Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02084

 

 

 2023 оны 06 сарын 21 өдөр                  Дугаар 183/ШШ2023/02084                          Улаанбаатар хот

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, байрлах, Э ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, оршин суух, А овогт А Б /РД:************/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 22 873 440 төгрөг, буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа, материалыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Хариуцагч А.Б,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 22 873 440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа, материалыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Э ХХК нь А.Б-тай 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр** тоот Түрээсийн гэрээг байгуулж, гэрээгээр А.Б нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 14.116 ширхэг барилгын туслах материалыг Х дүүргийн  жуулчны баазад барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээслэн, 14.116 ширхэг барилгын туслах материал хүлээлгэн өгөхөөс 12.215 ширхэгийг буцаан хүлээлгэн өгсөн. Иймд буцаан хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг бараа материалын үнэ 3.093.080 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг бараа материалын 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 16.984.960 төгрөгийг А.Б-гаас гаргуулахаас барьцааны үлдэгдэл 1.736.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 15.248.960 төгрөг, гэрээнд заасан алданги 7.624.480 төгрөг, нийт 22.873.440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр** тоот түрээсийн гэрээ байгуулаад хариуцагч 14116 ширхэг бараа материалыг Ж ам, Ч ам жуулчны газар барилга барих зориулалтаар түрээслэж авсан. Гэрээгээр түрээслэн авсан бараа материалаас 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийтдээ 12215 ширхэг бараа материалын буцаан хүлээлгэн өгсөн байдаг. Нийт буцаан хүлээлгэн өгсөн бараа материалын түрээсийн төлбөр нь 5 618 998 төгрөг болсон. 5 дугаар сарын 31-ний өдөр, 6 дугаар сарын 15-ны өдөр 5  545 608 төгрөгийг манайд төлсөн. Үлдэгдэл 73 390 төгрөг өгөөгүй. Үүнийг барьцаа мөнгөнөөс нь хассан. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт түрээслэгч өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн** тоот түрээсийн гэрээгээр манайхаас түрээслэн авсан бараа материалын үлдэгдэл болох манайд буцаан хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 16 984 960 төгрөг болсон байна. Үүнээс барьцаа 1 736 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 15 248 960 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу алдангийг тооцсон. Алдангийг Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учраас 50 хувиар нь тооцож 7 624 480 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийтдээ 22 873 440 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Мөн манайд хүлээлгэн өгсөн бараа материалд гэмтэл учирсан байгаа. Буцаан хүлээлгэн өгсөн 12215 ширхэг бараа материал дээр гэмтэл учирсан 264 000 төгрөгийг анх түрээсийн гэрээ байгуулахдаа байршуулсан барьцаа болох 2 000 000 төгрөгөөс хассан. Үлдэгдэл 1 736 000 төгрөгийг түрээсийн үлдэгдлээсээ хасаад нийтдээ 22 873 440 төгрөг болж байгаа. Мөн дутсан 1901 ширхэг бараа материалыг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Бараагаа гаргуулахаар шаардаж байгаа учраас бараагаа үнэлэх хэрэгтэй. Тиймээс 3 093 080 төгрөгийн үнэтэй 1901 ширхэг бараа материалыг гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв уг бараа, материал нь байхгүй гэж байгаа бол үнэлгээний дагуу шийдвэрлэх байх гэв.

 

2.Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ нь 1 сарын хугацаатай байсан. Гэрээнд заасан бараа материалуудыг түрээслэсэн. Тоо ширхэгийг нь сайн санахгүй байна. 1901 ширхэг барааг хүлээлгэн өгөөгүй гэж хэлж байна. 3000 орчим ширхэг түгжээ түрээслэсэн. Үүнээс 1772 ширхэг нь барилгадаа хэрэглэгдээд дууссан. Нэхэмжлэгч компани зөвхөн түрээслэдэг биш бас хэв хашмал зардаг. Энэ түгжээнүүд буцаж ирэхгүй гэдгийг мэдэж байсан. Би шууд 3000 ширхэг түгжээг худалдаад авахаар 1000 орчим ширхэг түгжээ үлдэнэ. Тэр хэсэг нь надад хэрэггүй учраас түрээсийн гэрээ байгуулсан. 1901 ширхэгээс нь 1772 ширхэгийг хасахаар 200 орчим ширхэг бараа материалыг дутаасан. Огт авчирч өгөөгүй гэж хэлж байна. Гэтэл бүгдийг нь аваачиж өгсөн. Ачааны машин дээр ачаад хашаанд нь авж явсан шигээ хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч компаний хүмүүс нь ирээд хэв хашмалуудаа шалгаж авсан. Тэгээд бүгдийг нь буулгаад шалгаад энэ энэ бараанууд эвдрэлтэй байна. Энэ энэ барааг нь засаад хэрэглэж болох юм байна гээд зассан хэрэглэх хэсгээ аваад бүр хэрэглэж болохгүй гэсэн бараагаа буцаагаад манай машинд ачиж өгсөн. Энэ бараануудыг манайх авахгүй, барьцаа мөнгөнөөс чинь үнийн дүнг нь суутгаж авна гээд явуулсан. Өөрсдөө засаж чадах бараагаа авсан. Хэдэн турба бас дутсан барилга дээр хэрэглэгдээд хаягдсан. Манай барьж байсан барилга дугуй гэр шиг хэлбэртэй учраас дөрвөлжин хэлбэртэй хэвнүүд тохирохгүй байсан учраас заримыг нь эвдэлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Надтай гэрээг хийсэн хүн барааг хүлээн авахдаа нийт бараа материалаа тулгаад танд эцсийн байдлаар хэлнэ. Манайд 2 000 000 төгрөгийн барьцаа байгаа учраас хасагдсан бараануудыг суутгаад үлдэгдэл мөнгө гарвал буцааж өгнө, дахиад илүү мөнгө төлөх шаардлагатай байвал мөнгө төлнө гэж тохиролцсон. 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгээд өгсөн. Дараа нь намайг Баянхонгор аймагт ажилтай байхад ярьсан.  264 000 төгрөгний завсарын мөнгө гарсан энэ мөнгийг 2 000 000 төгрөгнөөс чинь суутгаж авсан. Үлдэгдэл  1 736 000 төгрөг үлдсэн. Дутуу 3 000 000 төгрөгний бараа үлдсэн байна. Тэгэхээр 1 300 000 орчим төгрөг төлөх нь байна. 1 300 000 төгрөгөө мөнгөөр нь төлөхгүй гэвэл турбануудыг нь авчраад өгж болно. Хаягдал төмрөн дээр хямдхан байдаг. Манайх өндөр үнээр үнэлдэг. Авчраад өгвөл өргүй болно гэхээр би зөвшөөрсөн. Би тэр 1 300 000 төгрөгийг төлж чадаагүй. Тэр утасны дугаар нь солигдоод уулзаж чадаагүй. Түрээсийн төлбөрөө төлсөн. 73 390 төгрөг үлдсэн. Түүнийг барьцаанд байгаа 2 000 000 төгрөгнөөсөө суутгаад авсан. Мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Э-д олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн А/18/** тоот, А/18/** тоот, А/19/** тоот, А/18/** тоот, А/18/* тоот  албан бичгүүд, санхүүгийн баримтууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-нйи өдрийн 183/ШШ****/***** дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1000 дугаар магадлал, Түрээсийн гэрээ-43, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн давж заалдах журмаар гаргасан гомдол, О.А, Б.Б нарт олгосон итгэмжлэл, Түрээсийн гэрээ-** тоот гэрээ /хэргийн 7-24, 49-59, 113, 139-140-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар /хэргийн 33, 39-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

 

            Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн оршин суугаа хаягийг эрэн сурвалжилж тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28к1-3******* тоот албан бичиг /хэргийн 132-р хуудас/ гэсэн баримтыг бүрдүүлсэн байна.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлээс 1**0 470 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 22 873 440 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

            2.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Б-г түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, түрээслэн авсан бараа материалаас 1 901 ширхэг бараа материалыг буцааж өгөөгүй тул түрээсийн төлбөрт 15 248 960 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 7 624 480 төгрөг, нийт 22 873 440 төгрөгийг, буцаан хүлээлгэн өгөөгүй 3 093 080 төгрөгийн үнэ бүхий 1 901 ширхэг бараа материалыг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

           

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Э ХХК-нд бараа материалыг буцаан хүлээлгэн өгсөн, эвдрэлтэй бараа материалыг болон дутсан бараа материалыг барьцаанаас хасч тооцно гэсэн, буцаан хүлээлгэн өгөөгүй бараа материалыг түрээслэж ашиглаагүй тул түрээсийн төлбөр, алдангийг төлөхгүй, 1 901 ширхэг бараа нь эвдэрч гэмтсэн байхгүй биетээр буцаан өгөх боломжгүй тул гэрээнд зааснаар үнийг төлж барагдуулах боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үгүйсгэсэн.

 

            4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1.Нэхэмжлэгч Эсү ХХК нь хариуцагч А.Б-тай 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Түрээсийн гэрээ-43 гэрээг байгуулж, 14 116 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг барилгын туслах материалыг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаатайгаар барилга барихад ашиглах зорилгоор түрээслүүлэх, хариуцагч нь түрээсийн гэрээний төлбөрт 5 618 998 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.2.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 14 116 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг хариуцагчид 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хүлээлгэн өгч, хариуцагч түрээсийн төлбөрт 5 545 608 төгрөгийг төлж, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 12 215 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгч, 3 093 080 төгрөгний үнэ бүхий 1 901 ширхэг бараа материалыг дутаасан талаар зохигч маргаагүй, хэрэгт авагдсан түрээслэсэн эд хөрөнгийн түрээсийн болон эвдрэл гэмтлийн тооцоо, орлого, зарлагын баримтуудаар тогтоогдож байна.  

 

            5.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний хугацаа үргэлжилсэн эсэх, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар байна, түрээсийн гэрээ байгуулсан, түрээслэсэн бараа материалаас 1 901 ширхэг бараа материалыг буцаан өгөөгүй талаар маргаагүй байна.

 

6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

6.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний зүйл болох эд зүйлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалыг 2016 оны 8 дугаар сарын 13-наас хойших түрээслэсэн төлбөрт 16 984 960 төгрөгийг төлөхөөс барьцаа 1 736 000 төгрөгийг хасч 15 248 960 төгрөгийг, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 7 624 480 төгрөг, нийт 22 873 440 төгрөгийг гаргуулахаар шаардаж, эд зүйлийг буцаан хүлээлгэн өгөөгүй учраас түрээслэж байсанд тооцно гэж тайлбарласан.

6.2.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д түрээслүүлэгч хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болох боловч дутсан 1 901 ширхэг бараа материалыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрээний хугацааг сунгасан талаарх баримтгүй, гэрээний 1.2-д зааснаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ-** гэрээний 1.2-д “...түрээслэгч нь гэрээгээ цааш сунгах тохиолдолд хоногийн өмнө түрээслүүлэгчид бичгээр мэдэгдэж, харилцан тохиролцсоноор гэрээгээ тодорхой хугацаагаар сунгаж болох бөгөөд гэрээг сунгасан тухай бичгээр үйлдэж, талууд гарын үсгээ зурж, үндсэн гэрээнд хавсаргана” гэж заажээ.

6.3.Мөн дээрх дутсан 1 901 ширхэг бараа материалыг хариуцагч нь үйл ажиллагаандаа үргэлжлүүлэн ашиглаж байсан талаар баримтгүй, дээрх барааны 1 772 ширхэг нь түгжээ байсан нь барилгад хэрэглэсэн бөгөөд үнийг 90 төгрөгөөр тооцоод буцаан аваагүй гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

6.4.Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг 2016 оны 8 дугаар сарын 13-наас хойш хариуцагч нь үргэлжлүүлэн түрээслэж, ашигласан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 15 248 960 төгрөг, алданги 7 624 480 төгрөг, нийт 22 873 440 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д “түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй”, мөн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөхгэж хууль болон гэрээнд заасан үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байх тул буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалыг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ-43 гэрээний 1.6-д “түрээслэгч нь түрээсэлж байгаа эд зүйлийг хүлээн авснаас хойш эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд дахин засварлахад зориулж тухайн зүйлийн Хавсрал1-д заасан үнийн дүнгийн 50 хувиар дахин ашиглах боломжгүй, өөрөөр хэлбэл засвар авах боломжгүй гэмтээсэн, устгасан, алдсан тохиолдолд Хавсралт1-д заасан үнийн 100 хувиар бодон төлж түрээслүүлэгчийг хохиролгүй болгоно”, 2.2.6-д “түрээслэсэн бараа материалыг алга болгосон, үрэгдүүлсэн тохиолдолд бараа материалын үнийн дүнг 100 хувь төлөх”-өөр харилцан тохиролцжээ.

7.1.Хариуцагч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалаас 1 772 ширхэг нь түгжээ байсан нь бүгд барилгад хэрэглэгдсэн, бусад труба болон хэв тулаас хомут нь эвдрээд байхгүй болсон гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бараа биетээр байхгүй болсон бол эд зүйлийн үнийг гаргуулахад татгалзахгүй гэсэн болно.

7.2.Нэхэмжлэгч нь буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалын үнийг 3 093 080 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч нь дээрх үнэлгээний хувьд маргаагүй тул хариуцагч А.Бгаас буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалын үнэд 3 093 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

7.3.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байх бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ****/***** дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй болно.

 

8.Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ-43 гэрээний 1.7, 2.2.2-д зааснаар хариуцагч 2 000 000 төгрөгийн дэнчинг барьцаа гэж төлсөн талаар зохигч маргаагүй, уг дэнчингийн 2 000 000 төгрөгнөөс түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 73 390 төгрөг, 49 ширхэг бараа материалыг эвдрэл гэмтлийг засварласан 264 000 төгрөгийг хасч тооцсон байх тул үлдэх 1 662 610 төгрөгийг 1 901 ширхэг буцаан хүлээлгэн өгөөгүй бараа материалын үнэ болох 3 093 080 төгрөгнөөс хасч тооцох нь үндэслэлтэй байна гэж үзэв. /2 000 000-73 390-264 000=1 662 610/

8.1.Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-д “дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно” гэж зааснаар  дэчингийн үлдэгдэл болох 1 662 610 төгрөгийг буцаан хүлээлгэн өгөөгүй бараа материалын үнэ болох 3 093 080 төгрөгнөөс хасч, хариуцагч А.Бгаас 1**0 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгохоор шийдвэрлэв. /3 093 080-1 662 610=1**0 470/

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 490 /64 440+241 050/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 37 837 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хариуцагч А.Б-гаас буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалын үнэ 1**0 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үүрэг болон алдангид 22 873 440 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гаас 37 837 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эсүр ХХК-д олгосугай.

                                                                                                      

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН