Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0430

 

Я.Сьездийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0293 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Я.Сьездийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0293 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д тус тус заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоогүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” тухай шаардлага бүхий Я.Сьездийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Я.Сьезд давж заалдах гомдолдоо: “1. Монгол Улсын иргэн Я.Сьезд би төрийн жинхэнэ албан хаагч болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” 242  дугаар захирамж, 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Я.Сьездийн ажлын байрны тодорхойлолт, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаартай шийдвэр, Ерөнхий менежер Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан ба менежер Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Я.Сьезд нарын хооронд 2011 онд байгуулсан “Менежерийн үр дүнгийн гэрээ”, “Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын хооронд санхүүжилт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар 2012 онд байгуулсан үр дүнгийн гэрээ”, Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2010 оны “Зэрэг дэв олгох тухай” 105 дугаар захирамж, 2011 оны “Зэрэг дэв олгох тухай” 153 дугаар захирамж, 2012 оны “Зэрэг дэв олгох тухай” 122 дугаар захирамж, 2012 оны Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн “Я.Сьездийн томилгооны тухай” №2-01\1044 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд Я.Сьезд би төрийн захиргааны албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1-д “Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх ёстой” гэсэнтэй нийцэж байна.

2. Я.Сьезд миний өмнө ажиллаж байсан орон тоо буюу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал нь одоо Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хэвээр хадгалагдан үлдээж байгаа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Я.Сьезд миний ажлын байрны тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр баталсан  Я.Сьезд миний ажил байдлын тодорхойлолт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон тоо, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” 01 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Орон тоо, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” 78 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссарын 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Албан тушаалыг түр түдгэлзүүлэх тухай” 458 дугаар захирамж, Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханаас 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилох тухай” 43 дугаар тушаал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” 67 дугаар тушаал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай” 30 дугаар тушаал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр “Ажилд томилох тухай” 29 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Б.Сьезханыг ажилд томилох тухай” Б/179 дүгээр тушаал, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110/ШШ2016/0049 дүгээр шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан  /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ыг тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн зарчимтай нийцэж байна.

 3. Я.Сьезд би одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаагүй нь түүнчлэн надад холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд хяналтын прокурор нарын тогтоолоор хэрэгсэхгүй болсон нь Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 521 дугаартай хяналтын прокурорын тогтоол, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 522 дугаартай хяналтын прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Мөрдөн байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай”  хяналтын прокурорын  № 5/01 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1:\204 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” хяналтын прокурорын № 5\29 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” № 5\121 дүгээр хяналтын прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  № 5\178 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн РД-ПБ59123059 регистрийн дугаартай “Яайны Сьезд ялгүй болох тухай” 0000773 дугаартай тодорхойлолт, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №1\379 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Статистикийн хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн № 10 Б-687 дугаартай албан тоот зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ингэхээр Я.Сьезд надад холбоотой эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахад би ямар нэгэн байгууллагад төлөх хохирлыг тоог тодорхой зааж үүнийг төлөх тухай хүсэлтээ гаргаагүй юм. Хяналтын прокурорын тогтоолд дурдсан хохирол нь бодитой бус, эргэлзээтэй хохирол гэж үзэж байна. Энэ нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай цагаатгах тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай“ 09 дүгээр захирамж, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Файзол, Я.Сьезд нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай” 17 дугаар магадлал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр магадлал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Я.Сьезд, А.Хайролмажит, О.Файзол, О.Садель, А.Павел, Д.Асанбек нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай” 13 дугаар магадлалаар тус тус 3 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан хууль зүйн нөхцөл байдал, Баян-Өлгий аймгийн прокурор, хууль цаазын зөвлөх Т.Батсүхийн 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5\15 дугаар хариу мэдэгдэх хуудсанд дурдсан “...70,0 орчим сая төгрөг ортопед, протезийн бараа тараасан нь нэгэнт тогтоогдсон тул түүний баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлага байхгүй юм. Уг барааг огт тараагаагүй, дундаас нь хэн нэг хүн завшсан гэж яллагч тал үзэхгүй байгаа...”, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 80 тоот албан бичигт “Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Танан цахиур” ХХК-иас Баян-Өлгий аймгийн сумдад 2011-2012 онд нийлүүлсэн 90,570,0 төгрөгийн ортопедийн тусгай хэрэгсэл бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан тогтоолоор зөвшөөрөгдсөн хэрэгсэл, тухайн үед сумын Засаг дарга нараас хүсэлт ирүүлж байсан, нийслэлээс алс хол орших ард иргэдэд тухайн үедээ хэрэгцээ шаардлага гарсан, үүнээс 66814,0 мянган төгрөгийн ортопедийн хэрэгслийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бичиг баримтын бүрдүүллээр ханган нэгэнт тарааж өгсөн, тайлан тэнцэлд бүрэн тусгагдсан, одоогоор үлдэгдэл гэх 23756,0 мянган төгрөгийн ортопедийн тусгай хэрэгслийн тухайд чанарын шаардлага хангаагүй талаар мэргэжлийн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй ба одоогоор битүүмжлэгдэж байгаа тул тараан өгөх бүрэн боломжгүй болно.

Түүнчлэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон шүүх хуралдаанд манай дээд шатны байгууллагыг төлөөлж оролцсон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын хуулийн зөвлөх, иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөн ч байгууллагын нийгмийн халамжийн санд бодитой учирсан хохирол байхгүй.

Уг 23758,0 мянган төгрөгийн ортопедийн талаар Я.Сьезд, О.Файзол нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байгааг энэ дашрамд тэмдэглэж байна”, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1360 дугаар шийтгэх тогтоолд “...Хохирогч Б.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын хуулийн хэлтэст ажилладаг.

Мөрдөн байцаах газар манай байгууллагад хандсанаар Баярсайхан дарга намайг энэ хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр байгууллагыг төлөөлж оролцуулахаар томилсон. Шүүгдэгч нараас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал байхгүй. Хохирогч Б.Дөлгөөн шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож болно.

Тогтоох хэсгийн 11-д “ Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай”, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон “Төрийн хяналт шалгалтын тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 531-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Сьезд, О.Садель нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 04\77\55, 04\77\56, 04\77\57, тоот акт, 04\124 тоот албан шаардлагаас Я.Сьезд, О.Садель нарт холбогдох хэсгийг хүчингүй” гэсэн зэрэг бичиг баримтуудаар нотлогдож байна.

Энэ нь Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д “...Гэм буруутай  нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож үл болно...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  25 дугаар зүйлийн 25.1. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ” гэжээ.

Ингэхээр Я.Сьезд надад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын шатанд Өршөөл үзүүлэх хуульд хамруулсан нь Төрийн албаны тухай хуульд хамааралгүй асуудал юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 10.8-д “Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэжээ.

 Төрийн албаны тухай 23 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зэрэг үйл баримт болоогүй, Я.Сьезд би ажилд томилогдсоноос хойш Нийгмийн халамжийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг аймгийн Засаг дарга, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гэсэн субьектууд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй юм. Хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томиллогоог хийж байна.

Гэтэл дээр дурдсан ажил олгогч нарын аль нэгэн одоо хүртэл Я.Сьезд намайг төрийн албанаас чөлөөлсөн захирамж, тушаал гаргаагүй байна. Ингэхээр би өөрийгөө төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байгаа ба цаашид төрийн албанд хэвээр ажиллах ёстой гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 хуульд өөрөө заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй гэсэн зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлээр хэрэгжүүлэх асуудал юм.

 Хуулийн энэхүү заалт нь шүүхээр ял шийтгүүлсэн этгээдэд хамааралтай асуудал юм. Үүнийг хэрэгжүүлэгч субьект нь зөвхөн шүүх юм. Я.Сьезд надад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлээгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасан заалт надад хамааралгүй асуудал гэж үзэж байна. Я.Сьезд намайг ялгүй болохыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс албан ёсоор тодорхойлсон байгаа юм.

 Прокурорын хяналтын шатанд өршөөлд хамрагдсан этгээдийг Төрийн албанд ажиллуулах талаар хориглосон заалтууд Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн  хуульд тус тус заалт тусгагдаагүй юм. 

 4. Я.Сьезд би өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах талаар шаардах эрхээ дараах байдлаар хэрэгжүүлж байсан нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод 2 дахь удаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь удаа нийт 6 удаа тус тус өргөдөл гомдол өгч байснаар нотлогдож байна. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хуульд заасан хугацаанд миний өргөдөлд хариу өгөөгүй учраас Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан юм.

Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаар хангах тухай” 933 дугаар албан тоотоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд явуулсан 933 тоот албан бичигт “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллахад дэмжлэг үзүүлээч хэмээн иргэн Я.Сьездээс Төрийн албаны зөвлөлд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хандсан гомдолтой танилцлаа. Сьезд нь 2008 оны 7 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд тухайн үеийн Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, албад \агентлаг\-ын бүтцийн өөрчлөлтийн үндсэн дээр ажил албан тушаалд нь ажиллуулахгүй байх талаар тус аймгийн Засаг даргаас болон хууль хяналтын байгууллагын шийдвэр гарч байсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн үндсэн дээр Я.Сьездийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосон тул түүнийг ажлаар хангах арга хэмжээ авна уу. Я.Сьездийн өргөдлийг хавсралтаар танай яаманд шилжүүлж байна” гэжээ. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Таны Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдлийг судлан үзэж, таныг ажлын байраар хангуулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус Зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 933 тоот албан бичгийн хүргүүлсэн болно.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд таныг ажлын байраар хангах, эс хангах талаар хариу ирүүлээгүй байна. Иймд та ажлын байраар хангуулахтай холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, ажилгүй байсан хугацааны  хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлуудыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1\132 дугаар албан тоотод “...Я.Сьездээс өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж өгөхийг хүссэн өргөдөлтэй танилцан судалж үзлээ. Харьяаллын дагуу танай байгууллагад шилжүүлж байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж,  хариуг түүгээрээ өгнө үү” гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Эрүүгийн  байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д “энэ хуулийн 75.1-д заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” гэж заасан байна. Гэтэл Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч болон прокуророос Я.Сьездийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгож яаманд холбогдох мэдээллийг ирүүлээгүй байна” гэжээ.

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/121 дүгээр тогтоолыг Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт буюу иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөнд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор хүргүүлсэн байна. Харин Я.Сьезд би “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбарыг нотариатаар баталгаажуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус өргөдөл гаргах журмаар хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “...аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1-01\1611 тоот албан бичгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Б.Сьезханыг томилуулах нэр ирүүлсэн байна” гэжээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын санал болгосон Б.Сьезхан нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17.1, 17.2, 17.3-д заасан шаардлагыг хангахгүй байгаа буюу төрийн жинхэнэ албан хаагч биш юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан зохицуулалт нь төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчид холбоотой заалт юм.

Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Б.Сьезханыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоход Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг  үндэслэсэн ба хариуцагчийн тайлбарт дурдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан заалтыг баримтлаагүй байна.

Нөгөө талаас аймгийн Засаг даргаас тухайн албан тушаалд санал болгосон гэх Б.Сьезхан нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 018 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 52х10800 = 5610000 \таван сая зургаан зуун арван зургаан мянган\ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Ялтан Б.Сьезхан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд тус тус гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхижээ.

Иймд Монгол Улсын нэрийн өмнөөс гэм буруутайд тооцогдож ял авсан хүнийг аймгийн Засаг дарга санал болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 933 дугаар албан бичгээр Д.Сьездийн өргөдлийг хянан үзээд тухайн аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилуулах шийдвэр гаргаагүй харин “...ажлын байраар хангах арга хэмжээ авна уу” гэж хариу өгсөн байна. Д.Сьездийн өргөдлийг шийдвэрлэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдож байсан тул түүнийг ажлын байраар хангуулахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн болно” гэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан тоотыг хэрхэн хангасан талаар Төрийн албаны зөвлөлд одоо хүртэл хариу өгөөгүй Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байна. Нөгөө талаас Я.Сьезд намайг ажлаар хангах талаар харьяа агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт үүрэг өгсөн боловч намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ямар нэгэн ажлын байраар хангаагүй өнөөдөр 8 сар болж байна. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарууд хууль зүйн үндэслэл муутай, миний нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтгүй байна.

 Иймд “Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14,1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 27.2, 27.2.1, 27.2.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

1. “...Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/121 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүхэд, дараа нь Улсын Ерөнхий прокурорын газарт тус тус гомдол гаргасан нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээх хүртэл үр дагаврыг бий болгохоор байх тул хариуцагчийн татгалзал хууль бус гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлтийг хийсэн нь илт нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн нөхцөл байдал, цаг хугацааны ойлголтыг буруугаар ойлгож дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус шүүхэд хандан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба уг маргааны үндэслэл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь хуульд заасны дагуу иргэн миний гаргасан 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилох шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгохыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч нь гэм буруутай түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг өгсөнтэй холбогдуулан Өршөөлийн хуульд хамруулсан хэсгийг өөрчлүүлэх шаардлагатай юм байна гэх шалтгаанаар дээд шатны прокуроруудад гомдол гаргасан ба ийнхүү гомдол гаргасан үйлдлийг нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг хамгаалах үндэслэл болгож хариуцагч байгууллагаас уг асуудлаар маргаагүй /талууд/ байхад анхан шатны шүүхээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруугаар үнэлсэн гэж үзэж байна.

Хэрэв хариуцагч байгууллага хууль зөрчилгүйгээр миний гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн тохиолдолд гомдол гаргах шаардлага бий болохгүй байсан гэтэл үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй.

2. “...Баян-Өлгий аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн нэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу санал болгоогүй Б.Сьезханыг санал болгосны дагуу томилсон нь уг хуулийн заалттай нийцэж байна...” гэх дүгнэлт нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг дордуулсан байдлаар тайлбарлаж эрхийг нь зөрчиж байгаа хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүйг илт хуулийг буруугаар тайлбарлах байдлаар хэрэглэсэн.

Учир нь нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлэх эрхийг 2012 оны 08 дугаар сард түдгэлзүүлсэн байдаг ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа дуусаж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дүгээр тогтоолоор албан үүргээ биелүүлэхийг эрхийг нь түдгэлзүүлсэн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Товчхондоо нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах, албан үүргээ биелүүлэх эрх нь сэргэсэн байхад сүүлд орсон хуулийн зохицуулалтын дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргаас заавал санал авах ёстой гэдэг байдлаар нэгэнт сэргээгдсэн эрхийг нь дахин шүүхээс хязгаарлах байдлаар хуулийг тайлбарлаж байгаа нь буруу ба Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь тухайн газрын бүтцийн болон хуулийн процессын шинжтэй өөрчлөлтөөс үл хамааран энэ тохиолдолд нэхэмжлэгчийг бүрэн томилох эрх, үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байхад анхан шатны шүүхийн шүүгч нь шийдвэрээ гаргахдаа дээрх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

Тодруулбал, хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Б.Сьезханыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  даргаар томилохдоо  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг  үндэслэсэн ба хариуцагчийн тайлбарт болон шүүхийн тайлбарласан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан заалтыг баримтлаагүй тушаалаа гаргасан байдаг.

Үүнээс үзвэл Засаг даргын санал нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан үүргээ гүйцэтгэх эрхээ үргэлжлүүлэн эдлэхэд ямар нэг саад болохгүй байхад заавал уг ажиллагааг хийлгэх, нэхэмжлэгчид чирэгдэл учруулах байдлаар хуулийг тайлбарлаж байгаа нь албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн үйл ажиллагааг зогсоосны дараах үр дагаврыг үгүйсгэсэн тайлбар болсон гэж үзэж байна.

Хариуцагч байгууллага нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хугацаанд шийдвэрлээгүй, хууль бус эс үйлдэхүйг гаргасан байдлыг анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй хэргийн нөхцөл байдлыг буруугаар ойлгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төгсгөлд дурдсан дүгнэлт нь нэхэмжлэгчийг томилсноор хөдөлмөр халамжийн үйлчилгээ иргэдэд саадтайгаар хүрэх үр дагаврыг үүсгэж байгаа мэтээр дүгнэж шүүхээс нэхэмжлэгчийг гэм буруутай гэж тооцоогүй байхад түүнийг үгүйсгэсэн илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамж[1]-аар нэхэмжлэгч Я.Сьездийг тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилжээ. Үүний дараа түүнийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, уг эрүүгийн хэрэгтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”[2] гарсныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар захирамж[3]-аар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Я.Сьездийг 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн албан тушаалаас түр түдгэлзүүлсэн байна.

Улмаар Я.Сьездэд холбогдох 201204000315 дугаар эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/29 дугаар тогтоол[4]-оор  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дүгээр тогтоол[5]-оор Анхны ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Я.Сьездийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч дээрх албан үүргийг нь түр түдгэлзүүлсэн тогтоол хүчингүй болсон тул анх “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 4.476.612 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд 447661 төгрөгийг төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар  сарын 17-ны өдрийн “Б.Сьезханыг ажилд томилох тухай” Б/179 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж, уг шаардлагаасаа 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр татгалзжээ[6]. Үүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд “Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагаасаа мөн татгалзсан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/121 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Я.Сьезд нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүхэд, дараа нь Улсын Ерөнхий прокурорын газарт тус тус гомдол гаргажээ. Иймд Я.Сьездэд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байх тул анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийг ажилд томилохоос татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэж зөв дүгнэжээ.

Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Я.Сьездийн албан үүргээ түр түдгэлзүүлсэн хугацаанд Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолуудаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь газар болон өөрчлөн байгуулагдсан байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1-01/1611 тоот албан бичгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд Я.Сьездийг томилуулахаар санал болгоогүй, харин Б.Сьезханы нэрийг санал болгосон байх бөгөөд тэрээр шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдон ажиллаж байгаа талаар талууд маргахгүй байна.

Нэгэнт шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Я.Сьездийн нэрийг санал болгон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад ирүүлээгүй тул хариуцагч өөрөө санаачлагаараа нэхэмжлэгчийг энэхүү албан тушаалд томилох боломжгүй. Иймд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж буруутгах боломжгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР