Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00522

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.ЭрдэнЭвд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00302 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 927 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А.Б-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,873,440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэж өгөөгүй 1901 ширхэг барилгын материалын үнэ 3,093,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э” ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,873,440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэж өгөөгүй 1901 ширхэг барилгын материалын үнэ 3,093,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нь ...бараа материалыг хүлээлгэн өгөхөд 1901 ширхэг дутсан нь үнэн бөгөөд 3,093,080 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин уг дутсан барааг намайг үргэлжлүүлэн түрээсэлсэн гэж үзэж түрээсийн төлбөр, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарыг гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00302 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б-гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,357,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,516,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 06ы өдөр төлсөн 64,440 төгрөгийг, 241,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 36,663 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 927 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 305,090 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн А.Б-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 183/ШШ2020/00302 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 927 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн дагуу гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Иргэн А.Б- нь манай компанитай 2016.05.28-ны өдөр 43 дугаар “Түрээсийн гэрээ”-г байгуулсан бөгөөд түрээсэлсэн бараа материалаа хүлээлгэн өгөхдөө 1901 ширхэг барилгын туслах материалыг буцаан хүлээлгэн өгөөгүй сураггүй болсон юм. Тийм учраас манай компани хариуцагч А.Б-гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,873,440 төгрөг гаргуулах, 3,093,080 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэг “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж заасныг хэрэглээгүй юм. Манай компанийн зүгээс А.Б-тай утсаар холбогдож, түрээс тооцогдож байгаа талаар болон бараа материалаа буцаан хүлээлгэн өгөхийг шаардаж байсан бөгөөд хариуцагч нь түрээсийн гэрээ үргэлжилж байгаа гэдгийг мэдэж байсан юм. Өөрөөр хэлбэл хариуцагч А.Б- нь түрээслэн авсан бараа материалаа хүлээлгэн өгөхдөө 1901 ш бараа материалыг дутуу өгсөн бөгөөд удахгүй авчирч өгнө гээд явсан боловч өнөөдрийг хүртэл буцаан хүлээлгэн өгөөгүй учраас Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар түрээсийн гэрээний тохирсон нөхцөлөөр үргэлжилж байхад шүүх энэ заалтыг хэрэглээгүй. Мөн хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бол манай компани 1901 ш бараа материалыг өнгөрсөн хугацаанд түрээсэлж, нэхэмжилж буй түрээсийн төлбөрөөр орлого олох байсан юм. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1.Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож, түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. 326.2. Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэсэн заалтын дагуу шаардаж байхад шүүх буруугаар тайлбарласан.

4.2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хариуцагч шүүхэд тайлбарлахдаа “үлдэгдэл 1901 ширхэг бараа материалыг дутаасан буюу хүлээлгэн өгөх боломжгүй байсан учраас актлахаар тохирсон” гэдэг боловч энэ талаарх холбогдох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх “акталсан” гэж үзэж шийдвэрээ гаргасан нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173-р зүйлийн 173.1-д заасны дагуу гомдлыг хүлээн авч, мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,873,440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэж өгөөгүй 1901 ширхэг барилгын материалын үнэ 3,093,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,357,080 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 21,516,360 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч А.Б- нь 2016.05.28-ны өдөр нэхэмжлэгч “Э” ХХК-тай түрээсийн гэрээг байгуулж, 14116 ширхэг барилгын туслах материалыг 2016.06.09-ний өдрөөс 2016.08.12-ны өдөр хүртэл хугацаагаар, барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан байх бөгөөд уг гэрээний зүйлээс 12215 ширхгийг хүлээлгэн өгч, 1901 ширхгийг буцааж өгөөгүй нь тогтоогджээ.

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлт өгч чадаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д хөлслөгч нь гэрээ дуусгавар болгоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэйг тус тус заасан.

11. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нь гэрээний дагуу 1901 ширхэг барилгын туслах материалыг буцаан хүлээлгэж өгөөгүй учир түрээсийн гэрээ үргэлжилсэн, иймд барилгын материалыг 2016.08.13-ны өдрөөс 2019.11.06-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсэлсний төлбөрт 16,984,960 төгрөг нэхэмжлэх эрхтэй, үүнээс барьцааны үлдэгдэл 1,736,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 15,248,960 төгрөгийг, алдангийн 7,624,480 төгрөгийн хамт, нийт 22,873,440 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. 

12. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...гэрээний дагуу бараа материалыг хүлээлгэн өгөхөд 1901 ширхэг дутсан нь үнэн, үнэ болох 3,093,080 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, ...тухайн үед буюу 2016.08.12-ны өдөр түрээсэлсэн барилгын туслах материалыг буцаан хүлээлгэж өгөх үед нэхэмжлэгч нь 22 ширхэг хэв, 6 ширхэг турба, тулаасыг дахин ашиглах боломжгүй, мөнгийг төл гээд буцааж өгсөн, зарим жижиг зүйлүүд алга болсон, иймд дутсан, алга болгосон зүйлийн үнийг барьцаанд байгаа мөнгөөр төлж, илүүг төлөхөөр тохиролцон, түрээсийн гэрээг бүрэн дуусгасан, ...харин уг дутсан барааг үргэлжлүүлэн түрээсэлсэн гэж үзэж, түрээсийн төлбөр, алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. ...нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн тайлбар гарган, нэхэмжлэлээс татгалзсан байна. 

13. Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй дээрх үндэслэлд буюу түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх, талууд тохиролцон гэрээг дуусгавар болгосон, эсхүл хуульд зааснаар гэрээ үргэлжлэх эсэхэд, мөн түрээсийн гэрээний зарим зүйл эвдэрч хэмхрэн, цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд хохирлыг хэн хариуцах, элэгдэл хорогдол тооцогдох эсэх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх зэрэгт нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байжээ.

Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.31-ний өдрийн 1000 дугаар магадлалд тухайлан зааж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, гэвч анхан шатны шүүх магадлалын заалтыг хэрэгжүүлж дээр дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж чадаагүй, давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулаагүй нь буруу юм.

14. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

15. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00302 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 927 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.27-ны өдөр төлсөн 305,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

  ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭВД