Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00445

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00445

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03785 дугаар шийдвэртэй,

 

А-ийн нэхэмжлэлтэй

Б-т  холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дүгээр шийдвэрээр “В-” ХХК-аас 8,688,183,053 төгрөг гаргуулж “Банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “В-” ХХК-ийн зүгээс 3,0 тэрбум гаруй төгрөгийн төлөлт хийсэн.

1.2. Шүүхийн уг шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,***, Жуулчны гудамж *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй ** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б-аас томилогдсон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь 3,841,344,000 төгрөгөөр үнэлсэн.

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрч, өнөөдрийн байдлаар зах зээл дээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн байна. Өнөөдрийн байдлаар үйлчилгээний зориулалттай *** оффис, хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, ** м.кв талбайтай бие даасан объектын үнэ хамгийн багадаа 1 м.кв нь 5,000,000 төгрөг буюу 5,616,000,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байна. Энэ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн *** оффис, үйлчилгээний зориулалттай бие даасан объектын үнэ 3.6 жилийн өмнөхөөс 60 гаруй хувиар өссөн болохыг харуулж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгүүлэхээр Б-ын Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэгчид гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан.

Уг шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/33 дүгээр тогтоол хуульд нийцсэн, хөрөнгөд дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд хандсан.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэсэн нөхцөлийг хангасан буюу шинжээчийн тогтоосон үнээс 66.9 орчим хувиар өссөн байхад Б-аас дахин үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтээс татгалзаж, өмчлөгчийн хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,***, Жуулчны гудамж *** тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй ** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “В-” ХХК-аас 8,688,182,053 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж, тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 183/ГХ2017/00791 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 18291600 дугаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээж, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 18290600 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч төлөлт хийгээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, ****, *** талбайтай, 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти, Тэнгэр рашааны гудамж, *** талбайтай орон сууц, зоорийн давхарын ***зогсоолын хамт, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,*** , Жуулчны гудамж *** тоот ** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай *** барилга, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, Нарны зам ***өрөө орон сууцны үнэлгээг “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-аар хийлгүүлсэн.

2.2. Тус үнэлгээг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2019/00031 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1187 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2020/00617 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой, үнэлгээ, дуудлага худалдааг эс зөвшөөрч гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж ирсэн. 3 шатны шүүхийн шийдвэрээр үнэлгээ хуульд нийцсэн болох нь тогтоогдсон тул дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

3.1. “В-” ХХК-ийн захирал С- нь 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 5,000,000,000 төгрөг зээлэхдээ бодитоор огт байхгүй хөрөнгүүдийг барьцаалж байсан бөгөөд тухайн үед байгуулсан үнэн бодит цөөхөн барьцааны гэрээний нэг нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,***, Жуулчны гудамж *** тоот үйлчилгээний зориулалттай, иргэн А-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “Банк” ХХК-нд барьцаалсан барьцааны гэрээ байдаг юм.

Банкнаас зээлийн гэрээний үүргийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар шийдвэрээр “В-” ХХК-аас 8,688,183,053 төгрөгийг гаргуулан “Банк” ХХК-д олгохоор шийдвэрлэснээс хойш төлбөрийг “В-” ХХК огт төлөхгүй байгаа тул гүйцэтгэх баримт бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

3.2. Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаар тогтоолоор шинжээч томилж, барьцааны хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээний тайланг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б-т хүргүүлснийг “В-” ХХК болон иргэн А-т 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Уг үнэлгээг эс зөвшөөрч “В-” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гарсан бөгөөд гурван шатны шүүхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.3. Улмаар “В-” ХХК-аас Б-ын тасгийн дарга, Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/7 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, гурван шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.4. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг “В-” ХХК болон иргэн А-т 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн бөгөөд үнэлгээний мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор “В-” ХХК болон иргэн А- нар үнэлгээг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч хэн аль нь үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Б-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосноос хойш 4 жил өнгөрч, үүнээс үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 60 орчим хувиар өссөн тул нэхэмжлэгч А-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,***, Жуулчны гудамж *** тоот хаягт байрлах ** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар шинжээч томилуулан үнэлгээ хийлгэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.

5.2. Мөн нэхэмжлэгч А-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,***, Жуулчны гудамж *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлтэй ** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэснээр төлбөр төлөгч “В-” ХХК-аас төлбөр авагч “Банк” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд шууд хамаарч байх тул “В-” ХХК-ийг тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээч томилуулах, 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан бис даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах эрхүүдэд ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Албадан дуудлага худалдаа явагдаж дууссан учир дахин үнэлгээ хийх шаардлагагүй. Нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж гомдол гаргадаг. Үнэлгээг талуудын хүсэлтээр хийдэг ба хүсэлтээ гаргаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлэнгүүт гомдол гаргадаг. Тухайн объектыг 2018 онд 3,8 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн объектыг 66 хувиар өссөн байна гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар захирамжаар “В-” ХХК нь 8,688,182,053 төгрөгийг “Банк” ХХК-д хуваарийн дагуу 6,000,000,000 төлөх, хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд 2,688,182,053 төгрөгөөс бүрэн чөлөөлөх, бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд 8,688,182,053 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрт барьцаа хөрөнгийг М-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти, Тэнгэр рашааны гудамж, *** талбайтай орон сууц, авто зогсоол, нэхэмжлэгч А-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,***, Жуулчны гудамж, *** тоот, ** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрхийн хамт,  Тын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун Нарны зам *** өрөө орон сууц гэж заажээ.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт хэрэгт бүрэн авагдаагүйгээс нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан өөрийнх нь өмчлөлийн хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,***, Жуулчны гудамж, *** тоот, ** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрхэд тус тус шийдвэр гүйцэтгэлийн ямар ажиллагаа, хэзээ хийгдсэн нь тодорхойгүй байна. Гомдлоор хянан хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтууд нь хариуцагч байгууллагад байх тул анхан шатны шүүх хариуцагч байгууллага баримтаа гаргах учиртайг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна.

5. Хэрэгт ач холбогдол бүхий баримт байхгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ДАВААДОРЖ

                               

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ                                                                                         

Э.ЗОЛЗАЯА