Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01960

 

2023 оны 06 сарын 13 өдөр            Дугаар 183/ШШ2023/01960   Улаанбаатар хот

 

                

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Ч дүүргийн  оршин суух, И овогт Б.Д /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүргийн , байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:*********/,

Гуравдагч этгээд: С дүүрэг,  байрлах, Ч ХХК /РД:2698072/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ****/****** дүгээр шийдвэрээр Э ХХК-аас 8 688 183 053 төгрөг гаргуулж Ч ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Э ХХК-ийн зүгээс 3 тэрбум гаруй төгрөгийн төлөлт хийсэн байгаа юм билээ. Шүүхийн уг шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох Д өмчлөлийн Ч дүүрэгт  байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2***********8 дугаарт бүртгэлтэй 1123.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 302 тоот тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээчин томилогдсон. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгийн үнэлгээний С ХХК миний орон сууцыг 3 841 344 000 төгрөгөөр үнэлсэн болно. Энэ үнэлгээн дээр маргаж манай зүгээс нэхэмжлэл гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар Д-ийн өмчлөлийн 5 давхар оффис үйлчилгээний зориулалттай, хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай 1123.2 м.кв талбайтай бие даасан объектын үнэ хамгийн багадаа 1 м.кв нь 5 000 000 төгрөг буюу 5 616 000 000 төгрөгийн бодит үнэлгээтэй байна. Энэ нь 3 жилийн өмнөхөөс 60 гаруй хувиар өссөн. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж хуулиар олгогдсон эрхийн дагуу өөрийн өмчлөлийн Ч дүүргэгт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2***********8дугаарт бүртгэлтэй 1123.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ хийлгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэгчид хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.М-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 4/** дугаартай тогтоолоор миний гаргасан гомдлыг хангахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, Хурандаа Ч.О-ийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/1529 дугаар албан бичгээр Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол хянан шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4/33 дүгээр тогтоол хуульд нийцсэн, хөрөнгөд дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1 дэх хэсэгт ...төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж...", 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зааснаас хөрөнгийг зах зээлийн буюу тухайн үеийнх ханшаар үнэлж дуудлага худалдаанд оруулах, мөн үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ хийлгүүлэхээр хуульчилсан байна. Эдгээр зохицуулалтын дагуу хариуцагчид дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Хан-Уул дүүргийн шүүхээс гарсан шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс үл хөдлөх барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд дурдагдсан байдаг. Э ХХК-тай холбоотой 4 барьцаа хөрөнгө байдаг. 4 барьцаа хөрөнгөнөөс 2 хөрөнгө нь зарагдаад одоогоор 250 000 000 төгрөг төлөгдсөн байгаа. Д.М өмчлөлтэй холбоотойгоор манайхаас 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1*********4 тогтоолоор битүүмжилсэн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1***********2 тогтоолоор хураасан хураах явцад төлбөр төлөгч болон авагч, тухайн өмчлөгч нарт 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Үнийн санал ирээгүй учраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч томилоход тухайн үл хөдлөх хөрөнгийг 3 841 344 000 төгрөгөөр үнэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мөн өмчлөгч Д-т мэдэгдсэн. Энэ ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж тус шүүхээс ирсэн. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор төлбөр төлөгч талаас гомдол гаргасан байсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 617 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хэргийг хэлэлцээгүй. 2020 онд 3 шатны шүүхийн шийдвэр гарахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаад дахиад шүүхийн шийдвэр дээр ажиллагаа явуулаагүй түдгэлзсэн байгаа. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгосон. 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 229 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр Хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэрэг хянан хэлэлцэхээс татгалзсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан. Шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирсэн байсан. 3 шатны шүүхийн шийдвэр ирээд ажиллагаагаа эхлэх гэтэл дахиад шүүхэд нэхэмжлэл гаргадаг энэ байдлууд үүсээд байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагас Д-т үнэлгээг мэдэгдээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс буцааж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4179/**** албан тоотоор дуудлага худалдаагаар оруулах мэдэгдлийг мөн хүргүүлээд явж байх үед дахиад нэхэмжлэл гаргасан. Одоо ажиллагаа түдгэлзсэн байгаа. Төлбөр төлөгч талаас сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх хөрөнгийг манайхаас битүүмжлэн хураах, худалдах ажиллагаа хийгдэж байж 250 000 000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл төлбөрөөс төлөгдсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл 2018 оноос эхлээд л шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаандаа гомдол гаргаад л яваад байгаа төлбөр төлөгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч нь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох дахин үнэлгээ хийлгэх 2 шаардлага гаргаад 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Улсын дээд шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь хэсэг, 47.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийх шаардлагагүй байна гэдгийг дүгнэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дөнгөж сэргээд явж байтал өмчлөгч нар нь салаад дахиад нэхэмжлэл гаргасан. Энэ үнэлгээний асуудал дээр хийсэн эсэх, танилцуулсан эсэх талаар яригдаад үнэлгээ танилцуулсан баримт нь хэрэгт байгаагүй. Тэгээд буцаасан. Тэр үнэлгээний баримтыг сая хэрэгт өгсөн. Энэ үнэлгээн дээр 3 841 344 000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч эрхээ эдэлж байгаа бол үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаад үнэлгээний тайланг хүчингүй болгох тайлбараа гаргах ёстой. Гэтэл энэ үнэлгээний шаадлага хэвээрээ хүчинтэй явж байгаа. Дахиад үнэлгээ хийлгэхээр нэхэмжлэлийн шаадлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Тэр үнэлгээг хүчингүй болгуулаад дахин үнэлгээ хийлгэх шаардлага гаргасан бол бид ойлгоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульчлагдсан хоног хугацаатай. Гэтэл үнэлгээ гардаж авснаасаа хойш барьцаа хөрөнгийн үнэ өсчихлөө гэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5 дахь хэсэгт заасан ажиллагаа нь талуудын хүсэлтээр хийгддэг ажиллагаа боловч нэхэмжлэгч тал хүсэлтээ өгдөггүй. Энэ хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гардан хариуцаж байгаа шийдвэр гүйцэтгэгчид хүсэлтээ өгдөг. Үнэ өссөн баримтаа гаргаж өгөх ёстой. Гэтэл тэр хүсэлтээ гаргадаггүй мөртлөө албадан дуудлага худалдаа үргэлжилж байх хооронд гомдол гаргадаг. Хүсэлт, гомдлоо ялгадаггүй. Хүсэлт гаргасан юм уу гэхээр гаргасан гэдэг. Хэнд гаргасан бэ гэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байдаг. Үнэ цэнэ 60 хувиар өссөн гэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал өөрсдөө үнэлгээ хийлгэсэн. Түүн дээр 600 000 000 төгрөгөөр үнэлгээ буурсан байсан. Өссөн биш буурсан гэдэг нотолгоо болж хувирсан. Албадан дуудлага худалдааг хийхэд өөрсдөө хугацаандаа хүсэлтээ гаргаж өгөөгүй учраас албадан дуудлага худалдаа явагдаад дууссан. Үнийн санал нэг ч ирээгүй. Энэ үнийн санал өгөх ажиллагаа үлдээд байгаа. Тэгэхээр шинээр үнэлгээ гаргаад ч ач холбогдолгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.05.31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Ч-т гаргасан гомдол, 2022.05.31-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, 2022.06.20-ны өдрийн 03/***** дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын иргэн Б.Д-т хаягласан албан тоот, 2022.06.13-ны өдрийн 4/33 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 0**************9 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А  ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 4-14, 95-113-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагчаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2-179/306 дугаар Итгэмжлэл олгох тухай албан тоот, 1********* дугаар Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183/ГХ2017*******дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ*****/***** дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1*********** дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эс Жи майнинг Эрдэс ХХК-ийн нэхэмжлэл, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 18**********/*4 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ****/**** дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ****/***** дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2020/***** дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш/****** дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ****/0***** дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 229 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ****/****** дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-179/11535 дугаар НШШГГ-аас иргэн Б.Дт хаягласан мэдэгдэл, 2022.05.24-ний өдрийн 6/3 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 17, 39-93-р хуудас/ гэсэн баримтуудыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Т.Мөнхдэлгэрт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн у лсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/*** тоот албан бичиг /хэргийн 24-25, 158-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, үнийн санал аваагүй, эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ хийхээр хуульд заасан тул үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэж шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөрөө төлөөгүй тул эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнэлгээ хийсэн, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэ өссөн, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэдгийг баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан нэхэмжлэгчийн үнийг зөвшөөрөөгүй тул шинжээч томилсон, шинжээч холбогдох хууль журмын дагуу үнэлгээг хийсэн гэж тайлбарласан.  

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны 183/ШШ***/****** дүгээр захирамжаар Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 688 182 053 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8 688 182 053 төгрөгийн төлбөрийн тодорхой хэсэг буюу 6 000 000 000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сард 150 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 500 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 2 000 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 3 350 000 000 төгрөгийг тус тус төлөх, хариуцагч 6 000 000 000 төгрөгийг дээрх графикийн дагуу бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 2 688 182 053 төгрөгөөс бүрэн чөлөөлөх, нэхэмжлэгч 6 000 000 000 төгрөгийг дээрх графикийн дагуу бүрэн төлж дуусаагүй тохиолдолд 8 688 182 053 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

5.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны 183/ШШ****/***** дүгээр шийдвэр, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183/ГХ*****/***** дүгээр гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №1*******0 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5.3.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ч дүүрэгт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2***********8дугаарт бүртгэлтэй 1123.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.

 

6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнийн ханшны өөрчлөлтийн улмаас дахин үнэлгээ тогтоолгоно гэж маргаж байна.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заажээ.

 

7.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Дийн өмчлөлийн Ч дүүргийн байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2***********8дугаарт бүртгэлтэй 1123.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчнээр томилогдсон СХХК нь 3 841 344 000 төгрөгөөр үнэлсэн талаар талаар зохигч талууд маргаагүй болно. 

7.2.Нэхэмжлэгч Б.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 3 841 344 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анх үнэлгээ тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээнээс хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 60 хувиар өссөн, 2022 оны байдлаар л гэхэд 5 600 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэж тайлбарласан.

 

7.3.Хэрэгт авагдсан иргэний шийдвэр гүйцэтгэлийн баримтаас үзэхэд Б.Дийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж 22А тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2***********8дугаарт бүртгэлтэй 1123.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээ тогтоосноос хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь энэ талаарх хүсэлтээ гаргаж байгаагүй байна.

 

7.4.Төлбөр төлөгч Э ХХК 2018 оноос хойш 2022 оны 4 дүгээр сар хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж байсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Д дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ*****/***** дугаар захирамжаар 1*******0 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

7.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.5-д “үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Б.Дийн үл хөдлөх эд хөрөнгөд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх байдлаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

7.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн бөгөөд уг үнэлгээний тайланд төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 3 270 300 000 төгрөгөөр буюу С ХХК-ийн тайланд 3 841 344 000 төгрөгөөр үнэлснээс багаар үнэлсэн, уг үнэлгээ нь буруу үнэлгээг өгсөн байна гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин үнэлгээний тайланг гаргаж ирүүлээгүй, мөн зах зээлд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ хэдээр үнэлэгдэж байгаа, 60 хувиар өссөн талаарх баримтыг ирүүлээгүй болно.

 

8.Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/**** дугаар мэдэгдлээр “...Ч дүүргийн  байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2***********8дугаарт бүртгэлтэй 1123.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 3 841 344 000 төгрөгөөр үнэлсэн болохыг үүгээр мэдэгдье” гэж нэхэмжлэгч Б.Д-т түүний гэрийн хаягаар нь хүргүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ талаар хүсэлт гаргаж байсан талаарх баримтгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь дээрх мэдэгдэх хуудсыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн гэж тайлбарласан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчжээ.

 9.Иймд нэхэмжлэгч Б.Д-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон   

                                                    ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4,  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ХУЛАН