Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01753

 

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01753

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01972 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мишээл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Б” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 139 айлын үйлчилгээний орон сууцны C блок 7 давхар *** тоотод байрлах 3 өрөө 91,43 м.кв орон сууцыг 1 м.кв-г 2,700,000 төгрөгөөр тооцож нийт 246,861,000 төгрөгөөр авахаар тохиролцож байрны урьдчилгаанд 70,000,000 төгрөгийг бэлнээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн.

1.2. Гэрээний 3.1-т 2021 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэж өгнө, 3.3-т захиалагч уг байрыг улсын комисс ашиглалтад хүлээж авсны дараа байранд оруулна гэх заалтууд тус тус хэрэгжээгүй.

Дээрх орон сууцыг Улсын комисс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авсан байдаг ч гэрээг зөрчиж байрны төлөлтийг 100% төлсний дараа орон сууцанд оруулна гэж шаардлага тавьсан. Орон сууцандаа нүүн орж байж одоо амьдарч байгаа байраа худалдан борлуулах боломж үүсэх байсан ч дээрх нөхцөл байдлыг хүлээж аваагүй.

1.3 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 35,000,000 төгрөгийн төлөлтийг хийхээр тус компанийн нягтлан бодогч н.Ундармаатай холбогдоход гэрээг цуцлах мэдэгдэл явуулсан тухай мэдсэн.

 “Б” ХХК-ийн нягтлан бодогч н.Ундармаатай удаа дараа холбогдож урьдчилгаанд өгсөн 70,000,000 төгрөгийг хэзээ өгөх талаар лавлан асуудаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээний урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгөөс 15 хувийн торгуульд суутгал хийж 59,500,000 төгрөгийг бэлэн олгосон.

 “Б” ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах санал гаргасан тул урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгөөс торгуульд суутгал хийсэн 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч гэрээ байгуулж, урьдчилгаа 70,000,000 төгрөгийг өгснөөс хойш үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй. Гэрээгээ зөрчиж байгаа талаар нь компаниас хэд хэдэн удаа сануулсан ч төлбөрөө төлөөгүй тул гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ цуцлах тухай саналыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн.

А-ын хувьд хариуцагч компанийн саналыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч компанийн зүгээс гэрээ цуцлах саналыг илгээгээд нэхэмжлэгч уг саналыг хүлээн авсан. Компанийн зүгээс гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар торгуулиа тооцож авсан.

2.2. Хугацаандаа ашиглалтад оруулаагүй байдлаас болж гэрээ цуцлагдаагүй. Эхэлж гэрээг зөрчсөн тал нь нэхэмжлэгч учраас алданги шаардах эрхээ алдсан. Иймд гэрээг цуцлаад торгуулийг суутгасан нь үндэслэлтэй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-аас орон сууц захиалгаар барих гэрээний торгуульд суутгасан 10,500,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч тал гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн тул хариуцагч тал гэрээ цуцлах талаар мэдэгдэж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дуусгавар болгох саналыг хүргүүлсэн бөгөөд саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч гэрээний 2.5-д зааснаар 15 хувийн торгууль суутгасан нь үндэслэлтэй юм.

Хариуцагч талаас хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг нь нэхэмжлэгчид анхааруулсан. Гэтэл тухайн мэдэгдлийг нэхэмжлэгч А- хүлээж аваад нэмэлт хугацаа олгох, гэрээ цуцалж дуусгавар болгох саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх талаар санал, тайлбарыг хүргүүлээгүй.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгчийн гэрээний үүргийг зөрчсөн хагас жилийн хугацаанд А-т төлбөр төлөхгүй бол гэрээ цуцлах талаар чат болон утсаар удаа дараа мэдэгдэж байсан. Тухайн хугацаанд нэхэмжлэгч талаас төлбөр нэмж төлөөгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир хариуцагч талаас гэрээ цуцалж дуусгавар болгох мэдэгдлийг явуулсан бөгөөд нэхэмжлэгч уг саналыг шууд хүлээн авч урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгийг буцааж авах саналаа илгээсэн.

4.2. Талуудын хооронд гэрээ цуцалж, дуусгавар болсонтой холбоотой маргаан байхгүй, хариуцагч тал гэрээний дагуу торгууль авах нь үндэслэлтэй.

Хэрэв нэхэмжлэгч тал хариуцагчийн явуулсан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй, маргасан, нэмэлт хугацаа олгохыг хүссэн бол хариуцагч талаас тухайн татгалзаж буй тайлбар, хүсэлттэй нь холбогдуулан хариу мэдэгдэл өгөх байсан. Гэтэл мэдэгдлийг шууд хүлээн зөвшөөрсөн тул дахиж мэдэгдэл явуулаагүй.

Нэхэмжлэгч талаас гэрээний 2.5-д заасныг хүлээн зөвшөөрөхгүй, уг заалтад гарын үсэг зураагүй гэж маргасан боловч гэрээний 1.5-д хоёр тал гэрээнд гарын үсэг зурж, захиалагч тал урьдчилгаа мөнгө төлсөн өдрөөс уг гэрээ нь хүчин төгөлдөр болно гэж заасан. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан өдрөө буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөрийг төлсөн байх тул гэрээ хүчин төгөлдөр, гэрээний 2.5 дахь заалт хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч удаа дараа гэрээний үүргийг зөрчсөн гэдэг нь нотлогдож байх бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргийг зөрчсөнөөс үүдэж орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсон. Энэ талаар ч нэхэмжлэгч мэдэж байсан тул ямар ч гомдол, саналыг хариуцагч байгууллагад гаргаж байгаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манайд гэрээ цуцлах мэдэгдлийг гэрээнд заасан хэлбэрээр ирүүлээгүй. Гэрээ цуцлах талаар бид мэдсэнээс хойш дахиж мэдэгдэл ирээгүй учраас анх төлсөн 70,000,000 төгрөгийг бүхэлд нь буцаан олгоно гэж ойлгож байсан. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний торгуульд суутгасан 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А- нь “Б” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр “Б” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 139 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын С блокын 7 давхар, *** тоот хаягт байрлах, 91.43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр, А- нь орон сууцын үнэд 246,861,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

3.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлсны улмаас хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Нэхэмжлэгч А- болон “Б” ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ” нэртэй гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт “...2021 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна” гэж тохиролцсон хугацааг харгалзан үзэхэд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх 5-6/

Гэрээний дуудлагын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн зардлаар барих боломжгүй тул ажлын үр дүнг нэг бүрийн шинжтэй гэж үзэх боломжгүй юм.

Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох боломжгүй олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

Нэхэмжлэгч А- болон хариуцагч “Б” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөний улмаас хариуцагч гэрээнээс татгалзсан, түүнчлэн хариуцагч нь гэрээний 3.1-д заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв тогтоожээ.

 

4.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн 70,000,000 төгрөгөөс буцааж олголгүй үлдээсэн 10,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй хуулийн хэм хэмжээг баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

         5. Хариуцагчийн гаргасан гэрээний 2.5-д зааснаар нэхэмжлэгчийн үүргийн зөрчлөөс шалтгаалан гэрээг цуцалсан тул 15 хувийн торгуулийг суутгасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь торгууль төлөх хуулийн зохицуулалттай.

Гэтэл, нэхэмжлэгч нь гэрээний тохиролцоог дангаар зөрчөөгүй, хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан тул түүнд торгууль ногдуулах гэрээгээр тохиролцсон урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул торгууль суутган авсан нь хуульд нийцэхгүй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй болсон.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01972 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

                                           ШҮҮГЧИД                                       Э.ЭНЭБИШ

 

                                                                                                 Т.БАДРАХ