Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01972

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр                         Дугаар 183/ШШ2023/01972                                    Улаанбаатар хот

        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Ч дүүрэг,  оршин суух, Б овогт А .А /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг,  байрлах, Э ХХК /РД:******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгаар барих гэрээний торгуульд суутгасан 10 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Э ХХК -д холбогдуулан орон сууц захиалгаар барих гэрээний торгуульд суутгасан 10 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Э ХХК -тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр Х дүүрэгт  баригдаж буй 139 айлын үйлчилгээний орон сууцанд байрлах  91,43 м.кв байрыг 1 м.кв-г 2 700 000 төгрөгөөр  тооцож нийт 246 861 000 төгрөгөөр тус байрыг авахаар тохиролцож байрны урьдчилгаанд 70 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бэлэн төлөлтийг тус компаний нягтлан бодогч н.Уд хүлээлгэн өгсөн. Үлдэх мөнгийг 2021 оны 12 дугаар сард 20 000 000 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 20 000 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 20 000 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 20 000 000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болоох 96 861 000 төгрөгийг зээлд хамрагдаж төлж дуусгахаар тохиролцсон. 2021 оны 12 дугаар сард төлөх 20 000 000 төгрөгийн төлөлтөнд Mercedes Benz C.250 загварын суудлын авто машин, 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Toyota Crown S-260 загварын суудлын авто машиныг бартерын нөхцөлөөр санал болгосон. 2022 оны 3 дугаар сарын төлөлтөнд Toyota Vellfire загварын гэр бүлийн авто машин, Х дүүрэг  авто машины зогсоол, 10 000 000 төгрөгийн төлөлтийг/ тус тус санал болгосон билээ. /компаний нягтлан бодогч н.Угийн фэйсбүүкээр тухай бүрд бартерын саналын зураг мэдээллийг явуулж байсан./ 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 гарсантай холбоотой зах зээл, эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний эргэлт муудаж хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотойгоор аль болох боломжтой байдлаар гэрээний төлөлтөө хийхийг хичээсэн. Дээрх нөхцөл байдлаас хамаарч орон сууцны ашиглалтанд орох хугацаа хойшилж байсан гэж ойлгож байна. Тус гэрээний 3.1-т 2021 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулж хүлээлгэж өгнө, 3.3-т захиалагч уг байрыг улсын комисс ашиглалтанд хүлээж авсны дараа байранд оруулна гэх заалтууд тус тус хэрэгжээгүй. Дээрх орон сууцыг Улсын комисс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авсан байдаг ч гэрээг зөрчиж  байрны төлөлтийг 100% төлсний дараа орон сууцанд оруулна гэж шаардлага тавьсан. Орон сууцандаа нүүн орж байж одоо амьдарч байгаа байраа худалдан борлуулах боломж үүсэх байсан ч дээрх нөхцөл байдлыг ойлгоогүй. Манай  талаас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 35 000 000 сая төгрөгийн төлөлтийг хийхээр тус компаний нягтлан бодогч гэх н.У-тай холбогдоход  гэрээг цуцлах мэдэгдэл  явуулсан тухай мэдсэн.

Тус мэдэгдэлд “... та манай компанитай 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №21/*** тоот орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан билээ. Уг гэрээний 2.1 дүгээр хэсэгт заасан төлбөрийг төлөөгүй байгаа тул гэрээний 5.1 дүгээр хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж дуусгавар болгож байгааг мэдэгдье. Тус гэрээний  урьдчилгаанд өгсөн төлбөрийг 2.5, 2.7 дугаар хэсэгт заасны дагуу буцаан хийх болно” гэх бөгөөд гэрээний 1.5а-д “...барилгын ажлын явцад гэрээнд өөрчлөлт оруулах болон гэрээнээс талууд татгалзаж гэрээг цуцлах  тохиолдолд 2 тал бичгээр гэрээнд заасан и-мейл хаягаар хүсэлт явуулснаас хойш 30 хоног өнгөрөхөд санал  гараагүй тохиолдолд саналыг хүлээн авсанд тооцно. Иймд талууд гэрээнд тодорхойлсон и-мейл хаягаа 7 хоног бүр шалгах үүрэгтэй байхаар гэрээг байгуулсан бөгөөд Э ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02:19 цагт ирүүлсэн и-мейлийн хариу санал болгож 2022 оны 6 дугаар сарын 04-ний  05:09 цагт хариу саналыг хүргүүлсэн. Миний зүгээс болон эхнэрийн зүгээс Э ХХК -ийн нягтлан бодогч н.Утай удаа дараа холбогдож урьдчилгаанд өгсөн 70 000 000 төгрөгийг хэзээ өгөх талаар лавлан асуудаг байсан. Зээл хөөцөлдөж байгаа удахгүй гэсээр Э ХХК -ийн зүгээс буюу тус компаний нягтлан бодогч н.Угаас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 70 000 000 төгрөгөөс 15 хувийн торгуульд суутгал хийж 59 500 000 төгрөгийг бэлэн олгосон. /шүүхэд хандвал 59 500 000 төгрөгийг бэлэн олгох боломжгүй, гэрээний эх хувийг авч устгал хийнэ ч гэж байсан/. Гэрээний 2.5 дугаар зүйлд захиалагч гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй болсон тохиолдолд төлсөн төлбөрийнхөө 15 хувийг торгуульд төлж үлдсэн хэсгийг авна гэх заалтаар суутгал хийсэнд гомдолтой байна. Гэрээний  2.5-д заасан заалтыг хүлээн зөвшөөрөөгүй учир гэрээг байгуулах үед тухайлан гарын үсэг зурах ёстой байсан хэсэгт гарын үсэг зураагүй бөгөөд Э ХХК -ний зүгээс гэрээг цуцлах санал гаргасан тул 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №21-**** тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний урьдчилгаанд төлсөн 70 000 000 төгрөгөөс торгуульд суутгал хийсэн 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Э ХХК -тай орон сууц захиалгаар бариулах гэрээгээр нийт 246 861 000 төгрөгөөр байр авахаар тохиролцож байрны урьдчилгаанд 70 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бэлэн төлөлтийг тус компаний нягтлан бодогч н.Уд хүлээлгэн өгсөн. Үлдэх мөнгийг 2021 оны 12 дугаар сард 20 000 000 төгрөг, 2022 оны 3 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 6 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 9 сард 20 000 000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болох 96 861 000 төгрөгийг зээлд хамрагдаж төлж дуусгахаар тохиролцсон. 2021 оны 12 дугаар сард төлөх 20 000 000 төгрөгийн төлөлтөнд Mercedes Benz C.250 загварын суудлын авто машин, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Toyota Crown S-260 загварын суудлын авто машиныг бартерын нөхцөлөөр санал болгосон. 2022 оны 3 дугаар сарын төлөлтөнд Toyota Vellfire загварын гэр бүлийн авто машин, Х дүүрэг  16 м.кв автомашины зогсоол, 10 000 000 төгрөгийн төлөлтийг тус тус санал болгосон. Компаний нягтлан бодогч н.У-гийн фэйсбүүкээр тухай бүрд бартерын саналын зураг мэдээллийг явуулж байсан. 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 гарсантай холбоотой зах зээл, эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний эргэлт муудаж хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотойгоор аль болох боломжтой байдлаар гэрээний төлөлтөө хийхийг хичээсэн. Дээрх нөхцөл байдлаас ч хамаарч орон сууцны ашиглалтанд орох хугацаа хойшилж байсан гэж ойлгож байна. Дээрх орон сууцыг Улсын комисс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авсан байдаг ч гэрээг зөрчиж байрны төлөлтийг 100 хувь төлсний дараа орон сууцанд оруулна гэх шаардлага тавьсан. Орон сууцандаа нүүн орж байж одоо амьдарч байгаа байраа худалдан борлуулах боломж үүсэх байсан ч дээрх нөхцөл байдлыг ойлгоогүй. Манай талаас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 35 000 000 төгрөгийн төлөлтийг хийхээр тус компаний нягтлан бодогч гэх н.У-тай холбогдоход гэрээг цуцлах мэдэгдэл явуулсан тухай мэдсэн. Өмнө нь энэ талаар огт мэдэгдэж байгаагүй, нэгэнт л өөрсдөө цуцлаж байна гэсэн мэдэгдлийг шууд ирүүлсэн болохоор цуцласан гэж ойлгосон. Түүнээс зөвшөөрөөд шийдвэрлэсэн зүйл байхгүй. Гэрээний 1.5а дахь хэсэгт барилгын ажлын явцад гэрээнд өөрчлөлт оруулах болон гэрээнээс талууд татгалзаж гэрээг цуцлах тохиолдолд 2 тал бичгээр гэрээнд заасан и-мэйл хаягаар хүсэлт явуулснаас хойш 30 хоног өнгөрөхөд санал гаргаагүй тохиолдолд саналыг хүлээж авсанд тооцно гэж заасан бөгөөд талууд гэрээнд тодорхойлсон и-мэйл хаягаа 7 хоног бүр шалгах үүрэгтэй байхаар гэрээг байгуулсан, гэтэл Э ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2 цаг 19 минутад ирүүлсэн и-мэйлийн хариу санал болгож 2022 оны 6 дугаар сарын 04-ний 5 цаг 09 минутад хариу саналыг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс болон нэхэмжлэгчийн эхнэрийн зүгээс Э ХХК -ийн компаний нягтлан бодогч н.Утай удаа дараа холбогдож урьдчилгаанд өгсөн 70 000 000 төгрөгийг хэзээ өгөх талаар лавлан асуудаг байсан, зээл хөөцөлдөж байгаа удахгүй гэсээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаанд төлсөн 70 000 000 төгрөгөөс 15 хувийн торгуульд суутгал хийж 59 500 000 төгрөгийг бэлэн олгосон. Яагаад өөрсдөө дангаар цуцлачихаад суутгаж байгаа юм гэхэд гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар 15 хувийг торгуульд суутгасан гэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.5 дахь хэсэгт заасан заалтыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй учир гэрээг байгуулах үед тухайлан гарын үсэг зурах ёстой байсан хэсэгт гарын үсэг зураагүй, Э ХХК -ний зүгээс өөрсдөө урьдчилан сануулаагүй гэрээгээ цуцласан байж иргэдийн арай гэж урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс суутгал хийсэн тул торгууль суутгасан 10 500 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Э ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А.Атай түүний хүсэлтийн дагуу 21/701 дугаартай орон сууц захиалгийн гэрээ байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрөө төлөх, хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр төлбөрийн урьдчилгаа болох 70 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Энэхүү мөнгөө 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Дараа нь 2021 оны 12 дугаар сард 20 000 000 төгрөг, 2022 оны 3 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 6 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 9 сард 20 000 000 төгрөг төлж үлдсэн төлбөрийг банкны зээлд хамрагдаж төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд урьдчилгаа 70 000 000 төгрөгийг өгснөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Гэрээний үүргийг хагас жилийн хугацаанд зөрчсөн. Хариуцагч компаний хувьд хагас жилийн хугацаанд удаа дараа нэхэмжлэгчээс гэрээний төлбөрөө төлөх тухай мэдэгдэж байсан. Нэхэмжлэгчийн хувьд мэдэгдсээр байсан боловч гэрээний төлбөрийг төлөөгүй учраас гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ цуцлах тухай саналыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч компаниас нэхэмжлэгчид мэдэгдсэн. А.А-ын хувьд хариуцагч компанийн саналыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч компанийн зүгээс гэрээ цуцлах саналыг илгээгээд нэхэмжлэгч уг саналыг хүлээн авсан учраас тухайн гэрээг цуцалсан гэж ойлгож байгаа. Гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс автомашин, грашийг удаа дараа санал болгосон. Тухайн граш болон автомашины хувьд нэхэмжлэгчийн төлбөрийн тооцоонд өгөх үнийн дүн хариуцагчийн тооцоонд худалдан авах үнийн санал хоёр тохиролцоогүй учраас тухайн автомашин болон грашийг төлбөрт тооцон аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн автомашин, грашийн тооцоолон өгөх үнийн дүнг манай талаас хүлээн зөвшөөрөөгүй. А.Аын хувьд манай саналыг сонсоод өөрөө татгалзсан. А.А 65 000 000 төгрөгөөр өгнө гэсэн манай талаас 60 000 000 төгрөгөөр авна гэсэн санал илгээгээд нэхэмжлэгч өөрөө татгалзаж байгаагаа чатаар мэдэгдсэн. Манай орон сууц захиалгын гэрээнд бартераар ямар нэгэн төлбөр авна гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэгч нь санал гаргасан учраас манай талаас саналыг нь бодолцож үзээд тохиролцох юм бол авъя гэсэн байдлаар асууж үзэж байсан. Нэхэмжлэгчийн тавьж байгаа бартерийн саналыг манай компани заавал хүлээн аваад төлбөртөө суутгах үүрэггүй. Нэхэмжлэгчийн хувьд манай талд санал болгож байгаа автомашин болон грашийг өөр ямар нэгэн байдлаар худалдан борлуулаад тэр мөнгөө графикийн дагуу байрныхаа мөнгийг төлөх боломжтой байсан. Ковид-19 цар тахалтай холбоотой тайлбар хэлсэн байгаа. 2019 онд ковид-19 цар тахал гарсан. Гэрээ бол 2021 онд байгуулагдсан. Тухайн үед нэхэмжлэгчид санхүүгийн хүнд нөхцөл үүссэн ч гэсэн манай компанийн хувьд хүнд нөхцөл байдал адилхан үүссэн. Аль алинд нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. 2021 оны байдлаар ковид-19 цар тахал аль хэдийн гарсан байсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байсан. Аль аль тал нь энгийн үеэс санхүүгийн нөхцөл байдалд өөрчлөлт гарсаныг мэдсэн байсан. Энэхүү эрсдэлээ тооцож үзсэний үндсэн дээр гэрээ байгуулсан байх гэж үзэж байгаа. Ковид-19 цар тахлын улмаас гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй гэдэг нь үндэслэлгүй гэж бодож байна. Орон сууцыг улсын комисс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан ч төлбөрөө 100 хувь төлсний дараа байранд оруулна гэсэн зүйлийг нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. Тухайн орон сууцыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр улсын комисс хүлээж авсан. Улсын комисс хүлээж авсны дараа орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн оршин суугчидаа оруулаад дараа нь гэрээний дагуу төлбөрөө төлж байгаа оршин суугчидаа оруулж байсан. Төлбөрөө 100 хувь төлсний дараа оруулна гэсэн шаардлага огт тавиагүй. Тухайн гэрээнд нь өөрөө үлдэгдэл төлбөрийн банкны зээлэнд хамрагдан төлж дуусгана гэсэн байгаа. Ийм учраас манай талаас 100 төлсний дараа оруулна гэсэн шаардлага тавих боломжгүй. Хариуцагч талаас гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаад нэхэмжлэгчийн орон сууцыг өөр байгууллага, хувь хүнд худалдаж шинэ гэрээ байгуулсан үед энэхүү гэрээнд заасан журмаар төлбөрийг захиалагчид буцаан олгох эрхтэй гэж заасан байгаа. Манай талаас удаагаад яахав гэсний үндсэн дээр нэхэмжлэгчийн байрыг худалдаж аваагүй байхад нь урьдчилгааг буцаан өгсөн байгаа. Одоо хүртэл тухайн байр зарагдаагүй байгаа. Манай талаас гэрээ цуцлах саналыг гаргасан. Цахим шуудангаар манай саналыг хүлээн авсан. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.

2.1.2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээтэй аль аль тал нь маргахгүй, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлох үүрэгтэй. Гэвч бүрэн нотолж чадахгүй байна. Хууль зүйн үндэслэл нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 10 500 000 төгрөг гаргуулах гэж байгаа. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гаргуулна гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн аль хэсэг вэ, 205 дугаар зүйл нь өөрөө гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг илтгэж байгаа. Гэрээнээс татгалзах цуцлах хоёр утга агуулгын хувьд өөр гэж үзэж байна. Гэрээний 2.5 дахь хэсэгт байгаа гарын үсэг зурах хэсэг дээр гарын үсэг зураагүй нь би өөрөө зөвшөөрөөгүй гэж тайлбарлаж байгаа. Гэрээ цуцлах мэдэгдэл хүлээж аваад хариу хүргүүлэхдээ гэрээгээ цуцлахыг зөвшөөрөөд байгаа мөртлөө гэрээний 2.5 дахь хэсэгт заасныг зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь үндэслэлгүй. Гэтэл аль хэдийн гэрээ байгуулагдаад хүчин төгөлдөр болоод гэрээ хэрэгжээд гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэсэн. Гэтэл тухайн үед гэрээгээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлэн татгалзсан зүйл байхгүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ, хүчин төгөлдөр бус заалт гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Улсын дээд шүүхийн тогтоолд ч заасан байгаа.  Иймд гэрээний 3, 4 дүгээр хуудсанд гарыг үсэг зурсан байгаа учраас тухайн гэрээний буцаалтыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Мөн нотлох баримтаар компанийн зүгээс хэд хэдэн ижил төстэй гэрээ өгсөн бөгөөд гэрээн дээр гарын үсэг заавал зурагдах шаардлагагүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд  гарын үсэг зурсан байдал нь түүнийг хүчин төгөлдөр гэж үзээд гэрээ хэрэгжээд явж байгаагаар нотлогдоно. Хэрвээ гэрээний 2.5 дахь заалтыг тусад нь хэлцэл гэж үзээд заавал гарын үсэг зурах ёстой байсан гэж маргаж байгаа бол саналд нь хариу өгөхгүй байгаа гэж үзэж байгаа. Саналд хариу өгөхгүй бол хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Тухайн гарын үсэг байсан байгаагүй ерөнхий гарын үсгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн гэрээний заалт байгаа учраас гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт нь хүчин төгөлдөр байгаа. Энэ заалтны дагуу 15 хувийн суутгал хийсэн нь үндэслэлтэй байсан. Мөн 2.5 дахь заалт захиалагч энэ гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй болсон тохиолдолд гэсэн утга агуулга нь гэрээгээ зөрчсөний үндсэн дээр худалдан авахгүй болсон. Гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрч байгаа нь өөрөө худалдан авахгүй болсонтой адил байгаа. Гэрээгээ зөрчиж байгаа талаар нь компаниас хэд хэдэн удаа сануулсан. Гэрээгээ удаа дараа зөрчсөнтэй холбоотойгоор бид нар мэдэгдэл хүргүүлээд нэхэмжлэгч тал энэ мэдэгдлийг хүлээж аваад гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар торгуулиа тооцож авсан. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Энэ гэрээ хэрэгжээд 7 дугаар сарын 02-ны өдөр 70 000 000 төгрөгийн урьдчилгаа төлөөд мөн үлдэгдэл төлбөрөө төлөх гээд гэрээ хэрэгжээд явж байгаа нь өөрөө тухайн заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Мөн 59 500 000 төгрөгийг хүлээж авсан гэж гарын үсэг зурсан нь 2.5 дахь заалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө компанид гомдол гаргасан зүйл байхгүй. 246 861 000 төгрөгийн орон сууцыг худалдан авах боломжтой гэж үзээд тухайн гэрээг байгуулж байгаа мөртлөө төлөх боломжгүй байна гэж хэлээд байгаа нь учир дутагдалтай. Гарын үсэг зурсан зураагүй байдал дээр хуулийн мэдлэггүй байсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ хугацаанд анх байгуулсан гэрээ, заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргаж байсан зүйл байхгүй. Төлбөр төлөх гэж хичээж байсан гэж тайлбарлаж байгаа. Гэрээнд бэлнээр гэж заасан. Бартераар төлбөрөө төлнө гэсэн саналыг заавал хүлээж авах үүрэггүй. Хугацаандаа ашиглалтанд оруулаагүй байдлаас болж гэрээ цуцлагдаагүй. Эхэлж гэрээг зөрчсөн тал нь нэхэмжлэгч учраас алданги тооцох эрхээ алдаж байгаа. Тухайн үед гэрээг цуцлах үед нэхэмжлэгч тал графикаа зөрчсөн байсан, тиймээс гэрээг цуцлаад торгуулийг суутгасан нь үндэслэлтэй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21/701 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Э ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, схем зураг, Nomim Undraa  цахим хаягаас бичсэн цахим зурвасууд, Э ХХК -ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22/511-* тооот Гэрээ дуусгавар болгох тухай албан бичиг, f_[email protected] цахим хаягаас [email protected] хаяг руу илгээсэн цахим зурвас, бэлэн мөнгөнийн зарлагын баримт, А.Ааас Б.Мд олгосон итгэмжлэл /хэргийн 3-20, 36-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн улсын бүртгэлийн этгээдийн лавлагаа, Б.Мөт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 22/*** тоот, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 22/*** тоот  Орон сууц захиалгаар бариулах үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 20/*** тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БА-108/2022 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Б.С, Б.Мө нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 26-28, 37-50, 58-59, 67-68-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

            Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр А.А-ын цахим хаягнаас бичсэн захидал болон түүний фэйсбүүк хаягаар хариуцагчтай харилцаж байсан гэх харилцан ярианд үзлэг хийж, тэмдэглэлийг /хэргийн 70-84-р хуудас/ хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй, хариуцагч Э ХХК нь гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй байж дангаараа гэрээг цуцлаж, гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй гэрээний заалтыг үндэслэн орон сууц захиалгаар барих гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 70 000 000 төгрөгөөс торгуульд 10 500 000 төгрөгийг суутгасан тул уг 10 500 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч А.А-ыг орон сууц захиалгаар барих гэрээний төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, гэрээгээ зөрчсөн тул гэрээг цуцлах талаар мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийг хүлээн авч зөвшөөрсөн тул гэрээг цуцлаж, гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт төлсөн 70 000 000 төгрөгнөөс 10 500 000 төгрөгийг торгуульд суутгасан гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Э ХХК -тай 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №21/*** тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Х дүүрэг, нутаг дэвсгэрт баригдаж буй  91.43 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах, хариуцагч нь орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд 100 хувь ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь орон сууцын үнэд 246 861 000 төгрөгийг төлөх, урьдчилгаа 70 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж, үлдэх төлбөрийг 2021 оны 12 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 3 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 6 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 9 сард 20 000 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр болох 96 861 000 төгрөгийг банкны зээлд хамрагдан төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээний 2.5 дахь заалтыг гарын үсэг зураагүй тул талуудын хүсэлт зориг байгаа эсэх, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, төлсөн төлбөрийн 15 хувийг торгуульд суутгасан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна, орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан, гэрээний урьдчилгаанд 70 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

 

6.Зохигч талууд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №21/*** тоот Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулахад орон сууц ашиглалтад ороогүй, барилгын ажил явагдаж байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 246 861 000 төгрөгийг гэрээний 2.1-д заасан хугацаанд төлөх, хариуцагч нь орон сууцыг гэрээний 3.1-д заасан хугацаанд 100 хувь ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

6.2.Нэхэмжлэгч нь цар тахалтай нөхцөл байдлаас шалтгаалж гэрээний үүрэг зөрчигдөж, төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй байсан, орон сууцыг худалдан авахаар гэрээний төлбөрт бартераар үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин санал болгосон, гэрээ цуцлах талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй, гэрээний 2.5-д заасан заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй болох нь орон сууц захиалгаар барих гэрээ, фэйсбүүк хаягаас хариуцагчтай харилцсан харилцан яриа, мэйл хаягаар хүргүүлсэн захидлаар нотлогдоно гэсэн.

6.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний 2.1-д заасан 246 861 000 төгрөгийг төлөхөөс урьдчилгаа 70 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлж, 2021 оны 12 сард 20 000 000 төгрөг, 2022 оны 3 сард 20 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.1, 5.2-д зааснаар гэрээг цуцлах мэдэгдлийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлж, гэрээний 2.5-д зааснаар торгууль суутгасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, төлбөр буцаан олгосон бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

 

7.Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар барих гэрээний 2.1-д заасан үүргийг зөрчсөн буюу орон сууцны үнийг гэрээнд заасан хуваарьт хугацаандаа төлөөгүй болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д “захиалагч тал уг гэрээгээр тохиролцсон төлбөрийн графикт хугацааг удаа дараа зөрчсөн тохиолдолд уг гэрээг хүчингүй болгох эрхтэй”, 5.2-д “захиалагч нь гэрээнд заасан графикт төлбөрүүдийг удаа дараа хугацаанд нь бүрэн хийгээгүй тохиолдолд уг гэрээг хүчингүй болгож тухайн орон сууцыг өөр байгууллага, хувь хүнд худалдаж шинэ гэрээ байгуулсан үед энэхүү гэрээнд заасан журмаар төлбөрийг захиалагчид буцаан олгох эрхтэй” гэж зааснаар хариуцагчид гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх үүссэн байна.

7.1.Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн, гэрээг цуцлах талаар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан хариуцагч Э ХХК -ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22/511-*тоот “Гэрээ дуусгавар болгох тухай” мэдэгдэлд “...уг гэрээний 2.1 дүгээр хэсэгт заасан төлбөрийг төлөөгүй гэрээний хугацаа удаа дараа зөрчигдөж өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байгаа тул гэрээний 5.1 дүгээр хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаж дуусгавар болгож байгааг мэдэгдье. Тухайн гэрээний урьдчилгаанд өгсөн төлбөрийг 2.5, 2.7 дүгээр хэсэгт заасны дагуу тооцож буцаалт хийх болно” гэжээ.

7.2.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйгэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний 1.5.а-д “барилгын ажлын явцад гэрээнд өөрчлөлт оруулах болон гэрээнээс талууд татгалзах гэрээг цуцлах тохиолдолд 2 тал бичгээр гэрээнд заасан мэйл хаягаар саналаа явуулна, мэйлээр хүсэлт явуулснаас хойш 30 хоног өнгөрөхөд санал гаргаагүй тохиолдолд саналыг хүлээн авсанд тооцно” гэж харилцан тохиролцсон байна .

7.3. Хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Э ХХК -ийн 22/511-3 тоот “Гэрээ дуусгавар болгох тухай” мэдэгдэлд “...гэрээг цуцлаж, дуусгавар болгож байгааг мэдэгдье” гэсэн байх бөгөөд энэ нь гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах санал гэж үзэх боломжгүй, хариуцагчаас гэрээг цуцлаж, дуусгавар болгосон талаар мэдэгдсэн гэж үзэхээр байх ба хариуцагчаас нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэдгийг баримтаар нотлоогүй болно.

7.4.Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх мэдэгдэлд 2022 оны 6 дугаар сарын 04-нд мэйлээр санал хүргүүлсэн байх ба уг саналтай танилцсан талаар хариуцагч маргаагүй боловч, гэрээг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэлд цуцлаж, дуусгавар болгож байна гэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5.а-д заасны зөрчсөн байна гэж үзэв.

 

8.Зохигч хэн аль нь гэрээг цуцлаж, дуусгавар болгосон талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаж дуусгавар болгосон бол гэрээний үүрэгт шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг гэрээний 2.7-д зааснаар буцааж өгөх үүрэгтэй байхад 2.5-д зааснаар торгуульд суутгасан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

8.1.Зохигч талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээний 2.5-д “захиалагч нь энэ гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй болсон тохиолдолд төлсөн төлбөрийнхөө 15 хувийг торгуульд төлж, үлдсэн хэсгийг авах ба энэ тохиолдолд гэрээнд заасан үнийн дүнгээс хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд хөнгөлөлтийг буцаан цуцлана. /гарын үсэг/” гэж, 2.7-д гэрээ цуцлагдсан тохиолдолд захиалагчид төлбөрийг буцаан олгохдоо захиалагчийн захиалсан орон сууцыг бусдад худалдан борлуулсны дараа төлбөрийг гэрээнд заасны дагуу буцаан олгоно” гэж заажээ.

8.2.Нэхэмжлэгч нь гэрээний 2.5-д заасныг хүлээн зөвшөөрөхгүй, уг заалтад гарын үсэг зураагүй гэж маргасан бөгөөд хариуцагчаас гэрээний 2.5-д тусгайлан гарын үсэг зурдаггүй гэдгийг нотлоно гэж Э ХХК -ийн иргэдтэй байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 06-ны 2/706, 2022 оны 7 дугаар сарын 05-ны 22/*** тоот, 2021 оны 5 сарын 12-ны өдрийн 20/*** тоот гэрээнүүдийг шүүхэд ирүүлсэн.

8.3.Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний 1.5.д-д “хоёр тал гэрээнд гарын үсэг зурж, захиалагч тал урьдчилгаа мөнгө төлсөн өдрөөс уг гэрээ нь хүчин төгөлдөр болно” гэж заасан, нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар барих гэрээнд гарын үсгээ зурсан, урьдчилгаа төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн байх тул гэрээ хүчин төгөлдөр, гэрээний 2.5 дахь  заалтыг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

8.4.Хариуцагч орон сууц захиалгаар барих гэрээний 2.5-д зааснаар нэхэмжлэгчийн төлбөрөөс торгуульд 10 500 000 төгрөгийг суутгасан байх бөгөөд гэрээнд “...захиалагч нь энэ гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй болсон тохиолдолд торгууль төлөх”-өөр заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх хуваарийг зөрчсөн байгаа боловч хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ мөн биелүүлээгүй гэрээгээ зөрчсөн болох нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БА-108/**** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэв.

8.5.Нэхэмжлэгчийг гэрээг дангаар зөрчсөн, гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авахгүй болсон гэж үзэх үндэслэлгүй, орон сууцны үнийг төлөх талаар хариуцагчтай харилцаж, хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь хэрэгт авагдсан хариуцагчтай харилцаж байсан, орон сууцны төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин санал болгож байсан талаарх үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

8.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 12 сарын 05-нд Э ХХК -иас бэлэн мөнгөний зарлагын баримтаар “... орон сууц захиалгын гэрээний дагуу буцаалт 59 500 000 төгрөг” гэж  урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн, уг мөнгийг хүлээн авснаар торгуульд суутгасаныг хүлээн зөвшөөрсөн гэсэн боловч нэхэмжлэгч уг баримтаар 59 500 000 төгрөгийг л хүлээн авсан гэдгийг зөвшөөрсөн гэж тайлбарласан болно.

 

9.Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 70 000 000 төгрөгнөөс гэрээний 2.5-д заасныг үндэслэн 15 хувийн торгуульд 10 500 000 төгрөгийг суутгасан нь үндэслэлгүй байх тул хариуцагч Э ХХК -иас 10 500 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна” гэж зааснаар нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК -иас 182 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Э ХХК -иас орон сууц захиалгаар барих гэрээний торгуульд суутгасан 10 500 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК -иас 182 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН