бүр” хүргүүлж байсан гэж дүгнэсэн.

Гэтэл компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д “Ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудсыг /лист/ ажлын 3 хоногт багтаан захиргаа удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ” гэж заасан байхад “тухай бүр” хүргүүлж байсан гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өргөдлийг судлах явцад болон, Ш.Хгийн актын хугацаа дууссан байхад ажилдаа ирээгүй ба энэ талаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан тайлбартаа “... эмчээс акт авч болох байсан...,....уурхайн үндсэн ажлын байр луугаа шилжих өргөдөл өгсөн байсан учраас хариу гартал, ажлаас залгаж дуудтал дахин акт өгөх шаардлагагүй гэж үзсэн...” гэж тайлбарласан, мөн “...салбар луу ажиллахаар болсон, салбарт ажиллана гэдгээ мэдэж байсан тул 11 сард ажилдаа яваагүй гэх үндэслэлгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Ажилтан салбарт шилжих хүсэлт гаргасан нь тухайн ажлын байрандаа ажлаа хийж гүйцэтгэх үүргээс ямар нэг байдлаар чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, тус өргөдлийн хариуг шийдвэрлэх хүртэл ажлаа хийж гүйцэтгэх үүрэгтэй атал Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, байж боломгүй тайлбарыг гаргасан бөгөөд “Э” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс дээрх нөхцөл байдалтай танилцаж, Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд 2-с дээш хоног ажил тасалж ноцтой зөрчил гаргасан Ш.Хг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн “цалингийн мэдээнд” үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1987 дугаар шийдвэр нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Захиргаа удирдлагын газар болон байгууллага ажилтны ирцийг бүртгэж, түүнтэй холбогдуулан цалин хөлсийг олгосон. Үүнтэй холбоотойгоор шүүх ирцийн бүртгэл, цалингийн баримт таарч байгаа талаар шүүхийн үнэлж байгаа хэлбэр нь хуульд нийцэж байна. Ажилтан буюу нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар оролцоогүй. Гүйцэтгэх захирлын хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст мэргэжилтнээр сэлгэн ажиллаж байгаад 09 дүгээр сарын 29-ний өдөр ээлжийн амралтаа эдэлсэн гэдэг баримтыг буруу үнэлсэн гэж тайлбарладаг. Гэтэл тухайн баримтыг ирцийн мэдүүлэгт байдаг. 10 дугаар сарын 06, 14, 18, 19, 21, 24-ний өдрүүдэд дутуу ажилсан гэдэг бөгөөд ирцийн тайлбарт ажил тасалсан үйл баримт байхгүй уян хатан цагийн системээр явж байсан. Хэдийгээр сэлгэн ажиллуулаад оффист авчирсан боловч оффисоос өөр газарт буюу нийгмийн хөгжил сургалтын төвд ажиллуулсан. Үүнд ажилтны ямар нэг буруу байхгүй. 11 сард салбарын захиргаа бүтээн байгуулалтын дарга Ш.Хг 11 дүгээр сарын 03-ны өдрийн чиглэлд дур мэдэн оруулж, 8 хоног ажиллуулсан. Байгууллага хэнийг хаана ажиллуулах талаар  шийддэг болохоос биш ажилтан өөрөө шийдэхгүй, нэхэмжлэгч байгууллагын ажилла гэсэн үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгээд явсан үйл баримт байгаа.

5.2. Эмнэлгийн актыг 12 сард ирүүлсэн гэх асуудлыг нотлох баримтаар үнэлээгүй гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 19-ний өдөр уурхайд ажиллаж байгаад уурхайн түргэн тусламжийн эмнэлгээр хотод ирж, эмнэлэгт хэвтэж 12 дугаар сарыг дуустал акттай байсан бөгөөд энэ талаар хавтас хэрэгт авагдсан уурхай дээрх үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх төвөөр түргэн тусламжийг уурхайгаас хот руу явуулсан эмнэлгийн 13 маягтаар уурхайн эмч тодорхойлсон нь тогтоогдсон.

5.3. Иймд нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр бодитоор, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэсэн гэж үзсэн нь хуульд нийцэж байна.

5.4. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралд нэхэмжлэгч 01 дүгээр сарын 03,04-ний өдөр ажил тасалсан гэдэг агуулгаар хурал явагдсан. Гэтэл анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүх хурал болсон өдөр 10 дугаар сард ажил тасалсан гэдэг агуулга яригдсан нь хуульд нийцээгүй.

5.6. Ажлаас чөлөөлсөн тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.4.1-т заасныг үндэслэсэн, хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэг, 8.10 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой гэдэг агуулгаар гомдол хуульд нийцэхгүй байна.

5.7. Өргөдлийг эх хувиар нь гаргаж өгөх боломжгүй буцаасан гэж ярьдаг. Шүүх хуралд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нотариатаар батлуулж болохгүй байна гэхэд нь хугацаа товлож, хамтдаа нотариатад очиж батлуулъя гэж хугацаа товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирээгүй. Мөн өргөдөл өгсөнд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй ямар нэг  маргааны үйл баримт байхгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2.Нэхэмжлэгч Ш.Х нь хариуцагч “Э” ХКд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж  баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/12 тоот тушаал гаргаж ажилтан Ш.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тушаалд Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 2, 3.2, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” А/683дугаар тушаалын 6.2, Ш.Хтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т заасныг баримталжээ.

Тушаалын үндэслэлийг Засгийн газраас “Э” ХК-д Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан Салбарын Хүний нөөц, архивын албаны Сургалтын мэргэжилтэн Ш.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болгосон гэж заажээ.

Дээр дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.1. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ш.Хгийн гаргасан гомдлыг хэлэлцэж, талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр дуусгавар болгожээ.  /1 хх 8-10 дахь тал/

4.2. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  хуралдааны 18 тоот шийдвэрээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх харилцан тохиролцох боломжгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ. / 1 хх-ийн 11-14 дэх тал/ 

4.3. Нэхэмжлэгч Ш.Х 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарч байх тул шүүх гомдлыг харьяалан шийдвэрлэсэн зөв болжээ. 

 

5. Тушаалыг “Э ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгч гаргасан байх ба түүний эрх хэмжээний талаар талууд маргаагүй.

 

6. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т  ажилтан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ...” нөхцөлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцжээ.  

 

7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээр маргааны зарим үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ.  

7.1. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ажилтан Ш.Хг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хэд хэдэн удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэжээ. 

7.2. Ажилтан Ш.Хг 2022 оны 10, 11 дүгээр сард ажил тасалсан гэж дүгнэхээргүй байна.  

Хариуцагч байгууллагаас Ш.Хгийн ажлын цагийг бүртгэсэн 2022 оны 10 дугаар сарын бүртгэлийг баримтаар ирүүлээгүй. “Ш.Хгийн цаг ашиглалт, ирцийн талаарх мэдээлэл” гэх ажил олгогчоос дангаар үйлдсэн баримтыг үндэслэн ажилтанг ажил тасалсныг эргэлзээгүйгээр нотлосон гэж дүгнэхгүй юм. 

Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Цогтцэций чиглэлд зорчих ажилтнуудын нэрсийн жагсаалтад Ш.Хгийн нэр байгаа боловч уг жагсаалтыг гаргах эрх бүхий этгээд нь ажилтан Ш.Х биш тул түүнийг зөвшөөрөлгүй явсан гэж буруутгах боломжгүй. Холбогдох шийдвэрийг хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

7.3. Харин ажилтан Ш.Х 2022 оны 09 дүгээр сарын 1, 2, 29-ний өдрүүдэд ажилтан ажил тасалсан нь баримтаар тогтоогдож байна.

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/852 тоот тушаалаар Салбарын Хүний нөөц, архивын албаны Сургалтын менежер Ш.Хг Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст мэргэжилтнээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай сэлгэн ажиллуулахаар болсон байх ба энэ тушаалд ажилтан гомдол гаргаагүй байна. 

“Э” ХК-ийн ээлжийн амралт олгох тухай 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлээр Ш.Хд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл 18 өдрөөр ээлжийн амралт олгохоор болжээ. Иймд тэрээр 9 дүгээр сарын 01, 02, 29-ний өдрүүдэд түүнийг сэлгэн ажиллуулах болсон тушаалын дагуу уг тушаалд заасан ажлын байранд ажиллах ёстой бөгөөд тухайн өдрүүдэд ирсэн цагийг бүртгүүлсэн боловч явсан цагийг бүртгүүлээгүй байгаа байдлыг түүний өөрийнх нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан: “2022 оны 8 юм уу 9 дүгээр сард надад сэлгэн ажиллуулах тушаал танилцуулсан. Би тухайн үед энэ тушаалыг зөвшөөрмөөргүй байна гэхэд хэлтсийн дарга н.Ариунзаяа чи төв дээр ажиллах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхэд би шууд 9 дүгээр сард  амралтаа авсан. 09 сарын 22-нд ээлжийн амралт дууссан, 10 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн судалгаа, хөгжлийн төв дээр 10 сардаа бүтэн ажилласан” гэх тайлбартай харьцуулан дүгнэвэл ажил тасалсан болох нь тогтоогдожээ.

7.4. Ш.Хд олгосон эмнэлгийн магадлагаа болон ажил олгогчоос ажилтны ирцийг бүртгэсэн бүртгэл, Г.Хгаас ажил олгогчид гаргасан хүсэлтэд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ээлжээр ажиллах боломжтойг илэрхийлсэн байдлуудыг харьцуулан дүгнэвэл ажилтан Ш.Х нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл 14 хоног өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин тэрээр чөлөөтэй байх хугацаа дууссан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажил тасалсан байна. 

Ш.Х нь 2022 оны 12 дугаар сарын 26, 30-ны өдөр шинжилгээ өгсөн, эмнэлэгт үзүүлсэн байх боловч эмнэлгийн магадлагаа аваагүй. Мөн тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил олгогчид илгээсэн цахим захидалдаа “... Би уурхайн үндсэн ажлын байр луугаа шилжих өргөдөл өгсөн, тус өргөдлийн хариу гартал ажлаас залгаж дуудахгүй бол очих шаардлагагүй гэж бодсон учраас акт шаардлагагүй байх гэж бодсон учир акт авах хүсэлт гаргаагүй болно” гэжээ.

Дээр дурдснаар ажилтан Ш.Х нь захиргааны болон эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсан нь нотлогдоогүй. Учир нь хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д: “Ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудсыг /лист/ ажлын 3 хоногт багтаан захиргаа удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ” гэснийг зөрчиж эмнэлгийн магадлагаа аваагүй, мөн журмын 6.21-т: “Ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ...”-ээр заасны дагуу чөлөө авах хүсэлт гаргаагүй, уурхайн үндсэн ажлын байранд шилжин ажиллах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл ажиллах үүргээ биелүүлээгүй байна.

7.5. Иймд ажилтан Ш.Х ажил тасалсныг ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т заасан үндэслэл бий болсон гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн 2023 оны Б/852 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцжээ.

 

8. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/297 тоот тушаалаар “Ажлын цаг ашиглалтын журам”-аар зохицуулсан Ажлын цагийн уян хатан менежментээр ажиллах ажилтнуудад Ш.Х хамрагдаж байх боловч уг тушаалыг мөн захирлын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/487 тоот тушаалаар хүчингүй болгожээ. Иймд Ш.Хд ажлын цагийн уян хатан менежментээр ажиллах ажилтнуудад хамаарах журам үйлчлэхгүй.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 тоот тушаалын 6.2-т: “... Компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын цаг ашиглалтын журамд заасан ердийн нөхцөлд дагаж мөрддөг ажил, амралтын цагийн горимыг чанд мөрдөж ажиллах ...” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Иймд Ш.Хг дээр дурдсан үндэслэлээр ажлын цаг тасалсан байдлыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.   

 

9. Дээр дурдсан үндэслэлээр “Э” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай Ш.Хгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

10. Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотойгоор үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.          

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/01987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай Ш.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,467 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА